Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 134


Хэсэг 134

1835 оны наймдугаар сарын 17-нд Охайогийн Көртландад Сүмийн ерөнхий чуулган дээр нэгдмэл санал өгөлтөөр батлагдсан, засгийн газрууд болон хуулиудад итгэх тунхаг оршвой. Сургаал ба Гэрээнүүдийн анхны хэвлэлд оруулахаар төлөвлөж буй агуулгыг авч хэлэлцэхээр олон гэгээнтэн цугларсан байлаа. Тэр үед уг тунхаг ийм өмнөх үгтэй байв: “Ерөнхийд нь авч үзэхэд, дэлхийн засгийн газрууд болон хуулиудын тухай бидний итгэл буруу тайлбарлагдах юм уу буруу ойлгогдохгүй байж болохын тулд бид энэ ботийн төгсгөлд уг зүйлийн талаарх өөрсдийн санал бодлыг өргөн танилцуулах нь зүйтэй хэмээн үзэв.”

1–4, Ухамсрын мөн шүтэн бишрэх эрх чөлөөг засгийн газрууд хамгаалах ёстой; 5–8, Бүх хүн засгийн газруудаа дэмжиж, мөн хуулийг дээдэлж мөн даган мөрдөх ёстой; 9–10, Шашны байгууллагууд иргэний хүчийг ашиглах ёсгүй; 11–12, Өөрсдийгөө болон өмч хөрөнгөө хамгаалахад хүмүүс зөвтгөгдөх бөлгөө.

1 Бид засгийн газрууд хүмүүний тусын тулд Бурханаар үндэслэн байгуулагдсан гэдэгт; мөн нийгмийн сайн сайхан бөгөөд аюулгүй байдлын төлөө хуулиуд гаргах болон тэдгээрийг хянахын аль алинд нь, засгийн газартай холбоотой ажил үйлсийнх нь төлөө тэрээр хүмүүст хариуцлага хүлээлгэхээр болгодогт бид итгэдэг.

2 Хувь хүн болгонд ухамсрын чөлөөт байдал, өмчийн эрх болон хяналт, мөн амь насаа хамгаалах явдлыг хангаж өгөх ийм хуулиудыг боловсруулж мөн дээдлэхээс бусдаар ямар ч засгийн газар энх тайванд оршиж чадахгүй гэдэгт бид итгэдэг.

3 Мөн уг хуулиудыг албадан сахиулахын тулд бүх засгийн газарт төрийн албан хаагчид болон иргэний шүүгчид зайлшгүй шаардлагатай гэдэгт; мөн эдгээр хуулийг тэгш эрх ба шударгаар хэрэгжүүлэх тэдгээрийг эрэлхийлж, ардчилсан улс бол хүмүүсийн саналаар эсвээс хаант улсын засаглалын тааллаар, дэмжин сонгох ёстой гэдэгт бид итгэдэг.

4 Шашин нь Бурханаас үндэслэгдэн бий болсон гэдэгт; мөн шашны санал бодлууд нь тэднийг бусдын эрх болон эрх чөлөөнд халдахад өдөөгөөгүй л бол, хүмүүс үүнийг шүтсэнийхээ төлөө түүний өмнө, гагцхүү түүний өмнө хариуцлага хүлээдэг гэдэгт бид итгэдэг; харин хүмүүний хууль нь хүмүүний ухамсрыг хорихоор шүтлэгийн дүрмүүдийг тодорхойлоход хөндлөнгөөс оролцох, мөн олон нийт юм уу хувь хүний сүсэг бишрэлийн хэлбэрийг тулган зааварчлах эрхтэй гэдэгт бид итгэдэггүй; мөн иргэний шүүгчид гэмт хэргийг хазаарлан тогтоох ёстой боловч ухамсрыг хэзээ ч хянах ёсгүй гэдэгт; гэмийг цээрлүүлэх ёстой, харин бодгалийн эрх чөлөөг хэзээ ч нухчин дарах ёсгүй гэдэгт бид итгэдэг.

5 Өөрсдийнхөө зүй ёсны бөгөөд салшгүй эрхүүдийг ийм засгийн газруудын хуулиудаар хамгаалуулж байгаа үед бүх хүн өөрсдийн амьдардаг газарт харьяалагддаг засгийн газруудыг дэмжиж мөн туслах үүрэгтэй гэдэгт; ийнхүү хамгаалагдсан иргэн бүр өдөөн хатгалт болон бослого тэмцэлд оролцох нь зохисгүй бөгөөд зохих ёсоор шийтгэгддэг байх ёстой гэдэгт; мөн бүх засгийн газар бодлогынхоо дагуу олон нийтийн ашиг сонирхлыг хамгийн дээд зэргээр хангахуйц тийм хуулиудыг хэрэгжүүлэх эрхтэй; гэсэн хэдий ч, үүний сацуу, ухамсрын эрх чөлөөг ариун нандинаар нь дээдлэх учиртай гэдэгт бид итгэдэг.

6 Хүн бүр өөрийнхөө албан тушаалд, гэм зэмгүй хүмүүсийг хамгаалах бас гэмтнүүдийг цээрлүүлэхийн тулд захирагчид болон шүүгчид ч хүндлэгддэг байх ёстой гэдэгт бид итгэдэг; мөн бүх хүн хуулиудыг дээдлэн мөн мөрдөн дагах үүрэгтэй, учир нь тэдгээргүйгээр эмх замбараагүй явдал болон аллага нь энх амгалан ба эв нийцлийг шахан гаргах болно; хүмүүний хуулиуд нь хувь хүмүүсийн болон улс үндэстнүүдийн хувьд, хүн хүний хоорондох бидний ашиг сонирхлыг зохицуулах гагцхүү зорилгын тулд үндэслэгдэн бий болгогддог гэдэгт; мөн тэнгэрээс бурханлаг хуулиуд өгөгдөж, итгэл болон шүтлэгийн тулд сүнсний зүйлсийн дүрмүүдийг заадаг, аль аль хуулийн дагуу хүмүүн Бий Болгогчийн өмнө хариуцлага хүлээдэг гэдэгт бид итгэдэг.

7 Захирагчид, муж улсууд мөн засгийн газрууд бүх иргэдийн хувьд шашны итгэл үнэмшлээ чөлөөтэйгээр эдлэх явдлыг нь хамгаалах хуулиудыг батлан мөрдөх эрхтэй мөн үүрэгтэй гэдэгт бид итгэдэг; харин иргэд нь хуулиудыг даган мөн дээдэлж мөн шашны санаа бодлууд нь өдөөн хатгалга болон хуйвалдааныг зөвтгөөгүй байгаа цагт тэднээс энэхүү онцгой боломжийг нь хасах эсвээс тэдний санал бодлуудыг хууль бус хэмээн үзэх шударга ёсны эрх тэдэнд байгаа гэдэгт бид итгэдэггүй.

8 Гэмт хэргийн үйлдлийг уг зөрчлийн мөн чанарынх нь дагуу шийтгэх ёстой гэдэгт; аллага, урвалт, дээрэм, хулгай мөн нийтийн амар амгалан байдлыг бүх талаар алдагдуулах нь хүмүүний дундах тэдний хилэнцэт үйлдэл бөгөөд тэдний гэмт хэргийн байдлын дагуу, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн тэрхүү засгийн газрын хуулиудаар шийтгэгддэг байх ёстой гэдэгт; мөн олон нийтийн энх амгалан ба амар тайван байдлын төлөө бүх хүн, сайн хуулиудын эсрэг зөрчил гаргагчдыг шийтгэлд авчрахын тулд урагшилж мөн өөрсдийн чадварыг ашиглах ёстой гэдэгт бид итгэдэг.

9 Шашны нөлөөг иргэний засгийн газартай хольж хутган, ингэснээр шашны нэг байгууллага урамшуулан дэмжигдэж мөн нөгөөгийнх нь сүнслэг онцгой боломжуудад саад тотгор учирч, мөн иргэдийн хувьд гишүүдийнх нь хувь хүний эрхүүдийг хасах нь шударга гэдэгт бид итгэдэггүй.

10 Шашны бүх байгууллага нь тухайн байгууллагуудын дүрмүүд болон журмуудын дагуу, уг арга хэмжээ нь тухайн байгууллагынхаа гишүүнчлэл болон нөхөрлөлийн хэмжээнд байгаа нөхцөлд, гишүүдийнхээ зүй бус авирын төлөө зохицуулах эрхтэй гэдэгт бид итгэдэг; харин шашны аливаа байгууллага нь өмчийн эрх юм уу амь насаар нь шүүх, эсвээс тэднээс энэ дэлхийн өмчийг нь авах эсвээс амь нас болон үе мөч аль алиныг нь хохирооход тэднийг хүргэх, эсвээс тэдэн дээр бие махбодын аливаа шийтгэл үзүүлэх эрх мэдэлтэй гэдэгт бид итгэдэггүй. Тэд гагцхүү тэднийг өөрсдийн байгууллагаас хөөж, мөн өөрсдийн нөхөрлөлийг тэднээс татан авч болно.

11 Хувь хүнд хохирол учруулсан эсвээс өмчийн эрх юм уу нэр хүндэд халдсан тохиолдолд, эдгээрийг хамгаалах хуулиуд байгаа нөхцөлд, хүмүүс бүх бурууг болон гомдлуудыг барагдуулахын тулд иргэний хуулиар заалдах ёстой гэдэгт бид итгэдэг; гэхдээ бүх хүн тэр даруйд хуулиар заалдаж, тусламж өгөгдөж чадахгүй онцгой тохиолдолд өөрсдийгөө, найз нөхдөө, мөн өмч хөрөнгөө, бас засгийн газрыг хууль бус халдлагууд болон дайралтуудаас хамгаалахад зөвтгөгдөж байх ёстой гэдэгт бид итгэдэг.

12 Сайн мэдээг дэлхийн бүх үндэстэнд номлох, мөн зөв шударгыг үйлдэгчдийг дэлхийн ялзралаас өөрсдийгөө хамгаалахыг сэрэмжлүүлэх нь шударга гэдэгт бид итгэдэг; гэхдээ хамжлагат боолуудад саад болох, эздийнх нь таалал ба хүслийн эсрэг тэдэнд сайн мэдээг номлох юм уу баптисм хүртээх, эсвээс энэ амьдрал дахь өөрсдийн нөхцөл байдалд сэтгэл ханамжгүй байдалд тэднийг хүргэхэд хамгийн багаар хөндлөнгөөс оролцох эсвэл тэдэнд нөлөөлж, үүгээр хүмүүсийн амь насанд хор хохирол учруулах нь зүйтэй гэдэгт бид итгэдэггүй; ийм хөндлөнгийн оролцоо хууль бус бөгөөд шударга бус, мөн хүмүүнийг боолчлолд байлгахыг зөвшөөрдөг засгийн газар бүрийн амар амгалан байдалд аюултай гэдэгт бид итгэдэг.