Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 104


Хэсэг 104

1834 оны дөрөвдүгээр сарын 23-нд Охайогийн Көртландын ойролцоо Нэгдсэн фермийн талаар бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэл оршвой (78 ба 82-р хэсгийн оршлыг үз). Уг үйл явдал нь Сүмийн эд зүйлсийн тулгамдсан хэрэгцээг авч хэлэлцсэн, Нэгдсэн фермийн гишүүдийн зөвлөлийн хурал байсан бололтой. Урьд нь, дөрөвдүгээр сарын 10-нд болсон фермийн хурлаар уг байгууллагыг татан буулгахаар шийдсэн байв. Энэ илчлэлээр уг фермийг дахин зохион байгуулж; үүний өмч хөрөнгийг фермийн гишүүдийн дунд даамлын үүрэг болгон хуваан хариуцуул хэмээх заавар өгөгджээ. Иосеф Смитийн удирдамжаар, илчлэлээр “Нэгдсэн ферм” гэдэг нэр хожим нь “Нэгдсэн журам” болгон өөрчлөгджээ.

1–10, Нэгдсэн журмын эсрэг зөрчил гаргасан гэгээнтнүүд зүхэгдэх болно; 11–16, Их Эзэн гэгээнтнүүдээ Өөрийнхөө замаар хангадаг; 17–18, Сайн мэдээний хууль ядуусын төлөөх халамжийг удирддаг; 19–46, Хэд хэдэн ах нарын даамлын ажил үүргүүд мөн адислалууд тодорхойлогдов; 47–53, Көртланд дахь нэгдсэн журам мөн Сион дахь нэгдсэн журам тус тусдаа үйл ажиллагаа явуулах ёстой; 54–66, Судруудыг хэвлэхийн тулд Их Эзэний ариун нандин сан хөмрөг бий болгогдов; 67–77, Нэгдсэн журмын ерөнхий сан хөмрөг нь нийтийн зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах ёстой; 78–86, Нэгдсэн журмын тэд өөрсдийн бүх өрийг төлөх ёстой, мөн Их Эзэн тэднийг санхүүгийн эрхшээлээс чөлөөлөх болно.

1 Үнэнээр би та нарт хэлж байна, найз нар минь, би та нарт зөвлөгөө, мөн зарлиг өгч байна, зохион байгуулагдаж мөн үндэслэн байгуулагдаж, нэгдсэн журам байхыг нь, мөн миний сүмийн ашиг тусын тулд мөн намайг ирэх хүртэл хүмүүсийн авралын тулд үүрдийн журам байхаар миний зарлигласан тэрхүү журамд хамрагдах бүх өмч хөрөнгийн талаар буюу—

2 Миний зарлигласан тэд үнэнч байхынхаа хэрээр, үй олон адислалаар адислагдах болно гэсэн өөрчлөгдөшгүй мөн хувиршгүй амлалттайгаар буюу;

3 Гэвч тэд үнэнч бус байхынхаа хэрээр зүхэлд ойр байв.

4 Тиймийн тул, миний үйлчлэгчдийн зарим нь зарлигийг сахилгүй, харин шунахай сэтгэлээр, мөн хуурмаг үгсээр гэрээг зөрчсөний хэрээр, бибээр тэднийг нэн зовлонт мөн гашуудам зүхлээр зүхсэн болой.

5 Учир нь Их Эзэн бибээр, уг журамд харьяалагддаг ямар ч хүн зөрчил гаргахын хэрээр, эсвээс, өөрөөр хэлбэл та нар үүрэг хүлээсэн гэрээгээ зөрчвөөс, тэрээр амьдралдаа зүхэгдэх болно, мөн миний хүссэн түүгээр дэвслэгдэх болно хэмээн зүрх сэтгэлдээ тогтоосон билээ;

6 Учир нь Их Эзэн бибээр эдгээр зүйлийн тухайд шоглогдохгүй—

7 Мөн энэ бүхэн бол та нарын дундах гэм зэмгүй нь, шударга бусчуудтай хамт буруутгагдахгүй байж болохын тулд болой; мөн та нарын дундах гэм буруутнууд зугтахгүй байж болохын тулд бөлгөө; учир нь Их Эзэн бибээр та нарт өөрийн баруун гар талд сүр жавхлангийн титмийг амласан билээ.

