Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 3


Хэсэг 3

1828 оны долоодугаар сард Пеннсильваний Хармонид, Мормоны Номын эхний хэсгээс орчуулагдсан, Лихайн ном хэмээн нэрлэгдсэн гар бичмэлийн 116 хуудас алга болсонтой холбогдуулан, бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэл оршвой. Бошиглогч эдгээр хуудсыг Мормоны Номын орчуулганд богино хугацаагаар бичээчээр үйлчилсэн Мартин Харрисын мэдэлд шилжүүлэхийг дурамжханаар зөвшөөрчээ. Уг илчлэл Урим ба Туммимаар дамжин өгөгджээ. (Хэсэг 10-ыг үз.)

1–4, Их Эзэний замнал нэгэн мөнхийн эргэлт авай; 5–15, Иосеф Смит наманчлах ёстой, эс бөгөөс орчуулах бэлгийг алдана; 16–20, Мормоны Ном нь Лихайн удмыг аврахаар гарч ирэх болно.

1 Бурханы ажлууд болон төлөвлөгөөнүүд, мөн зорилгууд нь цуцлагдахгүй, мөн тэдгээр нь үр дүнгүй болохгүй.

2 Учир нь Бурхан муруй замуудаар явдаггүй, бас тэрээр баруун гар тийшээ ч, зүүн гар тийшээ ч эргэдэггүй, бас тэрээр өөрийн хэлснээс буцдаггүй, тиймийн тул түүний зам шулуун бөгөөд замнал нь нэгэн мөнхийн эргэлт бөлгөө.

3 Санагтун, цуцлагддаг нь Бурханы ажил бус, харин хүмүүсийн ажил гэдгийг санагтун;

4 Учир нь хүн олон илчлэлтэй байж, мөн олон хүчирхэг ажлыг хийх хүчтэй байж болох хэдий ч, хэрэв тэр өөрийн хүчинд сагсуурвал, мөн Бурханы зөвлөгөөг үл ойшоож, мөн хувийнхаа таалалд мөн биеийн хүсэл таашаалд захирагдан дагавал, тэрээр унаж мөн шударга Бурханы өшөө авалтыг өөр дээрээ авчрах ёстой.

5 Болгоогтун, чамд эдгээр зүйл найдан даалгагдсан болой, гэвч чиний авсан зарлигууд маш чанд байсан буюу; мөн түүнчлэн чамд өгөгдсөн байсан амлалтуудыг санагтун, хэрэв чи тэдгээрийг зөрчөөгүй байсан аваас болой.

6 Мөн болгоогтун, Бурханы зарлигуудыг болон хуулиудыг чи хэчнээн удаа зөрчиж, мөн хүмүүний ятгалгад автагдсан билээ.

7 Учир нь болгоогтун, чи Бурханаас илүүгээр хүмүүнээс айх ёсгүй байсан билээ. Хэдийгээр хүмүүс нь Бурханы зөвлөгөөнүүдийг үл ойшоон, мөн түүний үгсийг ад үздэг ч—

8 Гэсэн ч чи үнэнч байх ёстой байсан юм; мөн тэрбээр мутраа сунган мөн дайсны бүх галт сумны эсрэг чамайг дэмжих байсан юм; мөн гай бэрхшээлтэй цаг бүрд тэрбээр чамтай хамт байх байсан юм.

9 Болгоогтун, чи бол Иосеф, мөн чи Их Эзэний ажлыг хийхээр сонгогдсон болой, гэвч хэрэв чи сонор сэрэмжгүй байх аваас, зөрчлийн улмаас чи унах болно.

10 Гэвч Бурхан нигүүлсэнгүй гэдгийг санагтун; тиймийн тул, миний чамд өгсөн зарлигийн эсрэг хийсэн зүйлээсээ наманчлагтун, мөн чи сонгогдсон хэвээр байгаа, мөн тэр ажилд дахин дуудагдсан бөлгөө;

11 Чи үүнийг хийхгүй аваас, чи орхигдон мөн бусад хүний адил болох бөгөөд цаашид бэлэгтэй байхаа болино.

12 Мөн чамд орчуулах хараа болон хүчийг өгсөн, Бурханы соёрхсон түүнийг гар дамжуулснаараа чи ариун нандин тэрхүү зүйлийг ёс бус хүний гарт оруулсан билээ,

13 Бурханы зөвлөгөөг үл ойшоож, мөн Бурханы өмнө хийсэн хамгаас ариун нандин амлалтуудыг зөрчин, мөн өөрийн шүүлтэд тулгуурлан, мэргэн ухаандаа бардамнан сагсуурсан түүний буюу.

14 Мөн энэ нь чи онцгой боломжоо богино хугацаанд алдсаны шалтгаан болой—

15 Учир нь чи анхнаасаа л удирдагчийнхаа зөвлөгөөг улан дор гишгэгдэхийг нь зөвшөөрсөн бөлгөө.

16 Гэсэн хэдий ч, миний ажил урагшлах болно, учир нь иудейчүүдийн гэрчлэлээр дамжин Аврагчийн тухай мэдлэг дэлхийнхэнд ирсний адилаар, миний хүмүүст Аврагчийн тухай мэдлэг тийн ирэх бөлгөө—

17 Мөн тэдний эцгүүдийнх нь гэрчлэлээр дамжин нифайчуудад, иаковчуудад, иосефчуудад, түүнчлэн зорамчуудад буюу—

18 Мөн өвөг дээдсийнхээ алдсын улмаас итгэлээ алдан доройтсон, өөрсдийн ах дүүс нифайчуудыг алдсуудынх нь бөгөөд жигшүүрт хэргүүдийнх нь учир устгахыг нь Их Эзэн зөвшөөрсөн леменчүүд, лемүелчүүд, мөн ишмэилчүүдийн мэдлэгт энэхүү гэрчлэл ирэх болно.

19 Мөн чухамхүү энэ зорилгын учир энэ цэдгүүдийг агуулагч эдгээр ялтас хадгалагджээ—Их Эзэний өөрийнхөө хүмүүст хийсэн тэрхүү амлалтууд биелэгдэж болохын тулд юм;

20 Мөн леменчүүд эцэг өвгөдийнхээ тухай мэдлэгт ирж болохын тулд, мөн тэд Их Эзэний амлалтуудыг мэдэж болохын тулд, мөн тэд сайн мэдээнд итгэж, мөн Есүс Христийн гавьяат үйлсэд тулгуурлан, мөн түүний нэрэнд итгэснээр дамжуулан алдаршиж болохын тулд, мөн наманчлалаараа дамжуулан тэд аврагдаж болохын тулд буюу. Амен.