Хэсэг 133
1831 оны арван нэгдүгээр сарын 3-нд Охайогийн Хайрамд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэ илчлэлийн өмнөх үг болгон, Иосеф Смитийн түүхэнд өгүүлэхдээ, “Дэлхийн оршин суугчдад Сайн мэдээг номлох мөн цугларалттай холбогдуулан мэдэхийг хүсэж буй олон зүйл ахлагчдад энэ цаг үед байлаа; мөн үнэн гэрлээр алхахын тулд, мөн дээрээс зааварлагдахын тулд, 1831 оны арван нэгдүгээр сарын 3-нд би Их Эзэнээс асууж тийнхүү дараах чухал илчлэлийг хүлээн авсан” хэмээжээ. Энэ хэсэг эхлээд Сургаал ба Гэрээнүүд номд хавсралт болон нэмэгдэж орсон бөгөөд хожим нь хэсэг болгон дугаарлажээ.
1–6, Гэгээнтнүүд Хоёр дахь Ирэлтэд бэлтгэхээр зарлиг болгогдов; 7–16, Бүх хүн Вавилоноос зугтаж Сионд ирэхээр, мөн Их Эзэний агуу их өдөрт бэлтгэхээр зарлиг болгогдов; 17–35, Тэрбээр Сионы Уулан дээр зогсох болно, тивүүд нэг газар болно, мөн Израилын алдагдсан овгууд эргэж ирэх болно; 36–40, Сайн мэдээ бүх дэлхийд номлогдохын тулд Иосеф Смитээр дамжин сэргээгдэв; 41–51, Их Эзэн ёс бусыг үйлдэгчид дээр өшөө авахаар доош бууж ирэх болно; 52–56, Энэ нь Түүний гэтэлгэгдэгсдийн жил байх болно; 57–74, Гэгээнтнүүдийн аврал мөн ёс бусыг үйлдэгчдийн устгалын тулд сайн мэдээ урагш илгээгдэх болно.
1 Анхаарагтун, ай миний сүмийн хүмүүс хэмээн Их Эзэн, та нарын Бурхан хэлж байна, мөн өөрсдийнхөө талаарх Их Эзэний үгийг сонсогтун—
2 Өөрийнхөө ариун сүмд гэнэт ирэх Их Эзэнийг; шүүлтийн тулд дэлхий дээр зүхэлтэйгээр доош бууж ирэх Их Эзэнийг буюу; тийм ээ, Бурханыг мартсан бүх үндэстэн дээр, мөн та нарын дундах бурханлаг бус бүгд дээр бөлгөө.
3 Учир нь тэрбээр өөрийн ариун мутрыг бүх үндэстний нүдэнд харуулах болно, мөн дэлхийн бүх хязгаар Бурханыхаа авралыг харах болно.
4 Иймийн тул, бэлтгэцгээ та нар, бэлтгэцгээ та нар, ай миний хүмүүс; өөрсдийгөө ариусгагтун; Сионы нутагт хамтдаа цуглагтун, ай миний сүмийн хүмүүс та нар, үлдэхээр зарлиг болгогдоогүй та бүгд.
5 Вавилоноос гарагтун та нар. Их Эзэний савнуудыг тээгч та нар цэвэр ариун байгтун.
6 Өөрсдийн онцгой ариун хуралдайг дуудагтун мөн бие биедээ олонтоо яригтун. Мөн хүн болгон Их Эзэний нэрийг дуудаг.
7 Тийм ээ, үнэнээр би дахин та нарт хэлж байна, Их Эзэний дуу хоолой та нарт хандах тэрхүү цаг ирлээ: Вавилоноос гарагтун та нар; үндэстнүүдийн дундаас, дэлхийн дөрвөн зүгээс, тэнгэрийн нэгээс нөгөө хязгаар хүртэлхээс гарч, цугларцгаа та нар.
8 Миний сүмийн ахлагчдыг алс холын үндэстнүүд рүү; тэнгисийн арлууд руу урагш илгээгтүн; гадаад нутгууд руу илгээгтүн; бүх үндэстнийг, эхлээд харийнхныг мөн дараа нь иудейчүүдийг дуудагтун.
9 Мөн болгоогтун, мөн харагтун, энэ нь тэдний хашхираан мөн бүх хүнд хандсан Их Эзэний дуу хоолой байх болно: Миний хүмүүсийн хил хязгаарууд өргөжихийн тулд, мөн үүний гадаснууд хүчирхэгжихийн тулд, мөн Сион эргэн тойрныхоо бүс нутгуудад тэлж болохын тулд Сионы нутаг руу явцгаагтун та нар.
10 Тийм ээ, энэхүү тунхаглал хүмүүс бүгдийн дунд сонсогдог: Хүргэн Хүүг угтахаар сэрж мөн босон мөн урагш одогтун; болгоогтун мөн харагтун, Хүргэн Хүү айсуй; түүнийг угтахаар гарагтун та нар. Их Эзэний агуу их өдөрт өөрсдийгөө бэлтгэгтүн.
11 Тиймийн тул, сэрэмжтэй байгтун, учир нь тэр өдрийг ч мөн тэр цагийг ч та нар мэдэх нь үгүй.
12 Тиймийн тул, харийнхны дундах тэд Сион руу зугтаг.
13 Мөн Иудагийнх болох тэд Иерусалим руу, Их Эзэний өргөөний уулс руу зугтаг.
14 Үндэстнүүдийн дундаас, бүр Вавилоноос, сүнсний Вавилон болох ёс бусын дундаас гарч явцгаагтун та нар.
15 Гэвч үнэнээр ийн Их Эзэн хэлж байна, та нарын зугталт яаруу тэвдүү бүү байг, харин бүх зүйл та нарын өмнө бэлтгэгдэг; мөн явах тэрбээр, гэнэтийн устгал түүн дээр ирэхгүйн тулд тэрээр эргэж бүү хараг.
16 Анхаарагтун, мөн сонс, ай дэлхийн оршин суугчид та нар. Миний сүмийн ахлагчид та нар хамтдаа чих тавьж, мөн Их Эзэний дуу хоолойг сонсогтун; учир нь тэрбээр бүх хүнийг дуудаж, мөн тэрбээр газар бүрийн бүх хүнд наманчлахыг зарлигладаг бөлгөө.
17 Учир нь болгоогтун, Их Эзэн тэнгэрийн дундуур ийн хашхирах тэнгэр элчийг урагш илгээсэн бөлгөө: Их Эзэний замыг бэлтгэцгээ, мөн түүний харгуйг шулуутгацгаа, учир нь түүний ирэлтийн цаг ойрхон байна—
18 Хургыг Сионы Уулан дээр мөн түүнтэй хамт Түүний Эцэгийн нэр духан дээр нь бичээстэй нэг зуун дөчин дөрвөн мянга зогсож байхад буюу.
19 Иймийн тул, Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлтгэцгээ; гарцгаагтун, түүнийг угтахаар гарцгаагтун.
20 Учир нь болгоогтун, тэрээр Оливетын уулан дээр, мөн сүр хүчит, бүр агуу гүн тэнгис дээр, мөн далайн арлууд дээр, мөн Сионы газар нутаг дээр зогсох болно.
21 Мөн тэрбээр Сионоос дуу хоолойгоо сонордуулж, мөн тэрбээр Иерусалимаас ярих болно, мөн түүний дуу хоолой бүх хүний дунд сонсогдох болно;
22 Мөн энэ нь их усны дуу хоолой мэт, мөн уулсыг доош нурааж, тал хөндийг үгүй болгох агуу их аянгын дуу хоолой мэт байх болно.
23 Тэрбээр агуу гүнд зарлиглах болно, мөн энэ нь умардын орнууд руу гэдрэг туугдаж, мөн арлууд нэг газар болох болно;
24 Мөн Иерусалимын нутаг мөн Сионы нутаг өөрсдийнхөө газарт гэдрэг буцаагдах болно, мөн дэлхий хуваагдахынхаа өмнө тэрхүү өдрүүдэд байсантайгаа адил болох болно.
25 Мөн Их Эзэн, бүр Аврагч өөрийн хүмүүсийн дунд зогсох болно, мөн бүх маханбод дээр хаанчлах болно.
26 Мөн умардын орнууд дахь тэд Их Эзэний өмнө дурсамжид ирэх болно; мөн тэдний бошиглогчид түүний дуу хоолойг сонсох болно, мөн цаашид биеэ барихаа болино; мөн тэд хаднуудыг цохих болно, мөн тэдний дэргэд мөс доош гулсан урсах болно.
27 Мөн тэрхүү агуу гүний дунд дардан зам баригдах болно.
28 Дайснууд нь тэдэнд идэш болох болно,
29 Мөн үржил шимгүй цөлүүдэд тасралтгүй урсах усан цөөрмүүд гарч ирэх болно; мөн хатсан газар цаашид ангаж гандсан газар байхаа болино.
30 Мөн тэд баялаг сан хөмрөгүүдээ миний үйлчлэгчдэд, Ефраимын хүүхдүүдэд авчрах болно.
31 Мөн үүрдийн толгодын хил хязгаарууд тэдний дэргэд дагжин чичрэх болно.
32 Мөн тэнд тэд доош унаж бас бүр Сионд, Их Эзэний үйлчлэгчдийн, бүр Ефраимын хүүхдүүдийн гараар сүр жавхлангаар титэмлэгдэх болно.
33 Мөн тэд үүрдийн баяслын дуунуудаар дүүргэгдэх болно.
34 Болгоогтун, энэ бол Израилын овгууд дээрх үүрдийн Бурханы адислал, түүнчлэн Ефраим болон түүний нөхдийн тэргүүн дээрх илүү баялаг адислал бөлгөө.
35 Мөн тэрчлэн Иудагийн овгийн тэд өвдөлтийнхөө дараа, түүний оршихуйд өдөр болон шөнө, үүрд мөн мөнхөд оршихын тулд Их Эзэний өмнө цэвэр ариун байдалд ариусгагдах болно.
36 Мөн эдүгээ, үнэнээр Их Эзэн хэлж байна, эдгээр зүйл та нарын дунд мэдэгдэж болохын тулд, ай дэлхийн оршин суугчид, тэнгэрийн дундуур нисэгч өөрийн тэнгэр элчийг үүрдийн сайн мэдээтэйгээр би урагш илгээсэн билээ, тэрээр зарим хүнд үзэгдсэн мөн хүмүүнд үүнийг даатгасан мөн дэлхийд оршин суудаг олонд үзэгдэх болно.
37 Мөн энэ сайн мэдээ бүх үндэстэн, ястан мөн хэлтэн мөн ард түмэнд номлогдох болно.
38 Мөн Бурханы үйлчлэгчид чанга дуу хоолойгоор ийн өгүүлж урагш одох болно: Бурханаас эмээж мөн түүнд алдар сууг өргөгтүн, учир нь түүний шүүлтийн цаг айсуй;
39 Мөн тэнгэр, бас дэлхий, далай тэнгис, бас горхи булгийг бий болгосон түүнийг бишрэн шүтэгтүн—
40 Их Эзэний нэрийг өдөр ба шөнөөр дуудан: Ай та тэнгэрийг цуу татаасай, таны дэргэд уулс доош гулсан бууж болохын тулд та доошлон ирээсэй хэмээн хэлж шүтэгтүн.
41 Мөн энэ нь тэдний тэргүүн дээр хариулагдах болно; учир нь Их Эзэний оршихуй нь хайлуулагч гал шатах адил, мөн усыг буцалгахад хүргэх гал адил байх болно.
42 Ай Их Эзэн минь, та өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхийн тулд доошоо бууж ирэх болно, мөн бүх үндэстэн таны оршихуйд дагжин чичрэх болно—
43 Тэдний хүсэн хүлээдэггүй зүйлсийг, аймшигт зүйлсийг таныг үйлдэхэд буюу;
44 Тийм ээ, таныг доош бууж ирэхэд, таны оршихуйд уулс доош гулсахад, баясдаг бөгөөд зөв шударгыг үйлдэж мөн таны замуудаар таныг дурсдаг түүнтэй та уулзах болно.
45 Учир нь дэлхийн эхлэлээс хойш танаас өөр хүмүүс сонссон нь үгүй, мөн чихээр хүлээн авсан нь үгүй, мөн ямар ч нүд харсан нь үгүй, ай Бурхан минь, таныг хүлээдэг түүний төлөө та хэчнээн агуу зүйлсийг бэлтгэснийг буюу.
46 Мөн ийн хэлэгдэх болно: Будагдсан өмсгөлтэйгээр тэнгэр дэх Бурханаас доош буун ирэгч; тийм ээ, үл мэдэгдэх газраас ирэх, туяаран гэрэлтэх хувцсаар хувцасласан, хүчин чадлынхаа агуу ихэд аялагч, энэ чинь хэн бэ?
47 Мөн тэрбээр: Зөв шударгад ярьсан, аврах чадалтай тэр нь би билээ хэмээн хэлэх болно.
48 Мөн Их Эзэний хувцас улаан байх болно, мөн түүний өмсгөлүүд усан үзмийг шахагч түүнийхтэй адил байх болно.
49 Мөн түүний оршихуйн сүр жавхлан нь, нар ичингүйрч нүүрээ нуун, мөн сар гэрлээ татаж, мөн одод байрнаасаа шидэгдмээр тийм агуу байх болно.
50 Мөн түүний ийн хэлэх дуу хоолой сонсогдох болно: Би дарсны шахуургыг ганцаараа гишгэлээ, мөн бүх хүн дээр шүүлтийг авчрав; мөн надтай хамт хэн ч байсангүй;
51 Би тэднийг хилэгнэлдээ дэвсэллээ, мөн уурандаа би тэдэн дээгүүр алхаллаа, мөн тэдний цусыг өмсгөлүүд дээрээ цацав, мөн миний бүх хувцас улаанаар будагдав; учир нь энэ бол миний зүрх сэтгэлд байсан өшөө авалтын өдөр байв.
52 Мөн эдүгээ миний гэтэлгэгдэгсдийн жил ирлээ; мөн тэд Их Эзэнийхээ хайрын нинжин сэтгэлийг, мөн сайн сайхныхаа дагуу, мөн хайрын нинжин сэтгэлийнхээ дагуу түүний өөрсөд дээр нь хүртээсэн тэр бүгдийг үүрд мөн мөнхөд дурдах болно.
53 Тэдний бүх зовлон зүдгүүрт тэрээр зовж зүдэрсэн билээ. Мөн түүний дэргэдэх тэнгэр элч тэднийг аврав; мөн эрт дээр үеийн өдрүүдэд бүгдэд өөрийн хайранд, мөн өөрийн өрөвч сэтгэлд тэрбээр тэднийг гэтэлгэж, тэднийг тээн мөн үүрсэн бөлгөө;
54 Тийм ээ, мөн тэрчлэн, Енох мөн түүнтэй хамт байсан тэд; түүний өмнө байсан бошиглогчид; мөн тэрчлэн Ноа мөн түүний өмнө байсан тэд; мөн тэрчлэн Мосе мөн түүний өмнө байсан тэд;
55 Мөн Мосегоос Елиаг хүртэл, мөн Елиагаас Иоханыг хүртэл, амилалтад нь Христтэй хамт байсан тэд бүгд, мөн ариун төлөөлөгчид, Абрахам, Исаак, мөн Иаковтай хамт Хурганы оршихуйд байх болно.
56 Мөн гэгээнтнүүдийн булшнууд нээгдэх болно; мөн тэд урагш гарч ирэн мөн түүнийг Сионы Уулан дээр, мөн ариун хот Шинэ Иерусалимд зогсож байхад нь Хурганы баруун талд зогсох болно; мөн тэд Хурганы тухай дууг өдөр мөн шөнө, үүрд мөн мөнхөд дуулах болно.
57 Мөн энэхүү шалтгааны учир, хүмүүс илчлэгдэх тэнгэрлэг үнэнийг хүртэгчид болгогдож болохын тулд, Их Эзэн өөрийн сайн мэдээний бүрэн байдлыг, өөрийн үүрдийн гэрээг тодорхой мөн энгийн байдлаар тайлбарлан, урагш илгээсэн бөлгөө—
58 Сул доройчуудыг дэлхийд тохиох тэрхүү зүйлсэд, мөн сул доройчууд мэргэдийг мадлах, мөн бага нэг нь хүчирхэг үндэстэн болох, мөн хоёр нь тэдний хэдэн арван мянгыг зугтаалтад тавих тэрхүү өдөрт Их Эзэний ажилд бэлтгэхийн тулд буюу.
59 Мөн дэлхийн сул дорой зүйлсээр, Сүнснийхээ хүчээр Их Эзэн үндэстнүүдийг ялган цуглуулах болно.
60 Мөн энэхүү шалтгааны учир эдгээр зарлиг өгөгдсөн билээ; эдгээр нь өгөгдсөн тэрхүү өдөр дэлхийд эдгээрийг мэдүүлэхгүй байхыг тэдэнд зарлиг болгосон байв, харин эдүгээ бүх маханбодод урагш одох болно—
61 Мөн энэ нь бүх маханбодыг захирдаг Их Эзэний оюун болон тааллын дагуу бөлгөө.
62 Мөн Их Эзэний өмнө наманчилдаг, бас өөрийгөө ариусгадаг түүнд мөнх амьдрал өгөгдөх болно.
63 Мөн Их Эзэний дуу хоолойг анхаардаггүй тэдэнд, тэд хүмүүсийн дундаас тусгаарлагдах болно хэмээн бошиглогч Мосегоор бичигдсэн нь гүйцэлдэх болно.
64 Мөн тэрчлэн бошиглогч Малахигаар ийн бичигдсэн нь буюу: Учир нь, болгоогтун, зууханд адил шатах тийм өдөр ирнэ, мөн бардамнагчид бүгд, тийм ээ, мөн ёс бусыг үйлдэх тэд бүгд тарианы ёзоор байх болно; мөн ирэх тэр өдөр тэднийг шатаах болно, тэгснээр энэ нь тэдгээрийн үндсийг ч бас мөчрийг ч эс үлдээх болно хэмээн Түмний Их Эзэн хэлж байна.
65 Иймийн тул, энэ нь тэдэнд өгөх Их Эзэний хариу байх болно:
66 Би өөрийнхөндөө ирсэн тэр өдөр, та нарын дундах хэн нь ч намайг хүлээн авсангүй, мөн та нар хөөгдсөн байлаа.
67 Намайг дахин дуудахад, та нараас хариулах хэн ч байсангүй; гэсэн ч миний мутар, мөн миний чөлөөлөх хүч ч, гэтэлгэж чадахааргүй болтол огт татагдсан нь үгүй.
68 Болгоогтун, зэмлэлээрээ би далай тэнгисийг хатаана. Гол мөрнүүдийг аглаг буйд болгоно би; тэдгээрийн загас өмхийрч, цангасандаа үхнэ.
69 Би тэнгэрийг харанхуйгаар бүрхэж, мөн тэдгээрийг таараар хучина.
70 Мөн та нар үүнийг миний мутраас авах бөлгөө—та нар харамсалд хэвтэх болно.
71 Болгоогтун, мөн харагтун, та нарыг чөлөөлөх хэн ч үгүй болой; учир нь би тэнгэрээс та нарыг дуудахад, та нар миний дуу хоолойг дуулгавартай дагаагүй билээ; та нар миний үйлчлэгчдэд итгээгүй билээ, мөн тэд та нар луу илгээгдэхэд та нар тэднийг хүлээж аваагүй билээ.
72 Иймийн тул, тэд гэрчлэлийг лацдаж мөн хуулийг холбосон билээ, мөн та нар харанхуйд хүргэгдсэн буюу.
73 Уйлах мөн гаслах, мөн шүдээ хавирах нь буй гадаад харанхуй руу эдгээр нь очих болно.
74 Болгоогтун, Их Эзэн, та нарын Бурхан үүнийг ярилаа. Амен.