Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 28


Хэсэг 28

1830 оны есдүгээр сард Нью-Йоркийн Фэйетэд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оливер Каудерид өгөгдсөн илчлэл оршвой. Сүмийн гишүүн Хайрам Пейжид нэг чулуу байсан ба үүний тусламжтайгаар Сионыг байгуулах болон Сүмийн дэг жаягийн талаарх илчлэлүүдийг хүлээн авдаг гэж тэр зүтгэж байжээ. Хэд хэдэн гишүүн эдгээр мэдэгдэлд мэхлэгдэж, мөн тэр ч байтугай Оливер Каудери хүртэл үүгээр буруу нөлөөлөгдсөн байлаа. Товлосон нэгэн чуулганы өмнөхөн бошиглогч уг асуудлын талаар Их Эзэнээс чин сэтгэлээр асууж, мөн энэхүү илчлэл иржээ.

1–7, Иосеф Смит нууцуудын түлхүүрүүдийг атгадаг, мөн зөвхөн тэрбээр Сүмд зориулсан илчлэлүүдийг хүлээн авдаг; 8–10, Оливер Каудери леменчүүдэд номлох ёстой; 11–16, Сатан, Хайрам Пейжийг мэхэлж мөн түүнд хуурамч илчлэлүүдийг өгчээ.

1 Болгоогтун, Оливер чамд би хэлж байна, миний өгсөн илчлэлүүд болон зарлигуудын талаар тэдэнд Тайтгаруулагчаар чиний заах аливаа бүх зүйлд сүмийнхэн чамайг сонсдог байх нь чамд өгөгдөх болно.

2 Гэвч, болгоогтун, үнэнээр, үнэнээр би чамд хэлнэ, миний үйлчлэгч Бага Иосеф Смитээс өөр хэн ч энэ сүмд зарлигууд болон илчлэлүүдийг хүлээн авахаар томилогдох нь үгүй, учир нь тэрбээр бүр Мосегийн адилаар тэдгээрийг хүлээн авдаг болой.

3 Мөн түүнд миний өгөх тэр зүйлсэд, сүмд хүч болон эрх мэдэлтэйгээр, зарлигууд ба илчлэлүүдийг итгэлтэйгээр тунхаглахад нь, чи бүр Аароны адил дуулгавартай байх ёстой.

4 Мөн хэрэв чи аливаа нэг үед эсвээс бүх цагт сүмд зарлигийн замаар ярих юм уу заахаар Тайтгаруулагчаар хөтлөгдөх аваас, чи үүнийг хийж болно.

5 Гэвч чи зарлигийн замаар бичих ёстой бус, харин мэргэн ухаанаар болой;

6 Мөн чиний тэргүүнд, мөн сүмийн тэргүүнд байгаа түүнд чи зарлиглах ёсгүй;

7 Учир нь түүний оронд би тэдэнд өөр нэгнийг томилох хүртэл нууцуудын түлхүүрүүдийг мөн лацдагдсан тэр илчлэлүүдийг бибээр түүнд өгсөн билээ.

8 Мөн эдүгээ, болгоогтун, чи леменчүүд рүү очиж, мөн миний сайн мэдээг тэдэнд заах ёстой гэдгийг би чамд хэлнэ; мөн тэд чиний заасан зүйлсийг хүлээн авахын хэрээр чи миний сүмийг тэдний дунд байгуулагдахаар болгох ёстой; мөн чи илчлэлүүдийг хүлээн авах болно, гэвч тэдгээрийг зарлигийн замаар бүү бич.

9 Мөн эдүгээ, болгоогтун, Сион хот хаана баригдсан байхыг ямар ч хүмүүн мэдэхгүйг, мөн энэ нь илчлэгдээгүйг би чамд хэлж байна, гэвч энэ нь хожим өгөгдөх болно. Болгоогтун, энэ нь леменчүүдийн ойролцоох хил дээр байх болно гэдгийг би чамд хэлж байна.

10 Чуулганы дарааг хүртэл чи энэ газрыг орхин явах ёсгүй; мөн миний үйлчлэгч Иосеф чуулганы саналаар үүнийг тэргүүлэхээр томилогдох ёстой, мөн чамд тэрээр юу хэлнэ, чи хэлэх ёстой.

11 Мөн түүнээс гадна, чи өөрийн ах Хайрам Пейжтэй ганцаарчлан уулзах ёстой, мөн уг чулуунаас түүний бичиж авсан тэдгээр зүйл нь надаас бус гэдгийг, мөн Сатан түүнийг мэхэлж буйг түүнд хэлэгтүн;

12 Учир нь, болгоогтун, эдгээр зүйл түүнд өгөгдсөн нь үгүй, түүнчлэн сүмийн гэрээнүүдэд харшлах ямар ч зүйл энэ сүмийн аль ч гишүүнд өгөгдөх нь үгүй бөлгөө.

13 Учир нь сүмд бүх зүйл эмх цэгцэд, мөн нийтийн зөвшөөрлөөр, итгэлийн залбирлаар хийгддэг байх ёстой.

14 Мөн леменчүүдийн дунд чи аялахаасаа өмнө, чи эдгээр бүх зүйлийг сүмийн гэрээнүүдийн дагуу зохицуулахад туслах ёстой.

15 Мөн чиний явах тэр цагаас, чиний буцаж ирэх тэр цагийг хүртэл юу хийх чинь чамд өгөгдөх болно.

16 Мөн чи миний сайн мэдээг баяслын дуугаар тунхаглан, ам чинь бүх цаг үед нээлттэй байх ёстой. Амен.