Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 138


Хэсэг 138

1918 оны аравдугаар сарын 3-нд Ютагийн Солт Лэйк Ситид ерөнхийлөгч Иосеф Ф.Смитэд өгөгдсөн үзэгдэл оршвой. 1918 оны аравдугаар сарын 4-нд Сүмийн хагас жил тутмын 89-р Ерөнхий чуулганы нээлтийн үгэндээ ерөнхийлөгч Смит өмнөх хэдэн сарын турш хэд хэдэн бурханлаг заавруудыг хүлээн авснаа зарлан тунхаглажээ. Ерөнхийлөгч Смит эдгээр илчлэлийн нэгийг, Аврагч нас барагсдын сүнснүүд дээр бие нь булшинд байх үед айлчилсан тухай өмнөх өдөр нь хүлээн авчээ. Энэ нь чуулганы хаалтын дараа тэр даруй бичигдсэн аж. 1918 оны аравдугаар сарын 31-нд энэ нь Тэргүүн зөвлөлийн зөвлөхүүд, Арван хоёрын Зөвлөл, мөн Патриархад өргөн толилуулагдаж, мөн тэднээр санал нэгтэйгээр хүлээн авагджээ.

1–10, Ерөнхийлөгч Иосеф Ф.Смит Петрийн бичээсүүд болон сүнсний дэлхий дэх бидний Их Эзэний айлчлалын талаар тунгаан бодов; 11–24, Ерөнхийлөгч Смит, диваажинд цугласан, нас нөгчсөн зөв шударгыг үйлдэгчдийг ба тэдний дундах Христийн тохинууллыг харав; 25–37, Сайн мэдээний номлол сүнснүүдийн дунд хэрхэн зохион байгуулагдсаныг тэрээр харжээ; 38–52, Тэрээр сүнсний дэлхийд Адам, Ева хоёр, мөн ариун бошиглогчдоос олныг нь харав, тэд амилуулалтынхаа өмнөх сүнсэн байдлыг боолчлолд байгаа мэт үзэж байв; 53–60, Өнөө үед нас нөгчсөн зөв шударгыг үйлдэгчид өөрсдийн хөдөлмөрийг сүнсний дэлхийд үргэлжлүүлдэг.

1 Нэг мянга есөн зуун арван найман оны аравдугаар сарын гурванд, бибээр судруудын талаар тунгаан бодсоор өрөөндөө сууж байлаа;

2 Мөн дэлхийн гэтэлгэлийн төлөө Хүний Хүүгээр хийгдсэн тэрхүү цагаатгагч агуу золиосын талаар бясалган байсан буюу;

3 Мөн дэлхийд Гэтэлгэгч ирснээр Эцэг, Хүү хоёроор илэрхийлэгдсэн тэрхүү агуу бас гайхамшигт хайрын талаар буюу;

4 Түүний цагаатгалаар дамжин мөн сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байснаар хүмүүн төрөлхтөн аврагдаж болох тухай буюу.

5 Намайг ийн бодолд дарагдан байхад оюун санаа минь, Их Эзэнийг цовдлогдсоны дараа сайн мэдээ номлогдож байсан Понт, Галат, Каппадок болон Азийн бусад хэсэг даяар, алс холд тарсан эхэн үеийн гэгээнтнүүдэд хандсан төлөөлөгч Петрийн бичээсүүд рүү шилжив.

6 Би Библийг нээж, Петрийн эхний захидлын гурав ба дөрөвдүгээр бүлгийг уншлаа, мөн уншиж байх зуур минь дараах хэсгүүд өмнө нь надад хэзээ ч байгаагүй тийм агуу ихээр сэтгэлийг минь хөндөв:

7 “Учир нь Христ тэрчлэн нүглүүдийн төлөө, зөв шударга тэр нь шударга бус хүмүүсийн төлөө, нэгэнтээ зовсон болой, тэрээр биднийг Бурханд аваачихын тулд маханбодод байхдаа алагдсан ч, Сүнсээр амьдруулагдсан буюу:

8 “Тэрхүү Сүнсэнд тэрээр тэрчлэн явж, шоронд байгаа сүнснүүдэд номлосон ажээ;

9 “Ноагийн өдрүүдэд хөвөгч авдар баригдаж байх үед Бурхан тэвчээртэй хүлээсээр байхад эдгээр сүнс нэгэнтээ дуулгаваргүй байв, тэрхүү хөвөгч авдарт цөөн буюу найман бодгаль байж уснаас эсэн мэнд гарчээ.” (1 Петр 3:18–20.)

10 “Учир нь тэд маханбодод буй хүмүүсийн адил шүүгдэж, харин Бурханы дагуу сүнсэнд амьдрахын тулд, энэхүү зорилгын үүднээс сайн мэдээ үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан юм.” (1 Петр 4:6.)

11 Бичигдсэн эдгээр зүйлийн талаар намайг тунгаан бодож байхад ойлголтын минь мэлмий нээгдэж, мөн Их Эзэний Сүнс над дээр ирэн, түүнчлэн бибээр нас барагсдыг, бяцхан бөгөөд агуу аль алиныг нь үй олноор харав.

12 Мөн мөнх бус байдалд амьдарч байхдаа Есүсийн талаарх гэрчлэлд үнэнч байсан шударга хүмүүсийн сүнсний тоо томшгүй бүлэг тэнд нэг газарт цуглуулагдсан байлаа;

13 Мөн Бурханы Хүүгийн агуу их золиостой адил төстэй золиос хийсэн, мөн Гэтэлгэгчийнхээ нэрэнд зовлон зүдгүүр амссан тэд байв.

14 Эдгээр бүгд нь Бурхан Эцэг болон түүний Төрсөн Ганц Хүү Есүс Христийн ач ивээлээр дамжин, сүр жавхлант амилуулалтад бат найдан, зуурдын амьдралыг орхин оджээ.

15 Тэд баясал бас баяр хөөрөөр дүүрсэн байсныг, мөн тэдний чөлөөлөлтийн өдөр ойрхон байсны улмаас хамтдаа баясан цэнгэж байсныг бибээр болгоов.

16 Өөрсдийг нь үхлийн хүлээснээс гэтэлгэснийг нь зарлан тунхаглахаар Бурханы Хүү сүнсний дэлхийд ирэхийг хүлээн, тэд хамтдаа цугласан байлаа.

17 Тэд бүрэн баяслыг хүлээн авч болохын тулд тэдний нойрсолтын тоос үүнийхээ төгс хэлбэрт, яс нь ясандаа, мөн шөрмөс бас мах нь тэдгээртээ, сүнс ба бие нь дахин хэзээ ч салахгүйгээр нэгдэхийн тулд сэргээгдэх ёстой байв.

18 Энэхүү үй олон нь өөрсдийнхөө үхлийн гинжнээс чөлөөлөгдөх цагт баясан, хүлээж мөн ярилцах зуур, Бурханы Хүү үзэгдэн, үнэнч байсан хоригдогсод тэдэнд эрх чөлөөг зарлан тунхаглав;

19 Мөн тэнд тэрбээр үүрдийн сайн мэдээг, амилуулалтын сургаалыг болон хүн төрөлхтний уналтаас, мөн наманчлалын нөхцөлөөр хувь хүмүүсийн нүглүүдээс гэтэлгэх сургаалыг тэдэнд номлов.

20 Харин ёс бусыг үйлдэгчид дээр тэрбээр очсонгүй, мөн бурхангүй тэдний мөн маханбодод байхдаа өөрсдийгөө бузарласан үл наманчлагчдын дунд түүний дуу хоолой ярьсан нь үгүй;

21 Бас эртний бошиглогчдын гэрчлэлийг болон сэрэмжлүүлгийг үгүйсгэсэн эсэргүүцэгчид ч түүний оршихуйг болгоож мөн түүний нүүрийг харсангүй.

22 Тэдний байсан тэнд харанхуй ноёлж, харин зөв шударгыг үйлдэгчдийн дунд амар амгалан байв;

23 Мөн гэгээнтнүүд гэтэлгэлдээ баясан, мөн Бурханы Хүүг өөрсдийнхөө Гэтэлгэгч мөн үхлээс болон тамын гинжнээс Чөлөөлөгч хэмээн өвдөг сөгдөж мөн хүлээн зөвшөөрч байлаа.

24 Тэдний төрх байдал гэрэлтэн, мөн Их Эзэний оршихуйн хурц тод нь тэдэн дээр байлаа, мөн тэд түүний ариун нэрэнд магтуу дуулж байв.

25 Бибээр гайхширав, учир нь иудейчүүдийн мөн Израилын угсааны тэдний дунд, тэдэнд үүрдийн сайн мэдээг заахыг хичээн, мөн тэднийг наманчлалд дуудан Аврагч өөрийн тохинуулалд гурван жил орчмыг өнгөрөөснийг би ойлгож байв;

26 Гэсэн ч, түүний хүчирхэг ажлууд мөн гайхамшгууд, бас агуу хүч болон эрх мэдэлтэй үнэний тунхаглал байсан хэдий ч, зөвхөн хэдхэн нь түүний дуу хоолойг анхаарч, мөн түүний оршихуйд баясан, мөн түүний мутраас авралыг хүлээн авсан ажгуу.

27 Харин нас барсан тэдний дундах түүний тохинуулал нь цовдлолт болон түүний амилалтын хооронд өнгөрсөн богинохон хугацаагаар хязгаарлагдсан болой;

28 Мөн Петрийн үгсэд—Бурханы тэсвэр тэвчээр Ноагийн өдрүүдэд нэгэнтээ хүлээж байхад, шорон дахь нэгэнтээ дуулгаваргүй байсан сүнснүүдэд Бурханы Хүү номлодог байсан тухай хэлсэнд—бибээр гайхширав, мөн эдүгээ тийм богинохон хугацаанд тэдгээр сүнсэнд зааж бас тэдний хувьд зайлшгүй шаардлагатай ажлыг гүйцэтгэх нь түүнд хэрхэн боломжтой байсанд гайхширав.

29 Мөн намайг гайхширан байх үед миний мэлмий нээгдэж, мөн миний ойлголт өсөн нэмэгдэж, мөн ёс бусыг үйлдэгчид, бас үнэнийг эсэргүүцдэг асан дуулгаваргүй тэдний дунд заахаар Их Эзэн өөрийн биеэр очоогүйг би ухаарав;

30 Гэвч болгоогтун, зөв шударгыг үйлдэгчдийн дундаас тэрбээр өөрийн хүчийг зохион байгуулж, мөн элч нарыг томилон, хүч чадал болон эрх мэдлээр хувцаслаж, мөн урагш одон харанхуйд байсан тэдэнд, бүр хүмүүсийн бүх сүнсэнд сайн мэдээний гэрлийг хүргүүлэхээр итгэмжлэн илгээж байв; мөн сайн мэдээ нь нас барагсдад тийн номлогдож байв.

31 Мөн сонгогдсон элч нар Их Эзэний хувьд хүлээн зөвшөөрч болохуйц өдрийг зарлан тунхаглахаар, мөн хүлээсэнд байсан олзлогдсон тэдэнд, бүр нүглүүдээсээ наманчилж мөн сайн мэдээг хүлээн авч болох тэд бүгдэд эрх чөлөөг тунхаглахаар урагш одож байв.

32 Үнэний тухай мэдлэггүйгээр, эсвээс бошиглогчдыг эсэргүүцсэний улмаас зөрчилд, нүглүүддээ нас нөгчсөн тэдэнд сайн мэдээ тийн номлогдож байв.

33 Бурханд итгэх итгэл, нүглээс наманчлах, нүглүүдийн ангижралын төлөө орлон гүйцэтгэх баптисм, гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг хүртэхийг тэдэнд зааж байлаа,

34 Мөн тэд маханбодод буй хүмүүсийн адил шүүгдэж, харин Бурханы дагуу сүнсэнд амьдрахад өөрсдийгөө тэнцэхүйц болгохын тулд тэдний хувьд мэдэх шаардлагатай сайн мэдээний бусад бүх зарчмыг болой.

35 Мөн тийн Бурханы Хүүгийн загалмай дээрх золиосоор дамжин гэтэлгэл хийгдсэн гэдгийг ийн нас барагсад, бяцхан бас агуу, шударга бусчууд бас түүнчлэн итгэгчдийн дунд аль алинд нь мэдүүлсэн буюу.

36 Бидний Гэтэлгэгч, маханбодод өөрийнх нь тухай гэрчилж байсан бошиглогчдын үнэнч сүнснүүдэд зааварлан мөн тэднийг бэлтгэж, сүнсний дэлхийд түр амьдарч байхдаа цаг заваа зориулсан нь ийнхүү мэдүүлэгдсэн бөлгөө;

37 Тэд гэтэлгэлийн захиасыг бүх нас барагсдад, эсэргүүцэл болон зөрчлийнх нь улмаас тэрбээр биеэрээ очиж үл чадах тэдэнд хүргэж болохын тулд, түүний үйлчлэгчдийн тохинууллаар дамжуулан тэд тэрчлэн түүний үгсийг сонсож болохын тулд буюу.

38 Зөв шударгыг үйлдэгчдийн энэхүү асар том цугларалтад хуран цугласан агуу бөгөөд хүчирхэг хүмүүсийн дунд Эртний Нэгэн мөн бүхний эцэг, Адам Эцэг байлаа,

39 Мөн эрхэм хүндэт Ева Эх, үе үеийн туршид амьдарч, үнэн бөгөөд амьд Бурханыг шүтэн биширч асан, үнэнч охидынхоо олонтой хамт байв.

40 Анхны алагдагч Абел, мөн түүний дүү, эцэг Адамынхаа дүр төрхийг илэрхийлдэг асан, хүчирхэг хүмүүсийн нэг Сет тэнд байв.

41 Үерийн тухай сэрэмжлүүлсэн Ноа; агуу дээд прист Шем; итгэгчдийн эцэг Абрахам; Исаак, Иаков, мөн Израилын агуу хууль тогтоогч Мосе байв;

42 Мөн Исаиа тэрчлэн тэнд байв, харууссан зүрхтэнгүүдэд тайтгарлыг өгч, олзлогдсон тэдэнд эрх чөлөөг мөн хүлэгдсэн тэдэнд шоронг нээхийг тунхаглахаар Гэтэлгэгч тослон томилогдсон гэдгийг бошиглолоор зарлан тунхагласан тэр буюу.

43 Түүнээс гадна Езекиел байв, нас барагсдын амилуулалтад амьд бодгалиуд болж дахин урагш гарч ирэх, махаар бүрэгдэх тэрхүү хувхайрсан яснуудын агуу хөндийг үзэгдэлд харсан тэр буюу;

44 Дахин хэзээ ч үл устгагдан, мөн бусад хүмүүст үл өгөгдөх Бурханы хаант улс хожмын өдрүүдэд үндэслэн байгуулагдахыг угтан харж, мөн угтан хэлсэн Даниел болой;

45 Хувиралтын Уулан дээр Мосетой хамт байсан Елиас болой;

46 Мөн түүний тухай Моронай тэрчлэн бошиглогч Иосеф Смитэд ярин, тэрбээр Их Эзэний агуу бөгөөд аймшигт өдөр эхлэхээс өмнө ирэх ёстой хэмээн тунхагласан—Елиагийн ирэлтийн тухай гэрчилсэн бошиглогч Малахи тэрчлэн тэнд байв.

47 Бошиглогч Елиа эцэг өвгөдөд нь хийгдсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах ёстой байв,

48 Бүхэл дэлхий зүхлээр цохигдож мөн түүний ирэлтээр бүрмөсөн устгагдахгүйн тулд, нас барагсдын гэтэлгэлийн тулд, мөн хүүхдүүдийг эцэг эхчүүдтэй нь лацдан холбохын тулд, цаг хугацааны бүрэн байдлын эрин үед Их Эзэний ариун сүмүүдэд хийгдэх агуу ажлыг угтан харуулсан буюу.

49 Тэд бүгд мөн өөр олон нь, бүр нифайчуудын дунд амьдарч, мөн Бурханы Хүүгийн ирэлтийн тухай гэрчилж асан бошиглогчид тэрхүү асар том цугларалтад байлцаж мөн чөлөөлөлтөө хүлээж байв,

50 Учир нь нас барагсад өөрсдийнх нь сүнс бие махбодиос нь салаад их удсаныг боолчлол хэмээн үзэж байсан ажгуу.

51 Тэдэнд Их Эзэн зааж, мөн нас барагсдаас тэрээр амилагдсаны дараа, үхэшгүй байдал ба мөнх амьдралаар титэмлэгдэхээр түүний Эцэгийн хаант улсад орохын тулд урагш гарч ирэх хүчийг тэдэнд өгчээ,

52 Мөн Их Эзэнээр амлагдсанчлан, тэр цагаас хойш хөдөлмөрөө үргэлжлүүлж, мөн өөрийг нь хайрладаг тэдний төлөө хадгалагдаж байсан бүх адислалыг хүртэгчид байхаар буюу.

53 Бошиглогч Иосеф Смит, мөн миний эцэг Хайрум Смит, Бригам Янг, Жон Тейлор, Вилфорд Вүүдраф, мөн хожмын үеийн агуу их ажлын суурийг тавихад оролцохоор цаг хугацааны бүрэн байдалд урагш гарч ирэхээр хадгалагдсан, бусад сонгомол сүнснүүд,

54 Үүний дотор ариун сүмүүдийг барих болон нас барагсдын гэтэлгэлийн төлөө тэнд хийгдэх ёслолуудын гүйцэтгэл бас сүнсний дэлхийд байв.

55 Бурханы Сүмд удирдагчид байхаар эхлэлд сонгогдсон, ёс суртахуунт мөн агуу хүмүүсийн дунд тэд тэрчлэн байсныг бибээр ажигласан бөлгөө.

56 Бүр тэд төрөхөөсөө өмнө, бусад олны хамт, сүнсний дэлхийд анхныхаа хичээлүүдийг хүлээн авч, мөн Их Эзэний тогтоосон цагт хүмүүсийн бодгалиудын авралын төлөө түүний жимсний талбайд хөдөлмөрлөхийн тулд урагш гарч ирэхээр бэлтгэгдсэн байжээ.

57 Энэ эрин үеийн үнэнч ахлагчид, тэд зуурдын амьдралаас хагацахдаа, нас барагсдын сүнснүүдийн агуу дэлхийд харанхуйд байгаа тэд болон нүглийн боолчлол дор буй тэдний дунд, Бурханы Төрсөн Ганц Хүүгийн золиосоор дамжин ирэх наманчлалын болон гэтэлгэлийн сайн мэдээг номлох хөдөлмөрөө үргэлжлүүлдгийг би болгоов.

58 Наманчилдаг нас барагсад, Бурханы өргөөний ёслолуудад дуулгавартай байснаар дамжуулан гэтэлгэгдэх болно,

59 Мөн тэд зөрчлийнхөө цээрлэлийг төлсний, мөн угаагдан цэвэршсэний дараа, үйлүүдийнхээ дагуу шагналаа хүлээн авах болно, учир нь тэд авралыг өвлөгчид бөлгөө.

60 Нас барагсдын гэтэлгэлийн тухай надад илчлэгдсэн үзэгдэл ийн байсан бөлгөө, мөн бибээр гэрчилнэ, мөн бидний Их Эзэн бас Аврагч, Есүс Христийн адислалаар дамжуулан энэхүү гэрчлэл үнэн гэдгийг би мэднэ, бүр тийм буюу. Амен.

Хэвлэх