Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 119


Хэсэг 119

1838 оны долоодугаар сарын 8-нд Миссурийн Фар Вестэд, “Ай Их Эзэн минь, та өөрийн хүмүүсийн өмч хөрөнгөөс аравны нэгийн тул хэчнээнийг шаардахыг өөрийн үйлчлэгч нарт үзүүлнэ үү” хэмээсэн түүний даруухан залбирлын хариуд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Өнөөдөр ойлгодгоор, аравны нэгийн хууль нь энэ илчлэлээс өмнө Сүмд өгөгдөөгүй байсан ажээ. Уг залбиралд мөн өмнөх илчлэлүүдэд Аравны нэг гэж эш татагдсан нэр томьёо нь (64:23; 85:3; 97:11), зөвхөн аравны нэг төдийгүй харин Сүмийн санд оруулах бүх сайн дурын өргөл эсвээс хандивууд гэсэн утгатай байжээ. Их Эзэн өмнө нь зориулалтын хууль болон өмч хөрөнгийг даамлаар хариуцах хуулийг Сүмд өгсөн бөгөөд гишүүд (ихэвчлэн тэргүүлж буй ахлагчид) үүрдийнх байх гэрээгээр энэ хуулиудад орсон байлаа. Энэ гэрээг дагах нь олны хувьд бүтэлгүй байсны улмаас Их Эзэн үүнийг түр хугацаагаар буцаан татаж, мөн оронд нь аравны нэгийн хуулийг Сүм даяар өгчээ. Тэдний өмч хөрөнгийн хэчнээнийг нь Тэрээр ариун нандин зорилгуудын тулд шаарддагийг бошиглогч Их Эзэнээс асуужээ. Хариулт нь энэ илчлэл байлаа.

1–5, Гэгээнтнүүд өөрсдийн илүүдэл өмч хөрөнгийг төлж мөн тэгээд аравны нэг болгон жил тутмын ашиг орлогынхоо аравны нэгийг өгөх ёстой; 6–7, Энэ үйл явц нь Сионы нутгийг ариусгах болно.

1 Үнэнээр ийн Их Эзэн хэлж байна, тэдний бүх илүүдэл өмч хөрөнгө Сион дахь миний сүмийн бишопын гарт тавигдахыг би шаардаж байна,

2 Миний өргөөг барихын тулд, мөн Сионы суурийг тавихын тулд мөн санваарын тулд, мөн миний Сүмийн Ерөнхийлөгчийн зөвлөлийн өрийн тулд болой.

3 Мөн энэ нь миний хүмүүсийн аравны нэгийн эхлэл болох болно.

4 Мөн үүний дараа, ийнхүү аравны нэгийг төлсөн тэд жил тутмын ашиг орлогынхоо аравны нэг хэсгийг төлөх ёстой; мөн энэ нь миний ариун санваарын тулд тэдэнд үүрд үйлчлэх хууль байх ёстой хэмээн Их Эзэн хэлж байна.

5 Үнэнээр би та нарт хэлнэ, улиран тохиох дор Сионы нутагт цуглах тэд бүгд илүүдэл өмч хөрөнгөөсөө аравны нэгийг нь төлөх ёстой, мөн энэхүү хуулийг сахих болно, эс бөгөөс тэд та нарын дунд орших нь зохистой бус байх болно.

6 Мөн бибээр та нарт хэлнэ, хэрэв миний хүмүүс энэ хуулийг үл сахин, үүнийг ариунаар нь хадгалахгүй аваас, мөн миний дүрмүүд болон шүүлтүүд үүн дээр сахигдаж байхын тулд, энэ нь хамгаас ариун байж болохын тулд энэ хуулиар Сионы нутгийг надад ариусгахгүй аваас, болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, энэ нь та нарт Сионы нутаг байх нь үгүй бөлгөө.

7 Мөн энэ нь Сионы бүх гадсанд үлгэр жишээ байх болно. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх