Институт
3-р хичээлийн багшийн материал: Амьдралын модны тухай Лихайн зүүд


“3-р хичээлийн багшийн материал: Амьдралын модны тухай Лихайн зүүд,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“3-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

3-р хичээлийн багшийн материал

Амьдралын модны тухай Лихайн зүүд

Амьдралын модны тухай Лихайн зүүд нь бидэнд хэрхэн Бурханы хайрыг мэдэрч, Аврагчийн Цагаатгалын адислалуудаас хүртэж болохыг олж мэдэхэд тусалдаг. Энэ хичээлээр суралцагчид Христэд очихын тулд гаргаж буй хүчин чармайлтад нь юу тусалж эсвэл саад болж болохыг тодорхойлно. Тэдэнд мөн Бурханы үгийг өөрсдийн амьдралд нэн тэргүүнд тавихын тулд юу хийж чадахаа тодорхойлох боломж олгоно.

Заах зөвлөмж

Заах, суралцах чадвараа сайжруулах нь

Суралцагчдад төвлөрсөн байхыг эрэлхийл. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Бидний үйлчилдэг Эзэний адил сайн мэдээний багш нар зааж буй хүмүүстээ анхаарлаа бүрэн хандуулах болно” хэмээн онцолсон (“Gospel Teaching,” Ensign, Nov. 1999, 79). Суралцагчдад төвлөрөхийг эрэлхийлэхдээ дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. Суралцагчдынхаа нөхцөл байдал, туршлага, зовлон бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг илүү сайн ойлгохын тулд би юу хийж болох вэ? Би тэдэнд мэддэг зүйл дээрээ тулгуурлан мэдлэгээ өргөжүүлэн тэлэхэд нь хэрхэн тусалж болох вэ? Би тэдэнд идэвхтэй суралцагч байж, бусдад сурч мэдэхэд нь хувь нэмэр оруулахад хэрхэн туслах вэ? Тэднийг Аврагчтай илүү ойртоход урихын тулд би юу хийж болох вэ?

Лихай амьдралын модны тухай үзэгдэл үзсэн.

Лихайн зүүд, Грэг К.Олсэн

Амьдралын модны тухай Лихайн үзэгдлийн дагалдах зургийг үзүүлээд, уг үзэгдлийн талаар мэддэг зүйлээ товч хуваалцахыг суралцагчдаас хүс. Та нэг суралцагчаас Лихайн зүүдийг товч ярьж өгөхийг хүсэж болно.

Суралцагчдыг бэлтгэл материалд дурдсан 1 Нифай 8:10–12 ба 1 Нифай 11:21–22-ыг уншаад, Лихай, Нифай хоёр мод ба жимсийг хэрхэн дүрсэлснийг олж мэд.

Лихайн зүүдний талаарх суралцагчдын ойлголт дээр үндэслэн та дараах асуултуудын заримыг тавьж болно:

  • Мод ба жимс нь юуг төлөөлж байна вэ? (Бэлтгэл материалын 1-р хэсгийг үзнэ үү.)

  • Мод ба түүний жимсний тухай Лихайн дүрслэл нь Бурханы хайр ба Аврагчийн Цагаатгалын талаар бидэнд юу заадаг вэ?

  • Эдгээр шүлэг баяр баясгаланг олж авах талаар бидэнд юу заадаг вэ? (Суралцагчид дараахтай ижил төстэй үнэнийг тодорхойлж болно: Христэд ирж, Түүний Цагаатгалын адислалуудаас хүртэх нь бидэнд баяр баясгаланг авчирдаг.

  • Аврагчийн Цагаатгалын адислалууд нь яагаад “бүхий л жимснээс дээгүүр дур булаам” бэ? (1 Нифай 8:12; 11:22).

Ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг үзүүл.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

Хайрт ах, эгч нар аа, бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой.

[Бид] … Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг. … Есүс Христ бол баяр баясгалан юм! (“Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72)

  • Та илүү их баяр баясгаланг хүртэхээр өөрийн амьдралыг Есүс Христ дээр илүү их төвлөрүүлэхийн тулд юу хийж болох байсан бэ? (Суралцагчдад төрсөн мэдрэмжийнхээ талаар тунгаан бодож, бичиж тэмдэглэх цаг өг.)

Лихай, Нифай хоёр Бурханы үг нь Аврагч ба Түүний Цагаатгал руу хөтөлдөг гэдгийг мэдсэн.

Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваагаад, сурагч бүрд дараах тараах материалыг өг.

Амьдралын модны жимсийг хүлээн авахад тулгардаг саад бэрхшээл

Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол—3-р хичээл

Энэ догол мөрийг бүлгээрээ уншаарай: Лихайн үзэгдэл дэх амьдралын мод, булингартсан гол, “харанхуйлах манан” (1 Нифай 12:17), “агуу хийгээд нүсэр барилга” (1 Нифай 8:26 зэрэг нь хүмүүс модонд ирж эсвэл ирснийхээ дараа тэнд үлдэж, жимснээс нь хүртэхэд хүндрэлтэй болгож байлаа. Хичээлийн бэлтгэл материал дээрээс, хүмүүсийг Аврагчаас холдуулдаг эдгээр аюул, анхаарал сарниулах зүйлсийн орчин үеийн зарим жишээг та тодорхойлсон байж магадгүй юм. Бүлгийнхээ гишүүдтэй хамт өнөөгийн залуучууд дараах нөхцөл байдалтай хэрхэн тулгардаг талаар ярилц:

Бохир эсвэл нүгэл (булингартсан гол: 1 Нифай 8:13; 12:16; 15:27)

Хууран мэхлэлт ба уруу таталт (“харанхуйлах манан”: 1 Нифай 8:23; 12:17)

Бардамнал, дэлхийнхний тохуурхал (“агуу хийгээд нүсэр барилга”: 1 Нифай 8:25–28; 12:18)

Ярилц: Та нарын авсан жишээнүүд ямар байдлаар залуучуудыг Есүс Христэд ирж, Түүний Цагаатгалын адислалуудаас хүртэхэд саад болж байна вэ? Та эдгээр бэрхшээлийг амьдралдаа даван туулахыг хэрхэн хичээсэн бэ?

