Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 18


Хэсэг 18

1829 оны зургаадугаар сард Нью-Йоркийн Фэйетэд бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери, Давид Витмер нарт өгөгдсөн илчлэл оршвой. Бошиглогчийн өгүүлснээр, энэ илчлэлээр “энэ хожмын өдрүүдэд арван хоёр төлөөлөгчийг дуудах болон Сүмийг өсгөн бэхжүүлэхэд хамаатай зааварчилгаануудыг” өгчээ.

1–5, Сүмийг хэрхэн өсгөн бэхжүүлэхийг судрууд үзүүлдэг; 6–8, Дэлхийнхэн алдаст боловсорч гүйцээд байна; 9–16, Бодгалиудын үнэ цэнэ агуу юм; 17–25, Авралыг олохын тулд хүмүүс өөрсөд дээрээ Христийн нэрийг авах ёстой; 26–36, Арван хоёрын дуудлага болон томилолт нь илчлэгдэв; 37–39, Оливер Каудери, Давид Витмер хоёр Арван хоёрыг эрж олох ёстой; 40–47, Авралыг олохын тулд хүмүүс наманчилж, баптисм хүртэж мөн зарлигуудыг сахих ёстой.

1 Эдүгээ, болгоогтун, миний үйлчлэгч Оливер Каудери, чиний надаас мэдэхийг хүссэн тэр зүйлийн учир, би чамд эдгээр үгийг өгч байна:

2 Болгоогтун, чиний бичсэн тэр зүйлс үнэн гэдгийг олон тохиолдолд би Сүнсээрээ чамд мэдүүлсэн билээ; иймийн тул тэдгээрийг үнэн гэдгийг чи мэддэг бөлгөө.

3 Мөн хэрэв чи тэдгээрийг үнэн гэдгийг мэддэг аваас, болгоогтун, бичигдсэн тэдгээр зүйлд чи тулгуурла хэмээх зарлигийг би чамд өгч байна;

4 Учир нь миний сүмийн суурь, миний сайн мэдээ, мөн миний хадны талаар бүх зүйл тэдгээрт бичигдсэн буй.

5 Иймийн тул, хэрэв чи миний сайн мэдээний болон миний хадны суурин дээр миний сүмийг өсгөн бэхжүүлэх аваас, тамын үүд чамайг дийлэх нь үгүй.

6 Болгоогтун, дэлхийнхэн алдаст боловсорч гүйцээд байна; мөн хүмүүсийн үрс, харийнхан болон тэрчлэн Израилын угсаа аль аль нь наманчлалд өдөөн хатгагдах нь зайлшгүй болой.

7 Иймийн тул, би өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитэд зарлигласны дагуу, чи түүний гараар баптисм хүртсэн учраас түүнд миний зарлигласан зүйлийг тэрээр биелүүлсэн билээ.

8 Мөн эдүгээ, надад мэдэгддэг тэрхүү зорилго болох өөрийн хувийн зорилгын тулд би түүнийг дуудсанд бүү гайх; иймийн тул, хэрэв тэрээр миний зарлигуудыг сахихад хичээнгүй байх аваас, тэрээр мөнх амьдралаар адислагдах болно; мөн түүний нэр Иосеф бөлгөө.

9 Мөн эдүгээ, Оливер Каудери, мөн тэрчлэн Давид Витмер та хоёрт би зарлигийн замаар ярьж байна; учир нь, болгоогтун, газар бүрийн бүх хүнд наманчлахыг би зарлиглаж байна, мөн би та хоёрт өөрийн төлөөлөгч Паулд ярьсан лугаа ярьж байна, учир нь та хоёр түүний дуудагдсантай адил дуудлагад дуудагдсан бөлгөө.

10 Бодгалиудын үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун;

11 Учир нь, болгоогтун, Их Эзэн та нарын Гэтэлгэгч маханбодод үхлийг амссан билээ; иймийн тул бүх хүн наманчилж, мөн түүнд ирж болохын тулд бүх хүний зовлонг тэрээр туулсан бөлгөө.

12 Мөн тэрээр бүх хүнийг, наманчлалын нөхцөлийн дагуу, өөртөө авчирч болохын тулд тэрээр нас барагсдаас дахин босож ирсэн билээ.

13 Мөн наманчилдаг бодгальд түүний баяр хөөр хэчнээн агуу их билээ!

14 Иймийн тул, та хоёр энэ хүмүүст наманчлахыг тунхаглахаар дуудагдсан болой.

15 Мөн, хэрэв та хоёр энэ хүмүүст наманчлалыг тунхаглан өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та хоёрын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!

16 Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та хоёр агуу баяр хөөртэй байх юм бол, хэрэв олон бодгалийг надад авчирвал та хоёрын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!

17 Болгоогтун, миний сайн мэдээ, мөн миний хад, мөн миний аврал та хоёрт, өмнө чинь байна.

18 Та хоёр хүлээн авна хэмээн итгэн, Эцэгээс миний нэрээр итгэлтэйгээр гуйгтун, мөн хүмүүсийн үрсэд хэрэгтэй бүх зүйлийг мэдүүлэх Ариун Сүнс та хоёрт байх болно.

19 Мөн хэрэв та нарт итгэл, найдвар мөн төгс хайр байхгүй аваас та нар юу ч хийж чадахгүй.

20 Чөтгөрийн сүмээс өөр сүмийн эсрэг бүү тэмц.

21 Христийн нэрийг өөрсөд дээрээ авагтун, мөн үнэнийг чанд яригтун.

22 Мөн наманчилж мөн Есүс Христ болох миний нэрээр баптисм хүртэж, мөн эцсээ хүртэл тэвчих болгон нь, мөнхүү тэд нь аврагдах болно.

23 Болгоогтун, Есүс Христ бол Эцэгээс өгөгдсөн нэр болой, мөн хүмүүн аврагдаж болох өөр нэр өгөгдсөн нь үгүй;

24 Иймийн тул, Эцэгээс өгөгдсөн нэрийг бүх хүн өөрсөд дээрээ авах ёстой, учир нь эцсийн өдөр тэд энэ нэрээр дуудагдах болно;

25 Иймийн тул, хэрэв тэд дуудагддаг тэр нэрээ мэдэхгүй бол, тэд миний Эцэгийн хаант улсад байртай байж чадахгүй бөлгөө.

26 Мөн эдүгээ, болгоогтун, харийнханд мөн иудейчүүдэд, аль алинд нь миний сайн мэдээг тунхаглахаар дуудагдсан бусад нь буй;

27 Тийм ээ, бүр арван хоёр бөлгөө; мөн тэрхүү Арван хоёр нь миний шавь нар байх болно, мөн тэд миний нэрийг өөрсөд дээрээ авах болно; мөн Арван хоёр нь зүрх сэтгэлийн бүрэн шийдэмгий байдалтайгаар миний нэрийг өөрсөд дээрээ авахыг хүсэх тэд байх болно.

28 Мөн хэрэв тэд миний нэрийг зүрх сэтгэлийн бүрэн шийдэмгий байдалтайгаар өөрсөд дээрээ авахыг хүсэх аваас, бүх дэлхий даяар хүн болгонд миний сайн мэдээг номлохоор явахын тулд тэд дуудагддаг болой.

29 Мөн тэд бол бичигдсэн тэр зүйлийн дагуу миний нэрээр баптисм хүртээхээр надаас томилогдсон тэд болой;

30 Мөн бичигдсэн тэр нь та хоёрт өмнө чинь байна; иймийн тул, та нар бичигдсэн үгсийн дагуу үүнийг гүйцэтгэх ёстой.

31 Мөн эдүгээ Арван хоёр та нарт би ярьж байна—Болгоогтун, миний ач ивээл та нарт хангалттай бөлгөө; та нар миний өмнө зөв шударгаар алхах ёстой мөн нүгэл бүү үйлд.

32 Мөн, болгоогтун, та нар бол пристүүд болон багш нарыг томилохоор надаас томилогдсон тэд болой; та нарт байгаа Ариун Сүнсний хүчний дагуу мөн Бурханы хүмүүст өгсөн дуудлагууд болон бэлгүүдийн дагуу, миний сайн мэдээг тунхаглахаар буюу;

33 Мөн Есүс Христ, та нарын Их Эзэн мөн та нарын Бурхан би үүнийг ярилаа.

34 Эдгээр үг нь хүмүүсээс бас хүнээс биш, харин надаас ирдэг бөлгөө; иймийн тул, тэдгээр нь хүнээс биш, харин надаас гэдгийг та нар гэрчлэх ёстой;

35 Учир нь тэдгээрийг та нарт ярьсан нь миний дуу хоолой болой; учир нь та нарт тэдгээр нь миний Сүнсээр өгөгдсөн, мөн миний хүчээр та нар тэдгээрийг нэг нэгэндээ уншиж өгч чадах бөлгөө; мөн миний хүчээр биш байсан аваас та нар тэдгээрийг авч чадахгүй байсан буюу;

36 Иймийн тул, миний дуу хоолойг сонссон хэмээн, мөн миний үгийг мэднэ хэмээн та нар гэрчилж чадна.

37 Мөн эдүгээ, болгоогтун, миний ярьсан тэдгээр хүслийг тээдэг тэрхүү Арван хоёрыг та хоёр эрж олохыг би Оливер Каудери чамд, мөн тэрчлэн Давид Витмерт даалгаж байна;

38 Мөн тэдний хүслүүдээр мөн тэдний үйлүүдээр та нар тэднийг мэдэх болно.

39 Мөн та хоёр тэднийг олсон үедээ эдгээр зүйлийг та хоёр тэдэнд үзүүлэх ёстой.

40 Мөн та хоёр доош сөхөрч мөн миний нэрээр Эцэгийг бишрэн шүтэх ёстой.

41 Мөн та хоёр дэлхийнхэнд: Та нар наманчилж мөн Есүс Христийн нэрээр баптисм хүртэх ёстой хэмээн номлох ёстой;

42 Учир нь зөвхөн эрчүүд төдийгүй мөн эмэгтэйчүүд мөн хариуцлага хүлээх насанд хүрсэн хүүхдүүд бүгд наманчилж мөн баптисм хүртэх ёстой.

43 Мөн эдүгээ, та хоёр үүнийг хүлээж авсныхаа дараа миний зарлигуудыг бүх зүйлд сахих ёстой;

44 Мөн тэд наманчлалд ирж болохын тулд мөн тэд миний Эцэгийн хаант улсад ирж болохын тулд тэдний олон нүглийн талаар ятгуулахаар би та хоёрын гараар хүмүүсийн үрсийн дунд гайхамшигт ажлыг үйлдэх болно.

45 Иймийн тул, та хоёрт миний өгөх адислалууд бүх зүйлээс илүү дээгүүр болой.

46 Мөн та хоёр үүнийг хүлээн авсныхаа дараа, хэрэв та хоёр миний зарлигуудыг эс сахих аваас миний Эцэгийн хаант улсад аврагдаж чадах нь үгүй.

47 Болгоогтун, Есүс Христ, та нарын Их Эзэн, мөн та нарын Бурхан, мөн та нарын Гэтэлгэгч би, Сүнснийхээ хүчээр үүнийг ярилаа. Амен.

Хэвлэх