Сургаал ба Гэрээнүүд
Хэсэг 1
1831 оны арван нэгдүгээр сарын 1-нд Охайогийн Хайрамд, Сүмийн ахлагчдын тусгай чуулганы үеэр бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэ цагаас урьд Их Эзэнээс олон илчлэл хүлээн авагдсан байсан бөгөөд эдгээрийг эмхэтгэн ном хэлбэрээр нийтлүүлэх нь энэ чуулган дээр хэлэлцсэн үндсэн гол сэдвүүдийн нэг байв. Энэ хэсэг нь энэ эрин үед өгөгдсөн сургаалууд, гэрээнүүд болон зарлигуудын талаарх Их Эзэний удиртгалыг багтаадаг бөлгөө.
1–7, Сэрэмжлүүлгийн дуу хоолой нь бүх хүнд ханддаг болой; 8–16, Урвалт болон ёс бус байдал Хоёр дахь Ирэлтийн өмнө байх болно; 17–23, Их Эзэний үнэнүүд бөгөөд хүчнүүдийг дэлхийд сэргээхээр Иосеф Смит дуудагдав; 24–33, Мормоны Ном авчрагдаж мөн үнэн Сүм байгуулагдав; 34–36, Амар амгалан нь дэлхийгээс авагдах болно; 37–39, Эдгээр зарлигийг судлагтун.
1 Анхаарагтун, ай миний сүмийн хүмүүс та нар хэмээн дээдэд оршдог мөн мэлмий нь бүх хүн дээр байдаг түүний дуу хоолой хэлдэг бөлгөө; тийм ээ, үнэнээр би хэлнэ: Холын хүмүүс та нар анхаарагтун; мөн далайн арлууд дээрх та нар хамтдаа сонсогтун.
2 Учир нь үнэнээр Их Эзэний дуу хоолой бүх хүнд ханддаг болой, мөн зайлсхийх хэн ч үгүй; мөн харах нь үгүй нүд гэж үгүй болой, мөн сонсох нь үгүй чих гэж үгүй, бас нөлөөлөгдөх нь үгүй зүрх сэтгэл гэж үгүй бөлгөө.
3 Мөн эсэргүүцэгчид туйлын их шаналалд нэрвэгдэх болно; учир нь тэдний алдсууд дээвэр дээрээс яригдах болно, мөн тэдний нууц үйлүүд илчлэгдэх болно.
4 Мөнхүү энэ эцсийн өдрүүдэд миний сонгосон шавь нарын минь амаар сэрэмжлүүлгийн дуу хоолой нь бүх хүнд хандах болно.
5 Мөнхүү тэд урагш одно, мөн хэн ч тэднийг зогсоох нь үгүй, учир нь Их Эзэн би тэдэнд зарлигласан болой.
6 Болгоогтун, энэ бол миний эрх мэдэл, мөн миний үйлчлэгчдийн эрх мэдэл, мөн ай дэлхийн оршин суугчид, та нарт хүргэ хэмээн тэдэнд миний өгсөн зарлигуудын минь номын удиртгал юм.
7 Иймийн тул, ай хүмүүс та нар, айж мөн чичрэгтүн, учир нь Их Эзэн миний тэдгээрт тунхагласан нь биелэгдэх болно.
8 Мөнхүү би та нарт үнэнээр хэлнэ, дэлхийн оршин суугчдад эдгээр мэдээг хүргэсээр урагш одох тэдэнд, үл итгэгч болон эсэргүүцэгчдийг дэлхийд бөгөөд тэнгэрт аль алинд нь лацдах хүч өгөгдсөн юм;
9 Тийм ээ, үнэнээр, Бурханы уур хилэн ёс бусыг үйлдэгчид дээр хэмжээлшгүй ихээр цутгагдах тэр өдрийн тулд тэднийг лацдах ажгуу—
10 Хүн болгонд ажлынх нь дагуу төлөөсийг нь төлөхөөр, мөн хүн болгоныг анд нөхрөө хэмжсэн тэр хэмжүүрийнх нь дагуу хэмжихээр Их Эзэн ирэх тэр өдрийн тулд буюу.
11 Иймийн тул Их Эзэний энэ дуу хоолой дэлхийн хязгааруудад, сонсохыг хүсдэг бүгд нь сонсож болохын тулд ханддаг авай:
12 Бэлтгэгтүн та нар, ирэх тэр зүйлийн төлөө бэлтгэгтүн та нар, учир нь Их Эзэн ойрхон байна;
13 Мөн Их Эзэний уур дүрэлзсэн мөн түүний илд тэнгэрт угаагдсан байна, мөн энэ нь дэлхийн оршин суугчид дээр буух болно.
14 Мөн Их Эзэний мутар үзүүлэгдэх болно; мөн Их Эзэний дуу хоолойг, бас түүний үйлчлэгчдийн дуу хоолойг эс сонсдог, бошиглогчид болон төлөөлөгчдийн үгсэд анхаарал эс тавьдаг тэд нь хүмүүсийн дундаас тусгаарлагдах өдөр ирж буй;
15 Учир нь тэд миний ёслолуудаас холдож, мөн миний үүрдийн гэрээг зөрчсөн билээ;
16 Түүний зөв шударга ёсыг тогтоохын тулд тэд Их Эзэнийг эрэлхийлдэггүй, харин хүн болгон өөрийнхөө замаар мөн өөрийнхөө бурхны дүр төрхийн дагуу замнадаг буюу, тэдгээр нь Вавилонд, бүр унах тэрхүү агуу Вавилонд хуучирч өгөршин мөн мөхөх тэр хиймэл шүтээнтэй адил байдалтай, дэлхийнхтэй адил дүр төрх бүхий бөлгөө.
17 Иймийн тул, Их Эзэн бибээр, дэлхийн оршин суугчид дээр ирэх тэрхүү гай гамшгийг мэддэг учраас, өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг дуудан, тэнгэрээс түүнд ярьж, мөн түүнд зарлигуудыг өгсөн ажгуу;
18 Мөн түүнчлэн тэд эдгээр зүйлийг дэлхийнхэнд тунхаглавал зохино хэмээн өөр заримд зарлигуудыг өгсөн билээ; мөн эдгээр бүхэн нь бошиглогчдоор бичигдсэн энэ нь биелэгдэж болохын тулд юм—
19 Дэлхийн сул дорой зүйлс урагш гарч ирэх бөгөөд хүч чадалтнууд болон хүчтэнүүдийг унагах болно, хүн анд нөхөртэйгөө зөвлөх ёсгүйн, мөн маханбодын гарт найдах ёсгүйн тулд буюу—
20 Харин хүн болгон Бурхан Их Эзэний, бүр дэлхийн Аврагчийн нэрээр ярьж болохын тулд юм;
21 Түүнчлэн дэлхий дээр итгэл нэмэгдэж болохын тулд юм;
22 Миний үүрдийн гэрээ тогтоогдож болохын тулд юм;
23 Миний сайн мэдээний бүрэн байдал сул доройчууд болон эгэл борчуудаар дэлхийн хязгааруудад, мөн хаад болон захирагчдын өмнө тунхаглагдаж болохын тулд бөлгөө.
24 Болгоогтун, бибээр Бурхан мөн үүнийг ярьсан буюу; энэ зарлигууд нь надаас бөгөөд миний үйлчлэгчид ойлголтод хүрч болохын тулд тэдний сул доройд нь, тэдний хэлний маягийн дагуу өгөгдсөн юм.
25 Мөн тэд алдаа гаргахын хэрээр энэ нь мэдэгдэж болохын тулд бөлгөө;
26 Мөн тэд мэргэн ухааныг эрэлхийлэхийн хэрээр тэд зааварлагдаж болохын тулд бөлгөө;
27 Мөн тэд нүгэл үйлдэхийн хэрээр, тэд наманчилж болохын төлөө тэд зэмлүүлж болохын тулд билээ;
28 Мөн тэд даруу байхын хэрээр хүчирхэг болгогдож, мөн дээрээс адислагдан, мөн цагаас цагт мэдлэгийг хүлээн авч болохын тулд бөлгөө.
29 Мөн нифайчуудын цэдгийг хүлээн авсны дараа, тийм ээ, бүр миний үйлчлэгч Бага Иосеф Смит Бурханы нигүүлслээр дамжуулан, Бурханы хүчээр, Мормоны Номыг орчуулах хүчийг хүлээн авч болохын тулд бөлгөө.
30 Мөн түүнчлэн, эдгээр зарлиг өгөгдсөн тэд энэ сүмийн суурийг тавих, мөн үүнийг бүрхэг байдлаас болон харанхуйгаас урагш гарган авчрах хүчтэй байхын тулд болой, бүх дэлхийн гадаргуу дээрх, Их Эзэн миний ихэд таалдаг, цорын ганц үнэн бөгөөд амьд сүмийн буюу, бибээр хувь хүмүүст биш харин сүмд нийтэд нь ярьж байна—
31 Учир нь Их Эзэн бибээр нүглийг бага хэмжээгээр ч зөвшөөрч чадах нь үгүй;
32 Гэсэн хэдий ч, наманчилдаг мөн Их Эзэний зарлигуудыг биелүүлдэг тэр нь өршөөгдөх болно;
33 Мөн наманчилдаггүй тэрхүү хүний хүлээж авсан гэрэл нь ч түүнээс авагдах болой; учир нь миний Сүнс хүмүүнд нөлөөлөхийг ямагт хичээх нь үгүй хэмээн Түмний Их Эзэн хэлдэг.
34 Мөн түүнчлэн, үнэнээр, ай дэлхийн оршин суугчид та нарт би хэлнэ: Их Эзэн бибээр эдгээр зүйлийг бүх маханбодод мэдүүлэхэд бэлэн байна;
35 Учир нь бибээр хүмүүсийг ялгаварлан үзэгч биш, мөн тэрхүү өдөр хурдан ирнэ гэдгийг бүх хүн мэдээсэй хэмээн хүсэж байна; дэлхийгээс амар амгалан нь авагдаж мөн чөтгөр өөрийн ноёрхолд хүчтэй байх тэр цаг хараахан болоогүй ч, ойрхон байна.
36 Мөн түүнчлэн Их Эзэн гэгээнтнүүдийнхээ дээр хүчтэй байж, мөн тэдний дунд хаанчлан, мөн Идумеа буюу дэлхий дээр шүүлтэд бууж ирэх бөлгөө.
37 Эдгээр зарлигийг судлагтун, учир нь тэдгээр нь үнэн бөгөөд найдвартай юм, мөн тэдгээрт буй бошиглолууд болон амлалтууд бүгд биелэгдэх болно.
38 Их Эзэн миний бие ярьснаа би ярилаа, мөн би өөрийгөө тайлбарлаж өгөх нь үгүй; мөн тэнгэрүүд бас дэлхий үгүй болсон ч миний үг хүчингүй болох нь үгүй, харин бүгд биелэгдэх болно, миний өөрийн дуу хоолойгоор байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолойгоор байна уу, энэ нь адил болой.
39 Учир нь болгоогтун, мөн харагтун, Их Эзэн бол Бурхан мөн, бас Сүнс гэрчилдэг, мөн тэрхүү гэрчлэл үнэн болой, бас тэрхүү үнэн үүрд мөн мөнхөд оршино. Амен.