Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 115


Хэсэг 115

1838 оны дөрөвдүгээр сарын 26-нд Миссурийн Фар Вестэд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн, уг газрыг тохинуулан бэхжүүлэх тухай болон Их Эзэний өргөө барих талаарх Бурханы тааллыг мэдэгдсэн илчлэл оршвой. Энэхүү илчлэл Сүмийн тэргүүлэх албан тушаалтнуудад болон гишүүдэд өгөгджээ.

1–4, Их Эзэн Өөрийн сүмийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэв; 5–6, Сион болон түүний гадаснууд гэгээнтнүүдийн хамгаалалтын мөн хоргодох газрууд болой; 7–16, Гэгээнтнүүд Фар Вестэд Их Эзэний өргөө барихаар зарлигдуулав; 17–19, Иосеф Смит дэлхий дээрх Бурханы хаант улсын түлхүүрүүдийг атгадаг.

1 Үнэнээр Их Эзэн өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смит чамд, мөн тэрчлэн өөрийн үйлчлэгч Сидней Ригдон, мөн тэрчлэн өөрийн үйлчлэгч Хайрум Смит, мөн одоо байгаа болон үүнээс хойш томилогдох та нарын зөвлөхүүдэд ийн хэлж байна;

2 Мөн тэрчлэн миний үйлчлэгч Эдвард Партриж чамд, мөн түүний зөвлөхүүдэд буюу;

3 Мөн тэрчлэн Сион дахь миний сүмийн дээд зөвлөлийнх болох миний үнэнч үйлчлэгчдэд буюу, учир нь энэ нь ийн нэрлэгдэх болно, мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн минь бүх дэлхий даяар алс холд тараагдсан бүх ахлагч болон хүмүүст буюу;

4 Учир нь эцсийн өдрүүдэд миний сүм ийн, бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэгдэх болно.

5 Үнэнээр би та бүгдэд хэлж байна: Та нарын гэрэл үндэстнүүдэд туг байж болохын тулд босож мөн урагш гэрэлтүүл;

6 Мөн Сионы газар нутагт, мөн түүний гадаснуудад хамтдаа цуглах нь батлан хамгаалалт байж болохын тулд, мөн шуурганаас, мөн хилэгнэл нь хольцгүйгээр бүхэл дэлхий дээр юүлэгдэх үед үүнээс хоргодох газар байж болохын тулд буюу.

7 Фар Вест хот, надад ариун бөгөөд зориулан адислагдсан газар байг; мөн энэ нь хамгийн ариун хэмээн нэрлэгдэх болно, учир нь дээр нь та нарын зогсож буй газар бол ариун бөлгөө.

8 Тиймийн тул, миний гэгээнтнүүд хамтдаа цуглаж, тэд намайг шүтэн биширч болохын тулд, надад өргөө барихыг би та нарт зарлиглаж байна.

9 Мөн энэ ажлын эхлэл, суурь мөн бэлтгэл ажил нь энэ ирэх зун болог;

10 Мөн эхлэл нь ирэх долоодугаар сарын дөрөвдүгээр өдөр хийгдэг; мөн тэр цагаас хойш миний хүмүүс миний нэрийн төлөө өргөө барихаар хичээнгүйлэн хөдөлмөрлөг;

11 Мөн энэ өдрөөс хойш нэг жилийн дараа тэд миний өргөөний суурийг дахин тавьж эхлэг.

12 Ийн тэд тэр цагаас хойш, үүний тулгуурын чулуунаас оройг нь хүртэл, дуусаагүй юм юу ч үлдэхгүй байх хүртэл, энэ нь дуустал хичээнгүйлэн хөдөлмөрлөг.

13 Үнэнээр би та нарт хэлж байна, миний үйлчлэгч Иосеф ч, мөн миний үйлчлэгч Сидней ч, мөн миний үйлчлэгч Хайрум ч, миний нэрийн төлөө өргөө барихын тулд дахиад өрөнд бүү орог;

14 Харин тэдэнд миний үзүүлэх тэр загварын дагуу миний нэрэнд өргөө баригдаг.

15 Мөн хэрэв миний хүмүүс, тэдний ерөнхийлөгчийн зөвлөлд миний үзүүлэх загварын дагуу барихгүй аваас, би үүнийг тэдний гараас хүлээж авах нь үгүй.

16 Харин хэрэв миний хүмүүс тэдний ерөнхийлөгчийн зөвлөлд, бүр миний үйлчлэгч Иосефт болон түүний зөвлөхүүдэд миний үзүүлэх загварын дагуу үүнийг барих аваас, тэгвэл би үүнийг өөрийн хүмүүсийн гараас хүлээж авах болно.

17 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, Фар Вестийн хот миний гэгээнтнүүдийн цугларалтаар үтэр түргэн баригдах нь миний таалал билээ;

18 Мөн тэрчлэн тэдгээр нь миний үйлчлэгч Иосеф Смитэд цагаас цагт үзүүлэгдэхийн дагуу, эргэн тойрны бүс нутгуудад бусад газар гадаснуудад зориулагдан тогтоогдох нь буюу.

19 Учир нь болгоогтун, би түүнтэй хамт байх болно, мөн би түүнийг хүмүүсийн өмнө ариусгах болно; учир нь энэ хаант улс бөгөөд тохинууллын түлхүүрүүдийг би түүнд өгсөн билээ. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх