Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 136


Хэсэг 136

Айовагийн Каунсил Блаффсын ойролцоо Миссури мөрний баруун эрэг дээр Омаха үндэстэн, Израилын буудалд, Винтер Квортерст ерөнхийлөгч Бригам Янгаар дамжуулан өгөгдсөн Их Эзэний үг болон таалал оршвой.

1–16, Өрнөд зүгт хийх аялалд Израилын буудал хэрхэн зохион байгуулагдах нь тайлбарлагдав; 17–27, Гэгээнтнүүд сайн мэдээний олон тооны жишгээр амьдрахаар зарлиг болгогдов; 28–33, Гэгээнтнүүд дуулж, бүжиглэн, залбирч, мөн мэргэн ухаанд суралцах ёстой; 34–42, Бошиглогчид хөнөөгддөг, ингэснээр тэд алдар хүндтэй болдог мөн ёс бусыг үйлдэгчид буруутгагддаг.

1 Өрнөд рүү хийх тэдний аяллуудад Израилын буудлын талаарх Их Эзэний Үг болон Таалал нь:

2 Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бүх хүн, мөн тэдэнтэй аялах тэд, бидний Бурхан Их Эзэний бүх зарлиг болон дүрмүүдийг сахих гэрээ болон амлалт бүхий бүлгүүд болон зохион байгуулагдаг.

3 Уг бүлгүүд нь зуутын ахмад, тавьтын ахмад, мөн аравтын ахмадтай, өөрсдийн тэргүүнд ерөнхийлөгч болон хоёр зөвлөхтэйгөөр, Арван хоёр Төлөөлөгчийн удирдлага дор зохион байгуулагдаг.

4 Мөн—бид Их Эзэний бүх ёслолд алхах болно—гэдэг нь бидний гэрээ байх болно.

5 Бүлэг бүр чадлынхаа хэрээр буулгатай мал, тэрэг, хүнс, материалын хангамжууд, хувцас хунар мөн аялалд шаардлагатай бусад зүйлсээр өөрсдийгөө хангаг.

6 Бүлгүүд зохион байгуулагдахад, ард үлдэх тэдний төлөө бэлтгэхийн тулд өөрсдийн хүч чадлаар хөдөлмөрлөг.

7 Бүлэг бүр өөрсдийн ахмадууд болон ерөнхийлөгчдийн хамт хэчнээн нь дараагийн хавар явж болохыг шийдэг; тэгээд хаврын тариалалтад бэлтгэх анхдагчид болж явах, буулгатай мал, тарих үр, газар тариалангийн багаж хэрэгслийг авч явах, бие бялдрын хувьд чадалтай бас дадлага туршлагатай чадварлаг, хангалттай тооны хүмүүсийг сонгож аваг.

8 Бэлэвсэн эмэгтэйчүүд болон эцэггүй хүүхдүүдийн гуйлтууд энэ хүмүүсийн эсрэг Их Эзэний сонорт хүрэхгүйн тулд, бүлэг бүр өөрсдийн өмч хөрөнгийн ноогдлын дагуу ядуус, бэлэвсэн эмэгтэйчүүд, эцэггүй хүүхдүүд, мөн цэрэгт явсан хүмүүсийн гэр бүлүүдийг тэнцүү хэмжээгээр авч яваг.

9 Бүлэг бүр энэ улиралд ард үлдэх тэдэнд зориулж байшингууд, мөн тариа ургуулах талбайнууд бэлтгэг; мөн энэ нь өөрийн хүмүүсийн талаарх Их Эзэний таалал бөлгөө.

10 Их Эзэний Сионы гадсыг байрлуулах тэр газарт энэ хүмүүсийг нүүлгэхийн тулд хүн болгон бүх нөлөө болон өмч хөрөнгөө ашиглаг.

11 Мөн хэрэв та нар үүнийг цэвэр ариун зүрх сэтгэлээр, бүрэн үнэнч байдалд хийх аваас та нар адислагдах болно; та нар бог болон бод малдаа, мөн талбайнууддаа, мөн орон гэртээ мөн өөрсдийн гэр бүлдээ адислагдах болно.

12 Миний үйлчлэгч Эзра Т.Бенсон, Эрастус Снөү хоёр нэг бүлгийг зохион байгуулаг.

13 Мөн миний үйлчлэгч Оорсон Пратт, Вилфорд Вүүдраф хоёр нэг бүлгийг зохион байгуулаг.

14 Тэрчлэн миний үйлчлэгч Амаса Лайман, Жорж А.Смит хоёр нэг бүлгийг зохион байгуулаг.

15 Мөн ерөнхийлөгчид, мөн зуутуудын, мөн тавьтуудын бас аравтуудын ахмадуудыг томилог.

16 Мөн томилогдсон байгаа миний үйлчлэгчид явж мөн тэд амар амгалангийн нутаг руу явахад бэлэн болсон байхын тулд миний энэ тааллыг гэгээнтнүүдэд зааг.

17 Замаараа явж мөн та нарт миний хэлсний дагуу хийгтүн, мөн дайснуудаасаа бүү эмээ; учир нь миний ажлыг зогсоох хүч тэдэнд үгүй байх болно.

18 Сион миний өөрийн тогтоосон цагт гэтэлгэгдэх болно.

19 Мөн хэрэв ямар ч хүн өөрийгөө дээш тавихаар эрэлхийлж, мөн миний зөвлөгөөг үл эрэлхийлэх аваас, түүнд хүч байх нь үгүй, мөн түүний мунхаглал үзүүлэгдэх болно.

20 Эрэлхийл та нар; мөн бие биедээ өгсөн бүх амлалтаа биелүүлж бай; мөн ах дүүсийнхээ юманд бүү шуна.

21 Их Эзэний нэрийг дэмий хоосон хэрэглэх хилэнцээс өөрсдийгөө хол байлга, учир нь бибээр Их Эзэн, та нарын Бурхан, бүр та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахам, мөн Исаак, мөн Иаковын Бурхан билээ.

22 Би бол Израилын хүүхдүүдийг Египетийн нутгаас удирдан гаргасан тэрбээр билээ; мөн эцсийн өдрүүдэд өөрийн хүмүүс, Израилыг аврахын тулд миний мутар урагш сунгаастай болой.

23 Бие биетэйгээ сөргөлдөхөө эцэслэ; бие биеийнхээ тухай хилэнцтийг ярихаа эцэслэ.

24 Архидан согтуурахаа эцэслэ; мөн үгс чинь бие биеэ гэгээрүүлэхэд чиглэг.

25 Хэрэв чи хөршөөсөө зээлсэн бол, чи зээлсэн тэр зүйлээ буцааж төлөх ёстой; мөн чи буцаан төлж чадахгүй бол тэрээр чамайг буруутгахгүйн тулд чи тэр даруй явж, хөршдөө хэл.

26 Хэрэв чи хөршийнхөө гээсэн зүйлийг олох аваас, үүнийг чи түүнд хүргэж өгөх хүртлээ хичээнгүйлэн хайх ёстой.

27 Чи ухаалаг даамал байж болохын тулд өөртөө байгаа юмыг хадгалахад хичээнгүй байх ёстой; учир нь энэ нь Их Эзэн Бурханы чинь үнэгүй бэлэг болой, мөн чи түүний даамал билээ.

28 Хэрэв чи баяр баясалтай аваас, Их Эзэнийг дуугаар, хөгжмөөр, бүжгээр мөн магтаалын болон талархлын залбирлаар магтагтун.

29 Хэрэв чи уй гашуутай байх аваас сүнс чинь баяр хөөртэй байж болохын тулд Их Эзэн Бурханаа даруухан залбирлаар дуудагтун.

30 Дайснуудаасаа бүү эмээ, учир нь тэд миний гарт байгаа бөгөөд тэдний тухайд би өөрийн тааллаар үйлдэх болно.

31 Миний тэдэнд зориулсан тэр сүр жавхланг, бүр Сионы сүр жавхланг хүлээн авахад тэд бэлтгэгдэж болохын тулд, миний хүмүүс бүх зүйлд соригдох ёстой; мөн зэмлэл үл даах тэрээр миний хаант улсын хувьд зохистой бус бөлгөө.

32 Мөн үл мэдэгч тэрээр өөрийгөө даруусгаснаар, мөн Их Эзэн, Бурханаа дуудсанаар мэргэн ухаанд суралцаг, тэрээр харж болохын тулд нүд нь нээгдэж, мөн тэрээр сонсож болохын тулд чих нь нээгдэхийн тулд буюу;

33 Учир нь миний Сүнс даруу төлөв бөгөөд гэмшдэг тэднийг гэгээрүүлэхийн тулд, мөн бурханлаг бус тэднийг буруутгахын тулд дэлхийд урагш илгээгддэг бөлгөө.

34 Ах дүүс тань, бүр та нарыг хөөсөн үндэстэн, та нарыг мөн та нарын гэрчлэлийг эсэргүүцсэн билээ;

35 Мөн эдүгээ тэдний гай түйтгэрийн өдөр, бүр төрөхөөр шаналж буй эмэгтэйн адил уй гашуугийн өдрүүд ирэх буюу; мөн хэрэв тэд үтэр түргэн, нэн даруй наманчлахгүй аваас, тэдний уй гашуу агуу байх болно.

36 Учир нь тэд бошиглогчдыг, мөн өөрсөд рүү нь илгээгдсэн тэднийг хөнөөсөн билээ; мөн тэд гэмгүй цусыг урсгасан билээ, тэдгээр нь газраас тэдний эсрэг хашхирдаг болой.

37 Тиймийн тул, эдгээр зүйлд бүү гайх, учир нь та нар хараахан цэвэр ариун биш бөлгөө; та нар миний сүр жавхланг тэсэн гарч хараахан чадахгүй бөлгөө; харин, хэрэв та нар Адамын өдрүүдээс Абрахамыг хүртэл, Абрахамаас Мосег хүртэл, Мосегоос Есүс болон түүний төлөөлөгчид хүртэл, мөн Есүс болон түүний төлөөлөгчдөөс бибээр өөрийн ажлыг урагш авчрахын тулд тэнгэр элч нараар, тохинуулагч үйлчлэгчдээрээ, мөн тэнгэрээс өөрийн дуу хоолойгоор дуудсан Иосеф Смитийг хүртэл та нарт миний өгсөн бүх үгийг сахихдаа итгэлтэй байх аваас та нар үүнийг болгоох болно;

38 Тэрээр тэрхүү суурийг тавьсан юм, мөн үнэнч байв; мөн бибээр түүнийг өөртөө авсан билээ.

39 Түүний үхлийн улмаас олон хүн гайхсан билээ; гэвч тэрбээр алдар хүндийг хүлээж, мөн ёс бусыг үйлдэгчид буруутгагдаж болохын тулд өөрийн гэрчлэлийг цусаараа лацдах ёстой нь шаардлагатай байсан ажгуу.

40 Та нарыг би дайснуудаас чинь чөлөөлөөгүй бус уу, зөвхөн ийм замаар би нэрнийхээ гэрчийг үлдээсэн бус уу?

41 Эдүгээ, тиймийн тул, анхаарагтун, ай миний сүмийн хүмүүс та нар; мөн ахлагчид та нар хамтдаа сонсоцгоо; та нар миний хаант улсыг хүлээн авсан билээ.

42 Та нар дээр шүүлтүүд ирэхгүйн тулд, мөн итгэл чинь та нарт алдагдахгүйн тулд, мөн дайснууд чинь та нарыг ялахгүйн тулд, миний бүх зарлигийг сахихад хичээнгүй бай. Эдүгээ үүнээс илүү нь үгүй болой. Амен мөн Амен.

Хэвлэх