Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 103


Хэсэг 103

1834 оны хоёрдугаар сарын 24-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Парлей П.Пратт, Лайман Вайт хоёр, гэгээнтнүүдийг халамжлан туслах болон Жаксон гүнлэг дэх газруудад нь буцаах асуудлаар бошиглогчтой зөвлөхөөр Миссуригээс Охайогийн Көртландад ирсний дараа энэхүү илчлэл хүлээн авагджээ.

1–4, Жаксон гүнлэг дэх гэгээнтнүүд хавчигдахыг зөвшөөрсөн Их Эзэний шалтгаан өгөгдөв; 5–10, Хэрэв гэгээнтнүүд зарлигуудыг сахих аваас тэд дийлэх болно; 11–20, Сионы сэргээлт хүчээр ирэх болно, мөн Их Эзэн Өөрийн хүмүүсийн өмнө явах болно; 21–28, Гэгээнтнүүд Сионд цуглах ёстой, мөн амиа өгөх тэд үүнийг дахин олж авах болно; 29–40, Хэд хэдэн ах нар Сионы Хуаранг зохион байгуулах, мөн Сион руу явахаар дуудагдав; хэрэв тэд үнэнч байх аваас ялна хэмээн тэдэнд амлагдав.

1 Үнэнээр би та нарт хэлж байна, найз нар минь, болгоогтун, би нэг илчлэл мөн зарлигийг та нарт өгөх болно, Сионы нутагт тараагдсан ах нарынхаа аврал болон нөхөн сэргээлтийн талаарх үүргүүдээ биелүүлэхдээ хэрхэн үйлдэхийг та нар мэдэж болохын тулд буюу;

2 Миний дайснуудын гараар туугдан мөн цохигдсон тэдний талаар буюу, мөн бибээр өөрийнхөө цагт дайснуудын дээр хилэгнэлээ хэмжээлшгүй ихээр цутгах болой.

3 Учир нь тэд алдсуудынхаа хэмжээг дүүргэж болохын тулд, тэдний аяга дүүрсэн байхын тулд би тэднийг өдий хүртэл тэвчсэн билээ;

4 Мөн миний нэрээр өөрсдийгөө дууддаг тэд бүгд, миний өөрсдөд нь өгсөн заавар ба зарлигуудыг бүрэн дүүрнээр анхаараагүй учраас тэд богино хугацаанд зовлонт мөн хатуу цээрлэлээр зэмлэгдэж болохын тулд буюу.

5 Гэвч би та нарт үнэнээр хэлж байна, яг энэ цагаас эхлэн тэд Их Эзэн, тэдний Бурхан, миний тэдэнд өгөх зөвлөгөөг анхаарахын хэрээр миний хүмүүс хүлээж авах болно хэмээх тогтоолыг би тогтоосон билээ.

6 Болгоогтун, учир нь би үүнийг тогтоосон билээ, яг энэ цагаас эхлэн тэд миний дайснуудын эсрэг дийлж эхлэх болно.

7 Мөн Их Эзэн тэдний Бурхан миний тэдэнд хэлэх бүх үгийг дагахад анхаарснаар, дэлхийн хаант улсууд миний хөл дор захирагдах хүртэл мөн дэлхий үүрд мөн мөнхөд эзэмшигдэхээр гэгээнтнүүдэд өгөгдөх хүртэл тэд дийлэхээ хэзээ ч болихгүй байх болно.

8 Гэвч тэд миний зарлигуудыг сахихгүй мөн миний бүх үгийг дагахад анхаарахгүй байхын хэрээр, дэлхийн хаант улсууд тэдний эсрэг дийлэх болно.

9 Учир нь тэд дэлхийн гэрэл, мөн хүмүүсийн аврагчид байхаар томилогдсон байлаа;

10 Мөн тэд хүмүүсийн аврагчид байхгүй байхын хэрээр, тэд амтаа алдсан давс мэт болох бөлгөө, мөн энэ нь тэр цагаас хойш өөр юунд ч хэрэггүй болж, зөвхөн хаягдаж мөн хүмүүсийн хөл дор гишгэгддэг.

