Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 127


Хэсэг 127

1842 оны есдүгээр сарын 1, Науву хэмээн хаяглагдсан, нас барагсдын өмнөөс хийлгэх баптисмын талаарх удирдамжуудыг агуулсан, бошиглогч Иосеф Смитээс Иллинойн Науву дахь Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд хандсан захидал оршвой.

1–4, Иосеф Смит хавчлага ба зовлон бэрхшээл дунд баярлан баясав; 5–12, Нас барагсдын өмнөөс хийлгэх баптисмтай холбогдолтой цэдгүүд хадгалагдах ёстой.

1 Миний дайснууд Миссурид мөн энэ Муж улсад аль алинд нь намайг дахин мөрдөн мөшгөж байсныг Их Эзэн надад илчилсний дагуу; мөн тэд намайг шалтгаангүйгээр мөшгөж, миний эсрэг тэдний өдөөж буй заргууд тэдний хувьд шударга ёс буюу эрхийн өчүүхэн төдий сүүдэр эсвэл өнгөгүй байгаа учир; мөн тэдний санаархлууд хамгийн хар бараан өнгөтэй худал хуурмагт бүгд үндэслэсэн учир, би өөрийн аюулгүй байдал мөн энэ хүмүүсийн аюулгүй байдлын төлөө энэ газрыг түр хугацаагаар орхих нь миний хувьд мэргэн ухаан бөгөөд ингэх шаардлагатай хэмээн би бодлоо. Бүх ажлыг шуурхай мөн зохих ёсоор нь явуулах, мөн өмч хөрөнгийг зарах замаар, эс бөгөөс тухайн хэрэг явдал шаардаж болохын хэрээр эсвээс нөхцөл байдал үүнд боломж олгохын хэрээр миний бүх өр төлбөр тогтоосон цагт цуцлагдахад санаа тавих төлөөний хүмүүс болон бичиг хэргийн ажилтнуудад ажил хэргүүдээ орхин явлаа хэмээн ажлын холбоотой бүх хүнд би хэлэхийг хүсэж байна. Би уг шуурга бүрмөсөн шуураад өнгөрснийг мэдэх үедээ, тэгэхэд би та нарт эргэн ирэх болно.

2 Мөн миний туулахаар дуудагдсан зовлон зүдгүүрүүдийн хувьд, хүмүүний атаа жөтөө ба хилэгнэл амьдралын минь бүх өдрүүдэд миний хэвийн нөхцөл байдал байсан болохоор тэдгээр нь надад өчүүхэн зүйл мэт санагдана; би дэлхийн үүслээс өмнөх үеэс нэгэн сайн төгсгөлд, эсвээс та нарын муу хэмээн үзэж болох тэр зүйлд томилогдсон байхаас бусдаар, үүний шалтгаан нь ойлгомжгүй санагдана. Та нар өөрсдийнхөөрөө шүүгтүн. Энэ нь сайн, эсвээс муу байлаа ч Бурхан бүх зүйлийг мэддэг бөлгөө. Гэсэн хэдий ч, гүнзгий усанд сэлэх нь миний дассан зүйл билээ. Энэ бүгд миний хувьд ердийн мөн чанар болжээ; мөн, бибээр зовлон зүдрэлдээ Паулын адил баясмаар санагдана; учир нь энэ өдрийг хүртэл миний өвөг дээдсийн Бурхан тэдгээр бүгдээс намайг чөлөөлсөн бөлгөө, мөн намайг энэ цагаас хойш чөлөөлөх болно; учир нь болгоогтун, мөн харагтун, би бүх дайснаа ялах болно, учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан болой.

3 Тиймийн тул бүх гэгээнтнүүд баясаг, мөн үлэмж баярлаг; учир нь Израилын Бурхан тэдний Бурхан болой, мөн тэрбээр тэдний бүх дарамтлагчдын толгой дээр шударга хариу төлөөсийг хэмжин тогтоох болно.

4 Мөн түүнчлэн, Их Эзэн үнэнээр ийн хэлнэ: Миний ариун сүмийн ажил, мөн та нарт миний томилсон бүх ажил үргэлжлэг мөн бүү зогсог; мөн та нарын хичээл зүтгэл, мөн та нарын шаргуу тэвчээр, тэсвэр, мөн та нарын ажлууд хоёр дахин өсөг, мөн та нар шагналаа яасан ч алдах нь үгүй хэмээн Түмний Их Эзэн хэлж байна. Мөн хэрэв тэд та нарыг хавчих аваас, тэд та нараас өмнө байсан бошиглогчид болон зөв шударга хүмүүсийг тийн хавчиж байсан хэрэг. Энэ бүхний төлөө тэнгэрт шагнал буй.

5 Мөн түүнчлэн, та нарын нас барагсдын өмнөөс хийх баптисмтай холбогдуулан би та нарт хэдэн үг хэлье.

6 Үнэнээр Их Эзэн та нарын нас барагсдын талаар ийн хэлж байна: Та нарын хэн нэгэн нь нас барагсдынхаа өмнөөс баптисм хүртэх үед, тэнд цэдгийг үйлдэгч байг, мөн тэрбээр та нарын баптисмуудыг нүдээр гэрчлэгч байг; тэрбээр үнэн зөвөөр гэрчилж болохын тулд чихээрээ сонсог хэмээн Их Эзэн хэлж байна;

7 Та нарын бүх цэдэгт энэ нь тэнгэрт цэдэглэгдэж болохын тулд буюу; та нар дэлхий дээр юуг ч холболоо гэсэн, тэнгэрт холбогдож болох бөлгөө; та нар дэлхийд юуг ч цуцаллаа гэсэн тэнгэрт цуцлагдаж болох бөлгөө;

8 Учир нь санваарт хамаарах олон зүйлийг би дэлхийд сэргээх гэж байна хэмээн Түмний Их Эзэн хэлж байна.

9 Мөн түүнчлэн, бүх цэдэг миний ариун сүмийн архивуудад тавигдан, нэг үеэс нөгөө үеийнхэнд дурсамжид хадгалагдаж болохын тулд тэдгээр нь эмх цэгцэд байг хэмээн Түмний Их Эзэн хэлж байна.

10 Дараагийн Хүндэтгэлийн өдөр нас барагсдын өмнөөс хийх баптисмын сэдвээр индэр дээрээс тэдэнд хандан ярихыг үлэмж агуу эрмэлзлээр хүсэж байснаа би бүх гэгээнтэнд хэлье. Гэвч миний хувьд үүнийг хийх нь боломжгүй учраас, уг сэдвээр Их Эзэний үгийг, түүнчлэн бусад олон зүйлийг би цагаас цагт бичиж, мөн үүнийг та нарт шуудангаар илгээж байх болно.

11 Эдүгээ илүү цаг байхгүйн улмаас би энэ захидлаа одоо төгсгөл болгоё; учир нь дайсан бэлэн байдалд байна, Аврагч хэлсэнчлэн, энэ дэлхийн хунтайж айсуй, гэвч түүнд миний дээр ямар ч хүч үгүй бөлгөө.

12 Болгоогтун, та нар бүгдээрээ аврагдах болтугай гэдэг нь Бурханд хандах миний залбирал бөлгөө. Мөн бибээр өөрийгөө Их Эзэн дэх та нарын үйлчлэгч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бошиглогч мөн үзмэрч хэмээн гарын үсгээ зурж байна.

Иосеф Смит.

Хэвлэх