Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 122


Хэсэг 122

Миссурийн Либерти шоронд хоригдож байхад нь бошиглогч Иосеф Смитэд хандсан Их Эзэний үг оршвой. Энэ хэсэг нь 1839 оны гуравдугаар сарын 20-нд Сүмд хандан бичсэн захидлаас эш татсан хэсэг юм (121-р хэсгийн оршлыг үз).

1–4, Дэлхийн хязгаарууд Иосеф Смитийн нэрийг асуун сураглах болно; 5–7, Түүний бүхий л аюул осол болон зовлон зүдгүүрүүд түүнд туршлага суулгаж, мөн түүний сайн сайхны төлөө байх болно; 8–9, Хүний Хүү тэр бүхнээс дордыг үзсэн болой.

1 Дэлхийн хязгаарууд чиний нэрийг асууж сураглах болно, мөн мунхгууд чамайг элэг доог болгох болно, мөн там чиний эсрэг догшрон хилэгнэх болно;

2 Нөгөө талаар зүрх сэтгэлдээ цэвэр ариун мөн ухаалаг бас шударга, мөн ариун журамтай тэд чиний гар дороос зөвлөгөө, мөн эрх мэдэл, бас адислалуудыг байнга эрэлхийлэх болно.

3 Мөн чиний хүмүүс урвагчдын гэрчлэлээр чиний эсрэг хэзээ ч сөрөх нь үгүй.

4 Мөн тэдний нөлөө чамайг төвөг бэрхшээлд, мөн торонд болон хананд хаях хэдий ч, чи нэр хүндтэй байх болно; мөн харин багахан хугацаанаас бусад үед чиний дуу хоолой, зөв шударгын чинь учир дайснуудын чинь дунд догшин арслангаас илүү аймшигтай байх болно; мөн чиний Бурхан дэргэд чинь үүрд мөн мөнхөд зогсох болно.

5 Хэрэв чи гай зовлон дундуур туулахаар дуудагдсан аваас; хэрэв чи хуурамч ах дүүсийн дунд аюулд байгаа аваас; хэрэв чи дээрэмчдийн дунд аюулд байгаа аваас; хэрэв чи газраар, эсвээс далайд аюулд байгаа аваас;

6 Хэрэв чи бүхий л төрлийн хуурмаг ялаар буруушаагдсан аваас; хэрэв дайснууд чинь чам руу дайрах аваас; хэрэв тэд чамайг эцэг эх мөн ах, эгч дүүсээс чинь салгах аваас; мөн хэрэв илдээ сугалсан дайснууд чинь чамайг эхнэрийн чинь мөн үр хүүхдийн чинь дэргэдээс салгаж, мөн ердөө зургаахан настай ууган хүү чинь хувцсанд чинь наалдан, Аав минь, аав минь та яагаад бидэнтэй хамт үлдэж болохгүй байгаа юм бэ? Ай аав минь, тэр хүмүүс таныг яах гэж байгаа юм бэ? гэж хэлэх аваас, мөн тэгээд хэрэв тэрээр илдээр чамаас тусгаарлагдан, мөн чи шоронд хүчээр чирэгдэн очих аваас, бас хурганы цусыг хүсэх чононууд адил дайснууд чинь чиний эргэн тойронд гэтэх аваас;

7 Мөн хэрэв чи нүхэнд, эсвээс алуурчдын гарт хаягдан, чамд үхлийн ялыг оноох аваас; хэрэв чи гүнд хаягдах аваас; хэрэв хүрхрэх далайн давалгаа чиний эсрэг хуйвалдах аваас; хэрэв догшин салхи чиний дайсан болох аваас; хэрэв тэнгэр хар барааныг цуглуулж, мөн бүх элементүүд замыг хаахаар нэгдэх аваас; мөн бүхнээс илүүгээр, хэрэв тамын эрүү чиний араас амаа томоор ангайлгах аваас, эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг мэдэгтүн, хүү минь.

8 Хүний Хүү тэр бүхнээс дордыг үзсэн болой. Чи түүнээс илүү агуу гэж үү?

9 Тиймийн тул, зам дээрээ үргэлжлүүл, мөн санваар чамтай хамт үлдэх болно; учир нь тэдний хязгаар тогтоогдсон болой, тэд хэтрүүлж чадахгүй. Чиний өдрүүд мэдэгдсэн билээ, мөн чиний он жилүүд цөөхөн болгогдохгүй; тиймийн тул, хүний хийж чадах юмаас бүү эмээ, учир нь Бурхан чамтай үүрд мөн мөнхөд хамт байх болно.

Хэвлэх