11 Харин үнэнээр би та нарт хэлж байна, та нарын тараагдсан ах дүүс өвийнхөө газруудад эргэж ирэх болно, мөн Сионы эзгүйрсэн газруудыг сэргээн босгох болно хэмээн би тогтоосон билээ.

12 Учир нь, өмнөх зарлигтаа би та нарт хэлсэнчлэн, их зовлон зүдрэлийн дараа адислал ирдэг.

13 Болгоогтун, та нарын зовлон зүдрэл, ах дүүсийн чинь зовлон зүдрэлийн дараа миний та нарт амласан тэрхүү адислал нь энэ бөлгөө—та нарын гэтэлгэл, мөн ах дүүсийн чинь гэтэлгэл, бүр Сионы газар нутагт тэдний сэргээлт төлөвшүүлэгдэж, дахин дийлдэхгүй болой.

14 Гэсэн хэдий ч, хэрэв тэд өвүүдээ бохирлох аваас дийлэгдэх болно; учир нь хэрэв тэд өвүүдээ бохирлох аваас би тэднийг хэлтрүүлэх нь үгүй.

15 Болгоогтун, би та нарт хэлж байна, Сионы сэргээлт хүчээр ирэх ёстой нь зайлшгүй бөлгөө;

16 Тиймийн тул, Израилын хүүхдүүдийг удирдсан Мосе адил тэднийг удирдах нэг хүнийг би өөрийн хүмүүсийн дунд бий болгох болно.

17 Учир нь та нар Израилын хүүхдүүд, мөн Абрахамын үр удам билээ, мөн та нар хүчээр, мөн сунгасан гараар боолчлолоос удирдан гаргагдах ёстой нь шаардлагатай болой.

18 Мөн та нарын өвөг дээдэс урьд нь удирдагдсан шиг, бүр Сионы сэргээлт тийм байх болой.

19 Тиймийн тул, зүрх сэтгэл чинь бүү цөхрөг, учир нь би та нарын өвөг дээдэст: Миний бие оршихуй биш, харин миний тэнгэр элч та нарын өмнө явах болно хэмээн хэлсний адилыг би та нарт хэлэх нь үгүй.

20 Харин би та нарт хэлнэ: Миний тэнгэр элч нар, мөн тэрчлэн миний оршихуй та нарын өмнө явах болно, мөн эцэст нь та нар тэрхүү сайхан газар нутгийг эзэмших болно.

21 Үнэнээр, үнэнээр би та нарт хэлж байна, миний та нарт өгсөн сургаалт зүйрлэл дэх жимсний талбайн Эзэний хандан ярьсан үйлчлэгчтэй миний адилтгасан тэр хүн бол Бага Иосеф Смит юм.

22 Тиймийн тул, миний үйлчлэгч Бага Иосеф Смит, миний өргөөний хүчин чадалд, миний залуу эрчүүд болон дунд насныханд ийн хэлэг—Надад зориулан өргөсөн мөнгөөр миний худалдаж авсан Сионы газар нутагт өөрсдийгөө хамтад нь цуглуулагтун.

23 Бүх сүмүүд ухаалаг эрчүүдийг мөнгөтэй нь хамт илгээг, мөн миний тэдэнд зарлигласанчлан газрууд худалдаж аваг.

24 Сионы нутаг байхаар миний ариулан адисалсан сайхан газар нутгаас минь, бүр та нар миний өмнө тэдний эсрэг эдгээр гэрчлэлийг авчирсны дараа, өөрсдийн чинь нутгаас та нарыг хөөхөөр миний дайснууд та нарын эсрэг ирэхийн хэрээр, та нар тэднийг зүхэх ёстой;

25 Мөн та нарын зүхэх хэнийг боловч, би зүхэх болно, мөн та нар дайснуудаас минь миний өс хонзонг авах болно.

26 Мөн намайг үзэн яддаг тэдний бүр гурав дахь болон дөрөв дэх үеийнхэн хүртэл, дайснуудаас минь миний өс хонзонг авахад миний оршихуй та нартай хамт байх болно.

27 Ямар ч хүмүүн миний төлөө амиа өгөхөөс бүү айг; учир нь миний төлөө амиа өгдөг хэн боловч үүнийгээ дахин олж авах болно.

28 Мөн миний төлөө амиа өгөхөд бэлэн бус хэн боловч миний шавь биш болой.

29 Миний үйлчлэгч Сидней Ригдон, Сионы сэргээлт ба гэтэлгэлийн талаар тэдэнд миний өгсөн зарлигуудыг сахихад сүмүүдийг бэлтгэн, дорнын мужууд дахь цугларалтууд дээр дуу хоолойгоо өргөх нь миний таалал бөлгөө.

30 Миний үйлчлэгч Парлей П.Пратт, миний үйлчлэгч Лайман Вайт хоёр Сионы нутаг өөд явах бүлэг эрсийг олох хүртлээ, миний өргөөний хүчин чадлаас таван зуун тоотойг, арав, эсвээс хорь, эсвээс тавь, эсвээс зуугаар нь олох хүртлээ ах дүүсийнхээ нутагт эргэж очихгүй байх нь миний таалал бөлгөө.

31 Болгоогтун энэ бол миний таалал юм; гуйгтун мөн та нар хүлээн авах болно; гэвч хүмүүс миний тааллыг байнга хэрэгжүүлэх нь үгүй.

32 Тиймийн тул, хэрэв та нар таван зууг олж үл чадах аваас, та нар гурван зууг олж магадын тулд хичээнгүйлэн эрэлхийлэгтүн.

33 Мөн хэрэв та нар гурван зууг олж үл чадах аваас, та нар нэг зууг олж магадын тулд хичээнгүйлэн эрэлхийлэгтүн.

34 Харин би үнэнээр та нарт хэлж байна, та нартай хамт Сионы нутаг өөд өгсөн очих миний өргөөний хүчин чадал болох нэг зууг олох хүртлээ Сионы нутаг өөд та нар явах ёсгүй хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

35 Тиймийн тул, би та нарт хэлсэнчлэн, гуйгтун мөн та нар хүлээн авах болно; миний үйлчлэгч Бага Иосеф Смит магадгүй та нартай хамт явж, мөн миний хүмүүсийн дунд тэргүүлж, мөн ариулан адислагдсан нутаг дээр миний хаант улсыг зохион байгуулж, мөн та нарт өгөгдсөн мөн өгөгдөх хуулиуд мөн зарлигууд дээр Сионы хүүхдүүдийг төлөвшүүлэхийн тулд шаргуу залбирагтун.

36 Та нарын хичээл зүтгэл, үнэнч байдал мөн итгэлийн залбирлуудаар дамжин бүх ялалт ба алдар суу та нарт тохиох болгогддог болой.

37 Миний үйлчлэгч Парлей П.Пратт, миний үйлчлэгч Бага Иосеф Смиттэй хамт аялаг.

38 Миний үйлчлэгч Лайман Вайт, миний үйлчлэгч Сидней Ригдонтой хамт аялаг.

39 Миний үйлчлэгч Хайрум Смит, миний үйлчлэгч Фредерик Г.Виллямстай хамт аялаг.

40 Миний үйлчлэгч Оорсон Хайд, миний үйлчлэгч Оорсон Праттын хамт, та нарт миний өгсөн эдгээр зарлигийн биелэлтийг хангахаар миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн тэдэнд зөвлөх тэр зүгт аялаг, мөн бусдыг нь миний гарт үлдээг. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх