Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 124


Хэсэг 124

1841 оны нэгдүгээр сарын 19-нд Иллинойн Наувуд бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэл оршвой. Өсөн нэмэгдэж буй хавчлага мөн төрийн ажилтнуудын тэдний эсрэг хууль бус явууллагын улмаас, Гэгээнтнүүдэд Миссурийг орхиж явахыг албадан тулгажээ. 1838 оны аравдугаар сарын 27-ны өдөр Миссурийн захирагч Лилбурн В.Боггсын гаргасан алан хядлагын тушаал тэдэнд сонгох өөр замыг олгосонгүй. Энэ илчлэл өгөгдсөн 1841 онд Иллинойд, Коммерс тосгон байсан газар дээр гэгээнтнүүд Науву хотыг барьж, мөн энд Сүмийн төв удирдлага байрласан байв.

1–14, Нэгдсэн Улсын ерөнхийлөгч, захирагчид мөн бүх үндэстний удирдагчдад сайн мэдээний чанд тунхаглалыг гаргахаар Иосеф Смит зарлиглуулав; 15–21, Хайрум Смит, Давид В.Паттен, Ахмад Иосеф Смит бөгөөд амьд болон нас барагсдын дунд буй бусад зарим хүн өөрсдийн шударга ёс ба ариун журмын учир адислагдсан болой; 22–28, Гаднаас ирэх хүмүүсийг байлгах байрыг мөн ариун сүмийг аль алиныг нь Наувуд барихаар гэгээнтнүүд зарлигдуулав; 29–36, Нас барагсдын өмнөөс хийлгэх баптисм ариун сүмүүдэд гүйцэтгэгддэг байх ёстой; 37–44, Их Эзэний хүмүүс ариун нандин ёслолуудыг гүйцэтгэхийн тулд ариун сүмүүдийг ямагт барьдаг; 45–55, Дайснуудынх нь хавчлага доромжлолын улмаас гэгээнтнүүд Жаксон гүнлэгт ариун сүм барихаас чөлөөлөгдөв; 56–83, Наувугийн Байрыг барих удирдамжууд өгөгдөв; 84–96, Хайрум Смит патриарх байхаар, түлхүүрүүдийг хүлээн авахаар мөн Оливер Каудерийн оронд зогсохоор дуудагдав; 97–122, Виллям Лоо болон бусад зарим нь өөрсдийн хөдөлмөрт зөвлөгдөв; 123–145, Ерөнхий болон орон нутгийн албан тушаалтнууд, тэдний үүргүүд ба харьяалагддаг чуулгууд мөн нэрлэгдэв.

1 Үнэнээр Их Эзэн өөрийн үйлчлэгч Иосеф Смитэд ийн хэлж байна, чиний хийсэн өргөл болон хүлээн зөвшөөрөл миний таашаалд нийцлээ; учир нь дэлхийн сул дорой зүйлсээр дамжуулан бибээр мэргэн ухаанаа үзүүлж болохын тулд, энэ зорилгын тулд чамайг өсгөсөн билээ.

2 Залбирлууд чинь миний өмнө хүлээн авагдахуйц болой; мөн тэдгээрт хариулан би чамд хэлж байна, чи миний сайн мэдээний, мөн Сионы суурийн чулуу байхаар миний үндэслэсэн энэхүү гадасны тухай нэн даруй чанд тунхаглалыг гаргахаар дуудагдсан болой, энэ гадас нь ордны маягаар засан сайжруулан өнгөлөгдөх болно.

3 Энэхүү тунхаглал дэлхийн хаадад бүгдэд, үүний дөрвөн хязгаарт, чиний амьдарч буй үндэстний сонгогдсон хүндэт ерөнхийлөгч, мөн зөв шударга захирагчдад мөн гадаад дэлхийд тараагдсан бүх үндэстэнд илгээгдэх ёстой.

4 Энэ нь номхон даруу байдлын дагуу, мөн үүнийг бичих үед чамд байх Ариун Сүнсний хүчээр бичигдэг;

5 Учир нь тэр хаад болон эрх баригчдын талаарх миний тааллыг, бүр ирэх цагт тэдэнд юу тохиохыг мэдэх нь Ариун Сүнсээр чамд өгөгдөх болно.

6 Учир нь, болгоогтун, Сионы гэрэл бас сүр жавхланд анхаарал тавихад би тэднийг дуудах гэж байна, учир нь үүнийг дэмжихээр тогтоосон тэрхүү цаг ирлээ.

7 Тиймийн тул, чи тэднийг чанга тунхаглалаар мөн өөрийн гэрчлэлээр, тэднээс айлгүйгээр дуудагтун, учир нь тэд өвс адил юм, мөн тэдний бүхий л сүр хүч удалгүй гандах үүний цэцэг адил юм, тэд тэрчлэн зөвтгөх шалтгаангүйгээр үлдэж болохын тулд буюу—

8 Мөн бибээр тэдэнд цээрлэлийн тэрхүү өдөрт айлчилж болохын тулд буюу, хэрэв тэд үйлчлэгчдийг минь бас тэдэнд миний илчилсэн гэрчлэлийг минь эсэргүүцэх аваас, шүдээ хавирах тэрхүү хоёр нүүртнүүдийн дунд дарлагчийн хувийг хүртээхээр би нүүрнийхээ халхавчийг сөхөх тэр үед буюу.

9 Мөн түүнчлэн, би айлчилж мөн тэдний олных нь зүрх сэтгэлийг зөөлрүүлэх болно, та нарын сайн сайхны төлөө, та нар тэдний мэлмийд тааллыг олж болохын тулд, тэд үнэний гэрэлд, мөн харийнхан Сионы өргөмжлөл буюу өргөлтөд ирж болохын тулд болой.

10 Учир нь миний цээрлэлийн өдөр та нарын бодоогүй цагт үтэр түргэн ирэх болой; мөн миний хүмүүсийн аюулгүй байдал болон тэднээс үлдэх тэдэнд хоргодох байр хаана байх вэ?

11 Ай дэлхийн хаад аа, сэрэгтүн! Өөрсдийн алт мөн өөрсдийн мөнгөтэйгөөр миний хүмүүст, Сионы охидын өргөөнд туслахаар ирэгтүн та нар, ай, ирэгтүн та нар.

12 Мөн түүнчлэн, үнэнээр би чамд хэлж байна, чи энэ тунхаглалыг бичихдээ миний үйлчлэгч Роберт Б.Томпсоноор туслуул, учир нь тэрээр, мөн тэрээр чамтай хамт байх нь миний таашаалд нийцдэг билээ;

13 Тэрээр, тиймийн тул, зөвлөгөөг чинь анхааран сонсог, мөн бибээр түүнийг үй олон адислалаар адислах болно; үүнээс хойш тэрээр бүх зүйлд итгэлтэй мөн үнэнч байг, мөн тэрээр миний мэлмийд агуу байх болно;

14 Харин би түүний гарт даамлын хариуцлагыг хүлээлгэх болно гэдгийг тэрээр санаг.

15 Мөн түүнчлэн, үнэнээр би чамд хэлж байна, адислагдсан болой миний үйлчлэгч Хайрум Смит; учир нь зүрх сэтгэлийнх нь үнэнч шударгын учир мөн миний өмнө зөв болох зүйлийг тэрээр хайрладгийн учир Их Эзэн бибээр түүнийг хайрладаг билээ хэмээн Их Эзэн хэлж байна.

16 Түүнчлэн, миний үйлчлэгч Жон К.Беннет дэлхийн хаад болон хүмүүст миний үгийг илгээх хөдөлмөрт чинь тусалж, мөн чиний, бүр миний үйлчлэгч Иосеф Смит чиний дэргэд зовлон зүдгүүрийн цагт зогсог; мөн хэрэв тэрээр зөвлөгөөг хүлээн авбаас, шагналаа алдахгүй болой.

17 Мөн тэрээр хайрынхаа улмаас агуу байх болно, учир нь хэрэв тэрээр үүнийг хийх аваас, тэрээр минийх байх болно хэмээн Их Эзэн хэлж байна. Түүний хийсэн ажлыг би үзсэн бөлгөө, хэрэв тэрээр үргэлжлүүлэх аваас, би үүнийг хүлээн авч, мөн адислалууд болон агуу сүр жавхлангаар түүнийг титэмлэх болно.

18 Мөн түүнчлэн, миний үйлчлэгч Лайман Вайт номхон даруу байдлаар дэлхийн өмнө намайг тунхаглаж, Сионы төлөө номлолоо үргэлжлүүлэх нь миний таалал билээ гэдгийг би чамд хэлж байна; мөн бибээр түүнийг бүргэдийн далавчин дээр адил тээн явах болно; мөн тэрээр миний нэрэнд мөн өөртөө алдар суу болон хүндэтгэлийг бий болгох болно.

19 Түүнийг ажлаа дуусгахад, би түүнийг өөртөө хүлээн авч болохын тулд буюу, энэ цагт надтай хамт байгаа миний үйлчлэгч Давид Паттен, мөн тэрчлэн миний үйлчлэгч Эдвард Партриж, мөн тэрчлэн энэ цагт Абрахамтай хамт түүний баруун гарт сууж буй миний ахимаг настай үйлчлэгч Ахмад Иосеф Смитэд үйлдсэний адилаар буюу, мөн тэрээр ариун бөгөөд адислагдсан, учир нь тэрээр минийх бөлгөө.

20 Мөн түүнчлэн, үнэнээр би чамд хэлж байна, миний үйлчлэгч Жорж Миллер заль мэхгүй болой; зүрх сэтгэлийнхээ үнэнч шударгын учир тэрээр итгэмжлэгдэж болох бөлгөө; мөн надаас ирэх гэрчлэлд тэрээр хайртайн учир Их Эзэн бибээр түүнийг хайрладаг бөлгөө.

21 Би тиймийн тул чамд хэлж байна, бибээр өөрийн үйлчлэгч Эдвард Партрижид өгсний адилаар бишопын зөвлөлийн албан тушаалыг түүний тэргүүн дээр лацдаж байна, тэрээр миний өргөөний төлөө өргөлийг хүлээн авч болохын тулд, тэрээр миний хүмүүсийн ядуугийнх нь тэргүүн дээр адислалуудыг өгч болохын тулд буюу. Миний үйлчлэгч Жоржийг хэн ч бүү ад үзэг, учир нь тэрээр намайг хүндэтгэх болно.

22 Миний үйлчлэгч Жорж, миний үйлчлэгч Лайман, мөн миний үйлчлэгч Жон Снайдер, мөн бусад нь миний нэрэнд зориулан нэгэн байрыг, миний үйлчлэгч Иосефын тэдэнд үзүүлэхийн дагуу, тэрчлэн түүний тэдэнд үзүүлэх газар дээр тийм байрыг бариг.

23 Мөн энэ нь хоноглох байр, гадныхан холоос ирж байрлах байр байх болно; тиймийн тул энэ нь ядарсан аянчид Их Эзэний үгийг, мөн Сионы төлөө миний тогтоосон суурийн чулууг бясалган бодох үедээ эрүүл бөгөөд аюулгүй байдлыг олж болохын тулд бүх талаараа хүлээн зөвшөөрөгдөхүйц зохистой, сайн байр байг.

24 Хэрэв энэ байр миний нэрэнд баригдах аваас, мөн үүнд томилогдох захирагч үүнд аливаа бохир зүйл орохыг зөвшөөрөхгүй байх аваас энэ байр эрүүл саруул сууц байх болно. Энэ нь ариун байх болно, эс бөгөөс Их Эзэн Бурхан чинь тэнд оршихгүй болой.

25 Мөн түүнчлэн, үнэнээр би чамд хэлж байна, миний гэгээнтнүүд бүгд холоос ирэг.

26 Мөн та нар шуурхай элч нарыг, тийм ээ, сонгогдсон элч нарыг илгээж, мөн тэдэнд хэлэгтүн: Ирцгээ та нар, өөрсдийн бүх алт, мөн өөрсдийн мөнгөтэйгөөр, мөн өөрсдийн үнэт чулуу, мөн өөрсдийн бүх эртний эд зүйлтэйгээр мөн эртний эд зүйлсийн талаар мэдлэгтэй ирэх хэн боловч ирэг, мөн шилмүүст мод, гацуур ба нарс модыг дэлхийн бүх үнэт модны хамт авчрагтун;

27 Мөн төмөр, зэс, гууль мөн цайртайгаар, мөн дэлхийн бүх үнэт зүйлтэйгээ ирцгээгтүн; мөн миний нэрэнд, дотор нь Бүхнээс Дээд орших өргөөг баригтун.

28 Учир нь тэрээр ирж мөн та нарт алдагдсан байсан, өөрөөр хэлбэл тэрээр буцаан авсан тэр зүйлийг, бүр санваарын бүрэн байдлыг сэргээж болох газар, дэлхий дээр олдохгүй байна.

29 Учир нь миний гэгээнтнүүд тэд, нас барсан тэдний өмнөөс баптисм хүртэж болох баптисмын сан дэлхий дээр байхгүй байна—

30 Учир нь энэхүү ёслол миний өргөөнд хамаардаг билээ, та нар надад өргөө барьж чадахааргүй ядуу зүдүүгийн чинь өдрүүдээс бусад үед, энэ нь миний хувьд хүлээн авагдахуйц байж чадахгүй болой.

31 Гэвч надад өргөө барихыг би та нарт, бүх гэгээнтэндээ зарлиглаж байна; мөн надад өргөө барих хангалттай цагийг би та нарт өгье; мөн энэ хугацаанд та нарын баптисмууд миний хувьд хүлээн авагдахуйц байх болно.

32 Гэвч болгоогтун, энэ томилсон хугацааны төгсгөлд та нарын нас барагсдын төлөөх баптисмууд чинь миний хувьд хүлээн авагдахуйц байхаа болих бөлгөө; мөн хэрэв та нар уг томилсон хугацааны төгсгөлд эдгээр зүйлийг эс хийх аваас, та нар өөрсдийн нас барагсадтайгаа хамт сүмийн хувьд эсэргүүцэгдэх болно хэмээн Их Эзэн та нарын Бурхан хэлж байна.

33 Учир нь үнэнээр би та нарт хэлж байна, нас барагсдын өмнөөс хийх баптисмын ёслолд хамаардаг бөгөөд энэ шалтгааны улмаас дэлхийн үүслээс өмнө үндэслэгдсэн өргөөг та нар надад барих хангалттай хугацаа өнгөрсний дараа, нас барагсдын чинь төлөөх та нарын баптисмууд миний хувьд хүлээн авагдахуйц байж чадахгүй;

34 Учир нь та нар хүндэтгэл болон алдар сууг хүлээн авч болохын тулд тэнд ариун санваарын түлхүүрүүд олгогддог болой.

35 Мөн энэ хугацааны дараа нас барагсдын өмнөөс, алс холд тараагдсан тэднээр хийгдэх та нарын баптисмууд надад хүлээн авагдахуйц байхгүй болой хэмээн Их Эзэн хэлж байна.

36 Учир нь Сионд, үүний бүх гадсанд, мөн Иерусалимд, хоргодох байрны тулд миний тогтоосон тэдгээр газар нь, та нарын нас барагсдын өмнөөс хийлгэх та нарын баптисмын газрууд байхаар томилогдсон болой.

37 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлнэ, та нар угаалгуудаа миний нэрэнд та нарын барьсан өргөөнд гүйцэтгэхээс бусдаар, тэдгээр нь миний хувьд яаж хүлээн авч болохуйц байх вэ?

38 Учир нь, дэлхий байхаас өмнө нуугдмал байсан тэдгээр ёслол илчлэгдэж болох хэмээх энэхүү шалтгааны учир тэрээр асар барьж, тэд үүнийг өөрсөдтэйгөө хамт аглаг буйдад авч яван, мөн амлалтын нутагт өргөө барих ёстой хэмээн Мосед би зарлигласан билээ.

39 Тиймийн тул, үнэнээр би та нарт хэлж байна, та нарын тосолгоо мөн угаалгууд, нас барагсдын өмнөөс хийлгэх та нарын баптисмууд нь, та нарын онцгой ариун хуралдайнууд нь, Левийн хөвгүүдээр хийгдсэн тахилуудын төлөөх та нарын ёслолууд нь, мөн та нар харилцан яриаг хүлээн авдаг хамгийн ариун газруудад та нарын төлөөх илчлэгдсэн зөгнөлүүдийн ёслолууд нь, мөн Сионы суурь бөгөөд илчлэлүүдийн эхлэлийн тулд түүний бүх оршин суугчийн алдар суу, хүндэтгэл мөн хишгийн төлөөх тогтоолууд болон шүүлтүүд нь миний ариун нэрэнд барихаар миний хүмүүст ямагт зарлигладаг миний ариун өргөөний ёслолоор тогтоогддог билээ.

40 Мөн үнэнээр би та нарт хэлж байна, бибээр үүний дотор өөрийн хүмүүст өөрийн ёслолуудыг илчилж болохын тулд, энэ өргөө миний нэрэнд баригдаг;

41 Учир нь дэлхийн үүслээс өмнө нуугдмал байсан зүйлсийг, цаг хугацааны бүрэн байдлын эрин үед хамаарах зүйлсийг өөрийн хүмүүст илчлэх нь зохистой гэж би үзнэ.

42 Мөн энэ өргөөнд хамаарах бүх зүйлийг, мөн үүний санваарыг, мөн энэ нь дээр нь баригдах ёстой тэрхүү газрыг би өөрийн үйлчлэгч Иосеф Смитэд үзүүлэх болно.

43 Мөн та нар үүнийг барихаар бодож байсан тэрхүү газар дээр үүнийг барих ёстой, учир нь энэ нь үүнийг барихаар та нарт миний сонгож авсан тэрхүү газар бөлгөө.

44 Хэрэв та нар өөрсдийн бүхий л чадавхаар хөдөлмөрлөх аваас, тэрхүү хэсэг газрыг ариун болгон би ариулан адислах болно.

45 Мөн хэрэв миний хүмүүс миний дуу хоолойг мөн өөрийн хүмүүсийг удирдуулахаар миний томилсон үйлчлэгчдийн минь дуу хоолойг анхаарах аваас, болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, тэд албан тушаалаасаа шилжүүлэн авагдах нь үгүй.

46 Харин хэрэв тэд миний дуу хоолойг, мөн миний томилсон энэ эрчүүдийн дуу хоолойг үл анхаарах аваас, тэд адислагдах нь үгүй, учир нь тэд миний ариун газруудыг, миний ариун ёслолууд, дүрмүүдийг, мөн тэдэнд миний өгдөг ариун үгсийг бохирлодог билээ.

47 Мөнхүү улиран тохиох дор хэрэв та нар миний нэрэнд өргөө бариад, мөн миний хэлэх зүйлсийг үл хийх аваас, би та нарт өгсөн тангаргаа биелүүлэх нь үгүй, мөн миний мутраас та нарын хүлээдэг амлалтуудыг ч гүйцэлдүүлэх нь үгүй хэмээн Их Эзэн хэлж байна.

48 Учир нь адислалуудын оронд, та нар зүхлүүд, хилэгнэл, зэвүүцлийг, мөн шүүлтүүдийг толгой дээрээ, миний өмнө үйлддэг өөрсдийн мунхаглалаар, өөрсдийн жигшүүрт хэргүүдээр авчирдаг хэмээн Их Эзэн хэлж байна.

49 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлж байна, өөрийн нэрийн төлөө ажил хийлгэхээр хүмүүсийн үрсийн хэнд нь ч би зарлиг өгөхөд, мөн хүмүүсийн тэр үрс өөрсдийн бүхий л чадавхаар мөн тэдэнд байгаа бүхэнтэйгээр, мөн хичээл зүтгэлээ үл орхин уг ажлыг гүйцэтгэхээр явж, мөн дайснууд нь тэдэн дээр ирж мөн уг ажлыг гүйцэтгэхэд нь тэдэнд саад учруулах үед, болгоогтун, хүмүүсийн тэр үрсийн гараас уг ажлыг цаашид үл шаардан, харин өргөлүүдийг нь хүлээн авах нь миний хүсэл болой.

50 Мөн миний ажилд саад учруулсан тэдний толгой дээр, тэд үл наманчлан мөн намайг үзэн ядаж байгаа цагт, миний ариун хуулиуд болон зарлигуудын зөрчил бөгөөд алдсын төлөө гурав дахь мөн дөрөв дэх үеүдэд нь бибээр айлчлах болно хэмээн Их Эзэн хэлж байна.

51 Тиймийн тул, энэхүү шалтгааны учир Миссурийн Жаксон гүнлэгт миний нэрэнд, хот мөн өргөө барихаар миний зарлигласан, дайснууд нь саад учруулсан тэдний өргөлүүдийг би хүлээж авсан билээ хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна.

52 Мөн тэд үл наманчилж, мөн намайг үзэн ядаж байгаа цагт, би тэдний толгой дээр гурав дахь мөн дөрөв дэх үеийнхэнд нь хүртэл шүүлт, хилэгнэл, зэвүүцэл, гаслан, мөн сэтгэлийн шаналал, мөн шүд хавиралтаар хариулах болно хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна.

53 Мөн ажил хийхээр зарлиг болгогдсон мөн дайснуудынхаа гараар, мөн дарамтлалаар саад учруулагдсан тэд бүгдийн талаарх та нарын тайвшралын тулд үүнийг би та нарт жишээ болголоо хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна.

54 Учир нь бибээр Их Эзэн, та нарын Бурхан билээ, мөн зүрх сэтгэлдээ цэвэр ариун байсан, мөн Миссурийн нутагт алагдсан та нарын ах дүүс тэд бүгдийг аврах болно хэмээн Их Эзэн хэлж байна.

55 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, миний нэрэнд, бүр энэ газарт өргөө барихыг би та нарт дахин зарлиглаж байна, та нарт миний зарлигласан юу ч байлаа, бүх зүйлд та нар үнэнч байгаагаа өөрсдөө надад нотлон харуулж болохын тулд, мөн би та нарыг адисалж, мөн нэр хүнд, үхэшгүй байдал болон мөнх амьдралыг та нарт титэмлэж болохын тулд буюу.

56 Мөн гадны хүмүүсийг байрлуулахын тулд барихыг та нарт миний зарлигласан байрлах барихыг миний зарлигласан байрлах байрныхаа талаар эдүгээ би та нарт хэлье, энэ нь миний нэрэнд баригдаг, мөн энэ нь миний нэрээр нэрлэгдэг, мөн миний үйлчлэгч Иосеф болон түүний гэр бүл үеэс үед үүн дотор байрлаг.

57 Учир нь түүний адислал дараах үр удмынх нь тэргүүн дээр тэрчлэн тавигдах болно хэмээх томилолтыг би түүний тэргүүн дээр тавьсан билээ.

58 Мөн дэлхийн ястнуудын талаар би Абрахамд хэлсэнчлэн, би өөрийн үйлчлэгч Иосефт тийн хэлж байна: Чамаар мөн чиний үр удмаар дамжин дэлхийн ястнууд адислагдах болно.

59 Тиймийн тул, миний үйлчлэгч Иосеф болон түүний дараах үр удам нь үеэс үед, үүрд мөн мөнхөд тэр байшинд байртай байг хэмээн Их Эзэн хэлж байна.

60 Мөн тэр байрны нэр нь Наувугийн Байр хэмээн дуудагдаг; мөн энэ нь хүмүүнд амьдрахад таатай байг, мөн тэрээр Сионы сүр жавхланг, мөн үүний суурь чулууны сүр жавхланг бясалган бодож болохын тулд ядарсан аянчинд алжаалаа тайлах газар байг;

61 Алдарт тариалангууд, мөн үүний ханануудын дээрх харуулууд байхаар миний тавьсан тэднээс тэрчлэн тэрээр зөвлөгөө хүлээн авч болохын тулд буюу.

62 Болгоогтун, үнэнээр би та нарт хэлье, миний үйлчлэгч Жорж Миллер, миний үйлчлэгч Лайман Вайт, миний үйлчлэгч Жон Снайдер, мөн миний үйлчлэгч Петр Хоос нар өөрсдийгөө зохион байгуулаг, мөн өөрсдийн нэгийг нь тэр байрыг барих зорилгын төлөө чуулгынхаа ерөнхийлөгч байхаар томилог.

63 Мөн тэд хууль дүрмийг бий болгох ёстой, тэгснээр тэд уг байшинг барих хувьцаа хүлээн авч болно.

64 Мөн тэд уг байранд нэгж хувьцааны төлөө тавин доллараас багыг хүлээн авах ёсгүй, мөн уг байранд хувьцааны төлөө хэнээс ч гэсэн арван таван мянган доллар хүлээн авах нь тэдэнд зөвшөөрөгдөх болно.

65 Харин хэнээс ч гэсэн арван таван мянган доллараас илүү хувьцаа хүлээн авах нь тэдэнд зөвшөөрөгдөх нь үгүй.

66 Мөн уг байранд хэнээс ч гэсэн тавин доллараас доош нэгж хувьцаа хүлээн авах нь тэдэнд зөвшөөрөгдөх нь үгүй.

67 Мөн хувьцаа хүлээн авах үедээ хувьцаагаа тэдний гарт төлөхөөс бусдаар хувьцаа эзэмшигчийнх нь хувьд аль ч хүнийг энэ байранд хүлээн авах нь тэдэнд зөвшөөрөгдөх нь үгүй;

68 Мөн тэдний гарт төлсөн хувьцааны тоо хэмжээгээр уг байранд хувьцааг тэр хүлээж авах болно; харин хэрэв тэрээр тэдний гарт юу ч төлөөгүй бол тэрээр уг байрны ямар ч хувьцааг хүлээн авах нь үгүй.

69 Мөн хэрэв хэн нэгэн нь тэдний гарт хувьцаа төлсөн бол энэ нь уг байран дахь, өөрийнх нь, мөн түүний дараах үеийнхэнд нь үеэс үед тэдний хувьцаа байх болно, тэр болон түүний өв залгамжлагчид уг хувьцааг эзэмшиж байгаа цагт, мөн хувьцааг тэдний өөрсдийн сайн дурын хүсэл болон үйлдлээр өөрсдийн гараас зарах юм уу шилжүүлээгүй цагт болой, хэрэв та нар миний тааллыг хэрэгжүүлэх аваас буюу хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна.

70 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв миний үйлчлэгч Жорж Миллер, миний үйлчлэгч Лайман Вайт, миний үйлчлэгч Жон Снайдер, мөн миний үйлчлэгч Петр Хоос нар аливаа хувьцааг мөнгөөр, эсвээс өмч хөрөнгөөр хүлээн авахдаа тэд мөнгөн үнэлгээгээр хүлээн авах бөгөөс, тэд тэрхүү хувьцааны ямар ч хэсгийг гагцхүү тэр байрнаас өөр аливаа зорилгоор ашиглах ёсгүй.

71 Мөн хэрэв тэд уг хувьцааны ямар нэг хэсгийг тэрхүү байрнаас өөр газарт хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж, мөн гагцхүү уг байрнаас өөр хаа нэгтээ газар ашигласан тэр хувьцааны төлөө дөрөв нугалж буцаан төлөөгүй бол тэд зүхэгдэх болно, мөн албан тушаалаасаа шилжүүлэгдэн авагдах болно хэмээн Их Эзэн Бурхан хэлж байна, учир нь Их Эзэн би бол Бурхан, мөн эдгээр зүйлийн алинд нь ч шоглуулахгүй.

72 Үнэнээр, би та нарт хэлж байна, миний үйлчлэгч Иосеф уг байрны барилгын тулд, өөрт сайн санагдсанаар тэдний гарт хувьцааг төлөг; харин миний үйлчлэгч Иосеф тэр байранд арван таван мянган доллараас илүүг, эсвээс тавин доллараас багыг төлж болохгүй; мөн өөр бусад хэн ч гэсэн адил хэмээн Их Эзэн хэлж байна.

73 Мөн өөрсдийнхөө талаарх миний тааллыг мэдэхийг хүсэж байгаа бусад зарим нь буй, учир нь тэд үүнийг миний мутраас асуусан билээ.

74 Тиймийн тул, би өөрийн үйлчлэгч Винсон Найтын талаар та нарт хэлнэ, хэрэв тэрээр миний тааллыг хэрэгжүүлэхийг хүсэх аваас, өөрийнхөө тулд, мөн өөрийнхөө дараах үеийнхэндээ үеэс үед уг байранд хувьцаатай байг.

75 Мөн ядуус болон гачигдагсдыг өмөөрөхийн тулд тэрээр хүмүүсийн дунд дуу хоолойгоо удаан бөгөөд чангаар өргөг; мөн тэрээр шантрахгүй байг, мөн зүрх сэтгэл нь цөхрөхгүй байг; мөн бибээр түүний өргөлүүдээс хүлээж авах болно, учир нь тэд надад Каины өргөлүүдийн адил байх нь үгүй, учир нь тэрбээр минийх байх болно хэмээн Их Эзэн хэлж байна.

76 Түүний гэр бүл баясаж мөн зүрх сэтгэлээ зовлон зүдгүүрээс холдуулаг; учир нь би түүнийг сонгож мөн тослон томилсон билээ, мөн тэрээр гэр бүлийнхээ дотор хүндлэгдэх болно, учир нь бибээр түүний бүх нүглийг өршөөх болно хэмээн Их Эзэн хэлж байна. Амен.

77 Үнэнээр би чамд хэлж байна, миний үйлчлэгч Хайрум өөрт нь сайн санагдсанаар өөрийнхөө тулд, мөн өөрийнхөө дараах үр удамдаа үеэс үед уг байранд хувьцаатай байг.

78 Миний үйлчлэгч Исаак Галланд уг байранд хувьцаатай байг; учир нь Их Эзэн бибээр хийсэн ажлынх нь улмаас түүнийг хайрладаг билээ, мөн бүх нүглийг нь өршөөх болно; тиймийн тулд, тэрээр уг байранд үеэс үед хувьцаатай нь дурсагдаг.

79 Миний үйлчлэгч Исаак Галланд та нарын дунд томилогдог, мөн миний үйлчлэгч Виллям Марксаар томилогдог, мөн түүгээр адислагдаж, миний үйлчлэгч Иосефын тэдэнд зааж өгөх ажлыг биелүүлэхийн тулд миний үйлчлэгч Хайрумтай хамт яваг, мөн тэд агуу ихээр адислагдах болно.

80 Миний үйлчлэгч Виллям Маркс өөрт нь сайн санагдсанаар өөрийнхөө болон үеэс үе дэх үр удмынхаа төлөө тэр байранд хувьцааг төлөг.

81 Миний үйлчлэгч Хенри Г.Шервүүд өөрт нь сайн санагдсанаар, өөрийнхөө болон өөрийн дараах үеэс үе дэх үр удмынхаа төлөө тэр байранд хувьцааг төлөг.

82 Миний үйлчлэгч Виллям Лоо өөрийнхөө болон өөрийн дараах үеэс үе дэх үр удмын төлөө тэр байранд хувьцааг төлөг.

83 Хэрэв тэрээр миний тааллыг хэрэгжүүлэхийг хүсэх аваас, тэрээр гэр бүлээ дорнод нутгууд руу, бүр Көртланд руу бүү авч яваг; гэсэн хэдий ч Их Эзэн бибээр Көртландыг өсгөн бэхжүүлэх болно, гэхдээ Их Эзэн бибээр үүний оршин суугчдын тулд цээрлэлийг бэлтгэсэн билээ.

84 Мөн миний үйлчлэгч Алмон Баббитын хувьд миний таашаалд үл нийцэх олон зүйл буй; болгоогтун, тэрээр миний томилсон, бүр миний Сүмийн Тэргүүн зөвлөлийн зөвлөгөөний оронд өөрийн зөвлөгөөг тогтоохыг санаархаж байна; мөн тэрээр миний хүмүүсийн шүтээн болгон алтан тугал бий болгожээ.

