“27-р хичээлийн багшийн материал: Итгэл, найдвар, энэрэл,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)
“27-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал
27-р хичээлийн багшийн материал
Итгэл, найдвар, энэрэл
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэргүүн Зөвлөлд байхдаа, “Итгэл, найдвар, энэрэл гурав нь бие биенээ тулан дэмжиж, нэг нь өсөн нэмэгдэхэд нөгөө нь бас өсдөг” гэж заасан (“Найдварын хязгааргүй хүч,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25). Энэ хичээлээр, Аврагч Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэл, найдвараа хэрхэн хөгжүүлэх, нэмэгдүүлэх талаар тайлбарлах боломжийг суралцагчдад олгоно. Тэд мөн Христийн энэрэх зан чанарыг илүү бүрэн хөгжүүлэхийн тулд юу хийж чадахаа тодорхойлох болно.
Заах зөвлөмж
Мормон итгэл, найдвар хоёрын хоорондын уялдаа холбооны талаар заасан.
Олон өнгийн олс, өрсөн хавтангуудын дагалдах зургийг харуул. Өөр өөр өнгө нь итгэл, найдвар, энэрлийг илэрхийлж байгааг тайлбарла.
-
Итгэл, найдвар, энэрэл нь яагаад давхарлан өрсөн хавтантай адил биш, харин хоорондоо сүлжилдэн холбогдсон олстой адилхан байна вэ?
Далын ахлагч Чи Хонг (Сэм) Вонгийн хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлнэ үү.
Итгэл, найдвар, энэрэл … өөр хоорондоо уялдаа холбоотой байдаг. Бид итгэлээ хөгжүүлэхэд, дараа нь найдвар төрж, харин найдвар төрсний дараа энэрэх чадвараа хөгжүүлээд дуусчихдаггүй. Тэд хамтдаа ажилладаг. Тэд хамтдаа сүлжилдэн нийлснээр бидний зан чанар, гэрчлэлийг бий болгоход тусалдаг. (“Faith, Hope, and Charity: Interlacing Virtues,” Ensign, Dec. 2016, 19)
Суралцагчдыг Моронай 7:33, 38, 40–43-ыг уншаад, эдгээр шүлэг итгэл, найдвар хоёрын хоорондын уялдаа холбооны талаар бидэнд юу зааж байгааг олж мэдэхэд урь.
-
Бид итгэл, найдвар хоёрын уялдаа холбооны талаар эдгээр шүлгээс юу сурч мэдсэн бэ? (Суралцагчид хэд хэдэн үнэнийг илэрхийлж болно. Тухайлбал: Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх тусам Түүний Цагаатгал, Амилалтаар дамжуулан мөнх амьдрал руу ороход өргөгдөнө гэсэн итгэл найдварыг олж авдаг.)
-
Найдвар яагаад Есүс Христийн Цагаатгалд болон Амилалтад итгэх итгэл, найдвартай нягт холбоотой байдаг вэ?
Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын мэдэгдлийг уншихад урь.
-
Ерөнхийлөгч Баллардын заасан үнэнийг тусгасан, хүмүүсийн амьдралаас харж байсан жишээнүүдийн талаар та бодож чадах уу?
Хувийн асуудалтай тулгарсан найзаас нь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд ирсэн захидлаас авсан дараах хэсгийг хуваалцах талаар бодож үз.
“Гэм буруутай, бүтэлгүйтсэн гэсэн мэдрэмжээсээ болж би наманчилж ч чадахгүй байна. Би итгэл алдарч байна. Эхлээд нүгэл үйлдсэн бол дараа нь эргэлзээ төрөх болсон. …
Би шийдэмгий бус, түрэмгий зан, зүг чигээ алдсан, үхээнц, өөртөө итгэх итгэлгүй байдлаасаа болж зовлонд унаж, сэтгэлийн хямралд орсон юм. Миний гэр бүл, ирээдүй, итгэл эрсдэлд ороод байна. Би итгэл найдвараа алдаж байна.” (“A More Excellent Hope,” Ensign, Feb. 1997, 60)
Суралцагчдыг Ифер 12:4, 32 болон бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Угдорфын мэдэгдлийг уншаад, энэ захидлын эзэн итгэл найдвараа сэргээхийн тулд юу хийж болох талаар ярилц.
