Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 29


Хэсэг 29

1830 оны есдүгээр сард Нью-Йоркийн Фэйетэд зургаан ахлагчийн дэргэд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэхүү илчлэл 1830 оны есдүгээр сарын 26-нд эхлэх байсан чуулганаас хэд хоногийн өмнө өгөгджээ.

1–8, Христ Өөрийн сонгомол хүмүүсийг цуглуулдаг; 9–11, Түүний ирэлт Мянган жилийг эхлүүлнэ; 12–13, Арван хоёр нь бүх Израилыг шүүх болно; 14–21, Хоёр дахь Ирэлтийн өмнө тэмдгүүд, өвчин тахлууд, эзгүйрлүүд тохиох болно; 22–28, Мянган жилийн дараа сүүлчийн амилуулалт бас эцсийн шүүлт болно; 29–35, Их Эзэний хувьд бүх зүйл сүнслэг болой; 36–39, Чөтгөр болон түүний түмэн нь хүмүүнийг уруу татахын тулд тэнгэрээс зайлуулагдсан билээ; 40–45, Уналт болон Цагаатгал нь авралыг авчирдаг; 46–50, Бяцхан хүүхдүүд цагаатгалаар дамжин гэтэлгэгддэг.

1 Сонсогтун та нарын Гэтэлгэгч, нигүүлслийн мутар нь та нарын нүглүүдийг цагаатгасан Агуу Би Байдаг, Есүс Христийн дуу хоолойг сонсогтун;

2 Тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг, бүр миний дуу хоолойг анхаарах мөн өөрсдийгөө миний өмнө даруусгах, мөн хүчирхэг залбиралд намайг дуудах болгоныг, өөрийнхөө хүмүүсийг цуглуулах намайг болой.

3 Болгоогтун, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ үед нүглүүд тань та нарт өршөөгдсөн болой, тиймийн тул та нар эдгээр зүйлийг хүлээн авч байна; гэхдээ аюул та нарын дээр ирэхгүйн тулд дахиад нүгэл үйлдэхгүй байхыг санагтун.

4 Үнэнээр, би та нарт хэлж байна, та нар бол миний сайн мэдээг баяслын дуугаар, бүрээн дуу хоолой мэт тунхаглахаар дэлхийгээс сонгогдсон билээ.

5 Зүрх сэтгэлээ өргөж мөн баяртай байгтун, учир нь би та нарын дунд байна, мөн бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ; мөн та нарт хаант улсыг өгөх нь түүний эрхэм таалал бөлгөө.

6 Мөн, бичигдсэний адилаар—Миний зарлигийн дагуу залбиралд нэгдэн, та нар итгэлтэйгээр юуг ч гуйлаа гэсэн, та нар хүлээн авах болно.

7 Мөн та нар миний сонгомол хүмүүсийн цугларалтыг тохиолгохоор дуудагдсан билээ; учир нь миний сонгосон хүмүүс дуу хоолойг минь сонсдог мөн зүрх сэтгэлээ хатууруулдаггүй болой;

8 Иймийн тулд тэд энэ нутгийн гадаргуу дээр нэг газарт цуглуулагдах болно хэмээх тогтоол нь Эцэгээс урагш гарч ирсэн билээ, ёс бусыг үйлдэгчид дээр зовлон бэрхшээл болон эзгүйрэл илгээгдэх тэр өдөрт зүрх сэтгэлээ бэлтгэж мөн бүх зүйлд бэлтгэгдсэн байхын тулд буюу.

9 Учир нь дэлхий боловсорч гүйцэх тэр цаг ойрхон мөн тэр өдөр удахгүй ирнэ; мөн бүх бардамнагчид мөн ёс бусаар үйлддэг тэд тарианы ёзоор адил байх болно; мөн дэлхий дээр ёс бус байдал байхгүй байхын тулд бибээр тэднийг шатаах болно хэмээн Түмний Их Эзэн хэлж байна;

10 Учир нь тэр цаг ойрхон байна, мөн миний төлөөлөгчдөөр хэлэгдсэн нь биелэгдэх ёстой; учир нь тэдний ярьсанчлан энэ нь улиран тохиох болно;

11 Учир нь би тэнгэрийн бүх түмэн олны хамт хүч чадал болон агуу сүр жавхлангаар тэнгэрээс өөрийгөө үзүүлэх болно, мөн дэлхий дээр зөв шударга ёсонд хүмүүстэй хамт мянган жил оршин сууна, мөн ёс бусыг үйлдэгчид тэсвэрлэх нь үгүй бөлгөө.

12 Мөн түүнчлэн, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ нь чанд хатуу тогтоолоор, Эцэгийн тааллаар урагш гарч ирсэн бөлгөө, миний төлөөлөгчид, Иерусалимд миний тохинуулалд надтай хамт байсан тэр Арван хоёр, галан баганад миний ирэх тэр өдөр баруун гар талд минь зөв шударгын орхимжоор хувцаслан, тэргүүн дээрээ титэмтэйгээр, өөр хэнийг ч бус харин Израилын бүх угсааг, бүр намайг хайрлаж мөн зарлигуудыг минь сахидаг болгоныг шүүхээр миний нэгэн адил сүр жавхланд зогсох болно гэдэг нь буюу.

13 Учир нь бүрээ чангаар бас удаанаар, бүр Синайн Уулан дээр мэт дуугарах болно, мөн бүх газар хөдлөх болно, мөн тэд урагш гарч ирэх болно—тийм ээ, бүр надад нас барсан тэрхүү үхэгсэд, зөв шударгын титмийг хүлээн авч мөн миний нэгэн адил хувцаслаж, бид нэг байж болохын тулд, надтай хамт байхаар болой.

14 Гэвч, болгоогтун, энэхүү агуу өдөр ирэхээс өмнө нар харанхуйлж, мөн сар цус болон хувирч, мөн одод тэнгэрээс унах болно, мөн дээр тэнгэрт болон доор дэлхийд илүү агуу тэмдгүүд байх болно гэдгийг би та нарт хэлж байна;

15 Мөн түмэн олны дунд уйлаан болон гаслах нь байх болно;

16 Мөн дэлхийн ургацыг устгахын тулд ширүүн мөндөр урагш илгээгдэх болно.

17 Мөнхүү улиран тохиох дор, дэлхийнхний ёс бусын учир, бибээр ёс бусыг үйлдэгчдээс өшөө авах болно, учир нь тэд наманчлах нь үгүй; учир нь миний хилэнгийн аяга дүүрэн байна; учир нь болгоогтун, хэрэв тэд намайг сонсохгүй аваас, миний цус тэднийг цэвэршүүлэх нь үгүй болой.

18 Иймийн тул, Их Эзэн Бурхан бибээр дэлхийн гадаргуу дээр оршин суугчдыг нь эзлэн авч мөн тэдний маханбодыг идэх ялаануудыг урагш илгээх болно, мөн өтнүүдийг тэдний дотор орохоор болгоно;

19 Мөн тэдний хэл гацаагдах болно, ингэснээр тэд миний эсрэг үг дуугарахгүй байх болно; мөн тэдний махан бие яснаасаа мултарч мөн тэдний нүд ухархайнаасаа мултарч унах болно;

20 Мөнхүү улиран тохиох дор ойн араатнууд болон огторгуйн жигүүртнүүд тэднийг цөлмөн идэх болно.

21 Мөн бүх дэлхийн янхан эм болох тэрхүү агуу бөгөөд жигшүүрт сүм цөлмөгч галаар устгагдах болно, жигшүүрт байдал ноёрхох нь үгүй учир, арай тохиогоогүй хэдий ч, би амьдардгийн адилаар гарцаагүй тохиох ёстой эдгээр зүйлийн талаар ярьсан бошиглогч Езекиелийн амаар хэлэгдсэний дагуу буюу.

22 Мөн түүнчлэн, үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, мянган жил дуусахад мөн хүмүүс Бурханаа дахин үгүйсгэж эхлэхэд, тэгэхэд бибээр зөвхөн богинохон хугацаагаар дэлхийг хэлтрүүлэх болно;

23 Мөн төгсгөл ирэх болно, мөн тэнгэр болон дэлхий шатаагдаж тэгээд үгүй болох авай, мөн шинэ тэнгэр бас шинэ дэлхий байх болно.

