Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 15


Хэсэг 15

1829 оны зургаадугаар сард Нью-Йоркийн Фэйетэд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Жон Витмерт өгөгдсөн илчлэл оршвой (Хэсэг 14-ийн оршлыг үз). Их Эзэн зөвхөн Өөрийн болон Жон Витмерийн мэдэж байсан тэрхүү зүйлийн тухай ярьсан учраас уг захиас нь хувьчлан ярьсны хувьд нэн ойр дотно мөн сэтгэл хөдөлгөм юм. Хожим нь Жон Витмер Мормоны номын Найман гэрчийн нэг болсон билээ.

1–2, Их Эзэний мутар бүх дэлхий дээр байна; 3–6, Сайн мэдээг номлох болон бодгалиудыг аврах нь хамгаас үнэ цэнэтэй.

1 Анхаарагтун, миний үйлчлэгч Жон, мөн өөрийн Их Эзэн, мөн өөрийн Гэтэлгэгч, Есүс Христийн үгсийг анхаарагтун.

2 Учир нь болгоогтун, би чамд хурц тодорхойгоор мөн хүчтэйгээр хэлж байна, учир нь миний мутар бүх дэлхий дээр байна.

3 Мөн зөвхөн чи бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй тэрнийг би чамд хэлэх болно—

4 Чамд хамгийн үнэ цэнэтэй тэр нь юу байж болохыг мэдэхийн тулд чи надаас олон удаа асуусан билээ.

5 Болгоогтун, энэ зүйлийн төлөө мөн миний зарлигуудын дагуу чамд миний өгсөн үгсийг ярьсны төлөө чи адислагдсан болой.

6 Мөн эдүгээ, болгоогтун, би чамд хэлж байна, чамд хамгийн үнэ цэнэтэй байж болох тэр зүйл бол, чи бодгалиудыг надад авчирч болохын тулд, чи тэдэнтэй хамт миний Эцэгийн хаант улсад амарч болохын тулд энэ хүмүүст наманчлалыг тунхаглах явдал болой. Амен.