Хэсэг 101
1833 оны арван хоёрдугаар сарын 16, 17-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэл оршвой. Энэ үед Миссурид цугларсан гэгээнтнүүд агуу хавчлагад өртөж байв. Танхайрагчид тэднийг Жаксон гүнлэг дэх гэр орноос нь хөөн гаргажээ; мөн гэгээнтнүүдийн зарим нь Ван Бурен, Лафейет болон Рэй гүнлэгүүдэд суурьшихыг оролдсон хэдий ч хавчлага тэднийг дагав. Тэр үед гэгээнтнүүдийн ихэнх хэсэг Миссурийн Клей гүнлэгт байлаа. Сүмийн хувь хүмүүсийг хөнөөхөөр заналхийлсэн тохиолдол олон байв. Жаксон гүнлэг дэх гэгээнтнүүд гэрийн тавилга, хувцас хунар, мал болон хувийн бусад эд хөрөнгөө алджээ; мөн тэдний ургац их хэмжээгээр устгагдсан байв.
1–8, Гэгээнтнүүд зөрчлийнхөө улмаас зэмлэгдэж мөн зовлон зүдгүүр амсав; 9–15, Их Эзэний уур хилэн үндэстнүүд дээр буух болно, харин Түүний хүмүүс цуглуулагдаж мөн тайтгаруулагдах болно; 16–21, Сион болон түүний гадаснууд байгуулагдах болно; 22–31, Мянганы үе дэх амьдралын байдал тайлбарлагдав; 32–42, Гэгээнтнүүд тэр үед адислагдаж мөн шагнагдах болно; 43–62, Язгууртан болон чидун моднуудын тухай сургаалт зүйрлэл нь Сионы гай зовлон болон эцсийн сэргээлтийг бэлгэддэг; 63–75, Гэгээнтнүүд цугларахаа үргэлжлүүлэх ёстой; 76–80, Их Эзэн Нэгдсэн Улсын Үндсэн Хуулийг тогтоосон юм; 81–101, Нэгэн эмэгтэй ба шударга бус шүүгчийн тухай сургаалт зүйрлэлийн дагуу гэгээнтнүүд гомдлоо барагдуулахын тулд шаргуу гуйх ёстой.
1 Үнэнээр би та нарт хэлж байна, зовж зүдрэн, мөн хавчигдаж, мөн өвийнхөө нутгаас хөөгдсөн ах дүүсийн чинь талаар буюу—
2 Их Эзэн бибээр тэдэнд зовлон зүдгүүр тохиохыг зөвшөөрсөн билээ, иймээс тэд өөрсдийн зөрчлүүдийн улмаас зовж зүдэрч буй болой;
3 Гэсэн хэдий ч, би тэднийг эзэмших болно, мөн өөрийн эрдэнэсийг сонгож авахаар намайг ирэх тэр өдөр тэд минийх байх болно.
4 Тиймийн тул, цорын ганц хүүгээ тахилд өргөхийг зарлиглуулсан Абрахамын адилаар тэд зэмлүүлэн мөн соригдох ёстой нь зайлшгүй байна.
5 Учир нь зэмлэлийг тэвчдэггүй, гэхдээ намайг үгүйсгэдэг тэд бүгд, ариусгагдаж чадах нь үгүй.
6 Болгоогтун, би та нарт хэлж байна, тэдний дунд хэрүүл мөн зөрчилдөөн, атаа жөтөө бас хэрүүл маргаан, мөн тачаангуй болон шунахай хүслүүд байв; тиймийн тул тэд эдгээр зүйлээр өөрсдийн өвийг бохирложээ.
7 Тэд Их Эзэн Бурханыхаа дуу хоолойг анхаарахдаа хөшүүн хойрго байлаа; тиймийн тул, Их Эзэн Бурхан нь гай зовлонгийнх нь өдөрт тэдний залбирлуудыг сонсохдоо, тэдэнд хариулахдаа удаан байгаа болой.
8 Амар амгалангийнхаа өдөрт тэд миний зөвлөгөөг ялимгүйд үздэг байв; харин гай зовлонгийнхоо өдөрт, тэд өөрийн эрхгүй намайг эрж хайдаг.
9 Үнэнээр би та нарт хэлж байна, тэдний нүглүүд байгаа хэдий ч, тэднийг өрөвдөх сэтгэлээр дотор минь дүүрэн билээ. Би тэднийг бүрмөсөн хаяхгүй байх болно; мөн хилэгнэлийн өдөрт бибээр нигүүлслийг санах болно.
10 Бибээр андгайлсан болой, мөн та нарт миний өгсөн урьдын нэг зарлигаар би зэвүүцлийнхээ илдийг өөрийн хүмүүсийн өмнөөс унахаар болгоно хэмээх тогтоол гарсан буюу; мөн миний хэлсэнчлэн, энэ нь улиран тохиох болно.
11 Миний хилэн бүх үндэстэн дээр мөдхөн хэмжээ хязгааргүйгээр юүлэгдэх болой; мөн тэдний алдсын аяга дүүрэх үед би үүнийг хийх болно.
12 Мөн тэр өдөр харуулын цамхаг дээр олдох тэд бүгд, эсвээс өөрөөр хэлбэл, миний бүх Израил аврагдах болно.
13 Мөн тараагдсан тэд цуглуулагдах болно.
14 Мөн гашуудаж байсан тэд бүгд тайтгаруулагдах болно.
15 Мөн миний нэрийн төлөө амиа өгсөн тэд бүгд титэмлэгдэх болно.
16 Тиймийн тул, Сионы талаар зүрх сэтгэл чинь тайвшраг; учир нь бүх маханбод миний мутарт байна; тайван байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн.
17 Хүүхдүүд нь тараагдсан хэдий ч, Сион байрнаасаа хөдөлгөгдөх нь үгүй.
18 Үлдэх тэд, мөн зүрх сэтгэлдээ ариун байх тэд эргэж ирэх болно, мөн тэд бас тэдний хүүхдүүд үүрдийн баяслын дуунуудтайгаар, Сионы балгас болсон газруудыг сэргээн босгохоор өөрсдийн өвд ирэх бөлгөө—
19 Мөн бошиглогчдын хэлсэн нь гүйцэлдэж болохын тулд эдгээр бүх зүйл тохиох болой.
20 Мөн, болгоогтун, мөн миний тогтоосноос өөр ямар ч тогтоосон газар байхгүй; миний гэгээнтнүүдийг цуглуулах ажлын төлөө миний тогтоосноос өөр ямар ч газар тогтоогдох нь үгүй билээ—
21 Тэдэнд ямар ч зай олдохгүй байх тэрхүү өдрийг ирэх хүртэл буюу; мөн тэгэхэд тэдэнд миний тогтоож өгөх өөр газрууд надад бий, мөн Сионы хүчин чадал буюу хөшигнүүдийн тулд тэдгээр нь гадаснууд хэмээн нэрлэгдэх болно.
22 Болгоогтун, миний нэрийг дууддаг, мөн миний үүрдийн сайн мэдээний дагуу намайг шүтэн биширдэг тэд бүгд хамтдаа цуглаж, мөн ариун газрууд дээр зогсох нь миний таалал билээ;
23 Мөн миний асар дахь ариун сүмийг минь бүрсэн, дэлхийг нуудаг хөшиг авагдахад мөн бүх маханбод намайг хамтдаа харах үед ирэх илчлэлийн төлөө бэлтгэх нь ажгуу.
24 Мөн дэлхийн бүх гадаргуу дээр оршин амьдардаг ялзрагч бүх зүйл, хүмүүн эсвээс тэжээмэл амьтад, эсвээс тэнгэрийн жигүүртнүүд, эсвээс далай тэнгисийн загас аль аль нь бүрмөсөн устгагдах болно;
25 Мөн тэрчлэн элементүүд ч шатаам халуунд хайлах болно; миний мэдлэг ба сүр жавхлан бүх дэлхий дээр оршиж болохын тулд бүх зүйл шинэ болох болно.
26 Мөн тэр өдөр хүмүүний дайсагнал, мөн амьтдын дайсагнал, тийм ээ, бүх маханбодын дайсагнал миний нүүрний өмнө байхаа болино.
27 Мөн тэр өдөр ямар ч хүн юуг ч гуйлаа гэсэн, энэ нь түүнд өгөгдөх болно.
28 Мөн тэр өдөр Сатанд ямар ч хүмүүнийг уруу татах хүч байхгүй байх болно.
29 Мөн үхэл байхгүйн учир уй гашуу байхгүй байх болно.
30 Тэр өдөр нялх балчир тэр нь хөгшрөх хүртлээ наснаас халихгүй байх болно; мөн түүний амьдрал модны нас адил байх болно;
31 Мөн тэр наснаас халихдаа, газар доор нойрсох нь үгүй, харин нүдээ анивчих хоромд өөрчлөгдөх болно, мөн дээш аваачигдаж мөн амралт нь гайхамшигтай байх болно.
32 Тийм ээ, үнэнээр би та нарт хэлж байна, Их Эзэн ирэх тэр өдөр тэрбээр бүх зүйлийг илчлэх болно—
33 Улиран өнгөрсөн зүйлсийг, мөн хүмүүний мэддэггүй байсан нуугдмал зүйлсийг, дэлхий бүтээгдэхэд ашиглагдсан зүйлсийг, мөн үүний зорилго мөн төгсгөлийг буюу—
34 Хамгийн их үнэт зүйлсийг, дээр байдаг зүйлс, мөн доор байдаг зүйлс, дэлхийн дотор, мөн дэлхий дээр байдаг, мөн тэнгэрт байдаг зүйлсийг буюу.
35 Мөн миний нэрийн төлөө хавчлагыг тэсвэрлэдэг, мөн итгэлд тэвчдэг тэд бүгд, миний төлөө амиа өгөхөөр дуудагдсан хэдий ч, тэд энэ бүх сүр жавхлангаас хүртэх болно.
36 Иймийн тул, бүр үхлийн хувьд бүү эмээ; учир нь энэ дэлхийд та нарын баясал бүрэн биш болой, харин миний дотор та нарын баясал бүрэн бөлгөө.
37 Тиймийн тул, биеийн төлөө ч мөн биеийн амьдралын төлөө ч санаа бүү зов; харин сүнсний төлөө мөн сүнсний амьдралын төлөө санаа тавь.
38 Мөн та нар өөрсдийн тэвчээрээр бодгалиа эзэмшиж болохын тулд, Их Эзэний нүүрийг ямагт эрэлхийл мөн та нар мөнх амьдралтай байх болно.
39 Хүмүүс миний үүрдийн сайн мэдээнд дуудагдахдаа мөн үүрдийн гэрээгээр гэрээнд орохдоо тэд дэлхийн давс ба хүмүүсийн амт хэмээн тооцогддог билээ;
40 Тэд хүмүүсийн амт байхаар дуудагддаг билээ; тиймийн тул, хэрэв дэлхийн тэр давс амтаа алдах юм бол, болгоогтун, энэ цагаас эхлэн энэ нь юунд ч хэрэггүй болж зөвхөн хаягдаж, хүмүүсийн хөл дор дэвслэгддэг буйза.
41 Болгоогтун, Сионы хүүхдүүдийн, бүгдийнх нь биш ч, бүр олных нь тухайд энэ нь мэргэн ухаан болой; тэд зөрчил гаргагчид байсан бөлгөө, тиймийн тул, тэд зэмлэгдэх ёстой нь зайлшгүй байна—
42 Өөрийгөө өргөмжилдөг тэрээр доош тавигдах болно, мөн өөрийгөө доош тавьдаг тэрээр өргөмжлөгдөх болно.
43 Мөн эдүгээ, Сионы сэргээлтийн талаарх миний тааллыг та нар мэдэж болохын тулд, би та нарт нэгэн сургаалт зүйрлэлийг үзүүлэх болно.
44 Нэг язгууртан хүн нэн сайн хэсэгхэн газартай байв; мөн тэрээр зарц нартаа хэлсэн нь: Та нар миний жимсний талбайд, бүр нэн сайн энэ хэсэг газар дээр очиж, мөн арван хоёр чидуны мод таригтун;
45 Мөн тэдгээрийн эргэн тойронд харуулуудыг тавьж, цамхаг баригтун, дайсан жимсний талбайн минь жимсийг хулгайлж мөн өөрсдөдөө авахаар ирэхэд, чидуны моднууд минь хугарч гэмтэхгүйн тулд цамхаг дээр харуул байх нэгэн нь эргэн тойрны газрыг хамгаалан манаж болохын тулд буюу.
46 Эдүгээ, язгууртны зарц нар явж, эзнийхээ өөрсдөд нь зарлигласны дагуу хийж, мөн чидуны моднуудыг тарьж, мөн эргэн тойронд нь хашаа барьж, харуулууд тавиад, мөн цамхаг барьж эхэлжээ.
47 Мөн тэд үүний суурийг тавьж байх зуураа өөр хоорондоо: Манай эзэнд энэ цамхгийн хэрэг юу байна вэ? хэмээн ярьж эхлэв.
48 Мөн удаан хугацаагаар зөвлөлдөн, өөр хоорондоо ийн ярилцав: Энэ бол амар амгалан цаг гэдгийг харсаар атал манай эзэнд энэ цамхгийн хэрэг юу байна вэ?
49 Энэ мөнгийг арилжаачдад өгч болохгүй юм болов уу? Учир нь эдгээр зүйлийн хэрэгцээ алга.
50 Мөн тэд бие биетэйгээ зөрөлдөж байх явцдаа их залхуу болж, эзнийхээ зарлигуудыг анхаарсангүй.
51 Мөн дайсан шөнөөр ирж, мөн хашааг эвдэв; мөн язгууртны зарц нар босож мөн айж мөн зугтав; мөн дайсан тэдний ажлуудыг устгаж, мөн чидуны моднуудыг хугалжээ.
52 Эдүгээ болгоогтун, сайхь язгууртан, жимсний талбайн эзэн зарц нараа дуудаж, мөн тэдэнд хэлсэн нь, Юу болов? Энэхүү их хилэнцтийн шалтгаан юу вэ?
53 Та нарт миний зарлигласны дагуу та нар үйлдэх ёстой байсан бус уу, мөн—та нар жимсний талбайг тарьсны, мөн эргэн тойронд нь хашаа барьсны, мөн үүний хананууд дээр харуулууд тавьсны дараа—дайсан та нар дээр ирэхгүйн тулд цамхгийг тэрчлэн барьж, цамхаг дээр харуулыг тавьж мөн миний жимсний талбайг манан, мөн унтахгүй байх ёстой байсан биш үү?
54 Мөн болгоогтун, цамхаг дээрх харуул дайсныг хол байхад нь харах байсан юм; мөн тэгээд та нар бэлэн болж мөн дайсан үүний хашааг эвдэхээс хамгаалж, мөн жимсний минь талбайг устгагчийн гараас аварч чадах байсан бөлгөө.
55 Мөн жимсний талбайн эзэн зарц нарынхаа нэгэнд хэлсэн нь: Явж мөн зарц нарын минь үлдсэнийг, тэрчлэн миний гэрийн бүх хүчин чадал болох миний зарц нарын доторх миний залуу эрчүүдийг болон дунд насныхан болох миний дайчдыг аван, зөвхөн миний үлдээхээр томилсон тэднээс бусад миний гэрийн хүчин чадлыг хамтад нь цуглуул;
56 Мөн та нар миний жимсний талбай руу даруй очиж, мөн жимсний талбайг минь сэргээгтүн; учир нь энэ нь минийх бөлгөө; би үүнийг мөнгөөр худалдаж авсан билээ.
57 Тиймийн тул, та нар миний газар луу даруй очигтун; миний дайснуудын ханануудыг эвд; тэдний цамхгуудыг нураа, мөн тэдний харуулуудыг тараа.
58 Мөн тэд та нарын эсрэг хамтдаа цуглахын хэрээр, дайснуудаас минь миний өс хонзонг ав, би гэрийнхний үлдсэнтэй хамт удахгүй очиж уг газрыг эзэмшиж болохын тулд буюу.
59 Мөн зарц эзэндээ хэлсэн нь: Эдгээр зүйл хэзээ тохиох вэ?
60 Мөн тэрээр зарцдаа хэлэв: Намайг хүсэх үед бөлгөө; чи даруй оч, мөн чамд миний зарлигласан юуг боловч, бүх зүйлийг хий;
61 Мөн энэ нь чам дээрх миний лац мөн адислал—миний гэрийн дундах үнэнч мөн мэргэн даамал, миний хаант улс дахь захирагч байх болно.
62 Мөн түүний зарц тэр даруй явж, мөн эзнийхээ өөрт нь зарлигласан юуг ч болов, бүх зүйлийг хийжээ; мөн олон өдрийн дараа бүх зүйл гүйцэлдсэн байлаа.
63 Түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, бүх сүм өөрсдийн авралын тулд зөв ба зохих замаар удирдуулахыг хүсэхийн хэрээр тэдний талаар надад орших мэргэн ухааныг би та нарт үзүүлэх болно—
64 Миний гэгээнтнүүдийн хамтдаа цугларах ажил үргэлжилж болохын тулд, би өөрийн нэрийн төлөө ариун газруудад тэднийг бэхжүүлэхийн тулд буюу; учир нь ургац хураалтын цаг ирсэн болой, мөн миний үг гүйцэлдэх ёстой нь зайлшгүй буюу.
65 Тиймийн тул, улаан буудай ба зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийн дагуу би өөрийн хүмүүсийг хамтад нь цуглуулах ёстой, хүн бүрийг хийх ажлынх нь дагуу шагнахаар Эцэгийнхээ хаант улсад намайг ирэхэд улаан буудай нь мөнх амьдралыг эзэмшихийн тулд, мөн селестиел сүр жавхлангаар титэмлэгдэхийн тулд саравчнуудад аюулгүйгээр нөөцлөгдөж болох бөлгөө;
66 Харин зэрлэг өвснүүд боодлуудад боогдох болой, тэдгээр нь унтаршгүй галд шатаагдаж болохын тулд, уяанууд нь бөх болгогдох болно.
67 Тиймийн тул, тэд миний тогтоосон газруудад хамтдаа цуглахаа үргэлжлүүлэх болно хэмээх зарлигийг бүх сүмд би өгч байна.
68 Гэсэн хэдий ч, та нарт урьд нь өгсөн нэг зарлигт миний хэлсэнчлэн, та нарын цугларалт яаруу тэвдүү байдалд ч биш, зугталтаар ч биш байг; харин та нар бүх зүйлийг урьдчилан бэлтгэг.
69 Мөн бүх зүйл та нарын өмнө бэлтгэгдэхийн тулд, эдгээр зүйлийн талаар миний өгсөн зарлигуудыг анхааралтай дага—
70 Үүнд бүх газрыг мөнгөөр худалдаж авахыг хэлдэг буюу заадаг, миний гэгээнтнүүдийн цугларалтын эхлэлийн тулд Сионы нутаг байхаар миний тогтоосон газрын эргэн тойрны бүс нутагт мөнгөөр худалдан авагдаж болох газруудыг бөлгөө;
71 Жаксон гүнлэгт мөн эргэн тойрны гүнлэгүүдэд худалдан авагдаж болох бүх газрыг буюу, мөн үлдсэнийг нь миний гарт үлдээгтүн.
72 Эдүгээ, үнэнээр би та нарт хэлж байна, бүх сүм өөрсдийн бүх мөнгөө хамтад нь цуглуулаг; эдгээр зүйл яаруу тэвдүү биш, харин зохих цагт хийгдэг; мөн та нар бүх зүйлийг урьдчилан бэлтгэхэд анхаар.
73 Мөн шударга хүмүүс, бүр мэргэн хүмүүс томилогдог, мөн эдгээр газрыг худалдаж авахаар тэднийг илгээгтүн.
74 Мөн дорнын мужууд дахь сүмүүд, тэдгээр нь өсөн дэгжсэн үедээ, хэрэв тэд энэ зөвлөгөөг анхаарах аваас, газруудыг худалдан авч тэдгээр дээр хамтдаа цуглаж болно, мөн энэ замаар тэд Сионыг байгуулж болох бөлгөө.
75 Бүр эдүгээ аль хэдийн хангалттай нөөц, тийм ээ, бүр Сионыг сэргээх, мөн дахин нураагдахгүйн тулд түүний эзгүйрсэн газруудыг сэргээн босгох нөөц элбэг буй, миний нэрээр өөрсдийгөө нэрлэдэг сүмүүд миний дуу хоолойг анхаарахыг хүсдэг байсан аваас буюу.
76 Мөн түүнчлэн би та нарт хэлж байна, дайснуудаараа тараагдсан тэд гомдлоо тайлахын тулд, мөн нөхөн сэргээлтийн тулд та нарын дээр захирагчдаар тавигдсан мөн эрх мэдэлд буй тэдний гараас шаргуу гуйхаа үргэлжлүүлэх нь миний таалал юм—
77 Шударга мөн ариун зарчмуудын дагуу бүх маханбодын эрх болон хамгааллын тулд үндэслэн байгуулагдахыг нь, мөн баримтлагдахыг нь миний хүлээн зөвшөөрсөн, хүмүүсийн хуулиуд болон үндсэн хуулийн дагуу буюу;
78 Шүүлтийн өдөр хүн болгон нүглүүдийнхээ төлөө хариуцлага хүлээж болохын тулд, миний өгсөн ёс суртахууны сонгох эрхийн дагуу хүн болгон сургаал мөн зарчимд ирээдүйд нөлөөлөхөөр үйлдэж болохын тулд буюу.
79 Тиймийн тул, аливаа хүмүүн бие биедээ боолчлолд байх нь зөв биш юм.
80 Мөн энэ зорилгын учир би уг нутгийн Үндсэн хуулийг тогтоож мөн цус урсгалтаар уг нутгийг нөхөн сэргээсэн, чухамхүү энэ зорилгын тулд өөрийн бэлтгэсэн мэргэн хүмүүсийн гараар билээ.
81 Эдүгээ, Сионы хүүхдүүдийг би юутай адилтгах билээ? Би тэднийг нэгэн эмэгтэй болон шударга бус шүүгчийн тухай сургаалт зүйрлэлтэй адилтгах болно, учир нь хүмүүс ямагт залбирч мөн цөхрөхгүй байх ёстой, үүнд ийн өгүүлэх бөлгөө—
82 Нэгэн хотод Бурханаас эмээдэггүй, хүмүүнийг ч хүндэлдэггүй нэг шүүгч байжээ.
83 Мөн тэр хотод нэг бэлэвсэн эмэгтэй байв, тэрээр түүн дээр ирж: Дайснаас минь миний өс хонзонг авч өгөөч хэмээн хэлжээ.
84 Мөн тэрээр хэсэг хугацаанд зөвшөөрсөнгүй, дараа нь тэрээр дотроо хэлсэн нь: Хэдийгээр би Бурханаас эмээдэггүй, хүмүүнийг хүндэлдэггүй боловч, энэ бэлэвсэн эмэгтэй надад төвөг удаж буй учир тэрээр байнга ирж намайг залхаахгүйн тулд өс хонзонг нь би авах болно.
85 Би Сионы хүүхдүүдийг ийн адилтгах болно.
86 Тэд шүүгчийн хөлд шаргуу гуйг;
87 Мөн хэрэв тэрээр тэднийг үл анхаарах аваас тэд захирагчийн хөлд шаргуу гуйг;
88 Мөн хэрэв захирагч тэднийг үл анхаарах аваас, тэд ерөнхийлөгчийн хөлд шаргуу гуйг;
89 Мөн хэрэв ерөнхийлөгч тэднийг үл анхаарах аваас, тэгвэл Их Эзэн нуугдсан газраасаа босож мөн урагш гарч ирэх болно, мөн өөрийн уур хилэнгээр уг үндэстэнг зовоох болой;
90 Мөн өөрийн цагт, өөрийн үлэмж дургүйцэлд, мөн догшин ууранд, ёс бус, үнэнч биш болон шударга бус даамлуудыг тэрээр тусгаарлах болно, мөн хоёр нүүртнүүд болон итгэл бишрэлгүйчүүдийн дунд тэдэнд хувийг нь оноох болно;
91 Бүр уйлах, мөн гаслах, мөн шүдээ хавирах нь байдаг гадаад харанхуйд буюу.
92 Тиймийн тул, залбирагтун та нар, би тэдэнд нигүүлсэнгүй байж болохын тулд, эдгээр зүйл тэдэн дээр ирэхгүй байж болохын тулд, тэдний чих та нарын гуйлтуудад нээгдэхийн төлөө буюу.
93 Бүх хүн шалтаггүй үлдэж болохын тулд та нарт миний хэлсэн нь тохиох шаардлагатай болой;
94 Мэргэн хүмүүс мөн захирагчид өөрсдийнхөө хэзээ ч ухаардаггүй байсан зүйлээ сонсож мөн мэдэхийн тулд буюу;
95 Хүмүүс зөв шударгыг болон ёс бусыг үйлдэгчдийг хооронд нь ялган таньж болохын тулд бибээр өөрийн үйлийг, өөрийн хачирхалтай үйлийг улируулан тохиолгож мөн өөрийн ажлыг, өөрийн хачирхалтай ажлыг гүйцэтгэж болохын төлөө буюу хэмээн та нарын Бурхан хэлж байна.
96 Мөн түүнчлэн, би та нарт хэлж байна, өөрийн хүмүүст миний тогтоож өгсөн агуулахыг минь миний үйлчлэгч Сидней Гилберт дайснуудын маань гарт зарах нь миний зарлиг болон таалалд харшилж байна.
97 Миний тогтоож өгсөн зүйлс дайснуудаар минь, өөрсдийгөө миний нэрээр нэрлэдэг тэдний зөвшилцлөөр бүү бохирлогдог;
98 Учир нь энэ нь миний эсрэг мөн миний хүмүүсийн эсрэг нэн сүрхий мөн ноцтой нүгэл болой, миний тогтоосон, мөн үндэстнүүд дээр удалгүй тохиох ёстой тэр зүйлсийн улмаас буюу.
99 Тиймийн тул, хэдийгээр тэд үүн дээр амьдрахаар зөвшөөрөгдөхгүй ч миний хүмүүс өөрсдөд нь миний тогтоож өгсөн зүйлийг шаардах эрхтэй мөн эрхээ эдлэх нь миний таалал бөлгөө.
100 Гэсэн хэдий ч, тэд үүн дээр амьдрахгүй хэмээн би хэлээгүй; учир нь тэд миний хаант улсад тохирох жимс мөн ажлуудыг гаргахын хэрээр тэд үүн дээр амьдрах болно.
101 Тэд барих болно, мөн өөр хэн нэг нь үүнийг өвлөхгүй байх болно; тэд жимсний талбайг тарих болно, мөн тэд үүний жимсийг хүртэх болно. Бүр тийм буюу. Амен.