Институт
7-р хичээлийн багшийн материал: Есүс Христийн хүчирхэгжүүлэх хүч


“7-р хичээлийн багшийн материал: Есүс Христийн хүчирхэгжүүлэх хүч,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“7-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

7-р хичээлийн багшийн материал

Есүс Христийн хүчирхэгжүүлэх хүч

Мормоны Ном нь Аврагчийн Цагаатгал ямар гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй болох талаарх бидний ойлголтыг тэлдэг. Бид энэ номоос Есүс Христ бидэнд гэм нүглээс цэвэрших боломж олгохын зэрэгцээ биднийг тайтгаруулж, сул дорой байдлаар маань дамжуулан тусалдаг болохыг мэдэж авдаг. Энэхүү хичээлийн үеэр, суралцагчид энэхүү сургаалыг тайлбарлаж, гэрчлэх боломжтой байх болно. Суралцагчдад түүнчлэн Их Эзэний ач ивээлийг цаашид амьдралдаа урин авчрахын тулд юу хийж болохоо тодорхойлох боломж олгоно.

Заах зөвлөмж

Заах, суралцах чадвараа сайжруулах нь

Суралцагчдаа бодон, хичээлээ эхэл. Суралцагчид өмнөх туршлага, мэдлэг, асуултаа бэлдэж хичээлд ирдэг. Бид заах явцдаа суралцагчдынхаа одоогийн ойлголтыг эхлэх гараагаа болгож болно. Энэхүү цуврал хичээлийн явцад хичээлийг эхлэхдээ эсвэл тодорхой нэг сэдвийн талаар ярилцахдаа суралцагчдын ярилцахыг хүсэж байгаа асуулт ба ойлголтыг хэрхэн олж мэдэхээ бодож үзсэнийхээ дараа Сүнсний удирдамжийн дагуу төлөвлөгөөндөө тусган өөрчил.

Бага Алма Гидеоны хүмүүст Их Эзэн Өөрийн хүмүүсийг халамжлах болно хэмээн заасан.

Дараахтай адил зургуудыг үзүүлээд, “Нүгэлт сонголтын үр дагавар бус ямар бэрхшээл, зовлон, шаналал бидэнд тулгарч болох вэ?” гэж асуу. (Суралцагчдын хариултыг самбарт жагсаан бич.)

Уйлж буй эмэгтэй
Эмнэлгийн орон дээр хэвтэж буй залуу
Гунигтай харагдаж буй бүсгүй
Тэргэнцэр дээрх хүн

Өөрсдөд нь эсвэл хайртай хүмүүст нь зовлон шаналал авчирсан зарим бэрхшээлийн талаар тунгаан бодох (эсвэл бичих) цаг суралцагчдад гаргаж өг.

Бага Алма Гидеоны итгэгчдэд тохинуулахдаа, Аврагчийн зовлон шаналал гэм нүглээс үүдээгүй зовлон, бэрхшээлд маань хэрхэн тусалж болохыг заасныг суралцагчдад сануул. Алма 7:11–12-ыг уншаад, анхаарлыг нь татсан аливаа үг хэллэгийг олоход суралцагчдыг урь. Олж мэдсэн зүйлийнхээ утга агуулгыг мөн энэ нь яагаад тэдний хувьд чухал ач холбогдолтой болохыг тайлбарлахад урь.

Аврагч Өөрийн хүмүүсийг хэрхэн халамжилдаг талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэн туслахын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг хуваалцаж болно.

Ахлагч Жэффри Р.Холланд

Христийн бидний төлөөх хайр халамж, анхаарлыг дүрслэхдээ сударт ихэвчлэн [халамжлах гэсэн] үгийг хэрэглэдэг. Үүнийг үгчилбэл ‘яаран очих’ гэсэн утгатай. Аврагчийн бидэнд туслах гэсэн шаргуу хичээл зүтгэлийг ямар гайхалтай арга замаар дүрслээ вэ. Аврагч биднийг Өөрт нь ирж, Өөрийг нь дагахад урьдаг ч үнэндээ Өөрөө бидэн дээр яаран ирдэг. (“Come unto Me” [Church Educational System fireside for young adults, Mar. 2, 1997], 9, speeches.byu.edu)

Алма 7:11–12 дээрх сургаалуудыг авч ярилцсаныхаа дараа доорхтой ижил төстэй зарчмыг тодорхойлоход суралцагчдад тусал: Мөнх бус амьдралд зовлон бэрхшээлтэй тулгарах үед маань халамжлахын тулд Аврагч Өөр дээрээ бидний өвчин, зовлон, уруу таталтыг авсан.

  • Аврагчийн Цагаатгалын тухай сургаалыг энэ талаас ойлгох нь яагаад чухал вэ?

  • Есүс Христийн мөн чанар, зан байдлын талаар энэ үнэн танд юу зааж байна вэ?

  • Энэхүү үнэнд итгэх нь танд болон таны хайртай хүмүүст зовлон бэрхшээл тулгарах үед нь хэрхэн туслах вэ?

Ангиараа эсвэл жижиг бүлгээр хичээлийн бэлтгэл материалын 1-р хэсэг дэх ахлагч Бэднарын мэдэгдлийг уншаад, бэлтгэл материал дээрх дараах асуултыг ярилц:

  • Амьдралд тань зовлон бэрхшээл тулгарах үед Аврагч танд тусламжийн гараа сунгаж, тайтгаруулан, хүчирхэгжүүлэхийг хэзээ та мэдэрч байсан бэ?

Их Эзэн Моронайд Өөрийн ач ивээлийн хүчийн тухай заасан.

Дагалдах зургийг үзүүлээд, ариун судар бичих чадварынхаа талаар Моронай ямар бодолтой байсныг тайлбарлахад нэг суралцагчийг урь. (Шаардлагатай бол, суралцагчидтай хамт Ифер 12:23–25-ыг унш.)

Моронай ялтаснуудыг Кумора гүвээнд нуусан нь, Том Ловэлл

Өөрсдийнхөө цөөн хэдэн дутагдал, сул талын талаар цаг гарган бичихэд эсвэл тунгаан бодоход суралцагчдыг урьж болно.

Ифер 12:27-г хамтдаа уншаад, сул талдаа Их Эзэний арга замаар хандахад тусалдаг зарчмуудыг олж мэдэхэд суралцагчдыг урь. Суралцагчид дараахтай ижил төстэй үнэнийг тодорхойлж болно: Их Эзэнд ирэх үед Тэрээр бидэнд сул талаа хүлээн зөвшөөрөхөд тусалдаг. Сул талаа хүлээн зөвшөөрөх нь бидэнд даруу байхад тусалдаг. Биднийг өөрсдийгөө даруусгаж, Аврагчид итгэлтэй байх үед Түүний ач ивээл сул талыг маань давуу тал болгож чадна. Суралцагчдын тодорхойлсон үнэнүүдийг үзүүл. Ингэснээр тэд дараагийн үйл ажиллагаагаар лавлан харах боломжтой.

Заах, суралцах чадвараа сайжруулах нь

Суралцагчдад зарчим ба сургаалыг мэдэж, ойлгоход нь тусал. Суралцагчдыг судар, бошиглогчдын үгсээс сургаал, зарчмуудыг тодорхойлсных нь дараа тэдгээр үнэний цаад утга агуулгыг мөн тэдгээр нь хэрхэн амьдралд нь нөлөөлдөг болохыг ойлгоход нь туслаарай. Энэхүү мэдлэг, ойлголт нь сургаал, зарчмын мэдэгдлийг тайлбарлах эсвэл үүнтэй холбоотой жишээ, туршлагуудаа хуваалцах үед нь суралцагчдад орж ирж болно. Суралцагчдын тодорхойлсон зарчмууд ямар ач холбогдолтой, чухал болохыг зүрх сэтгэл, оюун ухаанд нь хүргэх асуултуудыг тавихад туслахыг гуйн залбир.

Суралцагчдыг ангиараа эсвэл жижиг бүлгээрээ эдгээр зарчим тэдний хувьд ямар ач холбогдолтой болохыг тайлбарлахад урь.

Эдгээр зарчмын талаар бодож, илүү гүн гүнзгий мэдрэхэд нь туслахын тулд та дараах асуултуудын заримыг үзүүлээд, алийг нь хамтдаа ярилцахыг суралцагчдаар сонгуул. Магадгүй бүгдийг нь авч ярилцахад цаг хүрэлцэхгүй байж болно.

Аврагчийн Цагаатгалын талаар, ялангуяа зовлон шаналал, уй гашуу, сул тал, дутагдлаа ялан дийлэхэд маань тусалдаг Түүний хүчийг гэрчил (эсвэл нэг суралцагчийг гэрчлэхэд урь.)

Суралцагчдад өнөөдрийн хичээлээр төрсөн сэтгэгдлээ тунгаан бодож, бичиж тэмдэглэх цаг гаргаж өгөөрэй. Та тэднийг дараах асуултуудыг эргэцүүлэн бодоход урь: Их Эзэний ач ивээлийг илүү ихээр хүлээн авахын тулд Түүний өгөх зүйлсийн талаар та юу гэж бодож байна вэ? Та илүү даруу байж, Христэд илүү их итгэн одоо байгаа сул тал дээрээ ажиллахын тулд юу хийж чадах вэ?

Дараагийн хичээлээр

Суралцагчдаас сүнсний дэлхий, Амилуулалт, Эцсийн шүүлт зэргийн талаар байгаа асуултуудаа эргэцүүлэн бодохыг хүс. Дараагийн хичээлд бэлдэхдээ үхлийн дараах амьдралд өөрсдийгөө бэлтгэхийн тулд юу хийж байгаагаа бодоход тэднийг урь.