Хэсэг 38
1831 оны нэгдүгээр сарын 2-нд Нью-Йоркийн Фэйетэд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Уг үйл явдал нь Сүмийн чуулган байлаа.
1–6, Христ бүх зүйлийг бүтээсэн бөлгөө; 7–8, Тэрбээр удахгүй Өөрийг нь харах гэгээнтнүүдийнхээ дунд байна; 9–12, Бүх маханбод Түүний өмнө хилэнцэт болжээ; 13–22, Тэрээр амлалтын нутгийг Өөрийн гэгээнтнүүдэд зориулан энэ амьдралд болон үүрд мөнхөд хадгалан үлдээжээ; 23–27, Нэг байж мөн бие биеэ ах дүүс мэтээр хүндэтгэхийг гэгээнтнүүдэд зарлиг болгов; 28–29, Дайнууд болох нь урьдаас хэлэгдэв; 30–33, Гэгээнтнүүдэд тэнгэрээс хүч өгөгдөх болно мөн тэд бүх үндэстний дунд урагш одох ёстой; 34–42, Ядуус болон гачигдагсдад халамж тавьж мөн үүрд мөнхийн баялгуудыг эрэлхийлэхийг Сүмд зарлиг болгов.
1 Чиний Их Эзэн Бурхан ийн хэлдэг, бүр Есүс Христ, Агуу Би Байдаг, Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл, үүрд мөнхийн өргөн уудмыг, мөн тэнгэрийн бүх серафим түмнийг дэлхий бүтээгдэхээс өмнө хардаг байсан мөнхүү тэр нь буюу;
2 Бүх зүйлийг мэддэг мөнхүү тэр нь буюу, учир нь бүх зүйл мэлмийн минь өмнө байдаг;
3 Мөн ярьсан тэр нь би бөлгөө, мөн дэлхий бүтээгдсэн, мөн бүх зүйл надаар дамжин бий болсон билээ.
4 Енохын Сионыг өөрийн цээжинд тэврэн авсан тэр нь би бөлгөө; мөн үнэнээр, би хэлнэ, бүр миний нэрэнд итгэсэн болгоныг буюу, учир нь би бол Христ, мөн урсгасан цусныхаа нөлөөт хүчээр дамжуулан, өөрийн нэрээр тэдний төлөө би Эцэгийн өмнө гуйсан бөлгөө.
5 Гэвч болгоогтун, дэлхийн төгсгөлд тохиох тэрхүү агуу өдрийн шүүлт хүртэл ёс бусыг үйлдэгчдийн үлдсэнийг нь би харанхуйн гинжинд хадгалсаар байгаа болой;
6 Мөн миний дуу хоолойг үл сонсох атлаа зүрх сэтгэлээ хатууруулах тэднийг, бүр ёс бусыг үйлдэгчдийг бибээр тэрхүү байдалд нь ийн хадгалуулна, мөн ай халаг, ай халаг, тэдний муу заяа, ай халаг.
7 Гэвч болгоогтун, миний мэлмий та нарын дээр байна гэдгийг үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ. Би та нарын дунд байна, мөн та нар намайг харж чадах нь үгүй болой;
8 Гэвч та нар намайг харах, мөн би байдгийг мэдэх тэр өдөр удахгүй ирнэ; учир нь харанхуйн хөшиг удахгүй урагдах болно, мөн цэвэршээгүй тэр нь уг өдрийг тэсвэрлэх нь үгүй бөлгөө.
9 Иймийн тул, хормойгоо шууж мөн бэлтгэлтэй байгтун. Болгоогтун, хаант улс та нарынх болой, мөн дайсан дийлэх нь үгүй.
10 Үнэнээр би та нарт хэлнэ, цэвэр ариун болой та нар, гэвч бүгдээрээ биш; мөн миний таалалд ихэд нийцэх өөр хэн ч үгүй бөлгөө;
11 Учир нь бүх маханбод миний өмнө хилэнцэт болжээ; мөн дэлхий дээр хүмүүсийн үрсийн дунд, тэнгэрийн бүх түмний дэргэд харанхуйн хүчнүүд давамгайлж байна—
12 Энэ нь чимээгүй байдал ноёрхоход хүргэсэн ажгуу, мөн бүх үүрд мөнх нь шаналж, мөн шатааж болох зэрлэг өвснүүдийг цуглуулахаар дэлхийг хадах агуу зарлигийг тэнгэр элч нар хүлээж байна; мөн, болгоогтун, дайсан нэгдээд байна.
13 Мөн эдүгээ би та нарт нэг нууцыг, улирах цагийн явцад бүр та нарын устгалыг тохиолгон авчрах, нууц өрөөнд байгаа нэг зүйлийг үзүүлье, мөн та нар үүнийг мэдсэн нь үгүй бөлгөө;
14 Гэвч эдүгээ би та нарт үүнийг ярья, мөн адислагдсан болой та нар, өөрсдийн алдсын, бас өөрсдийн итгэлгүй зүрх сэтгэлийн учраас бус болой; учир нь үнэхээр та нарын зарим нь миний өмнө гэмтэй бөлгөө, гэвч та нарын сул дорой байдалд би нигүүлсэнгүй хандах болно.
15 Тиймийн тул, та нар энэ үеэс хойш хүчтэй байгтун; бүү эмээ, учир нь хаант улс та нарынх болой.
16 Мөн та нарын авралын тулд би та нарт нэг зарлиг өгч байна, учир нь би та нарын залбирлуудыг сонссон бөлгөө, мөн ядуус миний өмнө гомдоллов, мөн баячуудыг би бий болгосон, мөн бүх маханбод минийх бөлгөө, мөн бибээр хүмүүсийг ялгаварлан үзэгч биш билээ.
17 Мөн бибээр дэлхийг баян болгосон билээ, мөн болгоогтун энэ бол миний хөлийн тавиур болой, иймийн тул, би дахин үүн дээр зогсох болно.
18 Мөн та нарт агуу баялгуудыг, Их Эзэнийг ирэхэд үүн дээр зүхэл байх нь үгүй, сүү болон зөгийн балаар бялхагч нутгийг, бүр амлалтын нутгийг бибээр өгөхийг хүсэж мөн өргөн барьж байна;
19 Мөн хэрэв та нар үүнийг бүхий л зүрх сэтгэлээрээ эрэлхийлэх аваас, бибээр үүнийг та нарын өвийн нутаг болгон та нарт өгөх болно.
20 Мөн энэ нь та нартай хийх миний гэрээ байх болно, энэ өвийн нутаг та нарынх, мөн дэлхий оршин байх цагт та нарын үр хүүхдүүдийн үүрдийн өвийн нутаг байх болно, мөн та нар үүнийг үүрд мөнхөд дахин эзэмших болно, дахин алга болох нь үгүй бөлгөө.
21 Гэвч, цаг нь болоход та нар хаан эсвээс захирагчгүй байх болно гэдгийг үнэнээр би та нарт хэлж байна, учир нь бибээр та нарын хаан байж мөн та нарыг харж хандах болно.
22 Иймийн тул, дуу хоолойг минь сонсож мөн намайг дагагтун, мөн та нар чөлөөт хүмүүс байх болно, мөн намайг ирэхэд миний хуулиудаас өөр хуулиуд та нарт байхгүй байх болно, учир нь бибээр та нарын хууль тогтоогч болой, мөн миний мутрыг юу зогсоож чадах билээ?
23 Гэвч, үнэнээр би та нарт хэлнэ, миний та нарыг томилсон тэрхүү албан тушаалын дагуу нэг нэгэндээ заагтун;
24 Мөн хүн бүр ах дүүсээ өөр шигээ хүндлэг, мөн ариун журам болон цэвэр ариун байдлыг миний өмнө байнга үйлдэгтүн.
25 Мөн дахин би та нарт хэлж байна, хүн бүр ах дүүсээ өөр шигээ хүндлэг.
26 Учир нь та нарын дунд хэн чинь арван хоёр хүүтэй, тэднийгээ ялгаварлан үздэггүй байгаад, мөн тэд өөрт нь дуулгавартай үйлчилдэг байхад, мөн тэрээр нэгэнд нь: Чи сайхан хувцас өмсөн мөн энд суу хэмээн хэлж; мөн нөгөөд нь: Чи ноорхой хувцас өмсөн мөн тэнд суу гээд—мөн хөвгүүд рүүгээ харж мөн би шударга гэж хэлэх вэ?
27 Болгоогтун, үүнийг би та нарт сургаалт зүйрлэлээр өглөө, мөн энэ нь бүр миний нэгэн адил билээ. Би та нарт хэлнэ, нэг байгтун; мөн хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой.
28 Мөн дахин, нууц өрөөнүүдэд буй дайсан та нарын амийг эрэлхийлж байгааг би та нарт хэлж байна.
29 Та нар алс холын орнууд дахь дайнуудын тухай сонсдог, мөн алс холын орнуудад мөд агуу дайнууд байх болно хэмээн та нар ярьдаг, гэвч та нар өөрсдийнхөө нутаг дахь хүмүүсийн зүрх сэтгэлийг мэддэггүй бөлгөө.
30 Та нарын залбирлуудын улмаас би эдгээр зүйлийг та нарт ярилаа; иймийн тул, цээжиндээ мэргэн ухааныг нөөцөл, дэлхийг сэгсрэхээс илүү чанга дуугаар та нарын чихэнд ярьж, хүмүүсийн ёс бус байдал нь эдгээр зүйлийг өөрсдийн ёс бус байдлаар та нарт илчлэх вий хэмээн буюу; харин хэрэв та нар бэлтгэлтэй байх аваас, та нар эмээх нь үгүй.
31 Мөн та нар дайсны хүчнээс зугтааж, мөн толбогүй бас буруугүй зөв шударга хүмүүс болж надад цугларч болохын тулд буюу—
32 Иймийн тул, энэ шалтгааны учир та нар Охайо руу явах ёстой хэмээх зарлигийг би та нарт өгч байна; мөн тэнд би та нарт өөрийн хуулийг өгөх болно; мөн тэнд та нар тэнгэрээс хишиг болгон хүчийг хүртэх болно;
33 Мөн тэндээс, миний хүссэн хэн боловч бүх үндэстний дунд урагш одох бөгөөд тэдний юу хийх нь тэдэнд хэлэгдэх болно; учир нь нөөцлөгдсөн агуу ажил надад байна, учир нь Израил аврагдах болно, мөн бибээр тэднийг хүссэн газар луугаа хөтлөн дагуулах болно, мөн ямар ч хүч миний мутрыг зогсоох нь үгүй болой.
34 Мөн эдүгээ, бибээр энэ бүс дэх сүмд зарлигийг өгч байна, тэдний дундаас тодорхой эрчүүд томилогдох ёстой, мөн тэд сүмийн дуу хоолойгоор томилогдох ёстой хэмээн буюу;
35 Мөн тэд ядуус болон гачигдагсад зовохгүй байхын тулд тэднийг харж хандаж, мөн тэднийг тэтгэхэд тусламж үзүүлэх ёстой; мөн тэдэнд миний зарлигласан газарт тэднийг урагш илгээх ёстой;
36 Мөн энэ сүмийн өмч хөрөнгийн хэрэг явдлуудыг эрхлэх нь тэдний ажил байх болно.
37 Мөн эдлэнгээ зарж чадахгүй байгаа тэд, аль нь сайн болохыг харгалзан тэдгээрийг үлдээж эсвэл түрээслэг.
38 Бүх зүйлс хамгаалагдсан байхад анхаарагтун; мөн хүмүүс тэнгэрээс хүчийг хишгээр хүртэн мөн урагш илгээгдэхэд эдгээр бүх зүйл сүмийн зүрхэнд цуглуулагдах болно.
39 Мөн хэрэв та нарт өгөх нь Эцэгийн таалал болох тэрхүү баялгуудыг та нар эрэлхийлэх аваас, та нар бүх хүнээс хамгийн баян нь байх болно, учир нь та нар үүрд мөнхийн баялгуудтай байх болно; мөн дэлхийн баялгууд нь миний өгдөг зүйл гэдэг нь гарцаагүй билээ; харин та нар эртний нифайчуудын адил болохгүйн тулд бардамналаас болгоомжлогтун.
40 Мөн түүнчлэн, би та нарт хэлнэ, хүн бүр, ахлагч, прист, багш мөн тэрчлэн гишүүн аль аль нь миний зарлигласан зүйлсийг бэлтгэж мөн биелүүлэхийн тулд өөрийн чадлаар, өөрийн гарын хөдөлмөрөөр явагтун хэмээх зарлигийг би өгье.
41 Мөн та нарын номлол хүн болгон хөршдөө эвтэй зөөлөн бөгөөд номхон даруу байдалд сэрэмжлүүлэх дуу хоолой байг.
42 Мөн та нар ёс бусыг үйлдэгчдийн дундаас гарагтун. Өөрсдийгөө аврагтун. Их Эзэний савнуудыг тээгч та нар цэвэр ариун байгтун. Бүр тийм буюу. Амен.