8 Тиймийн тул, та нар зөрчил гаргахын хэрээр, та нар амьдралдаа миний хилэгнэлээс зугтаж чадахгүй.

9 Зөрчлийн улмаас та нар тусгаарлагдахын хэрээр, та нар гэтэлгэлийн өдөр хүртэл Сатаны тамлалаас зугтаж чадах нь үгүй.

10 Мөн хэрэв та нарын дундах, журмын аль ч хүмүүн зөрчил гаргагч болох нь мэдэгдэж, мөн хилэнцээсээ эс наманчлах аваас, та нар түүнийг Сатаны тамлалд өгч болох тэрхүү хүчийг яг энэ цагаас би та нарт өгч байна; мөн тэрээр та нар дээр хилэнцийг авчрах хүчгүй байх болно.

11 Энэ нь надад орших мэргэн ухаан болой; тиймийн тул, би та нарт зарлигийг өгч байна, та нар өөрсдийгөө зохион байгуулж мөн хүн болгоныг даамлын ажил үүрэгт нь томилох ёстой;

12 Хүн болгон өөрт нь өгөгдсөн даамлын ажил үүргийнхээ тайланг миний өмнө өгч болохын тулд болой.

13 Учир нь Их Эзэн бибээр бүтээлүүдийнхээ төлөө өөрийн хийж, бэлтгэсэн дэлхийн адислалуудын дээр хүн болгоныг даамал болгон хариуцлага хүлээдэг болгох нь зүйтэй ажгуу.

14 Их Эзэн бибээр өөрийн гарын бүтээл болгон тэнгэрийг тэлж, мөн дэлхийг бүтээсэн билээ; мөн тэдгээр дэх бүх зүйл минийх болой.

15 Мөн өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой, учир нь бүх зүйл минийх бөлгөө.

16 Харин энэ нь миний өөрийн замаар хийгдэх ёстой нь шаардлагатай билээ; мөн болгоогтун ядуус өргөмжлөгдөж, ингэснээр баячууд дорд болгогдох нь Их Эзэн миний өөрийн гэгээнтнүүдийг хангахаар тогтоосон зам болой.

17 Учир нь дэлхий дүүрэн байна, мөн тэнд хангалттай мөн илүүдэл буй; тийм ээ, бибээр бүх зүйлийг бэлтгэсэн, мөн өөрсдийнхөө төлөө сонгогч байхыг нь хүмүүсийн үрсэд өгсөн билээ.

18 Тиймийн тул, хэрэв аливаа хүн миний хийснээс элбэг дэлбэгээр аваад, мөн миний сайн мэдээний хуулийн дагуу ядуус мөн гачигдагсадтай өөрийн хувийг хуваалцдаггүй бол, тэрээр ёс бусыг үйлдэгчидтэй хамт тамд нүдээ өргөн, тарчлалд байх болно.

19 Мөн эдүгээ, журмын өмч хөрөнгийн талаар үнэнээр би та нарт хэлж байна—

20 Миний үйлчлэгч Сидней Ригдон эдүгээ оршин сууж байгаа тэр газраа мөн арьс боловсруулах үйлдвэр байгаа газрыг өөрийн даамлын ажил үүрэг болгон аваг, түүнд намайг зарлиглахад, бүр миний хүссэнээр миний жимсний талбайд хөдөлмөрлөх зуураа дэмжлэг авахын тулд буюу.

21 Мөн бүх зүйл нь журмын зөвлөгөө мөн Көртландын нутаг дэвсгэрт байрладаг журмын нийтийн зөвшөөрөл юм уу саналын дагуу хийгдэг.

22 Мөн энэ даамлын ажил үүрэг ба адислалыг Их Эзэн бибээр өөрийн үйлчлэгч Сидней Ригдонд, түүнд мөн түүний дараах үр удамд адислал болгон хүртээж байна;

23 Мөн тэрээр миний өмнө даруу байхын хэрээр түүн дээрх адислалуудыг би өсгөн нэмэгдүүлэх болно.

