“5-р хичээлийн бэлтгэл материал: Адам, Ева хоёрын Уналт ба сонгох эрхийн бэлэг,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)
“5-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол
5-р хичээлийн бэлтгэл материал
Адам Ева хоёрын Уналт ба сонгох эрхийн бэлэг
Энэ бүлгээр та Тэнгэрлэг Эцэгийн гэтэлгэлийн агуу төлөвлөгөө нь Түүний хүүхдүүд биднийг гэм нүгэл болон үхлээс аврах боломжийг хэрхэн олгож байгаа тухай судлах боломжтой. Та энэхүү хичээлээс суралцахдаа, Адам, Ева хоёрын Уналт, сонгох эрхийн бэлэг, Есүс Христийн Цагаатгал зэрэг нь таныг гэтэлгэж, Түүнтэй илүү адил болоход тань туслах Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд хэр чухал болохыг эргэцүүлэн бодоорой. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Мормоны Номоос өөр, дэлхий дээрх ямар ч ном, [Уналтын тухай, бидэнд Христ хэрхэн хэрэгтэй]” болох тухай энэхүү амин чухал сургаалыг тайлбарлаж чадахгүй” хэмээн заасан (“The Book of Mormon and the Doctrine and Covenants” Ensign, May 1987, 85).
1-р хэсэг
Яагаад Адам, Ева хоёрын Уналт миний өсөлт хөгжилтөд чухал вэ?
“Уналт” гэдэг үг нь Адам, Ева хоёр Едений цэцэрлэг дэх хориотой жимсийг идсэнээс болж тэдний үр удамд ирсэн мөнх бус амьдралын нөхцөл, үр дагаврыг хэлж байгаа болно. Лихай нас барахынхаа өмнөхөн өөрийн хүү Иаковт Уналтын тухай мөн энэ нь хэрхэн хүн төрөлхтөнд нөлөөлсөн тухай заасан. (2 Нифай 2-ыг үзнэ үү.)
2 Нифай 2:22-т Адам, Ева хоёр зөрчил үйлдэх сонголт хийгээгүй бол бүтээгдсэнийхээ дараа байсан тэр байдлаараа нэгэн адил үлдэх ёстой байсан бөлгөө” гэдгийг анзаар. Тэд өсөж хөгжин эсвэл өвдөж зовон, үхэл хагацлыг үзэхгүй байх байсан. Үүний улмаас Тэнгэрлэг Эцэгийн үр хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөө хэрэгжихгүй байх байсан юм. Далын гишүүнээр үйлчилж байхдаа ахлагч Брүс С.Хафэн ийнхүү заажээ.
Уналт нь бүтэлгүйтэл байгаагүй. Энэ нь алдаа эсвэл золгүй явдал ч байгаагүй бөгөөд авралын төлөвлөгөөний урьдчилан тооцоолсон үр дагаврын нэгэн хэсэг байсан юм. Бид Адамын зөрчлийн улмаас дэлхий рүү “гэм зэмгүй” [Сургаал ба Гэрээ 93:38-ыг үзнэ үү] илгээгдсэн Бурханы сүнсэн “үр удам” [ Үйлс 17:28-ыг үзнэ үү] юм. Гэсэн ч Эцэгийн маань төлөвлөгөө жинхэнэ баяр баясгалан гэж юу болохыг ойлгохын төлбөрт энэхүү унасан дэлхийн уруу таталт, өвчин зовлонтой учирдаг. Бид гашууныг амсахгүйгээр чихэрлэгийг мэдэж чадах нь үгүй [Сургаал ба Гэрээ 29:39-ийг үзнэ үү]. Эцэгтэйгээ адил болох “өсөлт хөгжлийнхөө дараагийн үе шатанд” орохын тулд бид мөнх бус амьдралаар орж туршлагажиж, сайжирсан байх шаардлагатай. (“The Atonement: All for All,” Liahona, May 2004, 97)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Уналтын зарим нөлөөг ийнхүү тайлбарласан.
Махан бие үхэхэд сүнс биеэсээ салдаг бөгөөд сүнсний үхэл нь бие болон сүнсээрээ Бүрханаас хөндийрөхөд хүргэсэн юм. Уналтын улмаас мөнх бус оршихуйд төрсөн бүх хүн энэ хоёр төрлийн үхлийг амсах ёстой. Гэхдээ Уналт нь Тэнгэрлэг Эцэгийн авралын бурханлаг төлөвлөгөөний салшгүй хэсэг гэдгийг бид бас санах хэрэгтэй. Үүнгүйгээр Адам, Ева хоёрт ямар ч мөнх бус хүүхэд төрөхгүй байх байсан ба хүмүүний гэр бүлд эсрэг тал, өсөлт хөгжил, ёс суртахууны сонгох эрх, амилуулалтын баяр баясал, гэтэлгэл, мөнх амьдрал гэж байхгүй байх байсан” [2 Нифай 2:22–27; Мосе 5:11-ийг үзнэ үү]. (Jeffrey R. Holland, Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon (1997), 207)
2-р хэсэг
Сонгох эрхийг зөв зүйтэй ашиглах нь хэрхэн миний амьдралыг адислах вэ?
Лихай Уналтын тухай өөрийн сургаалтай холбон, сонгох эрх чөлөө нь гэтэлгэлийн төлөвлөгөөний дагуу өсөж хөгжихөд маань ямар чухал болох талаар ярьсан. Тэрээр сонгох эрхийг боломжтой болгоход шаардагдах дараах нөхцөлүүдийг тодорхойлсон. (Дагалдах судрын хэсгүүдийг судлаад, сонгох эрхийн тэдгээр нөхцөлийн талаар заасан үг, хэллэгийг зурж тэмдэглэж болно.)
-
Сайн, муугийн талаарх хангалттай сайн мэдлэг (2 Нифай 2:5-ыг үзнэ үү)
-
Хүн төрөлхтөнд өгөгдсөн хуулиуд (2 Нифай 2:5, 10-ыг үзнэ үү)
-
Эсрэг уруу таталтууд ба сонголтууд (2 Нифай 2:11–16-г үзнэ үү)
-
Сонгох хүч ба эрх чөлөө (2 Нифай 2:16, 26-г үзнэ үү)
Эдгээр нөхцөлийн аль нэг нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд ороогүй бол энэ нь таны сонгох, өсөж хөгжих чадварт хэрхэн нөлөөлөхийг эргэцүүлэн бод.
Ерөнхийлөгч Томас С. Монсон энэ амьдралд бидний хийдэг төрөл бүрийн сонголтын талаар ингэж хэлсэн.
Ямар нэгэн сонголт хийхгүйгээр өнгөрөх цаг хором гэж бараг үгүй билээ. Зарим нь үр нөлөө багатай ойр зуурын байдаг бол зарим нь олон зүйлд нөлөөлдөг. Зарим нь мөнхийн болох зүйлст бараг нөлөөлөхгүй байхад зарим нь хамгийн их үр нөлөөтэй байдаг. (“Гурван сонголт,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 70)
Тэнгэрлэг Эцэг бидэнд сонголт хийхэд, ялангуяа хамгийн чухал сонголтоо хийхэд туслах удирдамж заавар өгдөг гэдгийг санаарай. Өмнө нь удирдамж заавар танд хэрхэн ирж байсан талаар бод.
3-р хэсэг
Есүс Христийн Цагаатгал хэрхэн надад жинхэнэ эрх чөлөөг авчрах вэ?
Гэтэлгэлийн төлөвлөгөөнд Уналт, сонгох эрх байх шаардлагатай болох талаар заасныхаа дараа Лихай өөрийн хүүхдүүдэд Есүс Христийн Цагаатгал нь мөнхийн хувьд чухал ач холбогдолтой сонголт хийх эрх чөлөөг Бурханы хүүхдүүдэд олгодог талаар заасан.
Уналт, сонгох эрх, Есүс Христийн Цагаатгал зэргийн хоорондын уялдаа холбооны талаар ахлагч Хафэн ингэж заасан.
Адам, Ева хоёр өөрсдийн хатуу чанга туршлагаас байнга суралцаж байсан. … Гэхдээ [Есүс Христийн] Цагаатгалын ачаар тэд буруутгагдахгүйгээр туршлагаасаа суралцах боломжтой болсон юм. Христийн золиос тэдний сонголтыг үгүйсгээгүй бөгөөд цэвэр ариун Едений цэцэрлэг рүү эргүүлэн авчраагүй. Энэ нь ямар ч өрнөл, дүрийн өсөлт хөгжилгүй түүх байх байсан биз. Түүний төлөвлөгөө шат шатаар, алхам алхмаар, нигүүлсэл нигүүлслээр хөгжүүлдэг төлөвлөгөө юм.
Хэрэв амьдралд тань асуудал гарвал өөрийгөө болж бүтэхгүй байна гэж бодох хэрэггүй. Тэдгээр асуудалтай нүүр тулах нь амьдралын зорилгын үндсэн хэсэг юм. Бурханд ойртохын хэрээр Тэрээр бидний сул талыг үзүүлж, үүгээр дамжуулан биднийг илүү ухаалаг, хүчирхэг болгоно [Ифер 12:27-г үзнэ үү]. (“The Atonement: All for All,” Liahona, May 2004, 97)