Хэсэг 132
1843 оны долоодугаар сарын 12-нд тэмдэглэгдсэн, шинэ бөгөөд үүрдийн гэрээ, үүний дотор гэрлэлтийн гэрээний үүрд мөнхийн чанар, мөн тэрчлэн олон эхнэртэй байх зарчимтай холбогдуулан Иллинойн Наувуд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Хэдийгээр уг илчлэл 1843 онд цэдэглэгдсэн ч, уг илчлэлд орсон зарим зарчим нь бүр эрт, 1831 онд бошиглогчид мэдүүлэгдсэн нь нотлогддог. Албан тунхаг 1-ийг үз.
1–6, Өргөмжлөл нь шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр дамжин олддог; 7–14, Уг гэрээний болзлууд болон нөхцөлүүд толилуулагдав; 15–20, Селестиел гэрлэлт болон гэр бүлийн нэгжийн үргэлжлэл нь хүмүүст бурхад болох боломжийг олгодог; 21–25, Давчуу бөгөөд нарийн зам мөнх амьдралд хөтөлдөг; 26–27, Ариун Сүнсийг доромжлохтой холбогдсон хууль өгөгдөв; 28–39, Мөнхийн өсөн нэмэгдэлт болон өргөмжлөлийн амлалтууд бошиглогчдод болон гэгээнтнүүдэд бүх цаг үед өгөгддөг бөлгөө; 40–47, Дэлхийд бас тэнгэрт холбох мөн лацдах хүч Иосеф Смитэд өгөгдөв; 48–50, Их Эзэн түүн дээр өргөмжлөлийг нь лацдав; 51–57, Үнэнч мөн итгэлтэй байхыг Эмма Смитэд зөвлөв; 58–66, Олон эхнэртэй гэрлэх гэрлэлтийг зохицуулах хуулиуд толилуулагдав.
1 Үнэнээр, Их Эзэн өөрийн үйлчлэгч Иосефт ийн хэлж байна, олон эхнэр мөн татвар эмстэй байх зарчим ба сургаалыг баримталж байсанд нь өөрийн үйлчлэгч Абрахам, Исаак, мөн Иаков, бас тэрчлэн Мосе, Давид болоод Соломон нарыг Их Эзэн бибээр хэрхэн зөвтгөснийг чи мэдэж мөн ойлгохын тулд миний мутраас асуусан учир буюу—
2 Болгоогтун, мөн харагтун, бибээр Их Эзэн, чиний Бурхан билээ, мөн энэ асуудлын тухайд чамд хариулах болно.
3 Тиймийн тул, чамд миний өгөх гэж буй заавруудыг хүлээн авч мөн дуулгавартай дагахад зүрх сэтгэлээ бэлтгэгтүн; учир нь энэхүү хууль өөрсдөд нь илчлэгдсэн тэд бүгд үүнийг дуулгавартай дагах ёстой.
4 Учир нь болгоогтун, шинэ бөгөөд үүрдийн гэрээг би та нарт илчилж байна; мөн хэрэв та нар тэр гэрээг үл дагаваас, тэгвэл та нар яллагдах болой; учир нь хэн нэгэн энэ гэрээг эсэргүүцээд, мөн миний хаант улсад орохоор зөвшөөрөгдөх нь үгүй.
5 Учир нь миний мутраас адислалыг хүлээн авахыг хүсэх тэд бүгд тэрхүү адислалын тулд өгөгдсөн хуулийг, мөн үүний нөхцөлүүдийг, дэлхийн үүслээс өмнө үндэслэгдсэнээр нь дагах ёстой.
6 Мөн шинэ бөгөөд үүрдийн гэрээний тухайд гэвэл, энэ нь миний сүр жавхлангийн бүрэн байдлын тулд үндэслэгдсэн ажгуу; мөн үүний бүрэн байдлыг хүлээн авдаг тэрээр уг хуулийг баримтлах шаардлагатай мөн ёстой, эс бөгөөс тэрээр яллагдах болно хэмээн Их Эзэн хэлж байна.
7 Мөн үнэнээр би та нарт хэлж байна, энэхүү хуулийн нөхцөлүүд нь эдгээр болой: Дэлхий дээр энэ хүчийг атгуулахаар миний томилсон, миний тосолсон түүний (мөн эцсийн өдрүүдэд энэхүү хүчийг атгуулахаар, бибээр өөрийн үйлчлэгч Иосефыг томилсон бөгөөд энэхүү хүч ба энэ санваарын түлхүүрүүд өгөгдсөн хүн тухайн цаг үед зөвхөн ганцхан л байдаг бөлгөө) арга замаар дамжин, тослогдон томилогдсон түүгээр дамжуулан, илчлэл болон зарлигийн дагуу, мөн тэрхүү хамгаас илүү ариун амлалтын Ариун Сүнсээр, энэ амьдралд болон үүрд мөнхийн тулд аль алинд нь хийгдээгүй мөн ороогүй, мөн лацдагдаагүй бүх гэрээ, хэлцэл, заалт, хариуцлага, тангараг, андгай, гүйцэтгэл, хэлхээ, холбоонууд, эсвээс найдлагууд нь нас барагсдаас амилуулагдсаны дараа үр нөлөөгүй, үр дүнгүй буюу хүчгүй юм; учир нь энэ зорилгын тулд хийгдээгүй бүх хэлцэл хүмүүсийг нас нөгчихөд төгсгөл болдог бөлгөө.
8 Болгоогтун, миний өргөө болбоос будилааны өргөө бус, харин эмх журмын өргөө юм хэмээн Их Эзэн хэлж байна.
9 Их Эзэн хэлж байна, би миний нэрэнд хийгдээгүй өргөлийг хүлээн зөвшөөрөх үү?
10 Эсвээс бибээр өөрийн тогтоогоогүй зүйлийг та нарын гараас хүлээж авна гэж үү?
11 Мөн дэлхий байхаас өмнө би болон миний Эцэг та нарт томилсны адил, энэ нь хуулиар байхаас бусдаар би та нарт тогтооно гэж үү?
12 Бибээр Их Эзэн, чиний Бурхан билээ; мөн энэхүү зарлигийг би та нарт өгч байна—надаар эсвээс миний хууль болох миний үгээр биш бол, ямар ч хүмүүн Эцэгт ирэх нь үгүй хэмээн Их Эзэн хэлж байна.
13 Мөн Их Эзэн хэлж байна, хүмүүсээр, хаан сэнтийгээр эсвээс вант улсуудаар, эсвээс хүчнүүдээр, эсвээс нэр алдрын ямар ч зүйлсээр томилогдсон дэлхий дээрх юм болгон, надаар эсвэл миний үгээр биш юм болгон, тэдгээр нь доош хаягдах болно, мөн хүмүүсийг нас нөгчсөний дараа мөн амилуулалтад буюу дараа нь үлдэх нь үгүй хэмээн Их Эзэн хэлж байна.
14 Учир нь үлддэг ямар ч зүйл нь надаар бөлгөө; мөн надаар бус ямар ч зүйл ганхаж мөн устгагдах болно.
15 Тиймийн тул, хэрэв эр хүн эхнэртэйгээ дэлхийд гэрлэх аваас, мөн тэрээр надаар эсвээс миний үгээр түүнтэй гэрлэсэн бус аваас, мөн тэрээр түүнтэй, мөн эхнэр нь өөртэй нь дэлхийд байх тэрхүү хугацааны туршид гэрээ хийх аваас, тэдний гэрээ болон гэрлэлт нь тэднийг нас нөгчихөд, мөн тэднийг дэлхийгээс явахад хүчингүй болох бөлгөө; тиймийн тул, тэд дэлхийгээс одох үедээ ямар ч хуулиар холбогдох нь үгүй бөлгөө.
16 Тиймийн тул, тэд дэлхийгээс одоход гэрлэх нь ч, мөн тэд хадамд гарах нь ч үгүй; харин улам илүү, мөн үлэмж, мөн мөнхийн хэмжээт сүр жавхланд зохистой тэд бүгдийн тулд тохинуулах тэнгэр дэх тэнгэр элч нар буюу тохинуулагч үйлчлэгчид болохоор томилогддог болой.
17 Учир нь эдгээр тэнгэр элч миний хуулийг баримтлаагүй болой; тиймийн тул, тэд өргөжин тэлж чадахгүй, харин тусдаа, ганцаараа, өргөмжлөлгүйгээр, өөрсдийн аврагдсан байдалд, бүхий л үүрд мөнхөд үлдэх авай; мөн үүнээс хойш бурхад биш, харин үүрд мөн мөнхөд Бурханы тэнгэр элч нар байдаг.
18 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв эр хүн эхнэртэйгээ гэрлэж, мөн түүнтэй энэ амьдралд болон үүрд мөнхөд гэрээ хийх аваас, хэрэв уг гэрээ надаар эсвээс миний хууль болох миний үгээр бус аваас, мөн энэ хүчийг өгөн миний тосолж мөн томилсон түүгээр дамжуулан амлалтын Ариун Сүнсээр лацдагдаагүй аваас, тэгвэл тэд дэлхийгээс одоход энэ нь хүчгүй бас хүчин төгөлдөр биш болой, учир нь тэдгээр нь надаар мөн миний үгээр ч нэгдүүлэгдээгүй билээ хэмээн Их Эзэн хэлж байна; тэд дэлхийгээс гадна байхад, энэ нь тэнд хүлээн авагдаж чадахгүй, учир нь дэргэдүүр нь өнгөрч үл чадах тэнгэр элч нар болон бурхад тэнд томилогдсон байдаг; тиймийн тул, тэд миний сүр жавхланг өвлөж үл чадна; учир нь миний өргөө эмх журмын өргөө билээ хэмээн Их Эзэн Бурхан хэлж байна.
19 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв эр хүн миний хууль болох миний үгээр, мөн шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр эхнэртэйгээ гэрлэвэл, мөн энэ нь энэхүү санваарын энэхүү хүч болон түлхүүрүүд надаар томилогдон, тослогдсон түүгээр дамжуулан амлалтын Ариун Сүнсээр тэдэн дээр лацдагдана, мөн тэдэнд ийн хэлэгдэх болно—Та нар эхний амилуулалтад урагш гарах болно; мөн хэрэв энэ нь эхний амилуулалтын дараа аваас, удаах амилуулалтад байх болно; мөн хаан сэнтийнүүд, хаант улсууд, вант улсууд, мөн хүчнүүд, ноёрхлууд, бүх өндөрлөг бас гүнүүдийг өвлөх болно хэмээн хэлэгдэх болно—тэгээд энэ нь Хурганы Амьдралын Номд ийн бичигдэх болно, тэрээр гэмгүй цусыг урсган аллага үйлдэхгүй мөн хэрэв та нар миний гэрээнд үлдэх аваас, мөн гэмгүй цусыг урсган аллага үйлдэхгүй байх аваас, миний үйлчлэгч тэдэн дээр энэ амьдралд мөн бүх үүрд мөнхөөр дамжуулан юуг ч тавилаа гэсэн бүх зүйлд энэ нь тэдэнд хийгдэх болно; мөн тэднийг дэлхийгээс одоход бүрэн хүчинтэй хэвээр байх болно; мөн, тэдний тэргүүн дээр лацдагдсаны дагуу өөрсдийн өргөмжлөл болон бүх зүйл дэх сүр жавхлан тийш, тэнд буй тэнгэр элч нар, мөн бурхдын дэргэдүүр өнгөрөх болно, тэрхүү сүр жавхлан нь үүрд мөн мөнхөд үр удмынх нь хувьд бүрэн дүүрэн мөн үргэлжлэл байх буюу.
20 Тэгээд тэд бурхад байх болно, учир нь тэдэнд төгсгөл гэж үгүй; тиймийн тул, тэд үүрдээс үүрдэд байх болно, учир нь тэд үргэлжилсээр байх болно; тийнхүү тэд бүхний дээр байх болно, учир нь бүх зүйл тэдэнд захирагдана. Тийнхүү тэд бурхад байх болно, учир нь бүх хүч тэдэнд буй, мөн тэнгэр элч нар тэдэнд захирагдах болой.
21 Үнэнээр, үнэнээр би та нарт хэлж байна, та нар миний хуулийг дагахаас бусдаар энэхүү сүр жавхланд хүрч чадах нь үгүй.
22 Учир нь өргөмжлөл болон амьдралуудын үргэлжлэл рүү хөтөлдөг хаалга нь давчуу, мөн зам нь нарийхан бөгөөд үүнийг олдог нь цөөхөн болой, учир нь та нар дэлхийд намайг хүлээн авах нь үгүй, мөн намайг мэдэх нь ч үгүй ажгуу.
23 Харин та нар намайг дэлхийд хүлээн авбал, тэгвэл та нар намайг мэдэх болно, мөн өргөмжлөлөө хүлээн авах болно; миний байдаг тэнд та нар тэрчлэн байж болохын тулд буюу.
24 Энэ бол мөнх амьдралууд—гагцхүү мэргэн ба үнэн Бурханыг, мөн түүний илгээсэн Есүс Христийг мэдэх нь болой. Тэр нь би болой. Тиймийн тул, та нар миний хуулийг хүлээн авцгаа.
25 Үхлүүд рүү хөтөлдөг хаалга нь өргөн, мөн зам нь уудам болой; мөн түүгээр явдаг нь олон бөлгөө, учир нь тэд намайг хүлээн авдаггүй, мөн тэд миний хуулийг мөрддөггүй билээ.
26 Үнэнээр, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв эрэгтэй хүн миний үгийн дагуу эхнэртэйгээ гэрлэвэл, мөн тэд миний томилолтын дагуу, амлалтын Ариун Сүнсээр лацдагдах аваас, мөн эрэгтэй нь, эсвэл эмэгтэй нь аливаа нүглийг, эсвээс шинэ бөгөөд үүрдийн гэрээний ямарваа зөрчлийг үйлдэж мөн Бурханыг олон янзаар доромжилсон бол, мөн хэрэв тэд гэмгүй цусыг урсган аллага үйлдээгүй байлаа ч, тэгсэн ч тэд анхны амилуулалтаар урагш гарч ирж, мөн өргөмжлөлдөө орох болно; харин тэд маханбодод устгагдах болно, мөн тэд гэтэлгэлийн өдөр хүртэл Сатаны тамлалд хүргэгдэх болно хэмээн Их Эзэн Бурхан хэлж байна.
27 Дэлхийд ч, дэлхийн гадна ч Ариун Сүнсний эсрэг үл өршөөгдөх доромжлолд, та нар гэмгүй цусыг урсгах аллага үйлдэх нь багтдаг, мөн миний шинэ бөгөөд үүрдийн гэрээг та нар хүлээж авсны дараа миний алагдахыг дэмжиж байгаа хэрэг хэмээн Их Эзэн Бурхан хэлж байна; мөн энэ хуулийг мөрддөггүй тэрээр миний хаант улсад яавч орох нь үгүй, харин яллагдах болно хэмээн Их Эзэн хэлж байна.
28 Би бол Их Эзэн, чиний Бурхан бөлгөө, мөн дэлхий байхаас өмнө надаар болон миний Эцэгээр томилогдсоны дагуу Ариун санваарын хуулиа чамд өгөх болно.
29 Абрахам бүх зүйлийг хүлээн авсан, юуг ч гэсэн тэрээр илчлэлээр болон зарлигаар, миний үгээр хүлээн авч, мөн өргөмжлөлдөө орж мөн сэнтийдээ заларч буй хэмээн Их Эзэн хэлж байна.
30 Абрахам өөрийн үр удмын талаар, мөн өөрийн хэвлийн үрсийн талаар амлалтуудыг хүлээн авчээ—чи, тодруулбал, миний үйлчлэгч Иосеф түүний хэвлийгээс гарсан—тэдгээр нь өөрсдөө дэлхийд байх хугацаанд нь үргэлжлэх ёстой; мөн Абрахам болон түүний үр удмын хувьд дэлхийгээс гадна ч тэд үргэлжлэх ёстой; дэлхийд болон дэлхийгээс гадна аль алинд нь тэд тоо томшгүй одод мэт үргэлжлэх ёстой; эсвээс, хэрэв та нар далайн эрэг дэх элсийг тоолох аваас та нар тэдгээрийг тоолж чадах нь үгүй.
31 Энэ амлалт тэрчлэн та нарынх билээ, учир нь та нар Абрахамынх, мөн уг амлалт Абрахамд өгөгдсөн буюу; мөн энэ хуулиар миний Эцэгийн ажлуудын үргэлжлэл байдаг, үүгээр дамжуулан тэрээр өөрийгөө алдаршуулдаг.
32 Явагтун та нар, тиймийн тул, мөн Абрахамын ажлыг хийгтүн; миний хуулинд орогтун та нар, мөн та нар аврагдах болно.
33 Харин хэрэв та нар миний хуулинд эс орох аваас, Абрахамд өгсөн миний Эцэгийн амлалтыг та нар хүлээн авах нь үгүй.
34 Бурхан Абрахамд зарлиглаж мөн Сара Хейгарыг Абрахамд эхнэр болгон өгсөн бөлгөө. Мөн Сара үүнийг юуны учир хийв? Учир нь гэвэл энэ бол хууль байлаа; мөн Хейгараас олон хүн удамлан төрсөн болой. Энэ нь, тиймийн тул, бусад зүйлийн хамт уг амлалтуудыг гүйцэлдүүлсэн байв.
35 Тиймийн тул, Абрахам буруутгал дор байсан уу? Үнэнээр би та нарт хэлж байна, Үгүй; учир нь Их Эзэн бибээр үүнийг зарлигласан билээ.
36 Хүү Исаакаа өргөлд өргөхийг Абрахамд зарлигласан байлаа; гэсэн хэдий ч: Чи хүн алах ёсгүй хэмээн бичигдсэн байв. Гэсэн ч Абрахам татгалзсан нь үгүй, мөн энэ нь зөв шударга ёс хэмээн түүнд тооцогдсон бөлгөө.
37 Абрахам татвар эмсийг хүлээж авсан бөлгөө, мөн тэд түүнд хүүхдүүдийг төрүүлсэн болой; мөн энэ нь зөв шударга ёс хэмээн түүнд тооцогдсон бөлгөө, учир нь тэд түүнд өгөгдсөн байлаа, мөн тэрбээр миний хуулийг мөрдсөн болой; үүний адилаар Исаак тэрчлэн Иаков ч зарлиглагдсанаас өөр ямар ч зүйлсийг үл хийсэн буюу; мөн тэдэнд зарлигласнаас өөр ямар ч зүйлсийг тэд үл хийсний улмаас тэд уг амлалтуудын дагуу өргөмжлөлдөө орсон бөгөөд, тэнгэр элч нар биш, харин бурхад болж мөн сэнтийдээ заларч буй.
38 Давид мөн миний үйлчлэгч Соломон болон Мосе, тэрчлэн миний бусад олон үйлчлэгч бүтээлтийн эхлэлээс энэ цаг үеийг хүртэл, тэрчлэн олон эхнэр бас татвар эмсийг хүлээн авсан бөлгөө, мөн тэд надаас хүлээж аваагүй тэдгээр зүйлийг үл тооцвол, тэд юунд ч нүгэл үйлдээгүй билээ.
39 Давидын эхнэрүүд болон татвар эмс, миний үйлчлэгч Натаны болон энэхүү хүчний түлхүүрүүдийг эзэмшиж байсан бусад бошиглогчийн гараар, надаас түүнд өгөгдсөн бөлгөө; мөн Уриа болон түүний эхнэрийн байдлыг эс тооцвол, тэрээр эдгээр зүйлийн алинд нь ч миний эсрэг нүгэл үйлдээгүй болой; мөн тиймийн тул, тэрээр өргөмжлөлөөсөө унаж, мөн өөрийн хувийг хүлээн авсан буюу; мөн тэрээр тэднийг дэлхийгээс гадна өвлөх нь үгүй, учир нь бибээр тэдгээрийг өөр нэгэнд өгсөн буюу хэмээн Их Эзэн хэлж байна.
40 Бибээр Их Эзэн чиний Бурхан билээ, мөн би чамд томилолтыг өгсөн, мөн бүх зүйлийг сэргээж байна, үйлчлэгч Иосеф минь. Хүссэнээ гуйгтун, мөн энэ нь миний үгийн дагуу чамд өгөгдөх болно.
41 Мөн чи садар самууны талаар асуусан болохоор, үнэнээр, үнэнээр би чамд хэлж байна, хэрэв эр хүн нэг эхнэрийг шинэ бөгөөд үүрдийн гэрээнд хүлээн авбаас, мөн тэр эмэгтэй өөр эрэгтэйтэй хамт байх аваас, мөн би түүнд ариун тослолтоор томилсон биш бол, тэр эмэгтэй садар самууныг үйлдсэн ба устгагдах болно.
42 Хэрэв тэр эмэгтэй шинэ бөгөөд үүрдийн гэрээнд ороогүй аваас, мөн тэрээр өөр эрэгтэйтэй хамт байх аваас, тэрээр садар самууныг үйлдсэн болой.
43 Мөн хэрэв түүний нөхөр нь өөр эмэгтэйтэй хамт байх аваас, мөн тэрээр тангараг дор байсан бол, тэрээр уг тангаргаа зөрчиж, мөн садар самууныг үйлдсэн бөлгөө.
44 Мөн хэрэв тэр эмэгтэй садар самууныг үйлдээгүй бол, харин гэм буруугүй бөгөөд тангаргаа зөрчөөгүй, мөн тэрээр үүнийг мэддэг бол, мөн би үүнийг чамд илчлэх юм бол, миний үйлчлэгч Иосеф, тэгвэл чи миний Ариун санваарын хүчээр, түүнийг авч мөн садар самууныг эс үйлдэн харин үнэнч байсаар ирсэн түүнд тэр эмэгтэйг өгөх хүч чамд байх болно; учир нь тэр эрэгтэй олны дээр захирагч болгогдох болно.
45 Учир нь уг санваарын түлхүүрүүд болон хүчийг бибээр чамд хүртээсэн буюу, үүгээр би бүх зүйлийг сэргээж, мөн цагт нь бүх зүйлийг чамд мэдүүлэх болно.
46 Мөн үнэнээр, үнэнээр, би чамд хэлж байна, дэлхий дээр чиний лацадсан юу ч тэнгэрт лацдагдах болно; мөн миний нэрээр мөн миний үгээр дэлхий дээр чиний холбосон юу ч, энэ нь тэнгэрт үүрд мөнхөд холбогдох болно хэмээн Их Эзэн хэлж байна; мөн чиний дэлхий дээр уучлах хэний ч нүглүүд, тэнгэрт мөнхөд уучлагдах болно; мөн чиний дэлхий дээр уучлахгүй хадгалсан хэний ч нүглүүд, тэнгэрт мөн уучлагдахгүй хадгалагдах болно.
47 Мөн түүнчлэн, үнэнээр би хэлье, чиний адислах хэнийг ч гэсэн би адислах болно, мөн чиний зүхэх хэнийг ч гэсэн би зүхэх болно хэмээн Их Эзэн хэлж байна; учир нь Их Эзэн бибээр, чиний Бурхан билээ.
48 Мөн түүнчлэн, үнэнээр би чамд хэлж байна, миний үйлчлэгч Иосеф, чи дэлхий дээр юуг ч өглөө гэсэн, мөн миний үгээр, миний хуулийн дагуу чи дэлхий дээр хэнийг ч хэн нэгэнд өглөө гэсэн, энэ нь зүхлүүдээр бус, харин адислалуудаар мөн миний хүчээр зочлогдох болно, мөн дэлхий дээр бас тэнгэрт буруутгалгүй байх болно хэмээн Их Эзэн хэлж байна.
49 Учир нь бибээр Их Эзэн чиний Бурхан билээ, бас бүр дэлхийн төгсгөл хүртэл мөн бүх үүрд мөнхөөр дамжин чамтай хамт байх болно; учир нь үнэнээр би чам дээр өргөмжлөлийг чинь лацдан мөн чамд зориулж, эцэг Абрахамын чинь хамт Эцэгийнхээ хаант улсад хаан сэнтийг бэлтгэх бөлгөө.
50 Болгоогтун, золиосуудыг чинь би харсан билээ, мөн бүх нүглийг чинь өршөөх болно; миний чамд хэлсэн түүнийг дуулгавартай дагахдаа хийсэн золиосуудыг чинь бибээр харсан билээ. Тиймийн тул, явагтун, Абрахам хүү Исаакаараа өргөл өргөхийг би хүлээн авсан шиг, гүйцэтгэх замыг чинь би чамд бэлтгэх болой.
51 Үнэнээр, би чамд хэлж байна: Чиний эхнэр, чамд миний өгсөн миний гарын үйлчлэгч Эмма Смитэд би зарлиглаж байна, түүнийг биеэ барьж мөн түүнд өг хэмээн миний чамд зарлигласан зүйлээс хүртэхгүй байхыг буюу; учир нь гэрээ ба золиосоор би та хоёрын гараас өргөл шаардаж болохын тулд, мөн Абрахамын адил та хоёрыг шалгахаар би үүнийг хийсэн хэмээн Их Эзэн хэлж байна.
52 Мөн миний гарын үйлчлэгч Эмма Смит, мөн миний өмнө ариун журамтай ба цэвэр ариун тэднийг, миний үйлчлэгч Иосефт өгөгдсөн тэдгээр бүгдийг хүлээн аваг, мөн цэвэр ариун бус боловч, цэвэр ариун хэмээн хэлэх тэд устгагдах болно хэмээн Их Эзэн Бурхан хэлж байна.
53 Учир нь бибээр Их Эзэн, чиний Бурхан билээ, мөн та хоёр миний дуу хоолойг дуулгавартай дагах ёстой; мөн би өөрийн үйлчлэгч Иосефт, тэрээр олон зүйлийн дээр захирагч болгогдохыг өгөх болой; учир нь тэрээр цөөн хэдэн зүйлд үнэнч байлаа, мөн үүнээс хойш би түүнийг хүчирхэгжүүлэх болно.
54 Мөн өөр хэнтэй ч биш, миний үйлчлэгч Иосефтой л үлдэж мөн түүнд зориулахыг би өөрийн гарын үйлчлэгч Эмма Смитэд зарлиглаж байна. Гэхдээ, хэрэв тэрээр энэ зарлигийг үл дагах аваас, тэрээр устгагдах болно хэмээн Их Эзэн хэлж байна; учир нь бибээр Их Эзэн, чиний Бурхан билээ, мөн хэрэв тэрээр миний хуулийг үл дагах аваас түүнийг устгах болно.
55 Харин хэрэв Эмма энэ зарлигийг үл дагах аваас, тэгвэл миний үйлчлэгч Иосеф тэрээр хийнэ гэснийхээ дагуу түүний төлөө бүх зүйлийг хийх ёстой; мөн би Иосефыг адисалж мөн түүнийг өсгөн үржүүлж мөн энэ дэлхийд түүнд зуу дахин илүү эцгүүд болон эхчүүдийг, ах дүү болон эгч дүүсийг, өрх гэр болон газар нутгууд, эхнэрүүд ба хүүхдүүдийг, мөн мөнхийн дэлхийнүүдэд мөнх амьдралуудын титмүүдийг өгөх болно.
56 Мөн түүнчлэн, үнэнээр би хэлж байна, миний гарын үйлчлэгч Эмма миний үйлчлэгч Иосефын гэм бурууг уучлаг; мөн тэгвэл Эмма миний эсрэг үйлдсэн гэм буруудаа өршөөгдөх болно; мөн Их Эзэн, чиний Бурхан бибээр түүнийг адисалж мөн түүнийг өсгөн үржүүлж, мөн зүрх сэтгэлийг нь баясгах болно.
57 Мөн түүнчлэн, би хэлье, дайсан ирж, мөн түүнийг устгахгүйн тулд миний үйлчлэгч Иосеф өмч хөрөнгөө гараасаа бүү гаргаг; учир нь Сатан устгахыг эрэлхийлдэг бөлгөө; учир нь бибээр Их Эзэн, чиний Бурхан билээ, мөн тэрбээр миний үйлчлэгч билээ; мөн болгоогтун, мөн харагтун, чиний эцэг Абрахамтай бүр түүний өргөмжлөл ба сүр жавхланд хүртэл би хамт байсны адилаар би түүнтэй хамт байна.
58 Эдүгээ, санваарын хуулийг дурдвал, үүнд хамаарах олон зүйл буй.
59 Үнэнээр, хэрэв хүн миний дуу хоолойгоор мөн намайг илгээсэн түүний дуу хоолойгоор миний Эцэгээс Аароны нэг адил дуудагдвал мөн энэ санваарын хүчний түлхүүрүүдээр би түүнд хишиг хүртээх аваас, мөн тэрбээр миний хуулийн дагуу мөн миний үгээр миний нэрэнд аливааг хийх аваас, тэрээр нүгэл үл үйлдэх бөгөөд би түүнийг зөвтгөх болно.
60 Тиймийн тул, нэг ч хүн миний үйлчлэгч Иосефыг бүү шүүмжлэг; учир нь би түүнийг зөвтгөх болно; учир нь тэр өөрийн зөрчлийн учир өөрийнх нь гараас миний шаардах золиосыг хийх болно хэмээн Их Эзэн, чиний Бурхан хэлж байна.
61 Мөн түүнчлэн, санваарын хуулийн тухайд гэвэл—хэрэв аливаа эр хүн онгон бүсгүйтэй гэр бүл болж, мөн өөр нэгэнтэй гэр бүл болохыг хүсэж, мөн эхнийх нь зөвшөөрөх аваас, мөн хэрэв мөнөөх эр хоёр дахиа гэрлэх аваас, мөн тэд онгоноороо байх аваас, мөн өөр эрэгтэйтэй андгай тавиагүй байх аваас, тэгвэл тэр эрэгтэй зөвтгөгдөх болой; тэд түүнд өгөгдсөн учраас тэрээр садар самууныг үйлдсэн нь үгүй бөлгөө; учир нь өөр нэгэнд биш, харин түүнд өөрт нь харьяалагдах түүнтэй тэрээр садар самууныг үйлдэнэ гэж үгүй бөлгөө.
62 Мөн хэрэв энэ хуулиар түүнд арван онгон бүсгүй өгөгдөх аваас, тэрээр садар самууныг үйлдээгүй бөлгөө, учир нь тэд түүнд харьяалагдах буюу, мөн тэд түүнд өгөгдсөн бөлгөө; тиймийн тул тэрээр зөвтгөгдөх болой.
63 Гэвч хэрэв тэр арван онгон бүсгүйгээс нэг нь эсвэл хэн нэг нь, гэр бүл бололцсоны дараа өөр эр хүнтэй хамт байх аваас, тэр бүсгүй садар самууныг үйлдсэн хэрэг, мөн устгагдах болно; учир нь тэд миний зарлигийн дагуу өсөн үржиж, мөн дэлхийг дүүргэхийн тулд, мөн дэлхийн үүслээс өмнө миний Эцэгээр өгөгдсөн амлалтыг хэрэгжүүлэхийн тулд, мөн тэд хүмүүсийн бодгалиудыг төрүүлж болохын тулд мөнхийн дэлхийнүүд дэх өөрсдийн өргөмжлөлийн тулд түүнд өгөгдсөн бөлгөө; учир нь Эцэг минь алдаршиж болохын тулд түүний ажил үүнд үргэлжилж буй.
64 Мөн түүнчлэн, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлж байна, хэрэв энэ хүчний түлхүүрүүдийг атгагч хэн нэгэн эр нэг эхнэртэй байж, мөн тэрээр миний санваарын хуулийг эдгээр зүйлийн тухайд түүнд заах аваас, мөн тэгвэл тэр эмэгтэй түүнд итгэж мөн туслах ёстой, эс бөгөөс тэр устгагдах болно хэмээн Их Эзэн та нарын Бурхан хэлж байна; учир нь би түүнийг устгах болно; учир нь миний хуулийг хүлээн авч мөн мөрддөг тэд бүгдийн дээр би өөрийн нэрийг тодруулан томсгох болно.
65 Тиймийн тул, хэрэв тэр эмэгтэй энэ хуулийг үл хүлээн авбал, Их Эзэн миний тэр эрэгтэйд өгөх бүх зүйл юуг ч гэсэн, тэр эрэгтэй хүлээж авах нь надад хууль ёсны байх болно, учир нь тэр эмэгтэй миний үгийн дагуу түүнд итгэж мөн туслаагүй болой; мөн тэгэхэд тэр эмэгтэй зөрчил гаргагч болно; мөн тэр эрэгтэй Хейгарыг эхнэр болгон ав хэмээн намайг зарлиглахад уг хуулийн дагуу Абрахамд тусалсан Сарагийн хуулиас чөлөөлөгдөх болой.
66 Мөн эдүгээ, энэ хуулийн тухайд, үнэнээр, үнэнээр би чамд хэлнэ, үүнээс хойш улам ихийг би чамд илчлэх болно; тиймийн тулд энэ удаад энэ нь хангалттай байг. Болгоогтун, бибээр Альфа ба Омега болой. Амен.