24 Мөн түүнчлэн, миний үйлчлэгч Жон Жонсонгийн өөрийн өмнөх өвийн тулд сольж авсан тэрхүү хэсэг газрыг миний үйлчлэгч Мартин Харрис өөртөө болон өөрийн дараах үр удамдаа даамлын ажил үүрэг болгон тогтоог;

25 Мөн тэрээр үнэнч байхын хэрээр түүн дээр мөн түүний дараах үр удам дээр бибээр адислалуудыг өсгөн нэмэгдүүлэх болно.

26 Мөн миний үйлчлэгч Мартин Харрис, миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн чиглүүлснээр үгсийг минь тунхаглахад мөнгөө зориулаг.

27 Мөн түүнчлэн, миний үйлчлэгч Фредерик Г.Виллямс эдүгээ өөрийн амьдарч байгаа газрыг аваг.

28 Мөн миний үйлчлэгч Оливер Каудери, хэвлэх албан газарт зориулагдах тэр байшингийн залгаа байгаа нэг дэх хэсэг газар болох тэр хэсэг газрыг, мөн тэрчлэн эцэг нь амьдарч байгаа тэр хэсэг газрыг аваг.

29 Мөн миний үйлчлэгч Фредерик Г.Виллямс, Оливер Каудери хоёр хэвлэлийн газар мөн үүнд хамаарах бүх зүйлийг аваг.

30 Мөн энэ нь тэдэнд тогтоогдох даамлын ажил үүрэг нь байх болно.

31 Мөн тэд үнэнч байхын хэрээр, болгоогтун би тэднийг адисалж, мөн тэдний дээр адислалуудыг өсгөн нэмэгдүүлэх болно.

32 Мөн энэ бол тэдний төлөө мөн тэдний дараах үр удмынх нь төлөө тэдэнд миний тогтоосон даамлын ажил үүргийн эхлэл бөлгөө.

33 Мөн, тэд үнэнч байхын хэрээр, би тэдэн дээрх мөн тэдний дараах үр удмынх нь дээрх адислалуудыг, бүр үй олон адислалыг өсгөн нэмэгдүүлэх болно.

34 Мөн түүнчлэн, миний үйлчлэгч Жон Жонсон өөрийн амьдарч байгаа тэр байшинг мөн өвийг, уг өвд хамаарах миний өргөөнүүдийг барихын тулд нөөцөлсөн тэр газраас, мөн миний үйлчлэгч Оливер Каудерид өгөгдөхөөр нэрлэгдсэн тэдгээр хэсэг газраас бусдыг бүгдийг аваг.

35 Мөн тэрээр үнэнч байхын хэрээр, би түүн дээр адислалуудыг өсгөн нэмэгдүүлэх болно.

36 Мөн миний гэгээнтнүүдийн хотыг барихын тулд тусгаарласан газруудыг, Сүнсний дуу хоолойгоор түүнд мэдүүлэхийн хэрээр, мөн журмын зөвлөгөөний, мөн журмын саналын дагуу тэрээр зарах нь миний таалал бөлгөө.

37 Мөн энэ бол түүнд мөн түүний дараах үр удмынх нь адислалын тулд миний түүнд тогтоосон даамлын ажил үүргийн эхлэл билээ.

38 Мөн тэрээр үнэнч байхын хэрээр, түүн дээр үй олон адислалыг би өсгөн нэмэгдүүлэх болно.

39 Мөн түүнчлэн, миний үйлчлэгч Ньюел К.Витней эдүгээ өөрийн амьдарч буй байшингууд болон газрыг, мөн худалдааны байгууламж байгаа газар болон барилга, түүнчлэн худалдааны байгууламжийн өмнөд булан дахь газрыг, мөн тэрчлэн үнс боловсруулах газар байгаа тэрхүү газрыг өөртөө томилог.

40 Мөн түүнд болон түүний дараах үр удмынх нь дээр адислал болгон, Көртландын газар нутаг дахь гадасныхаа тулд миний үндэслэн байгуулсан миний журмын худалдааны байгууламжийн ашиг тусын тулд энэ бүхнийг би өөрийн үйлчлэгч Ньюел К.Витнейд, түүний даамлын ажил үүрэг байхаар тогтоосон билээ.

41 Тийм ээ, үнэнээр, энэ бол миний өөрийн үйлчлэгч Н.К.Витнейд, түүнд болон түүний төлөөний хүнд, мөн түүний дараах үр удамд нь тогтоож өгсөн даамлын ажил үүрэг, бүр худалдааны энэхүү бүхэл байгууламж буюу.

42 Мөн тэрээр өөрт нь миний өгсөн зарлигуудыг сахихад үнэнч байхын хэрээр, түүн дээр мөн түүний дараах үр удам дээр нь адислалуудыг, бүр үй олон адислалыг бибээр өсгөн нэмэгдүүлэх болно.

43 Мөн түүнчлэн, миний өргөөг барихын тулд тусгаарласан хоёр зуун метр урт, мөн жаран метр өргөн газрыг, мөн тэрчлэн эдүгээ эцгийнхээ оршин суугаа өвийг миний үйлчлэгч Бага Иосеф Смит өөртөө тогтоог;

44 Мөн энэ бол түүн дээрх, мөн эцгийнх нь дээрх адислалын төлөө түүнд миний тогтоосон даамлын ажил үүргийн эхлэл бөлгөө.

45 Учир нь болгоогтун, би түүний эцэгт зориулсан өвийг түүнийг дэмжихийн тулд нөөцөлсөн билээ; тиймийн тул тэрээр миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн гэр бүлд тооцогдох болно.

46 Мөн бибээр өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг үнэнч байхын хэрээр түүний гэр бүл дээр адислалуудыг, бүр үй олон адислалыг өсгөн нэмэгдүүлэх болно.

47 Мөн эдүгээ, би та нарт Сионы талаар нэг зарлигийг өгч байна, та нар үүнээс хойш Сион дахь ах дүүстэйгээ нэгдсэн журмын хувьд дараах замаас бусдаар холбогдохоо болино—

48 Та нар зохион байгуулагдсаныхаа дараа, Көртланд хотын Сионы гадасны Нэгдсэн журам хэмээн нэрлэгдэх болно. Мөн та нарын ах дүүс, тэд зохион байгуулагдсаныхаа дараа, Сион хотын Нэгдсэн журам хэмээн нэрлэгдэх болно.

49 Мөн тэд өөрсдийнхөө хувь хувийн нэрсээр мөн өөрсдийнхөө байгууллагын нэрээр зохион байгуулагдах болно; мөн тэд ажлаа өөрсдийн байгууллагын нэрээр, мөн өөрсдийн хувь хувийн нэрсээр явуулдаг байх болно;

50 Мөн та нар өөрсдийн байгууллагын нэр дээр мөн өөрсдийн хувь хувийн нэрсээр ажлаа явуулах ёстой.

51 Мөн та нарын авралын тулд, мөн тэрчлэн тэдний авралын тулд, тэд хөөгдсөний улмаас, мөн тохиох тэр зүйлийн улмаас энэ нь хийгдэхийг би та нарт зарлиглалаа.

52 Зөрчил, шунахай сэтгэл мөн хуурмаг үгсээр дамжин гэрээнүүд зөрчигдсөний улмаас буюу—

53 Тиймийн тул, та нар ах дүүстэйгээ нэгдсэн журамд байх чинь цуцлагдаж байна, энэ цагийг хүртэлхээс бусдаар, миний хэлсэнчлэн, энэ журмаар зөвлөлд зөвшөөрөгдсөнчлөн, нөхцөл байдал та нарт боломж олгож, мөн зөвлөлийн санал чиглүүлсэнчлэн, зээлээр тэдэнтэй гагцхүү энэ замаар холбогдохоос бусдаар та нар үүнд холбоогүй боллоо.

54 Мөн түүнчлэн, та нарт миний тогтоосон даамлын ажил үүргийн талаар би та нарт нэг зарлиг өгье.

55 Болгоогтун, эдгээр бүх өмч хөрөнгө минийх билээ, эс бөгөөс та нарын итгэл хоосон зүйл, мөн та нар хоёр нүүртнүүд болой, мөн надтай хийсэн та нарын гэрээнүүд зөрчигдөх болой;

56 Мөн хэрэв өмч хөрөнгө минийх байх аваас, тэгвэл та нар даамлууд болно; эс бөгөөс та нар даамлууд биш болой.

57 Гэвч, үнэнээр би та нарт хэлье, би та нарыг өргөөнийхөө даамлууд, бүр үнэхээр даамлууд байхаар томиллоо.

58 Мөн энэ зорилгын учир өөрсдийгөө зохион байгуулахыг, бүр миний та нарт өгсөн, мөн үүнээс хойш цагаас цагт та нарт өгөх миний үгсийг, миний судруудын бүрэн байдлыг, илчлэлүүдийг хэвлэхийг би та нарт зарлигласан болой—

59 Өөрийн сүмийг мөн хаант улсыг дэлхий дээр байгуулахын төлөө, мөн бибээр өөрийн хүмүүстэй хамт амьдрах, ойрхон байгаа тэр цагт өөрийн хүмүүсийг бэлтгэх зорилгын тулд буюу.

60 Мөн та нар сан хөмрөгийн тулд, нэг байрыг өөрсдөдөө бэлтгэж, мөн үүнийг миний нэрэнд зориулан өргөх болно.

61 Мөн та нар дундаасаа нэгнийг тэрхүү сан хөмрөгийг сахиулахаар томилох болно, мөн тэрбээр энэ адислалд томилогдох болно.

62 Мөн уг сан хөмрөг дээр лац байх болно, мөн бүх ариун зүйл тэрхүү сан хөмрөгт хүргэгдэх болно; мөн та нарын дундах ямар ч хүн үүнийг, эсвээс үүний аль нэг хэсгийг өөрийнх хэмээн нэрлэх ёсгүй, учир нь энэ нь нэгдмэл байдалд та нарт бүгдэд нь харьяалагддаг байх ёстой.

63 Мөн би үүнийг та нарт яг энэ цагаас өгч байна; мөн эдүгээ та нар явж мөн миний ариун нандин зүйлсээс бусдыг та нарт тогтоосон даамлын ажил үүргийг, миний хэлсэнчлэн, эдгээр ариун нандин зүйлийг хэвлэх зорилгын төлөө ашиглахад анхаар.

64 Мөн тэрхүү ариун нандин зүйлсийн ашиг нь эрдэнэсийн сан хөмрөгт байх болно, мөн үүн дээр лац байх болно; мөн журмын санал юм уу зарлигаар бус аваас, энэ нь хэн нэгнээр ашиглагдах эсвэл эрдэнэсийн сангаас гадагш аваачигдах ёсгүй, мөн үүн дээр хийсэн лац хөндөгдөх ёсгүй.

65 Мөн та нар сан хөмрөг дэх ариун нандин зүйлсийн ашгийг ариун нандин бас ариун зорилгын төлөө ийнхүү нөөцлөх ёстой.

66 Мөн энэ нь Их Эзэний ариун нандин сан хөмрөг хэмээн нэрлэгддэг байх болно; мөн энэ нь ариун байж, мөн Их Эзэнд зориулан өргөгдөхийн тулд үүн дээр лац тавигдах ёстой.

67 Мөн түүнчлэн, өөр нэг сан хөмрөг бэлтгэгдэх болно, мөн сан хөмрөгийг хадгалж байхын тулд, сангийн нярав томилогдох болно, мөн үүн дээр лац тавигдах ёстой;

68 Мөн ариун бөгөөд ариун нандин зорилгуудын тул миний өөртөө нөөцөлсөн ариун болоод ариун нандин бичээсүүдээс бусад, байшин барилгуудад, эсвээс газруудад, эсвээс малд, эсвээс бүх зүйлд та нарт миний өгсөн өмч хөрөнгийг сайжруулснаар та нар өөрсдийн даамлын ажил үүргүүдэд хүлээн авах бүх мөнгийг, аль болох түргэнээр зуутаар, тавьтаар, эсвээс хорьтоор, эсвээс аравтаар юм уу тавтаар сан хөмрөгт хийх ёстой.

69 Эсвээс, өөрөөр хэлбэл, хэрэв та нарын дундах хэн нэгэн нь таван доллар олох аваас тэрээр үүнийг сан хөмрөгт хийг; эсвээс хэрэв тэрээр арвыг, эсвээс хорийг, эсвээс тавийг, эсвээс нэг зууг олох аваас, тэрээр мөн үүнчлэн үйлдэг;

70 Мөн та нарын дундах хэн нь ч энэ нь түүний өөрийнх хэмээн бүү хэлэг; учир нь энэ нь, мөн үүний нэг хэсэг нь ч түүнийх хэмээн нэрлэгдэх ёсгүй.

71 Мөн үүний нэг хэсэг нь ч журмын санал бөгөөд нийтийн зөвшөөрлөөр бус аваас ашиглагдах, эсвээс сан хөмрөгөөс авагдах ёсгүй.

72 Мөн энэ нь журмын санал болон нийтийн зөвшөөрлөөр байх болно—та нарын дундах хэн нь ч сангийн няравт: Даамлын ажил үүргээ хийхэд минь үүний хэрэгцээ надад байна хэмээн хэлэхэд—

73 Хэрэв энэ нь таван доллар байх аваас, эсвээс энэ нь арван доллар, эсвээс хорь, тавь, эсвээс нэг зуун доллар байх аваас сангийн нярав даамлын ажил үүрэгт нь түүнд туслахад шаардлагатай тэр тооны мөнгийг түүнд өгөх болно—

74 Тэрээр гэм буруутан болох нь мэдэгдэж, мөн тэрээр найдваргүй бас ухаалаг бус даамал болох нь журмын зөвлөлийн өмнө тодорхой үзүүлэгдэх хүртэл буюу.

75 Харин тэрээр бүрэн гишүүнчлэлд байж, мөн даамлын ажил үүрэгтээ үнэнч бас ухаалаг байгаа бол, энэ нь уг сангийн няравт үзүүлэлт болж, сангийн нярав татгалзахгүй байх болно.

76 Гэхдээ зөрчлийн тохиолдолд, сангийн нярав нь зөвлөл мөн журмын саналд захирагдах болно.

77 Мөн сангийн нярав нь үнэнч биш бас мэргэн биш даамал болох нь мэдэгдсэн тохиолдолд, тэрээр зөвлөл мөн журмын саналд захирагдан, мөн байр сууриас буулгагдах болно, мөн өөр нэгэн нь түүний оронд томилогдох болно.

78 Мөн түүнчлэн, та нарын өрийн талаар үнэнээр би та нарт хэлж байна—болгоогтун, та нар бүх өрөө төлөх нь миний таалал билээ.

79 Мөн та нар миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн өөрсдийн хичээл зүтгэл болоод даруу төлөв байдал мөн итгэлийн залбирлаар энэхүү адислалыг олж авах нь миний таалал билээ.

80 Мөн та нар хичээнгүй мөн даруу төлөв байж, мөн итгэлийн залбирлыг үйлдэхийн хэрээр, болгоогтун, та нарын чөлөөлөлтийн төлөө бибээр та нарт баялгийг илгээх хүртлээ та нарын өртэй тэдний зүрх сэтгэлийг би зөөлрүүлэх болно.

81 Тиймийн тул Нью-Йорк руу яаралтай бичигтүн мөн миний Сүнсээр хэлэгдэхийн дагуу бичигтүн; мөн та нар өртэй тэдний зүрх сэтгэлийг би зөөлрүүлж, та нар дээр зовлон зүдгүүр авчрах санаа тэдний оюунаас авагдах болно.

82 Мөн та нар даруу төлөв бас үнэнч байж мөн миний нэрийг дуудахын хэрээр, болгоогтун, би та нарт ялалтыг өгөх болно.

83 Та нар дарангуйллаасаа энэ удаа чөлөөлөгдөх болно хэмээх амлалтыг би та нарт өгч байна.

84 Та нар хэдэн зуугаар нь, эсвээс хэдэн мянгаар нь бүр та нар өөрсдийгөө дарангуйллаас чөлөөлөхөд хангалттайг зээлж авах хүртлээ мөнгө зээлдэх боломж олохын хэрээр, энэ нь та нарын онцгой боломж юм.

85 Мөн, та нарын гарт миний тавьсан өмч хөрөнгийг өөрсдийн нэрсийг өгснөөр нийтийн зөвшөөрлөөр эсвээс өөр байдлаар, энэ нь та нарт сайн санагдсанаар энэ удаа барьцаалагтун.

86 Би та нарт энэ онцгой боломжийг энэ удаа өгч байна; мөн болгоогтун, хэрэв та нарын өмнө миний тавьсан тэрхүү зүйлсийг хийхдээ та нар миний зарлигуудын дагуу урагш ахих аваас, эзэн нь байшингаа эвдрэхийг үл зөвшөөрөх болно, учир нь эдгээр бүх зүйл минийх бөлгөө, мөн та нар миний даамлууд болой. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх