Институт
9-р хичээлийн багшийн материал: Есүс Христэд итгэх итгэл


“9-р хичээлийн багшийн материал: Есүс Христэд итгэх итгэл,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“9-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

9-р хичээлийн багшийн материал

Есүс Христэд итгэх итгэл

Христийн сургаал бидэнд, өөрчлөгдөн, Аврагчтай адил болж, Цагаатгалаараа дамжуулан боломжтой болгосон бүх адислалаас нь хүртэх боломж олгодог. Суралцагчид энэ хичээлээр Их Эзэний сургаалын эхний бүрэлдэхүүн хэсэг болох Есүс Христэд итгэх итгэлийн талаар ярилцана. Тэд бас, итгэлтэй байснаар хүлээн авах адислалуудыг тодорхойлж, Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн хөгжүүлэх талаар тайлбарлах боломжтой байх болно. Суралцагчид мөн Их Эзэнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болохоо тодорхойлно.

Заах зөвлөмж

Алма зорамчуудад Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн өсгөн нэмэгдүүлэх талаар заадаг.

Та хичээлийн эхэнд бэлтгэл материалын удиртгал хэсгийн догол мөрийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүсэж болно. Итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг, эцсээ хүртэл тэвчих зэрэг нь биднийг жинхэнэ цэвэр ариун, аз жаргалтай хүмүүс болгон өөрчлөх үүд хаалгыг Есүс Христэд нээж өгч чадна гэдгийг та гэрчилж болно. Ангийн ярилцлагаар, Есүс Христэд итгэх итгэл, Түүний өөрчлөх, эдгээх, туслах хүчийг хэрхэн өсгөн нэмэгдүүлж болох талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

Хүссэн суралцагчдыг итгэл гэж юу болох мөн Есүс Христэд итгэх итгэл нь яагаад ийм чухал болох талаар тайлбарлахад урь.

Дараах жишээг үзүүлээд, хамтдаа унш.

Коллежийн чинь найз Викториа Христэд итгэдэг гэр бүлд өссөн байжээ. Профессор нь Есүс Христийн гайхамшиг, Цагаатгал, Амилуулалтын үнэн бодит байдалд эргэлзэхэд хүргэх хүртэл тэр Түүний бурханлаг байдлын талаар эргэлзэж байсангүй. Сонссон зүйл нь Викториаг цочирдуулжээ. Тэр чамайг шүтлэгтэй, Есүс Христэд итгэдэг гэдгийг мэддэг байсан учраас Есүс үнэхээр Бурханы Хүү, дэлхийн Аврагч гэдгийг чи яаж мэдсэн юм бэ? гэж асуув. Тэр мөн Түүнд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлж болохыг асуув.

  • Та Викториагийн асуултад хэрхэн хариулах байсан бэ?

Суралцагчдыг хариулах үеэр, тэдний хэрэгцээнд тулгуурлан ярилцлагыг гүнзгийрүүлэхэд туслах дараах судрын хэсэг, асуултуудыг ашиглаж болно.

Заах, суралцах чадвараа сайжруулах нь

Ажигла, сонс, ялган тань. Хоёр суралцагч эсвэл ангиуд өөр хоорондоо яг адил байна гэж үгүй. Та суралцагчдаа ажиглан мөн сонсох үедээ жинхэнэ сүнслэг сонирхол ба хэрэгцээг нь ялган танихыг эрэлхийл. Цагаа олсон, ач холбогдолтой, зөв шударга үйлдэлд хөтлөх асуултуудыг асуу. Энэ хичээлийн асуултууд нь ангийн ярилцлагыг хөтлөн явуулахад тань санаа өгч, чиглүүлж, сүнслэгээр өдөөх болно. Зааж байх явцад оюун ухаанд тань орж ирсэн асуулт тань таны хамгийн гүн гүнзгий асуултууд байж болох юм. Гэхдээ та бүх асуултыг асуух шаардлагагүй гэдгээ сана. Суралцагчид мөн сайн мэдээний үнэнүүдийн талаар гүн гүнзгий ойлголтыг нь харуулах асуултууд асууж болно.

Шаардлагатай бол, Бурханы үгэнд итгэх нь хэрхэн бидний итгэлийг хүчирхэгжүүлдэг талаар Алмагийн ядуу зорамчуудад заасныг суралцагчдад сануул. Та суралцагчдыг Алма 32:21, 27–30, 41–43-ыг судлаад, Викториад тус болж болох зарчмуудыг олж мэдэхэд урь. Суралцагчдыг Алмагийн заасан зарчмуудыг хуваалцаж байх үеэр дараах асуултуудыг тавьж болно.

  • Та итгэлийн талаарх хүүхэд ч ойлгож чадах Алмагийн өгсөн тодорхойлолтын утга санааг хэрхэн тайлбарлаж болох вэ? (Алма 32:21-ийг үзнэ үү.)

  • Алма 32:27–30-д цэдэглэснээр, итгэлээ хөгжүүлэх нь хэрхэн итгэлийг нэмэгдүүлдэг вэ? (Суралцагчид дараахтай ижил төстэй зарчмуудыг тодорхойлж болно: Бид итгэлээ хөгжүүлэн, Бурханы үгийг туршсанаар сүнслэг баталгааг хүлээн авч, итгэл маань хүчирхэгжих болно. Энэ болон үүнтэй ижил төстэй зарчмыг суралцагчдын үгсийг ашиглан самбарт бичээрэй. Та энэхүү зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэн, итгэл тань хүчирхэгжиж байгааг хэрхэн мэдэрсэн бэ? Итгэлээр үйлдсэн ч итгэлийнхээ үр жимсийг хараахан аваагүйдээ урам хугарсан хэн нэгэнд та ямар зөвлөгөө өгөх вэ? (Бэлтгэл материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын мэдэгдлийг унших нь тустай байж болох юм.)

  • Алма 32:28-д цэдэглэснээр, бид итгэлээ туршиж үзэхдээ үг нь сайн болохыг хэрхэн мэдэж болох вэ? (Суралцагчид “өсөлтийг мэдрэх,” “бодгалийг минь тэлж,” “ойлголтыг минь гэгээрүүлж,” “надад амтат байх” зэрэг хэллэгийг тодорхойлж болох юм.) Хэрэв та эдгээрийн аль нэгийг нь мэдэрсэн бол өөрийн туршлагыг хэрхэн бусдад тайлбарлах вэ?

  • Ахлагч Жэффри Р.Холланд Есүс Христийн тухай мөн Тэрээр үр, жимс, модтой хэрхэн холбогддог талаар юу заасан бэ? (Бэлтгэл материалын 2-р хэсгийг үзнэ үү.) Итгэл үнэмшилтэй байж, Есүс Христ ба Түүний сайн мэдээг зүрх сэтгэлдээ суулгаж ургуулах нь таны гэрчлэл, өөрчлөлтөд хэрхэн нөлөөлсөн бэ? Та уг модыг зүрх сэтгэлдээ улам гүн гүнзгий үндэслүүлэхээр бордон арчилж тордохын тулд юу хийж болох вэ?

  • Аврагчид итгэх итгэл найдварыг тань нэмэгдүүлсэн Түүний талаарх ямар зүйлийг та сурч мэдсэн бэ?

Мормон Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн хүч ба адислалуудын талаар заасан.

Суралцагчдыг Моронай 7:25–26, 33-ыг уншихад уриад, Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр Христэд шаардлагатай бүхнийг хийх хүчтэй болно гэдгийг гэрчил. (Энд, шаардлагатай гэсэн үг нь Бурханы тааллын дагуу биднийг адислах ямар нэгэн зүйлийг хэлж байгааг та тайлбарлаж болно. Бэлтгэл материал дээр, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр гайхамшиг тохиосон эсвэл адислал хүлээн авсан Мормоны Ном дахь хүмүүсийг тодорхойлоход урьсныг суралцагчдад сануул (3-р хэсгийг үзнэ үү). Суралцагчдыг ангиараа эсвэл жижиг бүлгээрээ өөрсдийн жишээг хуваалцахад урь. Дараах асуултууд тэдний ярилцлагыг гүнзгийрүүлэхэд тусалж болох юм.

  • Эдгээр хүн Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлсэн бэ?

  • Тэд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр ямар ямар адислал хүлээн авч, ямар гайхамшиг тохиосон бэ?

  • Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр та ямар адислал хүлээн авсан бэ, мөн танд ямар гайхамшиг тохиосон бэ? (Та бэлтгэл материалын 3-р хэсэг дэх ахлагч Ричард Г.Скоттын мэдэгдлийг уншиж болно.)

Суралцагчдад Есүс Христэд итгэх итгэлийнхээ талаар тунгаан бодож, Түүнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, хөгжүүлэхийн тулд юу хийвэл зохих талаар эргэцүүлэн бодох хугацаа өг.

Дараагийн хичээлээр

Есүс Христэд итгэх итгэл маань аяндаа Христийн сургаалын хоёр дахь үндсэн зарчим болох наманчлал руу хөтөлдөг болохыг тайлбарла (Хиламан 14:13-ыг үзнэ үү). Суралцагчдыг бэлтгэл материалыг судлаад, яагаад наманчлалыг зайлсхийх хэрэгтэй ачаа дарамт гэж үзэхийн оронд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тэнгэрлэг бэлэг гэж харах ёстой болох талаар тунгаан бодоход урь.