Хэсэг 36
1830 оны арван хоёрдугаар сарын 9-нд Нью-Йоркийн Фэйетийн ойролцоо бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Эдвард Партрижид өгөгдсөн илчлэл оршвой (хэсэг 35-ын оршлыг үз). “Эдвард Партриж бол сүсгийн загвар болсон, мөн Их Эзэний агуу хүмүүсийн нэг байлаа” хэмээн Иосеф Смитийн түүхэнд өгүүлдэг.
1–3, Их Эзэн Сидней Ригдоны гараар Эдвард Партрижийн дээр мутраа тавьжээ; 4–8, Сайн мэдээг мөн санваарыг хүлээж авдаг эрэгтэй хүн болгон урагш одож мөн номлохоор дуудагдах ёстой.
1 Израилын Хүчирхэг Нэгэн, Их Эзэн, Бурхан ийн хэлэв: Болгоогтун, миний үйлчлэгч Эдвард би чамд хэлнэ, адислагдсан болой чи, мөн нүглүүд чинь чамд өршөөгдсөн болой, мөн чи миний сайн мэдээг бүрээн дуу хоолой мэт номлохоор дуудагдсан билээ;
2 Мөн бибээр өөрийн үйлчлэгч Сидней Ригдоны гараар чиний дээр мутраа тавих болно, мөн чи миний Сүнсийг, Ариун Сүнсийг, хаант улсын амар амгалангийн зүйлсийг чамд заах тэрхүү Тайтгаруулагчийг хүлээж авах болно;
3 Мөн чи: Хосанна, бүхний дээд Бурханы нэр алдарших болтугай хэмээн, үүнийг чанга дуу хоолойгоор тунхаглах болно.
4 Мөн эдүгээ би бүх хүний талаар энэхүү дуудлага болон зарлигийг чамд өгч байна—
5 Энэхүү дуудлага болон зарлигийг хүлээн авч, миний үйлчлэгч Сидней Ригдон, Бага Иосеф Смит хоёрын өмнө очих болгон нь томилогдож мөн үүрдийн сайн мэдээг үндэстнүүдийн дунд номлохоор урагш илгээгдэх ёстой—
6 Наманчлалыг тунхаглан, өгүүлрүүн: Энэ зөрүүд үеийнхнээс өөрсдийгөө хамгаалагтун мөн бүр махан биеэр бузарлагдсан өмсгөлийг жигшин, галаас урагш гарч ирэгтүн.
7 Мөн үүнийг бүхий л зүрх сэтгэлээрээ хүлээн авагч хүн болгон бүр миний хэлсэнчлэн томилогдож, урагш илгээгдэж болохын тулд энэхүү зарлиг миний сүмийн ахлагчдад өгөгдөх ёстой.
8 Би бол Есүс Христ, Бурханы Хүү болой; иймийн тул, хормойгоо шуугтун, мөн би ариун сүмдээ гэнэт ирэх болно. Бүр тийм буюу. Амен.