-
Найдварыг өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгоход танд юу хамгийн их тусалсан бэ?
-
Энэ хичээлийн үеэр бодож, мэдэрсэн зүйл дээрээ тулгуурлан итгэл найдварыг мэдрэх чадавхаа нэмэгдүүлэхийн тулд ямар ямар өөрчлөлт гаргах сүнслэг өдөөлт танд төрсөн бэ? (Та суралцагчдад бодол санаа, мэдрэмжээ бичиж тэмдэглэх цаг гарган өгч болно.)
Мормон энэрлийн бэлгийг эрэлхийлэхийн ач холбогдлын талаар заасан.
Суралцагчдад дараах асуултыг тавь.
-
Та сурч мэдсэн зүйл, туршлага дээрээ үндэслэж, энэрэл гэж юу болохыг хэрхэн тайлбарлах вэ?
Нэг суралцагчийг Моронай 7:43–44, 48-ыг уншихад уриад, дараах асуултуудыг тавина уу.
-
Есүс Христэд итгэх итгэл, найдвар нь энэрлийн бэлэгтэй хэрхэн холбогддог гэж та бодож байна вэ?
-
Энэрлийн бэлгийг авахыг үнэхээр хүсэж байвал юу хийхийг Мормон бидэнд зөвлөсөн бэ? (Хэрэв бид бүх зүрх сэтгэлийнхээ эрч хүчээр залбирч, Есүс Христийг дагавал энэрлээр дүүргэгдэх болно гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлоход нь та суралцагчдад тусал.)
Суралцагчдад энэрч хайрладаг болохыг хүсэн залбирч байсан үе, үр дүнд нь юу тохиолдсон талаар тунгаан бодох хэдэн минут гарган өгч болно.
Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагдахад уриад, бүлэг тус бүрд дараах тараах материалыг өгнө үү.
Хангалттай хугацаа өнгөрсний дараа хэдэн суралцагчийг бүлгээрээ сурч мэдсэн зүйлсээ хуваалцахад урь.
Дараах асуултуудыг үзүүлээд, өнөөгийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой гэж үзсэн асуултаа сонгоход суралцагчдыг урь. Хүлээж авсан мэдрэмж, төрсөн сэтгэгдлээ тэмдэглэхэд суралцагчдыг уриалан дэмж.
-
Хэн Аврагчийн хайрыг надаар дамжуулан мэдрэх хэрэгтэй байна вэ? Тэр хүнд Түүний хайрыг мэдрүүлэхийн тулд би юу хийж чадах вэ?
-
Хэн нэгний Христийнхтэй адил үг, үйлдлээр би хэрхэн адислагдаж байсан бэ?
-
Христийнхтэй адил хайрыг харуулах нь намайг хэрхэн Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрт ойртуулсан бэ?
-
Миний яг одоо хийж байгаа (эсвэл хийхгүй байгаа) ямар зүйл надад энэрлийн бэлгийг эрэлхийлэхэд (эсвэл олж авахад) саад болж байна вэ?
Есүс Христтэй илүү адил болохын тулд итгэл, найдвар, энэрэл зэрэг Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх зорилго тавихад суралцагчдыг уриалан дэмж.
Дараагийн хичээлээр
Мормоны Ном хүмүүсийг Есүс Христ рүү хэрхэн хөтөлдөг тухай ярихаар дараагийн хичээлд бэлдэж ирэхийг суралцагчдаас хүс. Энэ цуврал хичээлийн үеэр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх гэрчлэл, хоорондын харилцаа холбоог нь бэхжүүлсэн Мормоны Номоос олж авсан туршлагынхаа талаар бодоход суралцагчдыг урь.