Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 107


Хэсэг 107

1835 оны дөрөвдүгээр сарын үед Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан, санваарын талаар өгөгдсөн илчлэл оршвой. Энэ хэсэг 1835 онд цэдэглэгдсэн хэдий ч, түүхийн баримтууд 60–100-р шүлгийн ихэнх нь 1831 оны арван нэгдүгээр сарын 11-нд Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлийг багтааж байгааг баталдаг. Энэ хэсэг нь 1835 оны хоёр болон гуравдугаар сард Арван хоёрын Чуулгыг зохион байгуулсантай холбоотой. Бошиглогч энэ хэсгийг 1835 оны тавдугаар сарын 3-нд чуулгын анхны номлолд гарахаар бэлтгэж байсан тэдний дэргэд дамжуулж өгсөн байх магадлалтай.

1–6, Мелкизедек болон Аароны гэсэн хоёр санваар буй; 7–12, Мелкизедек санваарыг атгагч тэд Сүмийн бүх албан тушаалд ажиллах хүчтэй байдаг; 13–17, Бишопын зөвлөл нь нүдэнд ил харагдах ёслолуудыг гүйцэтгэдэг Аароны санваарыг тэргүүлдэг; 18–20, Мелкизедек санваар нь бүх сүнслэг адислалын түлхүүрүүдийг атгадаг; Аароны санваар тэнгэр элч нарын тохинууллын түлхүүрүүдийг атгадаг; 21–38, Тэргүүн зөвлөл, Арван хоёр мөн Дал нь тэргүүлэгч чуулгуудыг бүрдүүлдэг, үүний шийдвэрүүд нь эв нэгдэл ба зөв шударга ёсонд гаргагддаг байх ёстой; 39–52, Патриархын журам Адамаас Ноаг хүртэл тогтоогдов; 53–57, Эртний гэгээнтнүүд Адам-ондай-Аманд цуглаж, мөн Их Эзэн тэдэнд үзэгджээ; 58–67, Арван хоёр нь Сүмийн албан тушаалтнуудыг эмх журамд зохион байгуулах ёстой; 68–76, Бишопууд Израил дахь ерөнхий шүүгчээр үйлчилдэг; 77–84, Тэргүүн зөвлөл болон Арван хоёр нь Сүм дэх хамгийн дээд шүүхийн нэгж юм; 85–100, Санваарын ерөнхийлөгчид тус тусын чуулгыг удирддаг.

1 Сүмд, тодорхойлбол Мелкизедек, мөн дотор нь Левийн санваар багтдаг Аароны гэсэн хоёр санваар буй.

2 Анхных нь Мелкизедек санваар хэмээн нэрлэгддэгийн учир нь Мелкизедек бол ихэд агуу дээд прист байсан бөлгөө.

3 Түүний үеэс өмнө энэ нь Бурханы Хүүгийн жаягийн дагуух Ариун санваар хэмээн нэрлэгддэг байв.

4 Гэвч Агуу Нэгэний нэрийг хүндэтгэх буюу эрхэмлэн хүндлэх үүднээс, түүний нэрийг хэт олон удаа давтахаас зайлсхийхийн тулд эрт дээр үед сүмийнхэн тэд энэ санваарыг Мелкизедекийн нэрээр буюу Мелкизедек санваар хэмээн нэрлэжээ.

5 Сүм дэх бусад бүх эрх мэдэл эсвээс албууд нь энэ санваарын хавсралтууд байдаг.

6 Гэвч хоёр ангилал буюу үндсэн төрөл байдгийн нэг нь Мелкизедек санваар, мөн нөгөөх нь Аароны буюу Левийн санваар болой.

7 Ахлагчийн алба нь Мелкизедек санваарт хамаардаг болой.

8 Мелкизедек санваар нь ерөнхийлөн удирдах эрхийг атгадаг бөгөөд дэлхийн бүх үед сүм дэх бүх албанд сүнслэг зүйлсийг удирдах хүч болон эрх мэдэлтэй байдаг.

9 Мелкизедекийн жаягийн дагуу Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөл нь сүм дэх бүх албанд ажиллах эрхтэй байдаг.

10 Мелкизедек санваарын жаягийн дагуу дээд пристүүд ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага дор сүнслэг зүйлсийн тохинуулалд өөрсдийнхөө албан тушаалд, мөн тэрчлэн ахлагч, прист (Левийн жаягаар), багш, дикон, мөн гишүүний албуудад ажиллах эрхтэй байдаг.

11 Дээд прист байхгүй үед ахлагч түүний оронд ажиллах эрхтэй.

12 Дээд прист болон ахлагч нь сүмийн гэрээнүүд болон зарлигуудад нийцүүлэн сүнслэг зүйлсийг удирдах ёстой; мөн илүү дээд эрх мэдэлтнүүд байхгүй үед тэд сүмийн эдгээр бүх албанд ажиллах эрхтэй.

13 Хоёр дахь санваарыг Аароны санваар гэж нэрлэдэг, учир нь Аарон болон түүний үр удамд бүх үе удмыг нь дамжин энэ нь олгогдож иржээ.

14 Энэ нь доод санваар хэмээн нэрлэгддэгийн учир гэвэл энэ нь дээд буюу Мелкизедек санваарын хавсралт байж, мөн нүдэнд ил харагдах ёслолуудыг гүйцэтгэх хүчтэй байдаг.

15 Бишопын зөвлөл бол энэ санваарын ерөнхийлөгчийн зөвлөл бөгөөд мөн үүний түлхүүрүүд буюу эрх мэдлийг эзэмшдэг.

16 Аароны шууд удам байхаас бусдаар ямар ч хүн энэ санваарын түлхүүрүүдийг атгах, энэ албыг хаах хууль ёсны эрхгүй болой.

17 Харин Мелкизедек санваарын дээд прист бүх доод албуудад үүрэг гүйцэтгэх эрх мэдэлтэй байдаг учраас тэрээр Аароны шууд удмын хүн байхгүй газарт бишопын албанд ажиллаж болно, Мелкизедек санваарын Ерөнхийлөгчийн зөвлөлийн гараар энэ хүчинд дуудагдаж мөн онцгойлон адислагдсан үед буюу.

18 Дээд буюу Мелкизедек санваарын хүч ба эрх мэдэл нь сүмийн бүх сүнслэг адислалын түлхүүрүүдийг атгах нь болой—

19 Тэнгэрийн хаант улсын нууцуудыг хүлээн авах онцгой эрхтэй байх, өөрсдөдөө тэнгэрийг нээлгэх, Ууган Хүүгийн ерөнхий хуралдайтай болон сүмтэй харьцах, мөн Бурхан Эцэг, мөн шинэ гэрээний зуучлагч Есүсийн оршихуйг болон тэдэнтэй харьцах харилцааг таашаах нь болой.

20 Доод буюу Аароны санваарын хүч мөн эрх мэдэл бол тэнгэр элч нарын тохинууллын түлхүүрүүдийг эзэмших, мөн нүдэнд ил харагдах ёслолуудыг, сайн мэдээний зааврыг, нүглүүдийн ангижралын төлөөх наманчлалын баптисмыг гэрээнүүд болон зарлигуудад нийцүүлэн гүйцэтгэх нь болой.

21 Эдгээр хоёр санваарын хэд хэдэн албанд томилогдсон тэдний дундаас ерөнхийлөгчид, эсвээс тэргүүлэх ажилтнууд гарах нь шаардлагатай болой.

22 Мелкизедек санваартнуудын дундаас гурван Тэргүүлэх дээд прист Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийн чуулгыг бий болгодог, тэдгээр нь уг бүлгээр сонгогдон, тэрхүү албанд тохоогдож мөн томилогдон, мөн итгэл, найдвар бас сүмийн залбирлаар дэмжигддэг.

23 Аялагч арван хоёр зөвлөх нь Арван хоёр Төлөөлөгч, эсвээс бүх дэлхийд Христийн нэрийн тусгай гэрчүүд байхаар дуудагддаг—иймээс дуудлагынхаа үүргүүдээр сүм дэх бусад ажилтнуудаас ялгардаг болой.