Амьдралын модны жимснээс хүртэхэд тулгардаг саад тотгор

багшийн тараах материал

Хангалттай цаг гаргаж өгсний дараа хэдэн суралцагчийг бүлэг дотроо ярилцсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь.

Суралцагчдыг Лихайн үзэгдэлдээ харсан дөрвөн бүлэг хүний талаар сурч мэдсэн зүйлээ тоймлон авч үзэхэд урь (бэлтгэл материалын 3-р хэсэг-ийг үзнэ үү). Дараах гарчгийг самбар дээр бич: 1-р бүлэг (1 Нифай 8:21–23), 2-р бүлэг (1 Нифай 8:24–28), 3-р бүлэг (1 Нифай 8:30, 33), 4-р бүлэг (1 Нифай 8:31–32).

  • Төмөр бариул буюу Бурханы үг бүлэг бүрд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? (Суралцагчдын хариултыг зохих гарчгийн доор бичнэ үү.)

  • 1 Нифай 8:33 дахь тэд “анхаарсан нь үгүй болой” гэдэг нь яагаад ач холбогдолтой үг вэ? Өнөө үед энэ нь ямар байх вэ?

  • Төмөр бариулаа тавьж, замаасаа гарсан хүмүүст ямар найдвар байгаа вэ? (Та суралцагчдаас бэлтгэл материал дээрх Анн М.Дибб эгчийн хэлсэн мэдэгдлийг уншихыг хүсэж болно.)

Нифайг эцгийнхээ зүүдийг ойлгохын тулд залбирахад түүнд үзэгдэл үзүүлж, зүүднийх нь утгыг олж мэдсэн гэдгийг тайлбарла. Үүний дараа тэр төмөр бариул юуг төлөөлж байгааг ах нартаа заасан. Нэг суралцагчийг 1 Нифай 15:23–24-ийг чанга уншихад урь. Дараа нь дараах асуултыг тавь. Үүнд:

  • Та Нифайн ах нартаа өгсөн тайлбар ба урилгаас юу сурч мэдсэн бэ? (Бусад үнэний дотроос суралцагчид дараахтай ижил төстэй зарчмыг тодорхойлж болно: Бурханы үгээс зууран барих нь Есүс Христээс холдуулах гэсэн Сатаны оролдлогыг эсэргүүцэх боломжийг бидэнд олгодог.

  • Таны хувьд Бурханы үгээс ”зууран [барих]” гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ? (1 Нифай 8:30).

Далын ахлагч Кэвин В.Пийрсоны хэлсэн дараах мэдэгдлийг харуул.

Ахлагч Кэвин В.Пийрсон

Бид Бурханы үгийг “үргэлж тууштай зуурч” 1 Нифай 8:30] мөн үүний дагуу амьдрахгүй бол сүнслэг байдлаар сэнхрэх биш, сүнслэг байдлаар сохрох болно. Мормоны Номыг болон амьд бошиглогчдын үгсийг өдөр бүр, өдөр бүр, өдөр бүр судлаарай! Энэ бол сүнслэг байдлын хувьд амьд үлдэх, хууран мэхлэлтээс зайлсхийх түлхүүр юм. Бид үүнийг хийхгүй байснаараа сүнслэг байдлын хувьд төөрч одох болно (“Модны дэргэд бай,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105)

Бурханы үгээс тууштай зуурах нь хэрхэн тэдэнд сүнслэг байдлын хувьд амьд үлдэхэд эсвэл хууран мэхлэлтээс зайлсхийхэд тусалсан талаар хуваалцахыг суралцагчдаас хүс. Мөн Бурханы үг хэрхэн тэдэнд Есүс Христэд болон Түүний цагаатгагч хүчинд илүү ойртоход тусалсан талаар хуваалцахад суралцагчдыг урь.

Суралцагчдад сурч мэдсэн, мэдэрсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд нь туслахын тулд та дараах асуултуудыг үзүүлээд, суралцагчдыг хариултаа тунгаан бодож, бичиж тэмдэглэхэд урьж болно.

  • Бид Бурханы үгээс тууштай зуурахын тулд юуг илүү сайн хийж чадах вэ?

  • Бурханы үгээс тууштай зуурахын ач холбогдлын талаарх гэрчлэлийг маань сонссоноор хэн адислагдаж болох вэ?

Хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урьж болно.

Дараагийн хичээлээр

Төмөр бариулын талаарх хэлэлцүүлгийн дагуу та суралцагчдыг сүүлийн үед хэр тууштай судраас суралцаж байгаагаа бодоход урьж болно. Дараагийн хичээлд зориулан бэлтгэл материалыг судалж байхдаа хувиараа судраас суралцахыг нэн тэргүүнд тавих нь хэрхэн тэднийг Аврагчтай илүү ойртуулж болох талаар эргэцүүлэн бодохыг уриал.