Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 110


Хэсэг 110

1836 оны дөрөвдүгээр сарын 3-нд Охайогийн Көртланд дахь ариун сүмд бошиглогч Иосеф Смит мөн Оливер Каудерид үзүүлэгдсэн үзэгдлүүд оршвой. Уг үйл явдал нь Хүндэтгэлийн өдрийн цуглаан байлаа. Иосеф Смитийн түүхэнд: “Энэ өдөр ариун ёслолын ширээний дэргэд ажиллах нь тэдний онцгой боломж байсан Арван хоёроос Их Эзэний Зоогийг хүлээж аван, үүнийг Сүмд түгээхэд нь би үдээс хойш бусад ерөнхийлөгчид тусалж байлаа. Ах нартаа энэ үйлчлэлийг гүйцэтгэсний дараа, индэрт эргэж ирсэн ба хөшиг доош буусан байв, мөн бибээр Оливер Каудерийн хамт онцгой хүндэтгэлийн ба чимээгүй залбиралд өвдөг сөхрөв. Залбирлаас босож ирсний дараа бид хоёрт дараах үзэгдэл нээгдсэн болой” хэмээн өгүүлжээ.

1–10, Их Эзэн Иехова сүр жавхлантайгаар үзэгдэж мөн Көртландын Ариун Сүмийг Өөрийн өргөө болгон хүлээж авав; 11–12, Мосе мөн Елиас тус бүр үзэгдэж мөн өөрсдийн түлхүүрүүдийг бас эрин үеүдийг даатгав; 13–16, Елиа эргэж ирэн мөн Малахигаар амлагдсанчлан, өөрийн эрин үеийн түлхүүрүүдийг даатгав.

1 Хөшиг нь бидний оюунаас авагдаж, мөн бидний ойлголтын мэлмий нээгдсэн байлаа.

2 Индрийн дээр, бидний өмнө зогсож буй Их Эзэнийг бид харав; мөн түүний хөлөн дор хуван шар өнгөтэй шижир алтаар бүрсэн тавцан байлаа.

3 Түүний мэлмий галын дөл адил байв; тэргүүнийх нь үс цэвэрхэн цас мэт цав цагаан байв; түүний төрх байдал нарны гэрлээс ч илүү хурцаар гялалзаж байлаа; мөн дуу хоолой нь, бүр Иеховагийн дуу хоолой нь хуйлрах агуу их усны чимээ мэт байж, ийн өгүүлэв:

4 Бибээр эхнийх мөн эцсийнх болой; бибээр амьдардаг тэр болой, би бол алагдсан тэр бөлгөө; бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ.

5 Болгоогтун, нүглүүд чинь өршөөгдсөн болой та хоёрт; миний өмнө цэвэр болой та хоёр; тиймийн тул, тэргүүнээ өргөж мөн баясагтун.

6 Ах дүүсийн чинь зүрх сэтгэл баясаг, мөн өөрсдийн хүчин чадлаар энэ өргөөг миний нэрийн төлөө барьсан миний бүх хүний зүрх сэтгэл баясаг.

7 Учир нь болгоогтун, би энэ өргөөг хүлээж авлаа, мөн миний нэр энд байх болно; мөн бибээр энэ өргөөнд өөрийн хүмүүст нигүүлсэлд өөрийгөө үзүүлэх болно.

8 Тийм ээ, хэрэв миний хүмүүс зарлигуудыг минь сахиж, мөн энэ ариун өргөөг бохирлохгүй байх аваас, би өөрийн үйлчлэгчдэд үзэгдэж мөн тэдэнтэй өөрийн дуу хоолойгоор ярих болно.

9 Тийм ээ, юүлэгдэх адислалуудын, мөн энэ өргөөнд миний үйлчлэгчдэд хүртээгдсэн хишгүүдийн улмаас мянга мянгын мөн хэдэн арван мянгын зүрх сэтгэл агуу ихээр баясах болно.

10 Мөн энэ өргөөний алдар нэр алс холын нутгуудад тархах болно; мөн энэ нь миний хүмүүсийн тэргүүн дээр юүлэгдэх адислалын эхлэл бөлгөө. Бүр тийм буюу. Амен.

11 Энэ үзэгдэл хаагдсаны дараа, тэнгэр бидэнд дахин нээгдэв; мөн Мосе бидний өмнө үзэгдэн, мөн умардын нутгаас арван овгийг удирдах мөн дэлхийн дөрвөн зүгээс Израилыг цуглуулах түлхүүрүүдийг бидэнд даатгав.

12 Үүний дараа Елиас үзэгдэн, мөн бид болон бидний дараах бүх үр удам маань адислагдах болно гэдгийг хэлэн Абрахамын сайн мэдээний эрин үеийг даатгав.

13 Энэ үзэгдэл хаагдсаны дараа, өөр нэгэн агуу ба сүр жавхлант үзэгдэл бидэнд үзүүлэгдэв; учир нь үхлийг амсалгүйгээр тэнгэрт аваачигдсан бошиглогч Елиа бидний өмнө зогсож байв, мөн ийн хэлэв:

14 Болгоогтун, Их Эзэний агуу мөн аймшигт өдөр ирэхийн өмнө тэр [Елиа] илгээгдэх болно хэмээн нотолж—Малахийн амаар яригдсан тэрхүү цаг бүрнээрээ ирлээ—

15 Бүхэл дэлхий зүхлээр арчигдахгүйн тулд эцэг өвгөдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь, мөн хүүхдүүдийнхийг эцэг өвгөд рүү нь эргүүлэхээр буюу—

16 Тиймийн тул, энэ эрин үеийн түлхүүрүүд та нарын гарт даатгагдлаа; мөн үүгээр та нар Их Эзэний агуу бөгөөд аймшигт өдөр ойрхон, бүр хаалган дээр ирээд байгааг мэдэж болох бөлгөө.