Хэсэг 24
1830 оны долоодугаар сард Пеннсильваний Хармонид бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгөгдсөн илчлэл оршвой. Сүм зохион байгуулагдсанаас хойш дөрвөн сар ч өнгөрөөгүй байхад хавчлага туйлын ноцтой болж, удирдагчид заримдаа нуугдмал байдалд байж аюулгүй байдлыг эрэлхийлэхээс аргагүйд хүрэв. Энэ үед тэдэнд хүч өгч, урамшуулан мөн зааварлахын тулд дараах гурван илчлэл өгөгдсөн ажээ.
1–9, Иосеф Смит судруудыг орчуулах, номлох мөн тайлбарлахаар дуудагдав; 10–12, Оливер Каудери сайн мэдээг номлохоор дуудагдав; 13–19, Гайхамшгууд, зүхлүүд, хөлийн тоос гүвэх болон хэтэвч юм уу аяны цүнхгүйгээр явахтай холбогдсон хууль илчлэгдэв.
1 Болгоогтун, чи Мормоны Номыг бичихээр, мөн миний тохинуулалд дуудагдаж мөн сонгогдсон авай; мөн бибээр чамайг зовлон зүдгүүрүүдээс чинь гарган авч, мөн чамд зөвлөж, ингэснээр чи бүх дайснаасаа чөлөөлөгдсөн бөлгөө, мөн чи Сатаны хүч болон харанхуйгаас чөлөөлөгдсөн билээ!
2 Гэсэн хэдий ч, чи зөрчлүүддээ зөвтгөгдөхгүй; гэсэн хэдий ч, замаараа явж, мөн дахин нүгэл бүү үйлд.
3 Албан тушаалаа эрхэмлэн биелүүлэгтүн; мөн чи талбайнуудаа тариалж тэдгээрийг хамгаалсны дараа Колесвилл, Фэйет, мөн Манчестер дахь сүм рүү даруй явагтун, мөн тэд чамайг тэтгэх болно; мөн бибээр тэднийг сүнслэг байдлын болон эд зүйлсийн хувьд аль алинаар нь адислах болно;
4 Гэвч хэрэв тэд чамайг хүлээн авахгүй бол, би тэдэн дээр адислалын оронд зүхлийг илгээх болно.
5 Мөн чи миний нэрээр Бурханд хандан залбирахаа, мөн Тайтгаруулагчаар чамд өгөгдөх тэр зүйлсийг бичихээ, мөн сүмийнхэнд бүх судрыг тайлбарлахаа үргэлжлүүлэх ёстой.
6 Мөн ярьж мөн бичих тэр зүйл чинь яг тэр мөчид чамд өгөгдөх болно, мөн тэд үүнийг сонсох болно, эсвээс бибээр тэдэнд адислалын оронд зүхлийг илгээх болно.
7 Учир нь чи бүхий л үйлчлэлээ Сионд зориулах ёстой; мөн үүнд чи хүч чадалтай байх болно.
8 Зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй байгтун, учир нь чамд олон нь тохиох болно; гэвч тэдгээрийг тэсвэрлэ, учир нь, харагтун, бүр чиний өдрүүдийн төгсгөл хүртэл би чамтай хамт байх болно.
9 Мөн дэлхийн хөдөлмөрүүдэд чи хүчирхэг байх нь үгүй, учир нь энэ бол чиний дуудлага биш. Дуудлагадаа өөрийгөө зориул мөн албан тушаалаа эрхэмлэн биелүүлэх, бүх судрыг тайлбарлах, мөн гар тавьж мөн сүмийнхнийг гишүүнээр баталсаар байхад шаардлагатай зүйлс чамд байх болно.
10 Мөн Оливер ах чинь дэлхийнхний өмнө мөн тэрчлэн сүмийнхэнд миний нэрийг гэрчлэхээ үргэлжлүүлэх ёстой. Мөн тэрээр миний байр суурийн талаар хангалттайг хэлж чадна хэмээн тэрээр бодох ёсгүй; мөн харагтун, бибээр төгсгөл хүртэл түүнтэй хамт байх болно.
11 Сул доройд ч байна уу, хүч чадалд ч байна уу, дарлалд ч байна уу, чөлөөтэй ч байна уу, тэрээр өөрөөрөө бус харин надаар дамжуулан алдар сууг олох болно;
12 Мөн бүхий л цагт, мөн бүх газарт, тэрбээр амаа нээж мөн өдөр шөнийн алинд ч бүрээн дуугаар мэт миний сайн мэдээг тунхаглах ёстой. Мөн хүмүүсийн дунд мэдэгдээгүй тийм чадлыг бибээр түүнд өгөх болно.
13 Та хоёрт миний зарлиглахаас бусдаар, чөтгөрүүдийг зайлуулах, өвчтэйг эдгээхээс бусдаар, мөн хорт могойнуудын эсрэг мөн үхлийн аюулт хорнуудын эсрэг биш аваас гайхамшгуудыг бүү шаард;
14 Судрууд биелэгдэж болохын тулд, энэ нь та хоёроос үүнийг хүсэгч тэднээр шаардагдахаас бусдаар, эдгээр зүйлийг та хоёр хийх ёсгүй бөлгөө; учир нь бичигдсэн тэрний дагуу та хоёр үйлдэх ёстой.
15 Мөн та хоёр ямар ч газарт орлоо гэсэн, мөн тэд та хоёрыг миний нэрэнд эс хүлээн авбал, тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг гүвснээр мөн замын хажууд хөлөө цэвэрлэснээр та хоёр адислалын оронд зүхлийг үлдээх ёстой.
16 Мөнхүү улиран тохиох дор та хоёрын дээр хэрцгийгээр гараа далайх хэнд боловч, цохигдохыг миний нэрээр та хоёр тушаах ёстой; мөн, болгоогтун, өөрийнхөө тогтоосон цагт, та хоёрын үгсийн дагуу би тэднийг цохих болно.
17 Мөн чамтай хуулиар заргалдах хэн боловч, тэр нь хуулиар зүхэгдэх болно.
18 Мөн та хоёр хэтэвч юм уу аяны цүнх, мөн таягуудыг, бас хоёр цувыг ч авч явахгүй байх ёстой, учир нь яг хэрэгтэй цагт чинь сүм та хоёрт хэрэгтэй хоол болон хувцас, мөн гутал болон мөнгө бас аяны цүнхийг өгөх болно.
19 Учир нь миний жимсний талбайг хүчирхэг тайралтаар, тийм ээ, бүр эцсийн удаа тайрахаар та хоёр дуудагдсан билээ; тийм ээ, мөн тэрчлэн та хоёрын томилсон тэд бүгд болой, мөн тэд бүр энэ загварын дагуу үйлдэх ёстой. Амен.