24 Учир нь бүх хуучин зүйл үгүй болж, мөн бүх зүйл, бүр тэнгэр болон дэлхий, бас тэдгээрийн бүрэн байдал, хүмүүс болон амьтад аль аль нь, огторгуйн жигүүртнүүд, мөн далайн загаснууд ч шинэ болно;

25 Мөн нэг ширхэг үс ч, бас өчүүхэн зүйл ч гээгдэх нь үгүй, учир нь энэ нь миний гарын бүтээл бөлгөө.

26 Гэвч, болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, дэлхий үгүй болохын өмнө, миний тэргүүн тэнгэр элч Михаил бүрээгээ үлээх болно, мөн тэгэхэд бүх нас барагсад сэрэх болно, учир нь тэдний булшнууд нээгдэх болно, мөн тэд—тийм ээ, бүр бүгдээрээ урагш гарч ирэх болно.

27 Мөн зөв шударгыг үйлдэгчид мөнх амьдралд миний баруун гар талд цугларах болно; мөн миний зүүн гар тал дахь ёс бусыг үйлдэгчдийг өөрийнх гэж дуудахаас би Эцэгийн өмнө ичих болно;

28 Иймийн тул бибээр тэдэнд хэлэх болно—Надаас зайлагтун, зүхэгдсэн та нар, чөтгөр болон түүний элч нарт бэлтгэгдсэн үүрдийн гал руу зайлагтун.

29 Мөн эдүгээ, болгоогтун, би та нарт хэлнэ, тэд эргэж ирэх болно хэмээн би өөрийн амаар хэзээ ч, ямар ч цаг үед тунхаглаагүй бөлгөө, учир нь миний байгаа тэнд тэд ирж чадахгүй, учир нь тэдэнд хүч байхгүй бөлгөө.

30 Гэвч миний бүх шүүлт хүмүүст өгөгдөөгүйг санагтун; мөн миний Сүнсний хүч болох өөрийн сүр хүчний үгээр миний бүтээсэн юунд ч, бүх зүйлд эхнийх нь эцсийнх байхын тулд, мөн эцсийнх нь эхнийх байхын тулд, миний амнаас урагш гарсан үгсийн дагуу, тийнхүү тэдгээр нь биелэгдэх болно.

31 Учир нь би тэдгээрийг, тийм ээ, сүнсний бөгөөд эд зүйлс бүгдийг, аль алиныг нь Сүнснийхээ хүчээр бүтээсэн билээ—

32 Миний ажлын эхлэл нь, эхнийх нь сүнслэг, хоёр дахь нь эд зүйлс болой; мөн түүнчлэн, миний ажлын төгсгөл нь, эхнийх нь эд зүйлс, мөн хоёр дахь нь сүнслэг болой—

33 Та нар өөрсдийнхөөрөө ойлгож болохын тулд та нарт өгүүлнэм; харин миний хувьд миний ажлууд төгсгөлгүй, мөн эхлэлгүй бөлгөө; гэвч та нар ойлгож болохын тулд энэ нь та нарт өгөгдсөн буюу, учир нь та нар үүнийг надаас санал нэгтэй асуусан болой.

34 Иймийн тул, бүх зүйл миний хувьд сүнслэг юм гэдгийг би та нарт үнэнээр хэлнэ, мөн аль ч цаг үед би та нарт, бас ямар ч хүнд, эсвээс хүмүүсийн үрсэд; мөн өөрийн бүтээсэн та нарын эцэг Адамд ч, зуурдын хууль өгөөгүй бөлгөө.

35 Болгоогтун, тэрээр өөрийнхөө төлөө сонгогч байхыг нь би түүнд өгсөн юм; мөн би түүнд зарлиг өгсөн буюу, гэвч би түүнд зуурдын зарлиг өгсөн нь үгүй, учир нь миний зарлигууд сүнслэг болой; тэдгээр нь эгэл ч бус, зуурдынх ч биш, дэлхийнх биш, хүсэл таашаалынх ч биш бөлгөө.

36 Мөнхүү улиран тохиох дор учир нь Адам чөтгөрөөр уруу татагдсан байв—учир нь, болгоогтун, чөтгөр Адамын өмнө байлаа, учир нь, сүр хүч тань болох алдар хүндэтгэлээ надад өг хэмээн тэрээр хэлж, миний эсрэг боссон бөлгөө; мөн тэрчлэн тэдний сонгох эрхийн улмаас тэнгэрийн түмэн олны гуравны нэг хэсгийг тэрээр надаас урвуулсан билээ;

37 Мөн тэд доош хөөгдсөн юм, мөн тийн чөтгөр болон түүний элч нар болсон бөлгөө;

38 Мөн, болгоогтун, там гэгдэх нэгэн газар эхлэлээс тэдэнд бэлтгэгдсэн юм.

39 Мөн чөтгөр хүмүүсийн үрсийг уруу татах нь зайлшгүй ажгуу, эс бөгөөс тэд өөрсдийнхөө төлөө сонгогч байж эс чадна; учир нь хэрэв тэд гашууныг хэзээ ч үл амсах аваас, тэд чихэрлэгийг мэдэж чадах нь үгүй бөлгөө—

40 Иймийн тул, улиран тохиох дор чөтгөр Адамыг уруу татаж, мөн тэрээр хориглогдсон жимснээс хүртэн мөн зарлигийг зөрчиж, тэр уруу таталтад автагдсан учир, ийнхүү чөтгөрийн таалалд захирагдсан бөлгөө.

41 Иймийн тул, Их Эзэн Бурхан бибээр, түүнийг Едений Цэцэрлэгээс, өөрийнхөө дэргэдээс хөөгдөх болгосон билээ, түүний зөрчлийн улмаас буюу, ийнхүү тэрээр сүнсний хувьд үхмэл болсон, тэр нь анхны үхэл, намайг: Зайлагтун, зүхэгдсэн та нар хэмээн хэлэх үед ёс бусыг үйлдэгчид дээр ирэх сүүлчийн үхэл, сүнсний болох бүр тэрхүү үхэл юм.

42 Гэвч, болгоогтун, Их Эзэн Бурхан бибээр, миний Төрсөн Ганц Хүүгийн нэрэн дээрх итгэлээр дамжин ирэх наманчлал болон гэтэлгэлийг тэдэнд тунхаглуулахаар тэнгэр элч нарыг урагш илгээх хүртэл тэд цаг зуурын үхлээр үхэх ёсгүйг Их Эзэн Бурхан бибээр Адам болон түүний үр удамд өгснийг би та нарт хэлнэ.

43 Мөн ийн Их Эзэн Бурхан бибээр сорилтын өдрүүдийг нь хүмүүнд тогтоов–ингэснээр тэрээр, бүр итгэсэн болгоны адилаар биеийн үхлээр дамжин үхэшгүй байдалтайгаар мөнх амьдралд босож болох бөлгөө;

44 Мөн итгээгүй тэд мөнхийн яланд буюу; учир нь тэд наманчилдаггүй учраас сүнсний уналтаасаа гэтэлгэгдэж чадахгүй бөлгөө;

45 Учир нь тэд гэрлээс илүүгээр харанхуйд хайртай буюу, мөн тэдний үйлүүд нь хилэнцэт бөлгөө, мөн тэд дуулгавартай дагахыг хүсдэг түүнээсээ шан харамжаа хүлээн авдаг бөлгөө.

46 Гэвч болгоогтун, би та нарт хэлнэ, бяцхан хүүхдүүд дэлхийн үүслээс миний Төрсөн Ганцаар дамжин гэтэлгэгдсэн болой;

47 Иймийн тул, тэд нүгэл үйлдэж эс чадна, учир нь тэд миний өмнө хариуцлага хүлээж эхлэх хүртэл бяцхан хүүхдүүдийг уруу татах хүч Сатанд өгөгдсөн нь үгүй;

48 Учир нь агуу зүйлс эцэг өвгөдийнх нь гараас шаардагдаж болохын тулд, энэ нь миний хүсдэгчлэн, миний тааллын дагуу тэдэнд өгөгдсөн билээ.

49 Мөн, түүнчлэн, би та нарт хэлж байна, мэдлэг бүхий хэнд ч наманчлахыг би зарлиглаагүй гэж үү?

50 Мөн ойлголтгүй түүний хувьд, энэ нь бичигдсэний дагуу үйлдэх нь надад тохоогддог авай. Мөн эдүгээ энэ цагт би чамд илүүг тунхаглах нь үгүй. Амен.

Хэвлэх