24 Мөн өмнө дурдсан гурван ерөнхийлөгчийн хүч ба эрх мэдэлтэй тэнцүү чуулгыг тэд бий болгодог.

25 Дал нь мөн сайн мэдээг номлохоор, харийнханд болон бүх дэлхийнхэнд тусгай гэрчүүд байхаар дуудагддаг—иймээс дуудлагынхаа үүргүүдээр сүм дэх бусад ажилтнуудаас ялгардаг болой.

26 Мөн тэд Арван хоёр тусгай гэрч буюу сая нэрлэсэн Төлөөлөгчдийнхтэй адил тэгш эрх мэдэл бүхий чуулгыг бий болгодог.

27 Мөн эдгээр чуулгын аль алиных нь гаргасан шийдвэр бүр тэдний нэгдмэл саналаар байх ёстой; тодорхойлбол тэдний гаргадаг шийдвэрүүд нэг нь нөгөөтэй адил хүч бүхий мөн хүчин төгөлдөр байхын тулд, чуулга бүр дэх гишүүн болгон үүний шийдвэртэй санал нийлэх ёстой гэсэн үг юм—

28 Өөрөөр байх боломжгүй нөхцөл байдал гарсан үед олонх нь чуулгыг бий болгож болно—

29 Ийн санал нийлэхээс бусдаар, тэдний шийдвэрүүд нь, эрт үед Мелкизедекийн жаягийн дагуу томилогдсон, мөн зөв шударга мөн ариун эрчүүд байсан гурван ерөнхийлөгчийн чуулгын шийдвэрүүдийн адислалуудыг авах эрхгүй болой.

30 Эдгээр чуулгын, эсвээс тэдгээрийн аль нэгнийх нь шийдвэрүүд бүхий л зөв шударга ёсонд, цэвэр ариун байдалд, мөн даруу сэтгэлд, номхон даруу бөгөөд тэвчээрт, мөн итгэлд, ариун журам, мөн мэдлэг, өөрийгөө захирах байдал, тэсвэр, бурханлаг чанар, ах дүүсийн нинжин сэтгэл ба төгс хайранд гаргагдах ёстой;

31 Учир нь амлалт нь юу вэ гэвэл, хэрэв тэдгээрт эдгээр зүйл элбэг дэлбэг байх аваас тэд Их Эзэний тухай мэдлэгт үр жимсгүй байх нь үгүй байх болно.

32 Мөн эдгээр чуулгын аливаа шийдвэр нь зөв шударга бус байдалд хийгдсэн тохиолдолд энэ нь сүмийн сүнслэг эрх мэдэлтнүүдийг бүрдүүлдэг хэд хэдэн чуулгын хуралдайн өмнө авчрагдаж болно; бусад тохиолдолд тэдний шийдвэрийг давж заалдах нь байж чадахгүй бөлгөө.

33 Арван хоёр нь Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган дор тэнгэрийн ёс журамд нийцүүлэн Их Эзэний нэрээр үүрэг гүйцэтгэдэг, сүмийг өсгөн бэхжүүлдэг, бүх үндэстэнд, эхлээд харийнханд дараа нь иудейчүүдэд үүний бүх ажил хэргийг зохицуулдаг, Аялагч тэргүүлэгч дээд зөвлөл болой.

34 Дал нь Арван хоёрын буюу аялагч дээд зөвлөлийн удирдлага дор сүмийг өсгөн бэхжүүлэхэд болон мөн үүний бүх ажил хэргийг бүх үндэстэнд, эхлээд харийнханд, мөн дараа нь иудейчүүдэд зохицуулахад Их Эзэний нэрээр үйлдэх ёстой—

35 Арван хоёр нь, Есүс Христийн сайн мэдээний тунхаглалаар эхлээд харийнханд мөн дараа нь иудейчүүдэд хаалгыг нээхээр гадагш илгээгдэн, мөн түлхүүрүүдийг атгадаг болой.

