Хэсэг 19
1829 оны орчимд Нью-Йоркийн Манчестерт Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Бошиглогч өөрийн түүхэнд үүнийг “хүнээр бус, харин Мөнх болох түүгээр Мартин Харрист өгөгдсөн Бурханы зарлиг” хэмээн танилцуулжээ.
1–3, Христэд бүх хүч буй; 4–5, Бүх хүн наманчлах эсвээс зовох ёстой; 6–12, Мөнхийн шийтгэл бол Бурханы шийтгэл болой; 13–20, Христ бүхний төлөө зовсон, хэрэв тэд наманчилбаас зовохгүй байж болохын тулд болой; 21–28, Наманчлалын сайн мэдээг номлогтун; 29–41, Баярт мэдээг тунхаглагтун.
1 Би бол Альфа ба Омега, Их Эзэн Христ бөлгөө; тийм ээ, бүр би бол эхлэл ба төгсгөл, дэлхийн Гэтэлгэгч тэр нь бөлгөө.
2 Би түүнийх болох Эцэгийн, миний талаарх тааллыг бибээр биелүүлж мөн дуусгасны дараа—би бүх зүйлийг өөртөө захируулж болохын тулд үүнийг гүйцэлдүүлсний дараа—
3 Бүх сүр хүчийг өөртөө үлдээсэн буюу, бүр дэлхийн төгсгөлд мөн шүүлтийн тэрхүү агуу эцсийн өдөр Сатаныг болон түүний ажлуудыг устгахаар болой, хүн бүрийг хийсэн ажлууд болон үйлүүдийнх нь дагуу шүүхээр, оршин суугчдынх нь дээр миний тохиолгох тэрхүү шүүлтээр буюу.
4 Мөн хүн бүр наманчлах, юм уу эсвээс зовох нь гарцаагүй, учир нь Бурхан бибээр төгсгөлгүй бөлгөө.
5 Иймийн тул, би өөрийн тохиолгох тэрхүү шүүлтүүдийг цуцлах нь үгүй, харин миний зүүн гар талд байгаа тэдэнд гай зовлон, тийм ээ, уйлаан, ёолон гаслах, мөн шүдээ хавирах нь тохиох болно.
6 Гэсэн хэдий ч, энэхүү тарчлалд төгсгөл үгүй байх болно хэмээн бичигдсэн нь үгүй, харин энэ нь төгсгөлгүй тарчлал хэмээн бичигдсэн байдаг.
7 Түүнчлэн, мөнхийн ял хэмээн бичигдсэн байдаг; иймийн тул энэ нь бүхэлдээ миний нэрийн алдар суугийн төлөө, хүмүүсийн үрсийн зүрх сэтгэлд нөлөөлж болохын тулд энэ нь бусад судраас илүү тодорхой байдаг.
8 Иймийн тул, энэ нууцыг би та нарт тайлбарлах болно, учир нь миний төлөөлөгчдийн адилаар та нарын мэдэх нь зөв билээ.
9 Та нар миний амралтад орж болохын тулд энэ зүйлд сонгогдсон та нарт бүр нэг мэтээр би ярьж байна.
10 Учир нь, болгоогтун, бурханлаг чанарын нууц хэчнээн агуу билээ! Учир нь, болгоогтун, би төгсгөлгүй билээ, мөн миний мутраас өгөгддөг тэрхүү шийтгэл төгсгөлгүй шийтгэл байдаг, учир нь Төгсгөлгүй гэдэг нь миний нэр бөлгөө. Иймийн тул—
11 Мөнхийн шийтгэл бол Бурханы шийтгэл авай.
12 Төгсгөлгүй шийтгэл бол Бурханы шийтгэл болой.
13 Иймийн тул, наманчлахыг, мөн миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн гараар миний нэрээр хүлээж авсан зарлигуудыг сахихыг би чамд зарлиглаж байна;
14 Мөн тэдгээрийг чи хүлээн авсан нь миний бүхнийг чадагч сүр хүчээр болой;
15 Тиймийн тул би чамд наманчлахыг зарлиглаж байна—наманчил, эс бөгөөс би чамайг амныхаа үгэн саваагаар, мөн хилэгнэлээрээ, мөн уураараа цохиж, мөн чиний зовлон гашуун байх болно—хэр зэрэг гашууныг чи мэдэх нь үгүй, хэр зэрэг ширүүнийг чи мэдэх нь үгүй, тийм ээ, тэвчихэд хэр зэрэг хэцүүг чи мэдэх нь үгүй.
16 Учир нь болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас зовохгүй байж болохын тулд Бурхан бибээр эдгээр зүйлийг бүхний төлөө тэвчин туулсан билээ;
17 Гэвч хэрэв тэд үл наманчлах аваас, бүр миний адилаар тэд зовох ёстой;
18 Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдсөний улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие болон сүнс аль алинаар нь зовоход хүргэсэн тэрхүү зовлонгоор буюу—мөн тэрхүү гашуун аяганаас уухгүй байхыг би хүсэж байсан—
19 Гэсэн хэдий ч, алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн бибээр хүртэж мөн хүмүүсийн үрсийн төлөөх өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ.
20 Иймийн тул, би чамд наманчлахыг дахин зарлиглаж байна, эс тэгвээс би өөрийн бүхнийг чадагч хүчээр чамайг даруусгана; мөн чамайг нүглүүдээ тоочихыг буюу, эс тэгвээс хамгийн багаар, тийм ээ, намайг Сүнсээ татан авах тэр цагт чиний хамгийн бага хэмжээгээр амссан, миний ярьсан эдгээр шийтгэлийг чи амсах болно.
21 Мөн наманчлалаас өөрийг чи номлох ёсгүй хэмээн, мөн энэ нь надад орших мэргэн ухаан болтол эдгээр зүйлийг дэлхийд бүү үзүүл хэмээн би чамд зарлиглаж байна.
22 Учир нь эдүгээ тэд мах идэж чадах нь үгүй, харин тэд сүү хүлээж авах ёстой; иймийн тул, тэд эдгээр зүйлийг мэдэх ёсгүй, эс тэгвээс тэд мөхнө.
23 Надаас сурагтун, мөн миний үгсийг сонсогтун; миний Сүнсний номхон даруу байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно.
24 Би бол Есүс Христ; би Эцэгийн тааллаар ирсэн, мөн би түүний тааллаар хийдэг.
25 Мөн түүнчлэн, чи хөршийнхөө эхнэрт шунах ёсгүйг би чамд зарлиглаж байна; мөн хөршийнхөө амийг бүү эрэлхийл.
26 Мөн түүнчлэн, би чамд зарлиглаж байна, чи өөрийнхөө өмч хөрөнгөнд харамч шунаг байх ёсгүйг, харин үнэнийг мөн Бурханы үгийг агуулдаг Мормоны Номыг хэвлэхэд үүнээс харамгүйгээр хуваалцахыг буюу—
27 Энэ нь харийнханд хэлэх миний үг болой, тэгснээр энэ нь удалгүй иудейчүүдэд очиж болох бөлгөө, үлдэгдэл нь леменчүүд болох тэд сайн мэдээнд итгэж, мөн аль хэдийн ирчихсэн Мессиаг ирнэ хэмээн хүлээхгүй байж болохын тулд буюу.
28 Мөн түүнчлэн, чи чангаар мөн бас зүрх сэтгэлдээ залбирах ёстой хэмээн би чамд зарлиглаж байна; тийм ээ, дэлхийн өмнө болон нууцаар, олны дунд мөн түүнчлэн хувиараа буюу.
29 Мөн чи баярт мэдээг тунхаглах ёстой, тийм ээ, үүнийг уулсын дээр, мөн өндөр газар болгонд, мөн уулзах нь чамд зөвшөөрөгдсөн бүх хүний дунд зарлан тунхаглагтун.
30 Мөн чи үүнийг бүрэн даруу байдлаар, надад найдан, доромжлогчдын өөдөөс доромжлохгүйгээр үйлдэх ёстой.
31 Мөн шашны ярвигтай сургаалуудын талаар чи бүү ярь, харин чи наманчлал, Аврагчид итгэх итгэлийг мөн баптисмаар ба галаар, тийм ээ, бүр Ариун Сүнсээр ирэх нүглүүдийн ангижралыг тунхаглах ёстой.
32 Болгоогтун, энэ бол уг асуудлын тухайд миний чамд өгөх агуу бөгөөд сүүлчийн зарлиг болой; учир нь энэ нь чиний өдөр тутмын алхаанд, бүр амьдралын чинь эцэс хүртэл хангалттай байх болно.
33 Мөн хэрэв чи эдгээр зөвлөгөөг үл тоомсорлох аваас зовлонг, тийм ээ, бүр чи өөрийн болон өмч хөрөнгийн устгалыг хүлээн авах болно.
34 Өмч хөрөнгийнхөө нэг хэсгийг, тийм ээ, бүр газрынхаа нэг хэсгийг, мөн гэр бүлээ тэтгэхээс бусад бүхнийг өг.
35 Хэвлэгчтэй гэрээлсэн өрөө төл. Өөрийгөө боолчлолоос чөлөөлөгтүн.
36 Чи гэрийнхэнтэйгээ уулзахыг хүсэхээс бусад үед гэр болон гэр орноосоо яв;
37 Мөн бүгдэд чөлөөтэйгээр яригтун; тийм ээ,—Хосанна, хосанна, Их Эзэн Бурханы нэр алдаршиг! хэмээн бүр чанга дуу хоолойгоор, баяслын дуугаар, үнэнийг номлож, ухуулж, мөн тунхаглагтун.
38 Ямагт залбирагтун, мөн бибээр Сүнсээ чиний дээр цутгах болно, мөн чиний адислал агуу байх болно—тийм ээ, чиний олж авч болох дэлхийн баялгуудаас мөн тэдгээр нь тэр чигээрээ ялзрах байдлаас илүү агуу байх болно.
39 Болгоогтун, чи үүнийг баясалгүйгээр мөн зүрх сэтгэлээ баяр хөөрт өргөлгүйгээр уншиж чадна гэж үү?
40 Эсвээс чи сохор хөтөч атлаа газраас газарт явж чадна гэж үү?
41 Эсвээс чи даруу мөн номхон хүлцэнгүй байж, миний өмнө өөрийгөө ухаалгаар авч явж чадах уу? Тийм ээ, өөрийнхөө Аврагч надад ирэгтүн. Амен.