Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 100


Хэсэг 100

1833 оны аравдугаар сарын 12-нд Нью-Йоркийн Перрисбургт бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэл оршвой. Хоёр ах гэр бүлээсээ хэдэн өдрийн турш хол байсан тул тэднийхээ талаар санаа зовж байжээ.

1–4, Иосеф, Сидней хоёр бодгалиудын авралын тулд сайн мэдээг номлох ёстой; 5–8, Тэд юу хэлэх ёстой нь тухайн цагт тэдэнд өгөгдөх болно; 9–12, Сидней төлөөлөн яригч байж мөн Иосеф илчлэгч мөн гэрчлэлд хүчтэй байх болно; 13–17, Их Эзэн цэвэр ариун хүмүүсийг бий болгох болно, мөн дуулгавартай тэд аврагдах болно.

1 Үнэнээр Их Эзэн ийн хэлж байна, миний найз Сидней мөн Иосеф, та хоёрын гэр бүлүүд сайн байна; тэд миний мутарт буй, мөн би өөрт сайн санагдсаныг тэдэнд үйлдэх болно; учир нь надад бүх хүч буй.

2 Тиймийн тул, намайг дагагтун, мөн миний та хоёрт өгөх зөвлөгөөг дуулагтун.

3 Болгоогтун, мөн харагтун, энэ газарт мөн эргэн тойрны нутгуудад надад их хүмүүс буй; мөн дорнодын энэ нутаг дахь эргэн тойрны нутгуудад үр дүнтэй хаалга нээгдэх болно.

4 Тиймийн тул, Их Эзэн бибээр энэ газарт очихыг та хоёрт зөвшөөрсөн; учир нь энэ нь бодгалиудын авралын тулд надад зүйтэй байсан болой.

5 Тиймийн тул, үнэнээр би та хоёрт хэлж байна, энэ хүмүүст дуу хоолойгоо өргөгтүн; зүрх сэтгэлд тань миний мэдүүлэх бодлуудыг яригтун, мөн та хоёр хүмүүсийн өмнө мадлагдах нь үгүй;

6 Учир нь та хоёрын юу хэлэх ёстой нь тухайн цагт, тийм ээ, тухайн мөчид та хоёрт өгөгдөх болно.

7 Харин та хоёр ямар ч зүйлийг тунхаглах боллоо гэсэн та хоёр бүх зүйлд миний нэрээр зүрх сэтгэлийн чанд байдалд, номхон даруу зантайгаар тунхаглагтун хэмээх зарлигийг би та хоёрт өгч байна.

8 Мөн та хоёр үүнийг үйлдэхийн хэрээр, Ариун Сүнс та хоёрын хэлэх юуг боловч бүх зүйлийг гэрчлэн урагш юүлэгдэх болно хэмээх энэхүү амлалтыг би та хоёрт өгч байна.

9 Мөн миний үйлчлэгч Сидней чи энэ хүмүүст төлөөлөн яригч байх ёстой нь миний хувьд зүйтэй болой, тийм ээ, үнэнээр би чамайг энэ дуудлагад, бүр миний үйлчлэгч Иосефын өмнөөс төлөөлөн яригч байхаар томилох болно.

10 Мөн гэрчлэлд хүчирхэг байх хүчийг би түүнд өгөх болно.

11 Мөн чи түүний өмнөөс төлөөлөн яригч байж болохын тулд, бүх судрыг тайлбарлахад хүчирхэг байх хүчийг би чамд өгөх болно, мөн дэлхий дээрх миний хаант улсын зүйлсэд хамаарах бүх зүйлийн баттай байдлыг чи мэдэж болохын тулд тэрээр чамд илчлэгч байх болно.

12 Тиймийн тул, аяллаа үргэлжлүүл, мөн зүрх сэтгэл чинь баясаг; учир нь болгоогтун, мөн харагтун, би та хоёртой бүр төгсгөлийг хүртэл хамт байна.

13 Мөн эдүгээ би та хоёрт Сионы талаар нэг үгийг өгье. Багахан хугацаанд Сион зэмлэгдсэн хэдий ч, тэр гэтэлгэгдэх болно.

14 Миний үйлчлэгчид, та хоёрын ах нар Оорсон Хайд, Жон Гоулд хоёр миний мутарт буй; мөн тэд миний зарлигуудыг сахихын хэрээр аврагдах болно.

15 Тиймийн тул, зүрх сэтгэл тань тайвшраг; учир нь зөв шударгаар алхалдаг тэдний сайн сайхны тулд, мөн сүмийн ариусгалын тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно.

16 Учир нь зөв шударга байдалд надад үйлчлэх цэвэр ариун хүмүүсийг би өөртөө бий болгох болно;

17 Мөн Их Эзэний нэрийг дуудаж, мөн түүний зарлигуудыг сахидаг тэд бүгд аврагдах болно. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх