“5-р хичээлийн багшийн материал: Адам, Ева хоёрын Уналт ба сонгох эрхийн бэлэг,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)
“5-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол
5-р хичээлийн багшийн материал
Адам, Ева хоёрын Уналт ба сонгох эрхийн бэлэг
Бошиглогч Лихай Адам, Ева хоёрын Уналт Бурханы Өөрийн хүүхдүүдийн төлөө тавьсан мөнхийн зорилгыг гүйцэлдүүлснийг заасан (2 Нифай 2:15–25-ыг үзнэ үү). Энэхүү хичээлээр суралцагчид Адам, Ева хоёрын Уналт, сонгох эрх, Есүс Христийн Цагаатгал зэрэг нь Тэнгэрлэг Эцэгийн гэтэлгэлийн төлөвлөгөөнд хэр чухал болохыг тайлбарлах боломжтой. Суралцагчид түүнчлэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болохын тулд сонгох эрхээ хэрхэн сайн ашиглаж болох талаар мөн авч үзэх болно.
Заах зөвлөмж
Лихай өөрийн хүү Иаковт Уналтын үр нөлөөний тухай зааж сургасан.
Энэ хичээлээр Тэнгэрлэг Эцэгийн гэтэлгэлийн төлөвлөгөөний тухай шинэ бүлгийг эхлүүлэхийг онцол. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд өгсөн олон нэрийн дунд ”гэтэлгэлийн төлөвлөгөө” гэдэг нэр хамгийн түгээмэл хэрэглэгддэг (жишээ нь, Иаков 6:8; Алма 12:30, 32–33; 34:31-ийг үзнэ үү).
Адам, Ева хоёрын Уналт бол Бурханы төлөвлөгөөний эсрэг эмгэнэлт алдаа буюу золгүй явдал байсан гэсэн мэдэгдлийг үзүүлээд, үүнийг Мормоны Номын сургаал дээр үндэслэн дүгнэхэд суралцагчдыг урь.
Суралцагчдыг бодол санаагаа хуваалцсаны дараа, Адам, Ева хоёрын Уналт бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний нэн чухал хэсэг юм гэсэн үнэнийг илэрхийл.
Энэ үнэний талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд самбарт дараах дутуу орхисон мэдэгдлүүдийг бичээрэй (мэдэгдлүүдийн хооронд хангалттай зай үлдээнэ үү):
Хэрвээ Адам, Ева хоёр жимсийг идээгүй байсан бол, …
Тэд жимсийг идсэн тул …
Суралцагчдыг 2 Нифай 2:19–25-ыг уншаад, мэдэгдэл тус бүрийг гүйцээж бичихэд ашиглаж болох Уналтын үр дагаврыг эсвэл үр нөлөөг тодорхойлоход урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Самбар дахь мэдэгдэл бүрийн доор хариултыг нь жагсааж бичээрэй.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Оорсон Ф.Витнейгийн дараах мэдэгдлийг үзүүлэн унш.
Адамын Уналт нь уруудах алхам байхын зэрэгцээ урагшлах алхам буюу хүн төрөлхтнийг өсөлт хөгжилд хүргэх мөнхийн үйл явцын нэгээхэн алхам байсан. (In Conference Report, Apr. 1908, 90)
-
Уналт нь хэрхэн бидний сүнслэг өсөлт хөгжлийн хувьд ”уруудахын зэрэгцээ урагшлах алхам” байсан бэ? (Та хэлэлцүүлгийн нэгэн хэсэг болгон бэлтгэл материалын 1-р хэсэг дэх ахлагч Брүс С.Хафэн, ахлагч Жэффри Р.Холландын мэдэгдлүүдийг уншаад, анхаарлыг нь татсан зүйлээ хуваалцахад суралцагчдыг урьж болно.)
-
Уналтыг ойлгох нь мөнх бус амьдралын сорилтууд ч гэсэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэгэн хэсэг гэдгийг ойлгоход хэрхэн туслах вэ?
-
Уналтын үр дүнд бий болсон нөхцөл байдал нь хэрхэн бидэнд сүнслэг байдлын хувьд өсөж хөгжих, баяр баясгаланг хүлээн авах боломжийг олгодог вэ? (2 Нифай 2:25-ыг үзнэ үү.)
Хэлэлцүүлгийнхээ хүрээнд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.
Лихайд эсэргүүцэл, айдас түгшүүр, сэтгэлийн зовлон, өвчин зовиур, урам хугаралт, уй гашуу тохиолдож байсан нь тодорхой. Гэхдээ тэр Их Эзэний илчилсэн “хүмүүн … баясгалантай байж болохын тул” гэсэн нэгэн зарчмыг зоригтой, эрс шийдэмгий тунхагласан юм [2 Нифай 2:25]. Төсөөлөөд үз дээ! Мөнх бус дэлхий дээрх бидний амьдралын мөн чанар, зорилгыг дүрсэлж болох байсан бүх үгээс тэрээр баяр баясгалан гэдэг үгийг сонгож авчээ!
Амьдрал тойруу, мухар зам, бүхий л төрлийн сорилт, бэрхшээлээр дүүрэн. Бидний хүн нэг бүрд зовлон, шаналал, цөхрөлд бүрэн эзэмдүүлж байгаа мэт санагдаж байсан үе байсан. Гэтэл бид энд баяр баясгалантай байхын тулд ирсэн гэж үү?
Тийм ээ! Хариулт нь тийм!” (“Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71)
Суралцагчдыг тулгарч байгаа тодорхой зовлон бэрхшээлээ дотроо тодорхойлоход урь. Дараах асуултыг үзүүлээд, уг асуултын хариултыг тунгаан бодож, бодол санаагаа бичиж тэмдэглэхийг суралцагчдаас хүс. (Боломжтой бол нэг эсвэл хоёр суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урь. Хэт хувийн чанартай үйл явдлаа хуваалцах хэрэггүй гэдгийг суралцагчдад сануулаарай.)
-
Уналтын зорилгыг ойлгох нь эдгээр үйл явдлыг сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, баяр баясгаланг олж авах боломж гэж харахад хэрхэн надад тусалж болох вэ?
Бид Есүс Христээр дамжуулан эрх чөлөө, мөнх амьдралыг сонгох эрхтэй гэдгийг Лихай заасан.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг үзүүл: ”[Уналт] нь сонгох эрх, хариуцлага гэсэн амь амьдралтай энэ тэнцэхүйц Бурханы өгсөн өөр хоорондоо уялдаа холбоотой хоёр нэмэлт бэлгийг идэвхжүүлсэн” (“Constancy amid Change,” Ensign, Nov. 1993, 34).
-
Сонгох эрх, хариуцлага хоёрыг боломжтой болгосон ямар ямар нөхцөл байдлыг Лихай тодорхойлсон бэ? (Шаардлагатай бол бэлтгэл материалын 2-р хэсгийг уншихад суралцагчдыг урь.) Эдгээр нөхцөл байдал нь сонгох эрх оршин байхад яагаад шаардлагатай болохыг товч тайлбарлахыг суралцагчдаас хүсэж болно.
Нифай 2:26–29-ийг хамтдаа уншаад, Аврагчийн Цагаатгал мөн биднийг Уналтын үр дагавраас гэтэлгэсэн явдал сонгох эрхэд маань өөр хэрхэн нөлөөлсөн болохыг хамтдаа хайж ол. Энэхүү судрын хэсгээс суралцагчид дараах зарчмуудыг тодорхойлж болно. Үүнд: Аврагчийн гэтэлгэгч золиос бидэнд мөнх амьдралыг сонгох эрхийг олгодог. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө нь бидэнд Есүс Христээр дамжуулан эрх чөлөө ба мөнх амьдралыг аль эсвэл чөтгөрөөр дамжуулан боолчлол ба үхлийг сонгоход шаардлагатай нөхцөлийг бүрэлдүүлж өгдөг.
Дараах асуултуудын аль нь таны суралцагчдад сонгох эрхийн талаар илүү сайн ойлгож, амьдралдаа ямар зөв шударга үйлдэл хийх ёстойгоо өөрсдөө шийдэхэд нь туслахыг эргэцүүлэн бод. (Та дараах багц асуултын аль нэгийг сонгоод, суралцагчдыг өөрсдийн бодол санаа, сэтгэгдлийг бичиж тэмдэглэхийг урамшуулан дэмжиж болно).
-
Бид “өөрсдийн төлөө үйлдэх мөн … зарлигуудын дагуу, агуу хийгээд эцсийн өдөр хуулийн шийтгэлээс бусдаар өөрсөд дээрээ үйлдүүлэх нь үгүй болой” гэдэг нь ямар утгатай үг гэж та бодож байна вэ? (2 Нифай 2:26). Өнөөдөр зөв шударга үйлдэл хийхийн тулд та юу хийх сүнслэг өдөөлт хүлээн авсан бэ?
-
Жишээлбэл та урт хугацаанд нөлөөлөх ямар ямар жижиг сонголтыг өдөр бүр хийдэг вэ? Таныг Есүс Христэд мөн мөнхийн амьдралд илүү ойртоход өдөр бүр хийдэг ямар ямар сонголт тань туслах вэ? Одоогоор хийж буй ямар ямар сонголт тань таны сүнслэг өсөлт хөгжил, боломжид саад болж эсвэл багасгаж байна вэ?
-
Есүс Христийн Цагаатгал хэрхэн танд алдаанаасаа суралцах боломж олгодог вэ? (Шаардлагатай бол бэлтгэл материалын 3-р хэсэг дэх ахлагч Брүс С.Хафэны мэдэгдлийг унш.) Та үйлдсэн гэм нүгэл, гаргасан алдаанаасаа юу суралцаж болох вэ?
Хангалттай цаг гаргаж өгсний дараа, бодол санаа, гэрчлэлээ хуваалцахад суралцагчдыг урь. Хэт хувийн чанартай ямар ч зүйлээ хуваалцах эсвэл үйлдсэн тодорхой гэм нүглийнхээ талаар ярих хэрэггүй гэдгийг суралцагчдад тайлбарлаарай. Суралцагчдыг өнөөдөр бичсэн, бодсон зүйлийнхээ дагуу үйлдэхэд урамшуул. Суралцагчдад хичээлээр авч үзсэн зарчмуудын талаар мөн амьдралынхаа сонголтыг хийхэд нь тэдэнд туслах гэсэн Их Эзэний хүслийн талаар гэрчил.
Дараагийн хичээлээр
Дараагийн хичээлээр бид Есүс Христийн Цагаатгалын талаар ярилцана гэдгийг онцол. Бэлтгэл материалыг анхааралтай судлахад нь мөн Мормоны Ном нь Есүс Христийн Цагаатгалыг эцэс төгсгөлгүй, мөнхийн гэж тодорхойлдог тухай эргэцүүлэхэд суралцагчдад туслаарай (2 Нифай 9:7; Алма 34:10-ыг үзнэ үү).