Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 123


Хэсэг 123

Миссурийн Либерти шоронд хоригдол байх үед нь бошиглогч Иосеф Смитээр бичиглэгдсэн, өөрсдийг нь хавчин дарлагчдын талаар гэгээнтнүүдэд өгөгдсөн үүрэг оршвой. Энэ хэсэг нь 1839 оны гуравдугаар сарын 20-нд Сүмд хандан бичсэн захидлаас эш татсан хэсэг юм (121-р хэсгийн оршлыг үз).

1–6, Гэгээнтнүүд өөрсдийн зовлонгууд мөн хавчлагуудын түүхийг цуглуулж мөн нийтлүүлэх ёстой; 7–10, Хуурамч сүсэг бишрэлийг бий болгосон тэрхүү сүнс тэрчлэн гэгээнтнүүдийн хавчлагыг удирддаг; 11–17, Бүх урсгалын дундаас олон нь үнэнийг хожим хүлээн авах болно.

1 Мөн түүнчлэн, гэгээнтнүүд энэ Муж улсын хүмүүсийн өөрсөд дээр нь авчирсан зовлон зүдгүүрүүд болон доромжлолууд, мөн бүх болсон явдлын мэдээллийг цуглуулах нь зүйтэй болохыг анхааралдаа авахыг бид санал болгомоор байна;

2 Мөн тэрчлэн бүх өмч хөрөнгийн мөн биеийн болон нэр хүндийн аль алиных нь хохирол гэмтлүүд, бас үл хөдлөх хөрөнгийн хохирлын тоо хэмжээг буюу;

3 Мөн тэрчлэн тэд олж авч, мэдэж чадахын хэрээр өөрсдийг нь доромжлоход гар бие оролцсон бүх хүний нэрсийг цуглуулах нь буюу.

4 Мөн магадгүй, эдгээр зүйлийг олж мэдэх мөн гэрчийн нотолгоонууд болон албан мэдүүлгүүдийг авах нэг хороо томилогдох нь; мөн тэрчлэн эдүгээ тараад байгаа гүжир гүтгэлгийн нийтлэлүүдийг цуглуулах нь буюу;

5 Мөн сэтгүүлүүдэд мөн толь бичгүүдэд байгаа бүгдийг, нийтлэгдсэн бас бичигдэж байгаа гүжир гүтгэлгийн бүх түүхийг, мөн хэн тэдгээрийг бичиж байгааг, мөн энэ хүмүүст үзүүлсэн хилэнцэт үйлс, бусармаг болон алан хядах ажиллагааны бүхий л цуглуулгыг толилуулах нь зүйтэй буюу—

6 Бид үүнийг бүх дэлхийд нийтлэх төдийгүй, бас түүнийг нуугдан байгаа газраас нь урагш дуудах тэрхүү амлалтыг бүрэн бас дүүрнээр нэхэхийнхээ өмнө, Тэнгэрлэг Эцэгийн биднээс шаардсан тэрхүү зүйлийн сүүлчийн хүчин чармайлт болгон, засгийн газрын тэргүүнүүдэд тэдгээрийн харанхуй мөн тамын төрхийг танилцуулж болохын тулд; мөн тэрчлэн тэрээр хүчирхэг мутрынхаа чадлыг урагш илгээхээс өмнө бүхэл үндэстэн зөвтгөх шалтгаангүй үлдэж болохын тулд буюу.

7 Энэ нь Бурханд, тэдэнтэй хамт зогсохоор бидний аваачигдах тэнгэр элч нарт, мөн түүнчлэн өөрсдөдөө, эхнэр болон хүүхдүүддээ үзүүлэх, бидэнд тохоогдсон зайлшгүй үүрэг хариуцлага билээ. Тэд маань тэрхүү сүнсний нөлөөгөөр тэтгэгдэн, мөн урамшуулагдаж бас хөхиүлэн дэмжигдсэн хамгийн ихээр зүхэм аллагын гар, харгислал мөн доромжлолын дор шаналал, зовнил, уй гашуутайгаар толгой гудайх болгогдсон юм. Тэр сүнс нь худал хуурмагийг өвлөн авсан өвөг дээдсийнх нь сүсэг бишрэлийг хүүхдүүдийн зүрх сэтгэлд ихэд хүчтэйгээр шигдээсэн, мөн дэлхийг төөрөгдлөөр дүүргэж, улам бүр хүчтэй болж байгаа, мөн эдүгээ бүхий л ялзралын чухамхүү эх үүсвэр болж байгаа тэрхүү сүнс билээ, мөн бүхэл газар дэлхий уг сүнсний алдсын хүндийн дор ёолж байна.

8 Энэ бол төмөр буулга болой; энэ бол бөх хүлээс бөлгөө; тэдгээр нь үнэхээр тамын гав, гинж, мөн дөнгө, мөн тушаа болой.

9 Тиймийн тул, энэ нь бидний зөвхөн эхнэр болон хүүхдүүддээ төдийгүй, түүнчлэн үүний төмөр нударган дор нөхрүүд болон эцгүүд нь алагдсан бэлэвсэн эхнэрүүд болон эцэггүй хүүхдүүдэд үзүүлэх, бидэнд тохоогдсон зайлшгүй үүрэг хариуцлага болой;

10 Энэ харанхуй ба доромжлолын үйлс нь тамыг өөрийг нь дагжин чичирч мөн хэрдхийн цочиж мөн зэвхий царайлан зогсоход, мөн чухам тэрхүү чөтгөрийн гар чичирч мөн салгалах болгоход хангалттай бөлгөө.

11 Мөн энэ нь тэрчлэн бидний бүх өсвөр үеийнхэнд, мөн зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд бүгдэд үзүүлэх, бидэнд тохоогдсон зайлшгүй үүрэг хариуцлага болой—

12 Өөрөөр хэлбэл дэлхий даяар бүх урсгал, бүлгүүд болон шашин шүтлэгүүдийн дунд, хүмүүсийн овжин заль мэхээр, мэхлэхээр нуугдан хүлээдэг заль мэхээр харалган болсон нь, мөн үнэнийг хаанаас олохоо мэддэггүйнхээ улмаас үүнээс хол байдаг нь олон буй—

13 Тиймийн тул, бид тэдгээрийн талаар мэдэхийн хэрээр харанхуйн бүх нуугдсан зүйлсийг гэрэлд авчрахад бид амьдралаа зориулж мөн элээх учиртай ажгуу; мөн тэдгээр нь үнэхээр тэнгэрээс үзүүлэгддэг болой—

14 Тэгээд эдгээрт их шаргуу байдлаар хандах ёстой.

15 Хэн ч тэдгээрийг жижиг зүйлс хэмээн бүү тооцог; учир нь эдгээр зүйлээс хамаарах, гэгээнтнүүдэд холбогдох, ирээдүйд байх их зүйл буй.

16 Маш том хөлөг онгоц ч шуурганы үед нэн жижигхэн залууртай байх нь, салхи болон давалгаатай зохицоход нь нэн их тустай байдгийг ах дүүс минь та нар мэднэ.

17 Тиймийн тул, эрхэм хайрт ах дүүс минь, өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийцгээе; мөн тэгээд бид Бурханы авралыг, мөн түүний мутар илчлэгдэхийг харахаар бат итгэлтэйгээр тайван зогсог.