Хэсэг 135
1844 оны зургаадугаар сарын 27-нд Иллинойн Картейжид бошиглогч Иосеф Смитийн болон түүний ах, Патриарх Хайрум Смитийн амь насыг хороосон талаарх зар оршвой. Иосеф, Хайрум Смит хоёрыг алагдах үед, хэвлэлд гарахад бараг бэлэн болчихоод байсан Сургаал ба Гэрээнүүдийн 1844 оны хэвлэлийн ард энэ баримт нь хавсрагджээ.
1–2, Картейж шоронд Иосеф, Хайрум хоёрын амь насыг бүрэлгэв; 3, Бошиглогчийн чухал байдал тунхаглагдав; 4–7, Тэдний гэм зэмгүй цус уг ажлын үнэн болон бурханлаг чанарын тухай гэрчилдэг.
1 Энэ номын мөн Мормоны Номын тухай гэрчийг лацдахын тулд, бошиглогч Иосеф Смит, мөн Патриарх Хайрум Смит хоёр амь насаа алдсаныг бид зарлан мэдэгдэж байна. Тэд 1844 оны зургаадугаар сарын 27-нд Картейж шоронд, нүүрээ хараар будсан, зэвсэглэсэн, 150–200 танхайрагч хүмүүсээр оройн 5 цагийн орчимд буудуулсан ажээ. Хайрум эхлээд буудуулж; Би үхлээ! хэмээн дуу алдаж, тайвнаар унав. Иосеф цонхоор үсрэхээр ухасхийж, ингэх зуураа буудуулан; Ай Их Эзэн Бурхан минь! хэмээн дуу алдаад нас нөгчив. Тэднийг хоёуланг нь амь алдсаных нь дараа хэрцгийгээр буудаж, хоёулаа тус бүр дөрвөн суманд өртжээ.
2 Тэр үед уг өрөөнд байсан хүмүүс нь зөвхөн Арван хоёрын Жон Тейлор мөн Виллард Ричардс хоёр байв; эхнийх нь хэрцгий байдалд дөрвөн суманд шархадсан хэдий ч, хожим нь эдгэрчээ; сүүлчийнх нь Бурханы санаа тавилтаар дамжин хувцсандаа ганц ч нүхгүйгээр амь гарсан ажээ.
3 Их Эзэний бошиглогч ба үзмэрч Иосеф Смит энэ дэлхийд хүмүүсийн авралын төлөө, зөвхөн Есүс Христийг эс тооцвол, үүн дээр амьдарч асан ямар ч хүнээс илүү ихийг хийсэн. Хорьхон жилийн богинохон хугацаанд тэрбээр Бурханы бэлэг болон хүчээр өөрийн орчуулсан Мормоны Номыг урагш авчран, мөн үүнийг хоёр тивд хэвлүүлсэн арга хэрэгсэл нь болсон билээ; тэрбээр үүнд агуулагдах үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг дэлхийн дөрвөн хязгаарт илгээв; хүмүүсийн үрсийн ашиг тусын төлөө Сургаал ба Гэрээнүүдийн энэ номыг бүрдүүлсэн илчлэлүүд, зарлигуудыг урагш авчирч мөн мэргэн ухааныг агуулсан бусад олон баримт бичиг бас зааврыг урагш авчрав; Хожмын үеийн мянга мянган гэгээнтнийг цуглуулан агуу хотыг үндэслэн байгуулж, мөн устгагдаж эс чадах алдар, нэрийг үлдээв. Тэрбээр Бурханы болон өөрийн хүмүүсийн мэлмийд агуу байдлаар амьдарч, мөн агуу байдлаар нас нөгчив; мөн Их Эзэний эрт дээр үеийн томилогдогсдын адил өөрийн үүрэг зорилго болон өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө; мөн түүний ах Хайрум ч бас ингэсэн билээ. Амьдралд тэд салсан нь үгүй, мөн үхэлд тэд тусгаарлагдсангүй!
4 Түүний амь насыг хохироохоос хоёр юм уу гурав хоногийн өмнө хуулийн зохиомол шаардлагуудад өөрийгөө тушаахаар Картейж руу явахдаа Иосеф: “Хурга адил бибээр аллага руу явж байна; гэвч би зуны өглөө лугаа тайван байна; Бурханд, мөн бүх хүнд гэм хийгээгүй ухамсарт мэдлэг надад байгаа. Би гэм зэмгүйгээр үхэх болно, мөн миний тухай—түүнийг санаатайгаар алсан бөлгөө хэмээн хэлэх болно”—гэж хэлжээ. Мөн тэр өглөө Хайрум—аллага руу хэмээн энэ нь хэлэгдэх үү? Тийм ээ, учир нь энэ нь ийм байсан бөлгөө—явахаар бэлэн болсны дараа, тэрбээр Мормоны Номын Иферийн арван хоёрдугаар бүлгийн төгсгөл хавьд, дараах догол мөрийг уншиж, мөн уг хуудасны өнцгийг нугалсан байжээ:
5 Мөнхүү улиран тохиох дор харийнхан төгс хайрыг агуулж болохын тулд, тэрээр тэдэнд ач ивээлийг хайрлаасай хэмээн би Их Эзэнд хандан залбирсан буюу. Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад хэлрүүн: Хэрэв тэд төгс хайр үгүй аваас, энэ нь чамд хамаагүй болой; чи үнэнч байсан; иймийн тул, чиний өмсгөл цэвэр болгогдох болно. Мөн чи өөрийн сул доройг харсны учир, Эцэгийнхээ орднуудад миний бэлтгэсэн байранд суух болж, чи хүчирхэг болгогдох болно. Мөн эдүгээ, би, … харийнхантай, тийм ээ, мөн түүнчлэн өөрийн хайрладаг ах дүүстэйгээ салах ёс гүйцэтгэе, бид Христийн шүүлтийн суудлын өмнө, миний өмсгөлүүд та нарын цусаар толботоогүйг бүх хүн мэдэх тэнд уулзах хүртлээ буюу. Гэрчлэгчид эдүгээ нас нөгчсөн бөлгөө, мөн тэдний гэрч хүчин төгөлдөр буюу.
6 Хайрум Смит 1844 оны хоёрдугаар сард дөчин дөрвөн нас хүрсэн, мөн Иосеф Смит 1843 оны арван хоёрдугаар сард гучин найман нас хүрчээ; мөн үүнээс хойш тэдний нэр шашны улмаас аллагад өртөгсдийн дунд ангилагдах болно; мөн Мормоны Ном, сүмийн Сургаал ба Гэрээнүүдийн энэ ном нь ялзарсан дэлхийн авралын төлөө тэдгээрийг урагш авчрахын тулд арван есдүгээр зууны шилдэг цусыг золиослон авсныг үндэстэн бүхний уншигчдад сануулах болно; мөн хэрэв Бурханы алдар суугийн тулд түймрийн гал ногоон модыг устгаж чаддаг аваас, ялзралын жимсний талбайг цэвэршүүлэхийн тулд, хуурай моддыг ямар амархан шатаах билээ. Тэд алдар суугийн тулд амьдарч байв; тэд алдар суугийн тулд нас нөгчсөн билээ; мөн алдар суу нь тэдний мөнхийн шагнал бөлгөө. Үеэс үед тэдний нэр нь ариусгагдсан тэдний хувьд эрдэнийн чулуу адил үр удам дамжих болно.
7 Тэд өмнө нь олонтоо нотлогдож байсанчлан, ямар ч гэмт хэргийн буруугүй байв; мөн зөвхөн урвагчид болон ёс бус хүмүүсийн хуйвалдаанаар шоронд хоригдсон байлаа; мөн Картейж шоронгийн шалан дээрх тэдний гэмгүй цус дэлхий дээрх аль ч шүүхээр няцаагдахгүй, Мормон шашинд нягт холбоотой илт мэдэгдэхүйц лац болой, мөн Иллиной Муж улсын сүлд дээрх тэдний гэмгүй цус захирагчаар нь нотлогдсон, Муж улсын эвдэгдсэн итгэлийн хамт, бүх дэлхий буруутгаж үл чадах үүрдийн сайн мэдээний үнэний тухай гэрч юм; мөн эрх чөлөөний туг дээрх, мөн Нэгдсэн Улсын магна чарта (үндсэн хууль) дээрх тэдний гэмгүй цус нь бүх үндэстний дундах шударга хүмүүсийн зүрх сэтгэлд хүрэх Есүс Христийн шашны элч төлөөлөгч нь юм; мөн тэдний гэмгүй цус нь тахилын ширээний дор Иоханы харсан бүх амь насаар хохирогчдын гэмгүй цусны хамт, уг цусны өс хонзонг дэлхий дээр тэрбээр авах хүртэл Түмний Их Эзэнд хандан гуйсаар байх болно. Амен.