“14-р хичээлийн багшийн материал: Бурханы мутар дахь зэмсэг болох нь,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)
“14-р хичээлийн багшийн материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол
14-р хичээлийн багшийн материал
Бурханы мутар дахь зэмсэг болох нь
Мозаягийн хөвгүүд наманчилж, Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдсөнийхөө дараа хүчирхэг номлогчид болж, олон лемен хүнийг Түүнд ирэхэд тусалсан. Энэхүү хичээл нь өөрийн хөрвөлтийг хүчирхэгжүүлэх нь сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэл эрмэлзлийг нь хэрхэн нэмэгдүүлдэг болохыг хуваалцах боломжийг суралцагчдад олгоно. Суралцагчид Их Эзэний хоёр дахь ирэлтэд бэлтгэн Израилыг цуглуулах ажилд гар бие оролцон, Бурханы мутар дахь хүчирхэг зэмсэг болохын тулд юу хийж болохоо эргэцүүлэн бодно.
Заах зөвлөмж
Алма ба Мозаягийн хөвгүүд хөрвөгдөн, леменчүүдэд номлохоор явав.
Дараах мэдэгдлүүдийг үзүүл. Суралцагчдыг мэдэгдэл тус бүрийг 1-ээс 5 хүртэлх оноогоор дор бүрдээ үнэлэхийг хүс (1 = огт санал нийлэхгүй байна, 5 = бүрэн санал нийлж байна).
-
Бусадтай сайн мэдээг хуваалцах хүсэл надад байдаг.
-
Би сайн мэдээг хуваалцах боломжийн төлөө залбирдаг.
-
Сайн мэдээг хуваалцах нь амьдралын маань ердийн бөгөөд жирийн хэсэг юм.
-
Би сайн мэдээг хуваалцсанаар Бурханы мутар дахь хүчирхэг зэмсэг болохыг хичээдэг.
Суралцагчид ийн өөрсдийгөө үнэлж дүгнэсний дараа, дараах асуултуудыг үзүүл. Би Есүс Христийн сайн мэдээг хуваалцах илүү хүчирхэг зэмсэг болохын тулд юу хийж болох вэ? Суралцагчдыг энэхүү асуултад хариулахад нь туслах төрсөн бүх сэтгэгдлээ сонсож, бичиж тэмдэглэхэд урь.
Мозаягийн хөвгүүд Бурханы Сүнсийг хүлээн авахыг хүсэн мацаг барьж, залбиран, Түүний сайн мэдээг номлосноор Бурханы мутар дахь зэмсэг болсон гэдгийг суралцагчдад сануул (Алма 17:3, 9, 11; 26:3, 15-ыг үзнэ үү). Суралцагчдыг Мозая 27:35–36, Мозая 28:1–3-ыг уншаад, Мозаягийн хөвгүүдийн зүрх сэтгэл хөрвөгдсөнийх нь дараа хэрхэн өөрчлөгдсөнийг олж мэд.
-
Та Мозаягийн хөвгүүдийн хүслээс юу сурч мэдсэн бэ? Тэдний хөрвөлт Бурханы мутар дахь зэмсэг байх хүсэлд нь нөлөөлсөн явдлаас бид юу сурч мэдэж болох вэ? (Та суралцагчдыг бэлтгэл материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн мэдэгдлийг уншихад урь. Суралцагчдын хариултыг ашиглаад самбарт дараахтай төстэй зарчмуудыг бичээрэй: Бидний хөрвөлт гүнзгийрэхийн хэрээр Бурханы мутар дахь зэмсэг болж, сайн мэдээг хуваалцах хүсэл маань өсөн нэмэгддэг.)
-
Хөрвөлтөө гүнзгийрүүлэх нь яагаад сайн мэдээг хуваалцах хүслийг маань хүчирхэгжүүлдэг вэ? Энэ зарчмыг ойлгох нь хэрхэн бидэнд номлолын үйлчлэлд бэлдэхэд эсвэл өдөр тутмын амьдралдаа сайн мэдээг хуваалцахад тусалдаг вэ?
-
Энэ зарчмыг харуулсан ямар ямар судрын болон Сүмийн түүхийн жишээ байдаг вэ? Ямар туршлага энэ зарчим үнэн гэдгийг мэдэхэд танд тусалсан бэ? (Та суралцагчдыг хувийнхаа жишээ, туршлагыг хамтрагчтайгаа хуваалцахад урьж болно.)
Өөрсдөдөө тавьсан үнэлгээгээ хараад, хичээлийн эхэнд танилцуулсан асуултын талаар тунгаан бодох хугацаа суралцагчдад өг. Хичээлийн үеэр төрсөн сэтгэгдэл, бодол санаагаа бичиж тэмдэглэхэд тэднийг урь.
Мозаягийн хөвгүүд Бурханы мутар дахь зэмсэг болсон.
Суралцагчдыг сайн мэдээг хуваалцах үед тулгарсан саад бэрхшээлээсээ хуваалцахад урь. (Та тэдний хариултыг самбарт бичээд, эдгээр саад бэрхшээл нь хэрхэн сайн мэдээг хуваалцахад саад болж байгааг ярилцаж болно.)
Дараах дутуу мэдэгдлийг самбарт бич: Бид … үед Бурханы мутар дахь хүчирхэг зэмсэг болж чадна
Мозаягийн хөвгүүд леменчүүдэд сайн мэдээг номлож эхлэх үед тулгарсан саад бэрхшээлийг товчхон авч үз (бэлтгэл материалын 2-р хэсгийг үзнэ үү). Суралцагчдыг Алма 17:2–3, 9–11-ийг уншаад, Мозаягийн хөвгүүд саад бэрхшээлээ даван туулж, Бурханы мутар дахь хүчирхэг зэмсэг болохын тулд юу хийснийг олж мэдэхэд урь.
-
Мозаягийн хөвгүүдээс сурч мэдсэн зүйлсээ ашиглан бид самбар дахь дутуу мэдэгдлийг хэрхэн гүйцээж болох вэ? (Суралцагчдын үгсийг ашиглан дараахтай төстэй зарчмыг гарга: Бид залбиран, мацаг барьж, судрыг эрэлхийлснээр Бурханы мутар дахь хүчирхэг зэмсэг болж чадна.)
Алма 17:2–3-аас, залбирч, мацаг барин, судраас эрэлхийлсэн номлогчдод ямар ямар сүнслэг адислал ирсэн болохыг олж мэдэхэд суралцагчдыг урь. (Суралцагчдад дараахтай ижил төстэй өөр зарчмыг тойдорхойлоход тусал: Бид залбиран, мацаг барьж, судраас эрэлхийлснээр илчлэлтийн сүнсийг хүлээн авах боломжтой.)
-
Илчлэлтийн сүнс нь хэрхэн Аммонд Бурханы мутар дахь хүчирхэг зэмсэг болоход нь тусалсан бэ? (Та нэг суралцагчийг хаан Лемонайтай уулзсан Аммонд юу тохиолдсон түүхийг товч яриад, дараа нь Алма 18:33–35-ыг уншихыг урь.)
-
Бурханы мутар дахь зэмсэг болохыг эрэлхийлэхдээ илчлэлтийн сүнстэй байх нь яагаад нэн чухал вэ?
-
Илчлэлтийн сүнс нь хэрхэн танд Бурханы мутар дахь хүчирхэг зэмсэг болоход тусалсан бэ?
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншихад урь.
Бид үнэхээр [Есүс Христ]-ийг сонсох юм бол ямар ч нөхцөл байдалд орсон бай, юу хийхээ мэдэхээр удирдуулан чиглүүлэгдэх болно. …
Хувийн илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй хэмээн би та бүхнээс дахин гуйж байна. (“Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109, 110)
Суралцагчдыг бэлтгэл материалын 3-р хэсэг дэх ахлагч Дийтр Ф.Угдорфын мэдэгдлийг уншаад, дараах асуултуудыг тунгаан бодоход урь.
-
Би хэнийг Аврагчид илүү ойртоход урьж болох вэ?
-
Би тэдэнд Христэд илүү ойртоход нь туслах Их Эзэний мутар дахь зэмсэг болохын тулд юу хийж болох вэ?
Та суралцагчдад бодол санаа, мэдрэмжээ бичиж тэмдэглэх цаг гарган өгч болно. Тас бас хүсвэл юу хийхээр төлөвлөж байгаагаа хуваалцахад суралцагчдыг урьж болно.
Мозаягийн хөвгүүд мөн бэлтгэгдсэн байсан тул бошиглолын сүнсийг хүлээн авсан ба хүч чадал, эрх мэдлээр зааж чадсаныг онцол. (“Бошиглолын сүнс” гэдэг нь “Есүсийн гэрчлэл” [Илчлэлт 19:10] гэдгийг тайлбарлах нь тустай байж болох юм.) Бурханы мутар дахь зэмсэг болохоор бэлтгэх үед бид ч гэсэн үүнтэй адил адислалуудыг хүлээн авч болно гэдгийг суралцагчдад ойлгуул.
Их Эзэний тусламжтайгаар бид бүгдээрээ Түүний мутар дахь зэмсэг болж, Израилыг цуглуулахад туслах боломжтой гэдгийг гэрчил.
Дараагийн хичээлээр
Христийн Хоёр дахь ирэлтэд хэр бэлтгэлтэй байгаагаа эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Дараагийн хичээлээр Аврагч Америк тив дэх нифайчууд дээр айлчлан ирсэн тухай үзнэ гэдгийг тайлбарла. Суралцагчдыг дараагийн хичээлдээ бэлдэж байхдаа, Аврагчийг ирэхийн өмнө нифайчуудад тохиолдсон ямар үйл явдал хожмын өдрүүдэд Түүнийг эргэн ирэхэд өөрсдийгөө бэлтгэхэд нь тэдэнд тусалж болохыг олж мэдэхэд урамшуулан дэмж.