36 Сионы гадаснуудад томилогдсон дээд зөвлөлүүд нь сүмийн ажил хэргүүдэд, өөрсдийн бүх шийдвэртээ ерөнхийлөгчийн чуулга, эсвээс аялагч дээд зөвлөлтэй эрх мэдлээрээ адил тэгш чуулгыг бий болгодог.

37 Сион дахь дээд зөвлөл нь сүмийн ажил хэргүүдэд, өөрсдийн бүх шийдвэрт, Сионы гадаснууд дахь Арван хоёрын зөвлөлүүдтэй эрх мэдлээрээ адил тэгш чуулгыг бий болгодог.

38 Аялагч дээд зөвлөлд туслалцаа хэрэгтэй болсон үед сайн мэдээг номлон мөн түгээх хэд хэдэн дуудлагыг бөглөхөөр, бусдын оронд Далыг дуудах нь тэдний үүрэг болой.

39 Илчлэлээр тэдэнд тогтоогдохын дагуу сүмийн бүх том салбаруудад евангелийн тохинуулагчдыг томилох нь Арван хоёрын үүрэг болой—

40 Энэхүү санваарын жаяг нь эцгээс хүүд доош гардуулагдаж байхаар үндэслэгдсэн бөгөөд амлалтууд хийгдсэн, сонгогдсон үр удмын шууд удмынханд зүй ёсоор харьяалагддаг болой.

41 Энэхүү жаяг нь Адамын өдрүүдэд үндэслэгдэн бий болж, мөн удмаар доош дамжуулагдан дараах маягаар иржээ:

42 Адамаас Сетэд болой, тэрээр жаран есөн насандаа Адамаар томилогдож, мөн түүнийг (Адамыг) наснаас халихаас гурван жилийн өмнө түүгээр адислагдан, мөн үр удам нь Их Эзэнээс сонгогдсон хүмүүс байж, мөн тэд дэлхийн төгсгөл хүртэл хамгаалагдах болно хэмээх Бурханы амлалтыг эцгээрээ дамжуулан хүлээн авсан буюу;

43 Тэрээр (Сет) төгс хүн байж, мөн түүний төрх байдал эцгийнх нь төрх байдлыг илэрхийлдэг байсан учраас, бүх зүйлд тэрээр эцэгтэйгээ адилхан санагдаж мөн гагцхүү насаараа л түүнээс ялгарч байв.

44 Енос нэг зуун гучин дөрвөн нас мөн дөрвөн сартайдаа, Адамын гараар томилогджээ.

45 Бурхан Кенаныг дөчин настайд нь аглаг буйдад дууджээ; мөн тэрээр Шедоламак нутаг руу аялж явахдаа Адамтай уулзжээ. Тэрээр томилолтоо хүлээн авахад наян долоон настай байлаа.

46 Махалалеел, өөрийг нь тэрчлэн адисалсан Адамын гараар томилогдохдоо, тэрээр дөрвөн зуун ерэн зургаан жил мөн долоон өдрийн настай байлаа.

47 Жаред, тэрчлэн өөрийг нь адисалсан Адамын гар дор томилогдохдоо, тэрээр хоёр зуун настай байжээ.

48 Енох Адамын гар дор томилогдохдоо хорин таван настай байв; мөн түүнийг жаран тавтай байхад нь Адам түүнийг адисалжээ.

49 Мөн тэрээр Их Эзэнийг харж, мөн түүнтэй хамт алхан, мөн үргэлж түүний нүүрний өмнө байв; мөн тэрээр Бурхантай хамт гурван зуун жаран таван жил алхлан, тэрээр хувиргагдах үедээ дөрвөн зуун гучин нас хүрсэн байлаа.

50 Метусела, Адамын гар дор томилогдохдоо нэг зуун настай байв.

51 Ламех Сетийн гар дор томилогдохдоо, тэрээр гучин хоёр настай байжээ.

52 Ноа, Метуселагийн гар дор томилогдохдоо, тэрээр арван настай байв.

53 Адам наснаас халихаас гурван жилийн өмнө тэрээр дээд пристүүд болох Сет, Енос, Кенан, Махалалеел, Жаред, Енох, мөн Метусела нарыг үр удмынхаа зөв шударга үлдэгсдийн хамт Адам-ондай-Аманы хөндийд дуудаж, мөн тэнд сүүлчийнхээ адислалыг тэдэнд хүртээжээ.

54 Мөн Их Эзэн тэдэнд үзэгдэн, мөн тэд босож, Адамыг адислан, мөн түүнийг Михаил, хунтайж, тэргүүн тэнгэр элч хэмээн нэрлэжээ.

55 Мөн Их Эзэн Адамд тайтгарлыг өгч, мөн түүнд хэлэв: Бибээр чамайг тэргүүнд байхаар болгосон; олон үндэстэн чамаас ирэх болно, мөн чи тэдний дээр үүрд хунтайж бөлгөө.

56 Мөн Адам цугларагсдын дунд зогсов; мөн тэрээр насны эрхээр бөгтийсөн хэдий ч, Ариун Сүнсээр дүүрэн байж, хамгийн сүүлчийн үеийн үр удамд хүртэл тохиох юуг боловч угтан хэлсэн бөлгөө.

57 Эдгээр зүйл бүгдээрээ Енохын номд бичигдсэн байлаа, мөн тогтоосон цагтаа гэрчлэгдэх ёстой болой.

58 Тэрчлэн Арван хоёрын үүрэг нь сүмийн бусад бүх албан тушаалтныг томилж, мөн эмх цэгцэд тавих юм, дор өгүүлсэн илчлэлийн дагуу буюу:

59 Сионы нутаг дахь Христийн сүмд, сүмийн ажил хэргийн талаарх сүмийн хуулиудын тухай нэмж хэлэх нь—

60 Үнэнээр, би та нарт хэлж байна, ахлагчийн албатай тэднийг тэргүүлэхийн тулд тэргүүлэгч ахлагчид байх ёстой нь шаардлагатай байна хэмээн Түмний Их Эзэн хэлж байна;

61 Мөн тэрчлэн пристийн албатай тэднийг тэргүүлэх пристүүд буюу;

62 Мөн тэрчлэн багшийн албанд буй тэднийг тэргүүлэх багш нарыг, энэ маягаар, мөн тэрчлэн диконуудыг буюу—

63 Иймийн тул, Сүмийн гэрээнүүд болон зарлигуудын дагуу диконоос багшид, мөн багшаас пристэд, пристээс ахлагчид тэд тус тусдаа томилогддог бөлгөө.

64 Тэгээд бүхнээс дээд нь болох Дээд санваар ирдэг буюу.

65 Иймийн тул, санваарын дээр тэргүүлэхийн тулд Дээд санваараас нэг нь томилогдох ёстой нь шаардлагатай болой, мөн тэрээр Сүмийн Дээд санваарын ерөнхийлөгч хэмээн дуудагдах ёстой;

66 Эсвээс, өөрөөр хэлбэл Сүмийн Дээд санваарын дээрх тэргүүлэгч дээд прист буюу.

67 Мөнхүү тэрээр гар тавьснаар, сүмийн дээрх ёслолууд болон адислалуудыг гүйцэтгэх нь ирдэг болой.

68 Иймийн тул, бишопын алба нь үүнтэй адил тэгш биш бөлгөө; учир нь бишопын алба нь зуурдын бүх зүйлийг хянан гүйцэтгэхэд байдаг бөлгөө;

69 Гэсэн хэдий ч тэрээр Аароны шууд удам байснаас бусдаар бол, бишоп нь Дээд санваараас сонгогдох ёстой;

70 Учир нь хэрэв тэрээр Аароны шууд удмынх биш аваас тэрээр уг санваарын түлхүүрүүдийг атгаж чадахгүй.

