Хэсэг 10
Хэдийгээр зарим хэсгийг нь бүр эрт, 1828 оны зун хүлээж авсан байж болох хэдий ч, 1829 оны дөрөвдүгээр сарын үеэр Пеннсильваний Хармонид бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэл оршвой. Үүнд Их Эзэн, Мормоны Номон доторх Лихайн номын орчуулгын 116 хуудас гар бичмэлд ёс бус хүмүүсийн хийсэн өөрчлөлтүүдийн талаар Иосеф Смитэд мэдээлэв. Эдгээр гар бичмэл хуудас Мартин Харрисын эзэмшилд байхад алга болсон бөгөөд хуудаснуудыг түүнд түр хугацаагаар итгэл хүлээлгэн өгсөн байжээ (Хэсэг 3-ын оршлыг үз). Хулгайлагдсан хуудаснууд дахь түүхийг дахин орчуулахыг нь хүлээж, дараа нь өөрчилсний улмаас гарсан зөрүүг нь харуулах замаар орчуулагчийг гутаах нь хилэнцэт төлөвлөгөө байлаа. Энэхүү ёс бус зорилго нь хилэнцэт нэгнээр зохиогдсон бөгөөд бүр эртний нифай үндэстэн, түүхч Мормон цуглуулсан ялтаснуудын хураангуйллыг хийж байх үед Их Эзэн үүнийг мэдэж байсан нь Мормоны Номд үзүүлэгджээ (Мормоны үгс 1:3–7-г үз).
1–26, Сатан ёс бус хүмүүсийг Их Эзэний ажлыг эсэргүүцэхэд өдөөн хатгадаг; 27–33, Тэрээр хүмүүсийн сүнснүүдийг устгахыг эрэлхийлдэг; 34–52, Сайн мэдээ нь Мормоны Номоор дамжин леменчүүд болон бүх үндэстэнд хүрэх ёстой; 53–63, Их Эзэн хүмүүсийн дунд Өөрийн Сүм болон Өөрийн сайн мэдээг үндэслэх болно; 64–70, Тэрээр наманчлагчдыг Өөрийн Сүмд цуглуулж мөн дуулгавартай тэднийг аврах болно.
1 Эдүгээ, болгоогтун, би чамд хэлж байна, Урим ба Туммимын аргаар орчуулах хүч нь чамд өгөгдсөн тэрхүү бичээсүүдийг чи ёс бус хүний гарт дамжуулсны учир тэдгээрийг алдлаа.
2 Мөн чи тэр үед бэлгээ түүнчлэн алдаж, мөн оюун чинь харанхуйлсан буюу.
3 Гэсэн хэдий ч, энэ нь эдүгээ чамд дахин сэргээгдсэн болой; тиймийн тул чи үнэнч байж мөн орчуулгын ажлын үлдсэнийг, эхэлснийхээ адилаар дуусгахаар үргэлжлүүлэхээ мэдэгтүн.
4 Орчуулах боломжийг чамд олгосон, өөртөө байгаа хүч чадал болон аргаас илүү хурдан хийж эсвэл илүүгээр бүү хөдөлмөрлө; харин эцсээ хүртэл шаргуу бай.
5 Ялан дийлэгч болж болохын тулд чи ямагт залбир; тийм ээ, чи Сатаныг ялж болохын тулд, мөн түүний ажлыг дэмжиж байдаг Сатаны зарц нарын гараас зугтаж болохын тулд буюу.
6 Болгоогтун, тэд чамайг устгахыг эрэлхийлсэн билээ; тийм ээ, бүр чиний итгэсэн тэр хүн чамайг устгахыг эрэлхийлсэн.
7 Мөн би энэ шалтгааны учир түүнийг ёс бус хүн хэмээн хэллээ, учир нь тэрээр чамд итгэл хүлээлгэн өгсөн тэр зүйлсийг чамаас авахыг эрэлхийлсэн; мөн тэрээр түүнчлэн чиний бэлгийг устгахаар эрэлхийлсэн бөлгөө.
8 Мөн чи бичээсүүдийг түүний гарт дамжуулсан учраас, болгоогтун, ёс бус хүмүүс тэдгээрийг чамаас холдуулан аваад байна.
9 Тиймийн тул, тийм ээ, ариун нандин болох тэдгээрийг чи ёс бус байдалд дамжуулсан буюу.
10 Мөн, болгоогтун, чиний бичүүлсэн буюу орчуулсан, чиний гараас алдагдсан тэр үгсийг өөрчлөхийг Сатан тэдний зүрх сэтгэлд суулгаад байна.
11 Мөн болгоогтун, би чамд хэлнэ, тэд үгсийг нь өөрчилсөн учир, тэдгээр нь чиний орчуулж мөн бичүүлснээс өөрөөр уншигдана;
12 Мөн, ийм замаар, чөтгөр энэ ажлыг устгаж болохын тул тэрээр зальт төлөвлөгөө боловсруулахаар эрэлхийллээ;
13 Учир нь чиний орчуулсан дүр эсгэх үгсээр чамайг барьж авлаа гэж тэд хэлж болохын тулд, үүнийг хийхийг тэрээр тэдний зүрх сэтгэлд оруулжээ.
14 Үнэнээр, би чамд хэлнэ, Сатан энэ зүйлд хилэнцэт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг би зөвшөөрөхгүй.
15 Учир нь болгоогтун, чи үүнийг дахин орчуулахыг асууснаар чамайг Их Эзэн Бурханаа сориход хүргэхийн тулд үүнийг тэрээр тэдний зүрх сэтгэлд суулгаад байна.
16 Мөн тэгээд, болгоогтун, тэд ийн хэлж мөн зүрх сэтгэлдээ ийн бодох ажгуу—Бурхан түүнд орчуулах хүчийг өгсөн эсэхийг нь бид харна, хэрэв тийм аваас, тэрээр түүнд хүчийг дахин өгөх болно;
17 Мөн хэрэв Бурхан хүчийг түүнд дахин өгөх аваас, эсвээс хэрэв тэр дахин орчуулбал, эсвээс, өөрөөр хэлбэл, хэрэв тэрээр мөн нөгөөх адил үгсийг авчирваас, болгоогтун, мөн тэр нь бидэнд байгаа, мөн тэдгээрийг бид өөрчилсөн билээ;
18 Тиймийн тул тэдгээр нь хоорондоо таарахгүй, мөн тэрээр өөрийн үгээр худал хэлсэн, мөн түүнд бэлэг байхгүй, мөн түүнд хүч байхгүй хэмээн бид хэлэх болно;
19 Тиймийн тул бид түүнийг, мөн тэр ажлыг ч бас устгах болно; мөн бид эцэст нь ичгэвэрт байдалд орохгүйн тулд, мөн дэлхийн алдар сууг олж болохын тулд бид үүнийг хийх болно.
20 Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, Сатан тэдний зүрх сэтгэлийг ихээр эзэмшжээ; тэрээр сайн болох тэрхүү зүйлийн эсрэг тэднийг алдаст өдөөн хатгадаг буюу;
21 Мөн тэдний зүрх сэтгэл гажуудан, мөн ёс бус бас жигшүүрт хэргүүдээр дүүрчээ; мөн тэд гэрлээс илүүгээр харанхуйд дурладаг, учир нь тэдний үйлс хилэнцэт бөлгөө; тиймийн тул тэд надаас асуух нь үгүй.
22 Сатан тэдний сүнснүүдийг устгалд хөтөлж болохын тулд тэрээр тэднийг өдөөн хатгадаг.
23 Мөн ийнхүү тэрээр Бурханы ажлыг устгахыг бодон, зальт төлөвлөгөө боловсруулаад байна; гэвч би тэдний гарт үүний хариуцлагыг хүлээлгэх болно, мөн энэ нь шүүлтийн өдөрт тэднийг шившиг болон буруутгалд хүргэнэ.
24 Тийм ээ, тэр энэ ажлын эсрэг тэдний зүрх сэтгэлийг хилэгнүүлэхээр өдөөн хатгаж байна.
25 Тийм ээ, тэрээр тэдэнд хандан: Та нар устгаж болохын тулд барьж авахаар отон хүлээж, мэхлэн худал хэл; болгоогтун, энэ нь гэм хоргүй хэмээн хэлнэ. Мөн ийнхүү тэрээр тэднийг зусардан, мөн тэд хүнийг худал үгсэд нь барьж болохын тулд, тэд түүнийг устгаж болохын тулд, худал хэлэх нь нүгэл биш хэмээн хэлдэг.
26 Мөн тэрээр тэднийг ийнхүү зусардан, мөн тэдний сүнснүүдийг там руу доош нь чирч оруулах хүртлээ тэднийг удирддаг; мөн ийнхүү тэрээр тэднийг өөрсдийн урхиндаа өөрсдийгөө барихаар болгодог.
27 Мөн ийнхүү тэрээр хүмүүсийн сүнснүүдийг устгахыг эрэлхийлэн, дэлхийгээр дээш доош, нааш цааш холхидог буюу.
28 Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, өөр нэг нь мэхлэхийн тулд худал хэлдэг гэж боддог учраас өөрөө мэхлэхийн тулд худал хэлдэг түүнд халаг, учир нь ийм нь Бурханы шударга ёсноос тусгай байхгүй.
29 Эдүгээ, болгоогтун, тэд эдгээр үгийг өөрчилсөн байна, учир нь Сатан тэдэнд: Тэрээр та нарыг мэхэлжээ хэмээн хэлж, мөн тийнхүү тэрээр тэднээр алдсыг үйлдүүлж, Их Эзэн Бурханыг чинь чамаар сориулахын тулд тэднийг зусардаж байна.
30 Болгоогтун, гараас чинь алдагдсан тэдгээр үгийг чи дахин орчуулах ёсгүй гэдгийг би чамд хэлж байна;
31 Учир нь, болгоогтун, тэр үгсийн эсрэг худал хэлснээр тэд хилэнцэт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нь үгүй. Учир нь, болгоогтун, хэрэв чи яг адил үгсийг авчрах аваас тэд чамайг худал хэллээ, мөн чамайг орчуулах дүр эсгэсэн, гэтэл өөрийнх нь үгс зөрчилдөж байна хэмээн хэлэх болно.
32 Мөн, болгоогтун, тэд үүнийг нийтлүүлэх болно, мөн Сатан хүмүүсийг чиний эсрэг уурлуулахаар өдөөн хатгахын тулд зүрх сэтгэлийг нь хатууруулж, тэгснээр тэд миний үгсэд үл итгэх болно.
33 Тийнхүү Сатан уг ажил энэ үед ирэхгүй байж болохын тулд, энэ үе дэх чиний гэрчлэлийг ялан дийлэхийг бодож байна.
34 Гэвч болгоогтун, мэргэн ухаан нь энэ, мөн би чамд мэргэн ухааныг үзүүлж, мөн эдгээр зүйлийн талаар чи юу хийх ёстой тухай зарлигуудыг бибээр чамд өгч буйн дагуу, чи орчуулах ажлаа дуустал үүнийг дэлхийд бүү үзүүл.
35 Мэргэн ухаан нь энэ, үүнийг дэлхийд бүү үзүүл хэмээн намайг чамд хэлсэнд бүү гайх—учир нь чи хамгаалагдаж болохын тулд, үүнийг дэлхийд бүү үзүүл хэмээн би хэлсэн билээ.
36 Болгоогтун, үүнийг зөв шударга хүмүүст бүү үзүүл хэмээн би хэлээгүй байна;
37 Гэвч чи зөв шударга хүмүүсийг ямагт танин шүүж эс чадах учир, эсвээс зөв шударга хүмүүсээс ёс бусыг үйлдэгчдийг ямагт ялгаж эс чадах учир, тиймийн тул, би чамд хэлнэ, уг асуудлын талаар бүх зүйлийг дэлхийд мэдүүлэх нь зохимжтой хэмээн би үзэх хүртэл дуугүй байгтун.
38 Мөн эдүгээ, үнэнээр би чамд хэлнэ, чиний бичсэн, гараас чинь алдагдсан тэдгээр зүйлийн шастир нь Нифайн ялтаснууд дээр сийлбэрлэгдсэн буй;
39 Тийм ээ, Нифайн ялтаснууд дээр эдгээр зүйлийн талаар илүү тодорхой шастир өгөгдсөн тухай тэдгээр бичээст өгүүлэгдсэн гэдгийг чи санах болно.
40 Мөн эдүгээ, Нифайн ялтаснууд дээр сийлбэрлэгдсэн тэрхүү шастир нь, миний мэргэн ухааны дагуу, энэ шастираар хүмүүсийн мэдлэгт хүргэхээр миний хүсэх тэдгээр зүйлийн хувьд илүү тодорхой учир—
41 Тиймийн тул, чи Нифайн ялтаснууд дээрх сийлбэрүүдийг, бүр доош хаан Бенжамины хаанчлалын үед ирэх хүртэл, эсвээс өөрийнхөө орчуулсан, өөртөө үлдээсэн тэр хэсэгт ирэх хүртэл орчуулах ёстой;
42 Мөн болгоогтун, чи үүнийг Нифайн цэдэг гэж нийтлүүлэх болно; мөн миний үгсийг өөрчилсөн тэднийг би ийнхүү ялан дийлнэ.
43 Тэд миний ажлыг устгахыг би зөвшөөрөхгүй; тийм ээ, миний мэргэн ухаан бол чөтгөрийн заль мэхээс илүү агуу гэдгийг би тэдэнд үзүүлэх болно.
44 Болгоогтун, тэд зөвхөн нэг хэсгийг, өөрөөр хэлбэл Нифайн шастирын хураангуйллыг авсан болой.
45 Болгоогтун, миний сайн мэдээний тухайд агуу ойлголтуудыг өгдөг олон зүйл Нифайн ялтаснууд дээр сийлбэрлэгдсэн байгаа; тиймийн тул, Нифайн сийлбэрүүдийн энэ эхний хэсгийг чи орчуулж, мөн энэ ажилд хавсарган нийтлүүлэх ёстой нь надад буй мэргэн ухаан бөлгөө.
46 Мөн, болгоогтун, энэ ажлын бүх үлдсэн хэсэг нь миний ариун бошиглогчдын, тийм ээ, мөн тэрчлэн миний шавь нарын энэ хүмүүст ирээсэй хэмээн залбирлууддаа хүссэн, миний сайн мэдээний тэдгээр бүх хэсгийг агуулдаг авай.
47 Мөн тэдний залбирлууд дахь итгэлийнх нь дагуу тэдэнд соёрхогдох болно гэдгийг би тэдэнд хэлсэн бөлгөө;
48 Тийм ээ, тэдний итгэл нь энэ байв—өөрсдийнхөө өдрүүдэд номлож болохын тулд, тэдэнд миний өгсөн миний сайн мэдээ, тэдний ах дүүс леменчүүдэд, мөн түүнчлэн хагарал тэмцлийнхээ улмаас леменчүүд болсон тэд бүгдэд ирж болохын төлөө байв.
49 Эдүгээ, энэ нь бүгд биш—тэдний залбирлууд дахь тэдний итгэл нь, хэрэв бусад үндэстэн энэ газар нутгийг эзэмших боломжтой аваас энэхүү сайн мэдээ тэрчлэн мэдүүлэгдэхийн төлөө байв;
50 Мөн ийнхүү тэд залбирлууддаа, энэ газар нутаг дээр энэ сайн мэдээнд итгэсэн хэн боловч мөнх амьдралыг авч болох нэгэн адислалыг энэ газар нутаг дээр үлдээсэн бөлгөө;
51 Тийм ээ, энэ нь ямар ч үндэстэн, ястан, хэлтэн эсвээс ард түмэн байлаа гэсэн, бүгдэд чөлөөтэй байж болохын тулд буюу.
52 Мөн эдүгээ, болгоогтун, тэдний залбирлууд дахь итгэлийнх нь дагуу би сайн мэдээнийхээ энэ хэсгийг өөрийнхөө хүмүүсийн мэдлэгт авчрах болно. Болгоогтун, тэдний хүлээн авсан тэрнийг би устгахаар бус, харин үүнийг өсгөн бэхжүүлэхээр авчирдаг.
53 Мөнхүү энэ шалтгааны учир би хэлсэн билээ: Хэрэв энэ үеийнхэн зүрх сэтгэлээ эс хатууруулах аваас, би өөрийнхөө сүмийг тэдний дунд үндэслэн байгуулах болно.
54 Эдүгээ өөрийн сүмийг устгахын тулд би үүнийг хэлээгүй, харин би өөрийн сүмийг өсгөн бэхжүүлэхийн тулд ийн хэлж байна;
55 Тиймийн тул, миний сүмд харьяалагдах хэн боловч, эмээх хэрэггүй, учир нь тэд тэнгэрийн хаант улсыг өвлөх болно.
56 Гэвч надаас үл эмээж, бас зарлигуудыг минь ч эс дагаж, харин өөрсдөдөө баялаг олохын тулд сүмүүдийг байгуулдаг тэд нь, тийм ээ, мөн ёс бусыг үйлдэж мөн чөтгөрийн хаант улсыг байгуулдаг тэд бүгд нь—тийм ээ, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, миний түйвээх, мөн голдоо ортол чичрэн салгалахаар болгох нь тэд буюу.
57 Болгоогтун, би бол Есүс Христ, Бурханы Хүү. Би өөрийнхөндөө ирсэн, харин өөрийнхөн маань намайг хүлээн авсангүй.
58 Би бол харанхуйд цацрагч гэрэл бөгөөд харанхуй нь үүнийг ухаарах нь үгүй.
59 Би—Энэ сүргийнх бус өөр хоньд надад бий—хэмээн шавь нартаа хэлсэн тэр нь билээ, мөн намайг ойлгоогүй нь олон байв.
60 Мөн надад өөр хоньд байсан мөн тэд Иаковын угсааны мөчир байсан гэдгийг би энэ хүмүүст үзүүлэх болно;
61 Мөн миний нэрээр хийсэн тэдний гайхамшигт ажлуудыг би гэрэлд гаргах болно;
62 Тийм ээ, тэдэнд тохинуулагдсан өөрийнхөө сайн мэдээг би гэрэлд түүнчлэн гаргах болно, мөн болгоогтун, тэдгээр нь чиний хүлээн авсныг үгүйсгэх нь үгүй, харин тэдгээр нь үүнийг өсгөн бэхжүүлэх болно, мөн миний сургаалын үнэн зөв хэсгүүдийг, тийм ээ, надад орших цорын ганц тэрхүү сургаалыг гэрэлд гаргах болно.
63 Мөн бибээр өөрийн сайн мэдээг тогтоож болохын тулд, маш их зөрчилдөөн байхгүй байхын тулд үүнийг хийх бөлгөө; тийм ээ, Сатан миний сургаалын заалтуудын талаар хүмүүсийн зүрх сэтгэлийг зөрчилдөөнд өдөөн хатгадаг билээ; мөн эдгээр зүйлд тэд алдаа гаргадаг, учир нь тэд судруудыг гуйвуулж мөн тэдгээрийг ойлгодоггүй билээ.
64 Тиймийн тул, би энэ агуу нууцыг тэдэнд задлах болно;
65 Учир нь, болгоогтун, хэрэв тэд зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас, тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг би тэднийг цуглуулах болно;
66 Тийм ээ, хэрэв тэд ирэхийг хүсэх аваас, тэд ирж, мөн амьдралын уснаас чөлөөтэй хүртэж болно.
67 Болгоогтун, энэ бол миний сургаал—наманчилж мөн надад ирэх хэн боловч, мөнхүү тэр нь миний сүмийнх мөн.
68 Үүнээс илүүг эсвэл дутууг тунхаглах хэн боловч мөн тэр нь надаас биш, харин миний эсрэг юм; тиймийн тул тэрээр миний сүмийнх биш.
69 Мөн эдүгээ, болгоогтун, миний сүмийнх, мөн эцсээ хүртэл тэвчдэг миний сүмийн хэнийг боловч, түүнийг би өөрийн хадан дээр суурилуулах болно, мөн тамын үүд тэднийг дийлэх нь үгүй.
70 Мөн эдүгээ, дэлхийн амь ба гэрэл, чиний Гэтэлгэгч, чиний Их Эзэн мөн чиний Бурхан болох түүний үгсийг санагтун. Амен.