85 Миний зарлигуудыг сахихыг хичээн энд ирсэн хэн ч энэ газраас бүү яваг.

86 Хэрэв тэд энд амьдрах аваас тэд миний төлөө амьдраг; хэрэв тэд нас нөгчих аваас миний төлөө нас нөгчиг; учир нь тэд энд бүх хөдөлмөрөөсөө амрах болно, мөн ажлуудаа үргэлжлүүлэх болно.

87 Тиймийн тул, миний үйлчлэгч Виллям итгэл найдвараа надад тавиг, уг нутгийн өвчин эмгэгийн улмаас гэр бүлийнхээ талаар эмээхээ болиг. Хэрэв та нар намайг хайрладаг аваас, зарлигуудыг минь сахигтун; мөн уг нутгийн өвчин эмгэг та нарын алдар сууд тус дөхөм үзүүлэх болно.

88 Миний үйлчлэгч Виллям явж мөн тэрбээр миний Сүнсэнд хөтлөгдөн, үүрдийн сайн мэдээг минь Варшавын оршин суугчдад, тэрчлэн Картейжийн оршин суугчдад, мөн тэрчлэн Бөрлингтоны оршин суугчдад, мөн тэрчлэн Мадисоны оршин суугчдад чанга дуу хоолойгоор, мөн агуу баяслаар тунхаглаг, мөн миний ерөнхий чуулган дээр цаашдын заавруудыг тэвчээртэйгээр мөн хичээнгүйлэн хүлээг хэмээн Их Эзэн хэлж байна.

89 Хэрэв тэрээр миний тааллыг хэрэгжүүлэхийг хүсэх аваас, тэрээр үүнээс хойш миний үйлчлэгч Иосефын зөвлөгөөг анхаарч, мөн ядуусын сайн сайхныг өөрийн орлого ашгаар дэмжиг, мөн миний ариун үгийн шинэ орчуулгыг дэлхийн оршин суугчдад зориулан нийтлэг.

90 Мөн хэрэв тэрээр үүнийг хийх аваас бибээр түүнийг үй олон адислалаар адислах болно, тэгснээр тэрээр орхигдохгүй, мөн түүний үр удам талх гуйхгүй байх болно.

91 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, миний үйлчлэгч Хайрумын оронд миний үйлчлэгч Виллям миний үйлчлэгч Иосефт зөвлөхөөр тохоогдон томилогдож мөн тослогдог, ингэснээр миний үйлчлэгч Хайрум үүнд адислалаар мөн тэрчлэн эрхээр, эцгээрээ томилогдсон Санваарын болон Патриархын албан тушаалыг авч болохын тулд буюу;

92 Үүнээс хойш тэрээр миний бүх хүний тэргүүн дээрх патриархын адислалуудын түлхүүрүүдийг атгахын тулд буюу,

93 Түүний адислах хэн ч гэсэн адислагдаж, мөн түүний зүхэх хэн ч гэсэн зүхэгдэхийн тулд буюу; дэлхий дээр түүний холбох юу ч гэсэн тэнгэрт холбогдохын тулд; мөн түүний дэлхий дээр цуцлах юу ч гэсэн тэнгэрт цуцлагдахын тулд буюу.

94 Мөн энэ цагаас хойш миний үйлчлэгч Иосефын нэгэн адил тэрээр миний сүмд бошиглогч, үзмэрч мөн илчлэгч байж болохын тулд би түүнийг томилж байна;

95 Тэрээр тэрчлэн миний үйлчлэгч Иосефтой эвсэн ажиллаж болохын тулд бөлгөө; мөн тэрээр гуйж мөн хүлээн авч болох түлхүүрүүдийг өөрт нь үзүүлэх миний үйлчлэгч Иосефын зөвлөгөөг хүлээн авах болно, мөн нэгэн цагт миний үйлчлэгч байсан Оливер Каудери дээр тавьсан адислалаар, мөн сүр жавхлан, нэр хүнд, бас санваар, мөн санваарын бэлгүүдээр титэмлэгдэх болно;

96 Миний үйлчлэгч Хайрумын нэр үеэс үед, үүрд мөн мөнхөд хүндэтгэлийн дурсамжид байхын тулд түүнд миний үзүүлэх зүйлсийн талаар тэрээр гэрчилж болохын тулд буюу.

97 Миний үйлчлэгч Виллям Лоо, тэрээр гуйж мөн адислалуудыг хүлээн авах түлхүүрүүдийг тэрчлэн хүлээн аваг; тэрээр миний өмнө даруу байг, мөн заль мэхгүй байг, мөн тэрээр миний Сүнсийг, бүр бүх зүйлийн үнэнийг түүнд үзүүлэх мөн юу хэлэхийг нь яг цагт нь түүнд өгөх Тайтгаруулагчийг хүлээн авах болно.

98 Мөн эдгээр тэмдэг түүнийг дагалдах болно—тэрээр өвчтөнүүдийг эдгээх болно, тэрээр чөтгөрүүдийг зайлуулах болно, мөн өөрт нь үхлийн хор өгөх тэднээс чөлөөлөгдөх болно;

99 Мөн хорт могой түүний өсгийг хатгаж үл чадах зөрөг дээр тэрбээр удирдагдах болно, мөн тэрээр бодол санааныхаа төсөөлөлд бүргэдийн далавчин дээр адил дээшлэгдэх болно.

100 Мөн хэрэв тэрээр нас барагсдыг босгох ёстой хэмээн би хүсэх аваас, тэрээр дуу хоолойгоо бүү бариг.

101 Тиймийн тул, миний үйлчлэгч Виллям баяр хөөр бөгөөд баясалтайгаар, мөн хаан сэнтий дээрээ үүрд мөн мөнхөд залран буй түүнд хосанна хэмээн чанга хашхирч мөн амаа бүү хамхиг хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна.

102 Болгоогтун, би та нарт хэлж байна, миний үйлчлэгч Виллям мөн миний үйлчлэгч Хайрум, мөн тэдэнд хоёуланд нь зориулсан номлол надад нөөцөд буй; мөн миний үйлчлэгч Иосеф гэртээ үлдэг, учир нь тэрээр хэрэгтэй байгаа билээ. Үлдсэнийг нь бибээр та нарт хожим үзүүлэх болно. Бүр тийм буюу. Амен.

103 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв миний үйлчлэгч Сидней надад үйлчилж мөн миний үйлчлэгч Иосефт зөвлөх байх аваас, тэрээр өндийн босож мөн хүрч ирэн дуудлагынхаа албан тушаалд зогсон, мөн миний өмнө өөрийгөө даруусгаг.

104 Мөн хэрэв тэрээр хүлээн авч болохуйц өргөлийг мөн хүлээн зөвшөөрлийг надад өргөж мөн миний хүмүүстэй хамт үлдэх аваас, болгоогтун, Их Эзэн, та нарын Бурхан бибээр түүнийг эдгээснээр тэрээр эдгэрэх болно; мөн тэрээр уулс дээр дуу хоолойгоо дахин өргөж, мөн миний өмнө төлөөлөн яригч байх болно.

105 Тэрээр ирж мөн миний үйлчлэгч Иосефын оршин сууж буй орчинд гэр бүлээ суурьшуулаг.

106 Мөн тэрээр өөрийн бүх аялалд бүрээн дуу адилаар дуу хоолойгоо өргөж, мөн ирэх тэрхүү хилэгнэлээс зугтахыг дэлхийн оршин суугчдад сэрэмжлүүлэг.

107 Тэрээр миний үйлчлэгч Иосефт туслаг, мөн тэрчлэн өмнө нь би та нарт хэлсэнчлэн, миний үйлчлэгч Виллям Лоо дэлхийн хаадад чандаар тунхаглал гаргахад нь миний үйлчлэгч Иосефт туслаг.

108 Хэрэв миний үйлчлэгч Сидней миний тааллыг хэрэгжүүлэхийг хүсэх аваас, тэрээр гэр бүлээ дорнод нутгууд руу бүү шилжүүлэг, харин тэрээр миний хэлсэнчлэн, оршин суух газраа өөрчлөг.

109 Болгоогтун, та нарт миний тогтоож өгсөн тэр хотоос, бүр Науву хотоос гадуур аюулгүй байдал болон хоргодох газрыг олохоор тэрбээр эрэлхийлэх нь миний таалал биш бөлгөө.

110 Үнэнээр би та нарт хэлж байна, бүр эдүгээ, хэрэв тэрээр миний дуу хоолойг анхаарах аваас, энэ нь түүнд сайн байх болно. Бүр тийм буюу. Амен.

111 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, хоноглох байр, бүр Наувугийн Байр барихаар миний томилсон тэдний гарт миний үйлчлэгч Аймос Дэйвийс хувьцааг төлөг.

112 Хэрэв тэрээр хувьтай байхыг хүсэх аваас тэрээр үүнийг хийг; мөн тэрээр миний үйлчлэгч Иосефын зөвлөгөөг анхаарч мөн хүмүүний итгэл найдварыг хүлээж болохын тулд өөрийнхөө гараар хөдөлмөрлөг.

113 Мөн тэрээр өөрт нь хариуцуулан, итгэл хүлээлгэн өгсөн бүх зүйлд, тийм ээ, бүр цөөн хэдхэн зүйлд найдвартайгаа нотлон харуулах үед, тэрээр олон зүйлийн дээр захирагч болгогдох болно;

114 Тиймийн тул, тэрээр өргөмжлөгдөж болохын тулд өөрийгөө доош тавиг. Бүр тийм буюу. Амен.

115 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв миний үйлчлэгч Роберт Д.Фостер дуу хоолойг минь дуулгавартай дагахыг хүсэх аваас, тэрээр түүнтэй хийсэн гэрээнийхээ дагуу, миний үйлчлэгч Иосефт зориулж байр бариг, хаалга нь цагаас цагт түүнд нээлттэй байхын хэрээр буюу.

116 Мөн тэрээр өөрийн бүхий л мунхаглалаас наманчилж, мөн өөрийгөө төгс хайраар хувцаслаг; мөн хилэнцтийг үйлдэхээ болиг, бүх хахир хатуу үг яриагаа зогсоог;

117 Мөн тэрчлэн өөрийнхөө төлөө, мөн өөрийн дараах үеэс үе дэх үр удмынхаа төлөө Наувугийн Байрны чуулгын гарт хувьцааг төлөг;

118 Мөн миний үйлчлэгчид Иосеф, Хайрум, Виллям Лоо, мөн Сионы суурийг тавиулахаар миний дуудсан эрх мэдэлтнүүдийн зөвлөгөөг анхаараг; мөн энэ нь түүнд үүрд мөн мөнхөд сайн байх бөлгөө. Бүр тийм буюу. Амен.

119 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв ямар ч хүн Мормоны Номд, мөн та нарт миний өгсөн илчлэлүүдэд итгэгч байхаас бусдаар, тэрээр Наувугийн Байрны чуулгад хувьцаа бүү төлөг хэмээн Их Эзэн та нарын Бурхан хэлж байна;

120 Учир нь үүнээс илүү юм уу дутуу нь хилэнцтээс ирдэг, мөн адислалуудаар бус, харин зүхлүүдээр айлчлагдах болно хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна. Бүр тийм буюу. Амен.

121 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, Наувугийн Байрыг барихад өөрсдийн хийсэн бүх хөдөлмөрийн төлөө нөхөн төлбөрийн шударга цалинг Наувугийн Байрны чуулга аваг; мөн тэдний цалин хөлс, үүний үнэ цэний дагуу өөрсдийнх нь дунд тохиролцсоноор байг.

122 Мөн хувьцаа төлдөг хүн болгон хэрэв энэ нь тэднийг тэтгэхэд шаардагдах аваас цалингийнх нь өөрт ноогдох хувийг төлөг хэмээн Их Эзэн хэлж байна; эс бөгөөс тэдний хөдөлмөр тэр байран дахь хувьцаа болж тэдэнд тооцогдох болно. Бүр тийм буюу. Амен.

123 Үнэнээр би та нарт хэлж байна, эдүгээ би та нарт миний санваарт харьяалагддаг албан тушаалтнуудыг өгье, та нар үүнийг, бүр миний Төрсөн Ганц Хүүгийн жаягийн дагуу, Мелкизедекийн жаягийн дагуу санваарын түлхүүрүүдийг атгаж болохын тулд буюу.

124 Эхлээд, би та нарт Хайрум Смитийг патриарх байхаар, миний сүмийн лацдалтын адислалуудыг, бүр амлалтын Ариун Сүнсийг атгуулахаар томилж байна, тэгснээр та нар өөрсөд дээрээ ирж болох уруу таталтын тэрхүү цагт ч унахгүй байж болохын тулд гэтэлгэлийн өдөрт та нар лацдагдах буюу.

125 Миний бүх сүмийн дээр тэргүүлэх ахлагч байхаар, орчуулагч, илчлэгч, үзмэрч, мөн бошиглогч байхаар өөрийн үйлчлэгч Иосефыг би та нарт өгч байна.

126 Чуулга болон Тэргүүн зөвлөлийг бүрдүүлж, нийт сүмийн хувьд зөгнөлүүдийг хүлээн авч болохын тулд, би өөрийн үйлчлэгч Сидней Ригдон, өөрийн үйлчлэгч Виллям Лоо хоёрыг түүнд зөвлөхүүд байлгахаар өгч байна.

127 Аялагч Арван хоёрын зөвлөлийн дээр ерөнхийлөгч байлгахаар өөрийн үйлчлэгч Бригам Янгийг би та нарт өгч байна;

128 Уг Арван хоёр дэлхийн дөрвөн хязгаарт миний хаант улсын эрх мэдлийг нээх, мөн үүний дараа хүн болгонд миний үгийг илгээх түлхүүрүүдийг атгадаг бөлгөө.

129 Тэд бол Хебер С.Кимбалл, Парлей П.Пратт, Оорсон Пратт, Оорсон Хайд, Виллям Смит, Жон Тейлор, Жон Е.Пейж, Вилфорд Вүүдраф, Виллард Ричардс, Жорж А.Смит нар болой;

130 Давид Паттеныг би өөртөө авсан билээ; болгоогтун, санваарыг нь түүнээс авах хүн гэж үгүй бөлгөө, гэвч, үнэнээр би та нарт хэлье, уг дуудлагад өөр нэгэн томилогдож болно.

131 Мөн түүнчлэн, би та нарт хэлье, Сионы суурийн чулуу болгон би та нарт дээд зөвлөлийг өгч байна—

132 Нэрлэвэл, Самуел Бент, Хенри Г.Шервүүд, Жорж Б.Харрис, Чарлес К.Рич, Томас Гровер, Ньюел Найт, Давид Дорт, Данбар Вилсон—Сеймоур Брансоныг би өөртөө авсан бөлгөө; түүний санваарыг авах хүн гэж үгүй, гэвч түүний оронд уг санваарт өөр нэгэн томилогдож болно; мөн үнэнээр би та нарт хэлж байна, миний үйлчлэгч Аарон Жонсон түүний оронд энэ дуудлагад томилогдог—Давид Фуллмер, Алфеус Катлер, Виллям Хантингтон.

133 Мөн түүнчлэн, дээд пристүүдийн чуулгын ерөнхийлөгч байхаар Дон К.Смитийг би та нарт өгч байна;

134 Энэхүү ёслол бий болгогдсон зорилго нь алс холд тараагдсан өөр өөр гадаснуудад ажиллагч ерөнхийлөгчид буюу үйлчлэгчдээр томилогдох тэднийг ажилд нь тэнцүүлэх зорилго бөлгөө;

135 Мөн хэрэв тэд сонгох аваас тэд тэрчлэн аялж болох бөлгөө, гэхдээ тэд байнгын ерөнхийлөгчид байхаар томилогдох нь дээр; энэ нь тэдний дуудлагын албан тушаал юм хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна.

136 Би түүнд Амаза Лайман мөн Ноа Пакард хоёрыг зөвлөхүүд байхаар өгч байна, тэд миний сүмийн дээд пристүүдийн чуулгыг тэргүүлж болохын тулд буюу хэмээн Их Эзэн хэлж байна.

137 Мөн түүнчлэн, би та нарт хэлж байна, Жон А.Хикс, Самуел Виллямс, мөн Жессе Бейкер нарыг би та нарт өгье, энэхүү санваар нь ахлагчдын чуулгын дээр тэргүүлэх ёстой, уг чуулга нь байнгын тохинуулагчдын тулд байгуулагдсан бөлгөө; тэд аялж болох хэдий ч, тэд миний сүмд байнгын тохинуулагчид байхаар томилогдсон болой хэмээн Их Эзэн хэлж байна.

138 Мөн түүнчлэн, далын чуулгын дээр тэргүүлэхээр Жозеф Янг, Жозая Баттерфиелд, Даниел Майлс, Хенри Херриман, Зера Пулсифер, Левай Ханкок, Жеймс Фостер нарыг би та нарт өгье;

139 Уг чуулга нь бүх дэлхийд миний нэрийг гэрчлэх аялагч ахлагчдын төлөө байгуулагдсан болой, аялагч дээд зөвлөл болох миний төлөөлөгчид миний өмнө замыг бэлтгэхээр тэднийг хааш нь ч илгээлээ гэсэн болой.

140 Энэхүү чуулга ба ахлагчдын чуулгын хоорондын ялгаа нь гэвэл, нэг нь байнга аялж, нөгөө нь цагаас цагт сүмийн нэгжүүдийн дээр тэргүүлэх ёстой болой; нэг нь цагаас цагт тэргүүлэх үүргийг хүлээдэг байхад мөн нөгөө нэг нь тэргүүлэх үүргийг хүлээдэггүй хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна.

141 Мөн түүнчлэн, би та нарт хэлье, Винсон Найт, Самуел Х.Смит, мөн Шадрак Роунди нарыг би та нарт өгье, хэрэв тэрээр бишопын зөвлөлийн дээр тэргүүлэхийг хүлээн авах аваас буюу; дурдсан бишопын зөвлөлийн тухай мэдлэг нь та нарт Сургаал ба Гэрээнүүд номд өгөгдсөн болой.

142 Мөн түүнчлэн, би та нарт хэлье, пристүүдийн төлөө Самуел Рольф болон түүний зөвлөхүүдийг, мөн багш нарын ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд мөн тэрчлэн диконуудын ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд мөн тэрчлэн гадасны ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүдийг болой.

143 Дээрх албан тушаалуудыг, мөн тэдгээрийн түлхүүрүүдийг, туслуулахын тулд мөн удирдуулахын тулд, тохинууллын бөгөөд миний гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэх ажлын тулд би та нарт өгсөн бөлгөө.

144 Мөн та нар эдгээр бүх албан тушаалыг дүүргэж мөн миний дурдсан тэдгээр нэрийг миний ерөнхий чуулган дээр та нар зөвшөөрөх, эсвээс тэдгээрийг зөвшөөрөхгүй байх зарлигийг би та нарт өгч байна;

145 Мөн та нар миний өргөөг миний нэрэнд барих үедээ дотор нь эдгээр бүх албан тушаалын төлөө өрөөнүүдийг бэлтгэх ёстой хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна. Бүр тийм буюу. Амен.