71 Гэсэн хэдий ч, Мелкизедекийн жаягийн дагуу тэрхүү дээд прист нь үнэний Сүнсээр тэдгээрийн тухай мэдлэгтэй байж, эд зүйлсийг хянан зохицуулахад онцгойлон адислагдаж болох бөлгөө;

72 Мөн тэрчлэн Израилд шүүгч байж, сүмийн ажлыг явуулж, сүмийн ахлагчдын дундаас өөрийн сонгосон эсвээс сонгох зөвлөхүүдийнхээ туслалцаатайгаар хуулиудын дагуу түүний өмнө тавигдах гэрчлэлд үндэслэн, зөрчил гаргагчдын дээрх шүүлтэд суухаар буюу.

73 Энэ бол Аароны шууд удмынх биш боловч, Мелкизедекийн жаягийн дагуу Дээд санваарт томилогдсон бишопын үүрэг болой.

74 Ийн тэрбээр шүүгч, бүр Сионы оршин суугчдын дундах эсвээс Сионы гадас дахь, эсвээс энэхүү тохинуулалд тэрээр онцгойлон адислагдах сүмийн аль ч салбарт олон нийтийн шүүгч байх болно, Сионы хил хязгаарууд өргөжсөн байж мөн Сионд эсвээс өөр газарт бусад бишоп буюу шүүгчидтэй болох нь зайлшгүй болох хүртэл буюу.

75 Мөн бусад бишопууд томилогдохын хэрээр тэд мөн адил албыг гүйцэтгэх болно.

76 Харин Аароны шууд удам нь энэ санваарын ерөнхийлөгч байх хууль ёсны эрхтэй бөлгөө, энэхүү тохинууллын түлхүүрүүдийг атгах, бишопын албан тушаалд зөвлөхүүдгүйгээр бие даан үйлдэх эрхтэй, мөн Мелкизедекийн жаягийн дагуу Дээд санваарын ерөнхийлөгчийг шүүж байгаагаас бусад тохиолдолд Израил дахь шүүгчээр суух эрхтэй бөлгөө.

77 Мөн эдгээр зөвлөлийн алиных нь ч шийдвэр нь доорх зарлигуудын дагуу болой:

78 Түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, сүмийн хамгийн чухал ажил, мөн сүмийн хамгийн хүнд асуудлууд нь, бишопын буюу шүүгчдийн шийдвэрийн талаар сэтгэл хангалуун биш байхын хэрээр, энэ нь сүмийн зөвлөлд, Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлийн өмнө шилжүүлэгдэж мөн авчрагдах ёстой.

79 Мөн Дээд санваарын зөвлөлийн ерөнхийлөгчийн зөвлөл нь бусад дээд пристийг, бүр арван хоёрыг зөвлөхүүд болгон туслуулахаар дуудах хүчтэй байх болно; мөн ийн Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөл болон үүний зөвлөхүүд нь сүмийн хуулиудын дагуу гэрчлэлд үндэслэн шийдвэр гаргах хүчтэй байх болно.

80 Мөн энэ шийдвэрийн дараа энэ нь Их Эзэний өмнө дахин дурсагдахгүй байх ёстой; учир нь энэ нь Бурханы сүмийн хамгийн дээд зөвлөл мөн сүнслэг хэрэг явдлуудын талаарх маргаанд эцсийн шийдвэр болох бөлгөө.

81 Сүмд харьяалагддаг ямар ч хүн сүмийн энэ зөвлөлөөс тусгай байх нь үгүй болой.

82 Мөн Дээд санваарын ерөнхийлөгч зөрчил гаргахын хэрээр, тэрбээр Дээд санваарын арван хоёр зөвлөхөөр туслуулах, сүмийн олон нийтийн зөвлөлийн өмнө шүүгдэхээр авчрагдах болно;

83 Мөн түүний талаарх тэдний шийдвэр нь түүний талаарх маргааныг төгсгөл болгох ёстой.

84 Ийнхүү бүх зүйл түүний өмнө дэг журамд болон чанд байдалд, үнэн ба зөв шударга ёсны дагуу хийгддэг байж болохын тулд хэн ч Бурханы шүүх болон хуулиудаас тусгай байхгүй болой.

85 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, диконы албаны дээрх ерөнхийлөгчийн үүрэг нь, гэрээнүүдийн дагуу өгөгдсөнчлөн арван хоёр диконы дээр тэргүүлэх, тэдэнтэй зөвлөлд суух, мөн тэдэнд үүргийг нь заах, бие биеэ сэнхрүүлэх нь болой.

86 Мөн тэрчлэн багш нарын албаны дээрх ерөнхийлөгчийн үүрэг нь гэрээнүүдэд өгөгдсөнчлөн, хорин дөрвөн багшийг тэргүүлэх, мөн тэдэнтэй зөвлөлд сууж, албаных нь үүргүүдийг тэдэнд заах нь болой.

87 Тэрчлэн Аароны санваарын дээрх ерөнхийлөгчийн үүрэг нь гэрээнүүдэд өгөгдсөнчлөн, дөчин найман пристийн дээр тэргүүлэх, мөн тэдэнтэй зөвлөлд сууж, албаных нь үүргүүдийг тэдэнд заах нь болой—

88 Энэхүү ерөнхийлөгч нь бишоп байх ёстой; учир нь энэ бол энэхүү санваарын үүргүүдийн нэг билээ.

89 Түүнчлэн, ахлагчдын албаны дээрх ерөнхийлөгчийн үүрэг нь ерэн зургаан ахлагчийн дээр тэргүүлэх, мөн тэдэнтэй зөвлөлд сууж, мөн гэрээнүүдийн дагуу тэдэнд заах нь болой.

90 Энэхүү ерөнхийлөгчийн зөвлөл нь далынхаас ялгаатай бөгөөд бүх дэлхий даяар аялдаггүй тэдэнд зориулагддаг болой.

91 Мөн түүнчлэн, Дээд санваарын ерөнхийлөгчийн албын үүрэг нь нийт сүмийн дээр тэргүүлэх, мөн Мосетой адилхан байх явдал юм—

92 Болгоогтун, энэ нь мэргэн ухаан болой; тийм ээ, сүмийн тэргүүн дээр Бурханы хүртээдэг түүний бүх бэлэгтэй байж, үзмэрч, илчлэгч, орчуулагч мөн бошиглогч байх нь болой.

93 Мөн энэ нь Далын дэг журмыг харуулсан үзэгдлийн дагуу буюу, тэд далын гишүүдээс сонгогдсон өөрсдийнх нь дээр тэргүүлэх долоон ерөнхийлөгчтэй байх ёстой;

94 Мөн эдгээр ерөнхийлөгчийн долоо дахь ерөнхийлөгч нь зургаагийн дээр тэргүүлэх ёстой;

95 Мөн энэ долоон ерөнхийлөгч нь өөрсдийн харьяалагддаг анхны далаас гадна өөр далыг сонгох ёстой бөгөөд мөн тэдний дээр тэргүүлэх ёстой;

96 Мөн тэрчлэн, хэрэв жимсний талбай дахь хөдөлмөр үүнийг шаардах аваас, дал нь долоо дахин болтол өөр далуудыг буюу.

97 Мөн эдгээр дал нь эхлээд харийнханд мөн тэрчлэн иудейчүүдэд аялагч тохинуулагчид байх ёстой.

98 Нөгөө талаас, Арван хоёрт ч мөн Далд ч харьяалагддаггүй сүмийн бусад албан хаагчид бүх үндэстний дунд аялах хариуцлага дор байхгүй ч гэсэн, тэдний нөхцөл байдал боломж олгосон үед, тэд сүмд өндөр бас хариуцлагатай албуудыг эзэлж байхаас үл хамааран аялах ёстой.

99 Иймийн тул, эдүгээ хүн бүр өөрийн үүргийг мэдэж аван, өөрийн томилогдсон албандаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллаг.

100 Залхуу хойрго тэрээр зохистой хэмээн үл тооцогдох болно, мөн үүргээ сурдаггүй мөн өөрийгөө нотлон харуулдаггүй тэрээр зохистой хэмээн үл тооцогдох болно. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх