“25-р хичээлийн багшийн материал: Залбирал ба хувийн илчлэлт,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)
“25-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал
25-р хичээлийн багшийн материал
Залбирал ба хувийн илчлэлт
Их Эзэн Есүс Христ “Та нар миний нэрээр Эцэгт үргэлж залбирах ёстой” (3 Нифай 18:19) хэмээн зарлигласан. Мормоны Ном нь залбирал, хувийн илчлэлттэй холбоотой чухал зарчмуудыг дүрслэн харуулсан байдаг. Энэ хичээл суралцагчдад залбирлынхаа чанар чансааг үнэлж дүгнэн, залбирлаа сайжруулахын тулд юу хийж чадахаа тодорхойлоход тусална. Түүнчлэн суралцагчдад хувийн илчлэлт хүлээн авах чадавхаа нэмэгдүүлэхийн тулд юу хийж болох талаар эргэцүүлэн бодох боломж олгоно.
Заах зөвлөмж
Амюлек зорамчуудад залбирлын ач холбогдлыг заасан.
Тайлбар: Энэ хичээлийн үеэр хувийн залбирлаа сайжруулах арга замын талаар ярилцаж байхдаа, залбирахын тулд гаргаж буй аливаа хүчин чармайлтыг магтан сайшаавал зохино гэдгийг суралцагчдад сануул. Дараах өөрийгөө үнэлэх дасгал нь залбирах гэсэн урам зоригийг мохоохгүй, харин залбирлаар дамжуулан Бурхантай ойртох хүсэл эрмэлзлийг нь өдөөх зорилготой гэдгийг тайлбарлах нь зүйтэй. Өөрөө өөрийгөө үнэлж дүгнэх нь Алма 34:17–28-д залбирлын талаар Амюлекийн юу гэж заасан талаарх хэлэлцүүлэгт бэлдэхэд суралцагчдад тусална.
Дараах мэдэгдлүүдийг үзүүлээд, суралцагчдыг 1-5 хүртэлх оноогоор өөрсдийгөө үнэлэхэд урь (1 = огт санал нийлэхгүй, 5 = бүрэн санал нийлж байна).
-
Би өдөр бүр хувиараа залбирдаг.
-
Би утга учиртай, чин сэтгэлээсээ залбирдаг.
-
Би материаллаг ба сэтгэл санааны хэрэгцээнийхээ төлөө залбирдаг.
-
Би чөтгөрийн уруу таталтыг даван туулахын тулд тусламж хүсдэг.
-
Би бусдын төлөө залбирдаг.
-
Би үргэлж зүрх сэтгэл дотроо залбирахыг хичээдэг.
Амюлекийн залбирлын талаарх сургаалын тухай ярилцаж байхдаа өгсөн хариултынхаа талаар бодоход суралцагчдыг урамшуул.
Дараах хувилбаруудаас аль нэгийг сонго.
-
Рамеумптом дээр залбирч буй хүний дараах зургийг үзүүл.
-
Мормоны Номын “Аlma and Amulek Teach about Faith in Jesus Christ (Alma 31–34)” видеог цагийн код 4:15 хүртэл үзүүл.
Суралцагчдыг зорамчуудын залбирлын талаарх хандлагыг товч тайлбарлаж, энэ талаар юу бодож байгаагаа хуваалцахад урь.
Амюлек хожим нь даруу зорамчуудад залбирлын талаар чухал зарчмууд заасан гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдыг Алма 34:17–28-ыг уншаад, өнөөгийн нөхцөл байдалтай адилтгаж болох үнэнийг тодорхойлоход урь.
Та мөн суралцагчдаас уг хэлэлцүүлгийн хүрээнд эдгээр шүлгийн заримыг өөрсдийн нөхцөл байдалтай холбож, орчин үеийн үг хэл дээр өөрчлөн бичсэнээ хуваалцахыг хүсэж болно (бэлтгэх материалын 1-р хэсгийн “Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ” үйл ажиллагааг үзнэ үү).
Суралцагчид Тэнгэр дэх Эцэг маань биднийг үргэлж, хаана ч байсан Өөрийг нь дуудан залбираасай хэмээн хүсдэг гэсэнтэй ижил төстэй үнэнийг хуваалцаж болно. Бид материаллаг ба сэтгэл санааны асуудлынхаа талаар залбирч байх хэрэгтэй. Чин зүрхнээсээ, үнэн сэтгэлээр залбирах хэрэгтэй. Бид ганцаарчлан залбирах ёстой. Бид бусдын төлөө залбирах ёстой. Бид бусдын төлөө залбирахаас гадна тэдэнд үйлчлэхийг эрэлхийлэх ёстой.
Суралцагчдыг зарчмуудыг болон Алма 34-ийн шүлгүүдийг орчин үеийн үг хэллэг рүү өөрчлөн бичсэнээ хуваалцаж байх үеэр тэдэнд үр дүнтэй, зөв шударга үйлдэл хийхэд нь дараах асуултуудын алиныг нь асуувал хамгийн сайн тусалж болох талаар эргэцүүлэн бод.
-
Яагаад Тэнгэрлэг Эцэгийг амьдралынхаа бүхий л хүрээнд татан оролцуулах нь чухал вэ? Чин сэтгэлээсээ, ойр ойрхон залбирах нь амьдралд тань ямар ямар өөрчлөлт гаргасныг та олж харж байна вэ?
-
Ямар ямар саад бэрхшээл чин сэтгэлээсээ залбирахад тань саад болж байна вэ? Та тэдгээр саад бэрхшээлийг хэрхэн зайлуулж болох вэ?
-
Та хэзээ Бурханд хандан чин сэтгэлээсээ “уйлж,” “нулимсаа урсгасан” бэ, энэ нь яаж нөлөөлсөн бэ? Бид хэрхэн зорилготойгоор “[өөрсдийн] зүрх сэтгэл[ийг] дүүрэн бай[лгаж],” “залбирлаа үргэлжлүүлэн түүнд хандуул[ах]” вэ? (Алма 34:27).
-
Залбирал яагаад чөтгөрийн хүчийг ялан дийлэхэд тусалдаг хүчирхэг хүч байдаг вэ? (2 Нифай 32:8 ба 3 Нифай 18:15, 18-ыг унших нь тустай байж болох юм.) Уруу таталтыг эсэргүүцэхэд залбирал танд хэрхэн тусалсан бэ?
-
Бусдын төлөө залбирч, тэдэнд үйлчилснээр таны амьдралд ямар ямар адислал ирсэн бэ? Таны төлөө өргөсөн бусдын залбирлыг та хэзээ мэдэрч байсан бэ? Таны итгэл, залбирал, үйлчлэл хэнд хэрэгтэй байж болох вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах мэдэгдлийг хуваалцах талаар бодож үзнэ үү.
Залбирал нь бидний сүнслэг өсөлт хөгжил, хамгаалалтад амин чухал гэдгийг бид бүгдээрээ мэддэг гэж бодож байна. Гэхдээ бид мэддэг зүйлээ тэр болгон ажил үйлсээрээ харуулдаггүй. Хэдийгээр бид залбирлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрдөг ч бүгдээрээ хувийн болон гэр бүлийн залбирлаа тогтмол хийж, үр дүнтэй болгон сайжруулж чадна. (“Итгэлээр асуу,” 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган)
Суралцагчдаас хичээлийн эхэнд өөрийгөө үнэлж дүгнэх үйл ажиллагаанд өгсөн хариултаа эргэн харахыг хүс. Хувийн зүгээс гаргасан хүчин чармайлтаа үнэлж дүгнээд, Бурхантай харилцаа холбоогоо сайжруулахын тулд юу хийж болохоо тэмдэглэхэд тэднийг урамшуул.
Нифай хувийн илчлэлт эрэлхийлж мөн олж авдаг.
Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч асан Жюли Б.Бэк, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хоёрын дараах мэдэгдлийг үзүүлээд, илчлэлтийн талаарх эдгээр захиасыг өнөө үеийн залууст яагаад онцгой чухал гэж үзэж байгааг суралцагчдаас асуу.
Хувийн илчлэлт хүлээн авахуйц зохистой байж, улмаар илчлэлт хүлээн авч, хэрэгжүүлэх чадвар бол энэ амьдралд олж авах нэн чухал чадвар юм. (“Тэр өдрүүдэд Би шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсийг цутгана,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10)
Сүнс хэрхэн тантай ярьдгийг мэдэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. …
Хувийн илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй хэмээн би та бүхнээс дахин гуйж байна. (“Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110)
Дараах дутуу мэдэгдэл болон судрын хэсгүүдийг самбарт бич.
-
Нифай … замаар илчлэлт хүлээн авах чадавхаа нэмэгдүүлсэн.
-
(1 Нифай 10:17–19-ийг мөн 1 Нифай 2:16-г үзнэ үү.)
-
Лемен, Лемүел хоёр …-аар илчлэлт хүлээн авах чадавхаа бууруулсан
-
(1 Нифай 15:2–4, 8–11-ийг мөн 1 Нифай 2:11–12-ыг үзнэ үү.)
Суралцагчдыг хос хосоор эсвэл жижиг бүлгээр ажиллаж, Нифай, Лемен, Лемүел нарын тухай судрын хэсгүүдийг судалж, аль нэг мэдэгдлийг самбарт гүйцээж бичихэд урина уу. Тэдний хариултад дараах зарчмууд орсон байж болно.
Нифай үнэнийг мэдэхийг хүсэж, Бурханы талаар мэддэг зүйлдээ итгэн найдаж, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчилж, Бурханаас хариултаа хичээнгүйлэн эрэлхийлэх замаар илчлэлт хүлээн авах чадавхаа нэмэгдүүлсэн.
Лемен, Лемүел хоёр зүрх сэтгэлээ хатууруулж, Их Эзэнийг тэдэнд хариулна гэдэгт итгэхгүй, өөр хоорондоо маргалдаж, Бурханаас асуухгүй байснаар илчлэлт хүлээн авах чадавхаа бууруулсан.
-
Нифай, Лемен, Лемүел нарын амьдралд илчлэлт хүлээн авах чадавх нь хэрхэн нөлөөлсөн бэ? Илчлэлт хүлээн авах чадавхаа нэмэгдүүлэх нь таны амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ? (Та суралцагчдыг Алма 12:9–10-ыг уншихад урьж болно.)
Суралцагчдад дараах асуултуудын талаар тунгаан бодож, бодол санаагаа тэмдэглэн бичих цаг гаргаж өг. Тэднийг тунгаан бодох зуур, та бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлийг үзүүлж болно.
-
Та энэ хичээлээс илчлэлт хүлээн авах талаар Нифай, Лемен, Лемүел нарын жишээнээс юу сурч мэдсэн бэ? Илчлэлт хүлээн авах чадавхаа нэмэгдүүлэхийн тулд та юу хийхээ болих эсвэл хийж эхлэх ёстой вэ?
Нэг эсвэл хоёр суралцагчийг илчлэлт хүлээн авснаар амьдрал нь хэрхэн адислагдсан талаар хуваалцахад урамшуулснаар хичээлийг дуусгахыг бод.
Дараагийн хичээлээр
Суралцагчдаас өөрсдөд нь эсвэл таньдаг хүнд нь одоо тулгарч буй сорилтын талаар эргэцүүлэн бодохыг хүс. Дараагийн хичээлд бэлдэхдээ, сорилт бэрхшээлтэй итгэл, зориг, найдвараар нүүр тулахад туслах үнэнүүдийг тодорхойлоход тэднийг урамшуул.