Институт
26-р хичээлийн багшийн материал: Итгэлийг тань сорьсны дараа


“26-р хичээлийн багшийн материал: Итгэлийг тань сорьсны дараа,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“26-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

26-р хичээлийн багшийн материал

Итгэлийг тань сорьсны дараа

Сорилт бэрхшээлтэй тулгарах үед Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж, итгэлээ бататгасан гэрчүүдийг хүлээн авсан хүмүүсийн олон жишээ Мормоны Номд цэдэглэгдсэн байдаг. Энэ хичээлээр суралцагчдад яагаад сүнслэг гэрчлэл хүлээн авахаасаа өмнө Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн байх ёстой вэ гэдгийг тайлбарлаж, сорилт бэрхшээлтэй тулгарахдаа Түүнд итгэх илүү их итгэлээр үйлдэж болохыг тодорхойлох боломжийг тэдэнд олгоно. Мөн суралцагчид Мормоны Номын талаар гэрчлэлтэй болохын тулд эсвэл гэрчлэлээ гүнзгийрүүлэхийн тулд итгэлээр өдөөгдсөн ямар ямар үйлдлийг хийж болохоо эргэцүүлэн бодно.

Заах зөвлөмж

Заах, суралцах чадвараа сайжруулах

Бодит түүх, үйл явдлуудыг хуваалц. Суралцагчдын сурах сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд бошиглогчдын амьдрал, Сүмийн түүх, Ерөнхий чуулганаар хэлсэн үг, Сүмийн сэтгүүл зэргээс эсвэл өөрийн амьдралын бодит түүх, үйл явдлыг хуваалцах юм уу туршлагаа хуваалцахад суралцагчдыг урих талаар бодож үз. Ийм түүхүүд сайн мэдээний зарчмуудыг дүрслэн харуулж, суралцагчдад тэдгээрийн үнэн мөн, ач холбогдлыг мэдрэхэд тусалдаг.

Моронай итгэлээр үйлдэхийн ач холбогдлыг заадаг.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны ярьсан дараах түүхийг үзүүлнэ үү (та энэ туршлагын талаар бэлтгэх материалын 1-р хэсгээс уншсан гэдгээ суралцагчдад хэлж болно).

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаасаа өмнө би хэдэн жилийн туршид санхүүгийн асуудлаас салаагүй. Заримдаа энэ асуудал манай гэр бүлийн сайн сайхан байдалд заналхийлж байсан бөгөөд санхүүгийн сүйрэлд орох вий гэж би боддог байлаа. Биднийг энэ байдлаас ямар нэгэн байдлаар гайхамшигтайгаар гаргахын төлөө би залбирсан. Хэдийгээр би олон удаа энэ талаар чин сэтгэлээсээ, гүн хүсэлтэйгээр залбирсан ч эцэст нь “Үгүй” гэсэн хариулт ирсэн юм (“Look to God Each Day,” New Era, Apr. 2015, 3–4)

  • Үүнтэй адил үйл явдлууд ямар арга замаар хэн нэгний Есүс Христэд итгэх итгэлийг сорьж болох вэ?

  • Хүмүүсийн итгэлийг сорьж, шалгадаг гэдгийг харуулсан өөр ямар бодит амьдралын жишээнүүд байдаг вэ?

Суралцагчдыг Ифер 12:3–7, 12, 18 дээрх итгэлийн талаарх Моронайн сургаалыг судлахад уриад, дараах асуултуудыг тавь.

  • Бид итгэлээ хөгжүүлэх талаар Ифер, Моронай хоёроос юу сурч мэдэж болох вэ? (Өөр бусад үнэн дотроос суралцагчид Итгэл маань соригдохоос нааш бид сүнслэг гэрчлэл хүлээн авахгүй гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлж болно.)

  • Таны бодлоор, бид Бурханаас сүнслэг гэрчлэл хүлээн авахынхаа өмнө яагаад эхлээд итгэлээр үйлдэх ёстой вэ?

  • Сорилт бэрхшээлтэй тулгарах үед бид Есүс Христэд үнэнч хэвээр үлдсэнээр ямар арга замаар адислагддаг вэ? (Та бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Кристоффэрсоны мэдэгдлийг уншиж болох юм.)

Мормоны Номон дээрх сорилт, эсэргүүцэлтэй тулгарах үедээ Есүс Христэд итгэх итгэлээр үйлдсэн хүмүүсийн жишээнүүдийг бодоход суралцагчдыг урь. Шаардлагатай бол, бодсон хүмүүсийнхээ түүхийг судлахад нь зориулан тэдэнд хэдэн минут гаргаж өгнө үү. (Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх судлах үйл ажиллагааг хийж дуусгасан суралцагчид судалсан зүйлээ эргэн харж болно.)

Хангалттай хугацаа өнгөрсний дараа, ангийнхныг дараах асуултуудын талаар ярилцах жижиг бүлгүүдэд хуваа (тэд бэлтгэх материалын 2-р хэсэг дэх асуултуудтай ижил төстэй асуултуудад хариулсан гэдгийг суралцагчдад сануул).

  1. Хувь хүн эсвэл хүмүүс Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлсэн бэ? Өөрт нь итгэх итгэлийг хөгжүүлсний дараа Их Эзэн ямар ямар адислал, бурханлаг хүчийг тэдэнд өгсөн бэ? (Зарим адислалыг зөвхөн дараагийн амьдралдаа хүлээн авна гэдгийг онцлох нь тустай байж болно.)

  2. Та эдгээр түүхээс ямар зарчим, зан үйлийг мэдэж авч болох вэ? Та эдгээрийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Та мөн суралцагчдыг авч хэлэлцсэн зарчмуудынхаа талаар тунгаан бодож, тэдгээрийн талаарх бодол, сэтгэгдлээ тэмдэглэж авахад урьж болно.

Моронай Мормоны Номын талаар гэрчлэлтэй болохыг эрэлхийлэхэд уншигчдыг урьсан.

Дараах жишээг үзүүл.

Та саяхан дотны найздаа Мормоны Номын нэг хувийг өгөөд, энэ нь үнэн болохыг гэрчилсэн гэж төсөөл. Таны найз хариуд нь “Үүнийг надтай хуваалцсанд баярлалаа. Би Мормоны Номын талаар олон үзэл санааг сонсож байсан. Тэр ч байтугай энэ ном худал хуурамч зүйлээр дүүрэн тул битгий уншаарай гэж хүртэл надад сэрэмжлүүлж байсан” гэж хэлэв.

  • Найз тань Мормоны Номоос болгоомжилж байгаад та хэрхэн хариулж болох вэ?

  • Энэ нөхцөлд та Ифер 12:6 дахь сургаалыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Нэг суралцагчийг Моронай 10:3–5-ыг чанга уншихад урь. Суралцагчдыг дагаж уншаад, хэрхэн Мормоны Номын талаар гэрчлэлтэй болж болохыг олж мэдэхийг хүс.

  • Мормоны Номын талаар гэрчлэлтэй болохыг хүсэж байгаа бол бид юу хийх ёстой вэ? (Мормоны Номын талаар гэрчлэлтэй болохын тулд бид уг номыг уншиж байхдаа Их Эзэний нигүүлсэнгүй байдлыг санаж, тунгаан бодсоныхоо дараа уг ном үнэн эсэхийг чин сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр, Есүс Христэд итгэх итгэлээр Бурханаас асуух ёстой гэсэн зарчмыг эсвэл үүнтэй төстэй зарчмыг суралцагчид тодорхойлж болно.)

  • Моронайн урилгыг хүлээн авах нь хэрхэн итгэлээр үйлдэх талаар бидний сурч мэдсэн зүйлийн жишээ болж байна вэ? (Суралцагчдын хувьд, бэлтгэх материалын 3-р хэсэг дэх ахлагч Жийн Р.Күкийн мэдэгдлийг унших нь тустай байж болох юм.)

Бэлтгэх материалын 3-р хэсэгт суралцагчдыг Мормоны Ном үнэн болохыг харуулсан сүнслэг гэрчлэл олж авсан туршлагаа эргэцүүлэн бодож, тэмдэглэж авахад урьсныг сануул. Мормоны Номын тухай сүнслэг гэрчлэл олж авахыг эрэлхийлж, хүлээн авахдаа ямар туршлага хуримтлуулж, юу сурч мэдсэнээ хуваалцахад хэдэн суралцагчийг урь.

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн Моронайн амлалтын талаарх дараах мэдэгдлийг хуваалцахыг бодож үз.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Та бүхнийг энэхүү амлалтыг нотолсон эсвэл удахгүй нотолно гэдэгт би итгэж байна. Ганц удаагийн, хүчтэй, сүнслэг туршлагаар хариулт ирэхгүй. Эхний удаа хариулт маань нам гүмхэн ирсэн. Харин Мормоны Номыг уншиж, залбирах бүрд улам илүү хүчтэй мэдрэгдэх болсон юм.

Би өнгөрсөн үйл явдлуудад найдаж амьдардаггүй. Би Мормоны Номын тухай амьд гэрчлэлээ байнга бат бөх байлгаж, бэхжүүлэхийн тулд Моронайн амлалтыг олонтоо хүлээн авдаг. Гэрчлэлээс ирдэг адислал бол байнгын эрх мэт дархлагдсан зүйл гэж би боддоггүй. (“А мьд гэрчлэл,” 2011 оны 4 сарын Ерөнхий чуулган, 140)

  • Та Мормоны Номын талаарх гэрчлэлээ бэхжүүлэхийн тулд юу хийж байгаа вэ эсвэл юу хийж болох байсан бэ?

Дараагийн хичээлээр

Итгэл, найдвар, энэрэл байхгүй байсан бол амьдрал нь ямар байх байсан талаар бодоход суралцагчдыг урь. Дараагийн хичээлд бэлдэхдээ, тэрхүү Христийнхтэй адил зан чанаруудыг амьдралдаа илүү бүрэн дүүрэн эзэмшихийн тулд юу хийж болох талаар тунгаан бодоход тэднийг урь.