Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 113


Хэсэг 113

1838 оны гуравдугаар сард, Миссурийн Фар Вест орчимд, Исаиагийн бичээсүүдийн талаарх зарим асуултад бошиглогч Иосеф Смитээр өгөгдсөн хариултууд оршвой.

1–6, Иессийн гол иш, түүнээс урган гарах салаа, мөн Иессийн үндэс тодорхойлогдов; 7–10, Сионы тараагдсан үлдэгсэд санваарыг хүртэх эрхтэй бөгөөд Их Эзэнд эргэж ирэхээр дуудагдав.

1 Исаиагийн 11-р бүлгийн 1, 2, 3, 4 мөн 5-р шүлэгт дурдагддаг Иессийн гол иш хэн бэ?

2 Үнэнээр Их Эзэн ийн хэлдэг: Энэ бол Христ бөлгөө.

3 Исаиагийн 11-р бүлгийн нэгдүгээр шүлэгт дурдагддаг, Иессийн гол ишнээс ургах тэр салаа юу вэ?

4 Болгоогтун, ийн Их Эзэн хэлдэг: Энэ бол Христийн гар дахь нэг үйлчлэгч бөлгөө, Иессийн мөн түүнчлэн Ефраимын, эсвээс Иосефын угсааны хагас удам болох, дээр нь их хүч тавигдсан тэр буюу.

5 11-р бүлгийн 10-р шүлэгт дурдагддаг Иессийн үндэс юу вэ?

6 Болгоогтун, ийн Их Эзэн хэлж байна: Энэ бол Иессийн мөн түүнчлэн Иосефын удмын хүн билээ, мөн туг байхын тулд, мөн эцсийн өдрүүдэд миний хүмүүсийн цугларалтын тулд санваар болон хаант улсын түлхүүрүүд түүнд зүй ёсоор харьяалагддаг буюу.

7 Елиас Хигбигийн асуултууд: Исаиагийн 52-р бүлэг, нэгдүгээр шүлэгт: Хүчээ авагтун, ай Сион—хэмээх зарлиг ямар учиртай вэ? Мөн Исаиа ямар хүмүүсийг хэлж байсан бэ?

8 Эцсийн өдрүүдэд Бурханы дуудах тэднийг, дахин Сионыг мөн Израилын гэтэлгэлийг авчрах санваарын хүчийг атгах тэднийг тэрээр дурджээ; мөн хүчээ авагтун гэдэг нь тэр Сион удам угсаагаараа эрхтэй байдаг санваарын эрх мэдлийг авна гэсэн үг юм; тэрчлэн алдсан хүчиндээ эргэж ирэх болно гэсэн үг юм.

9 2-р шүлэг дэх, Сион хүзүүн дэх хүлээснээсээ өөрийгөө суллах гэдгээс бид юуг ойлгох ёстой вэ?

10 Тараагдсан үлдэгдэл нь, хаана унасан тэндээсээ, Их Эзэнд эргэж ирэхээр ухуулагдана хэмээн бид ойлгох ёстой; хэрэв тэд үүнийг хийх аваас, тэрээр тэдэнд ярих юм уу тэдэнд илчлэл өгнө хэмээн Их Эзэн амласан болой. 6, 7, 8-р шүлгийг үз. Түүний хүзүүний хүлээс нь түүн дээрх Бурханы зүхэл буюу Израилын үлдэгдлүүд харийнхны дунд тараагдсан байдал болой.