Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 46


Хэсэг 46

1831 оны гуравдугаар сарын 8-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Сүмийн энэ эхний үед, Сүмийн цуглаануудыг хөтлөн явуулах нэгдмэл загвар тогтож амжаагүй байлаа. Хэдий тийм ч, ариун ёслолын цуглаанууд болон Сүмийн бусад цугларалтад зөвхөн гишүүд бөгөөд чин сэтгэлээс сонирхогчдыг оруулдаг заншил тодорхой хэмжээгээр нийтлэг болоод байв. Энэхүү илчлэлд цуглаануудыг хянах болон хөтлөн явуулахтай холбоотой Их Эзэний тааллыг болон Сүнсний бэлгийг эрэлхийлж мөн ялган таних Түүний удирдамжийг илэрхийлдэг.

1–2, Ариун Сүнсээр удирдуулсны дагуу ахлагчид цуглаануудыг хөтлөн явуулах ёстой; 3–6, Үнэнийг эрэлхийлэгчид ариун ёслолын цуглаанаас хасагдах ёсгүй; 7–12, Бурханаас асуу мөн Сүнсний бэлгүүдийг эрэлхийл; 13–26, Эдгээр бэлгийн заримынх нь жагсаалт өгөгдөв; 27–33, Сүнсний бэлгүүдийг ялган таних хүч Сүмийн удирдагчдад өгөгддөг.

1 Анхаарагтун, ай миний сүмийн хүмүүс; учир нь та нарт эдгээр зүйл та нарын ашиг тусын тулд бас сурахад чинь зориулагдан яригдсаныг үнэнээр би та нарт хэлж байна.

2 Гэхдээ бичигдсэн тэдгээр зүйл байгаа хэдий ч, бүх цуглааныг Ариун Сүнсээр удирдагдан мөн чиглүүлэгдсэний дагуу хөтлөн явуулах нь эхлэлээс миний сүмийн ахлагчдад өгөгдсөөр ирсэн бөгөөд мөн ямагт тийм байх болно.

3 Гэсэн хэдий ч дэлхийн өмнө явагдах нийтийн цуглаануудаасаа хэн нэгнийг хэзээ ч зайлуулах ёсгүйг та нарт зарлиглаж байгаа бөлгөө.

4 Сүмд харьяалагдах хэн нэгнийг ариун ёслолын цуглаанаасаа зайлуулах ёсгүйг та нарт мөн зарлиглаж байгаа буюу; хэдий тийм ч, хэрэв хэн нэгэн нүгэл үйлдвээс тэрээр залруулах хүртлээ ариун ёслолоос бүү хүртэг.

5 Мөн дахин би та нарт хэлж байна, хаант улсыг хичээнгүйлэн эрэлхийлэгч хэнийг ч та нар ариун ёслолын цуглаануудаасаа зайлуулах ёсгүй—бибээр сүмийн бус хүмүүсийн талаар ийн ярьж байна.

6 Мөн түүнчлэн би та нарт, гишүүнээр батлах та нарын цуглааны талаар хэлнэ, хэрэв хэн нэгэн нь сүмийнх бус атлаа, хаант улсыг хичээнгүйлэн эрэлхийлэгч байх аваас, та нар тэднийг бүү зайлуул.

7 Гэвч, та нар өгөөмрөөр өгөгч Бурханаас бүх зүйлийн талаар асуухаар зарлигдуулдаг болой; мөн Сүнсний та нарт гэрчилдэг зүйлийг та нар зүрх сэтгэлийнхээ бүхий л цэвэр ариун байдалд, миний өмнө зөв шударгаар алхлан, авралынхаа үр дүнг эргэцүүлэн бодож, та нар хилэнцэт сүнснүүдээр эсвээс, чөтгөрийн сургаалуудад, эсвээс хүмүүсийн зарлигуудад ятгагдахгүйн тулд бүх зүйлийг залбирал ба талархалтайгаар хийж үйлдэх ёстой хэмээнэ би; учир нь зарим сургаал, зарлигууд нь хүмүүсийнх, мөн бусад зарим нь чөтгөрийнх байдаг болой.

8 Иймийн тул, та нар мэхлэгдэхгүйн тулд болгоомжил; мөн та нар мэхлэгдэхгүй байж болохын тулд юуны төлөө тэдгээр нь өгөгдсөнийг ямагт санан хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл;

9 Учир нь үнэнээр би та нарт хэлж байна, тэдгээр нь намайг хайрладаг бөгөөд миний бүх зарлигийг сахидаг мөн түүнчлэн тийн үйлдэхийг эрэлхийлдэг тэдний ашиг тусын төлөө өгөгддөг болой; мөн тэд үүнийг шуналт хүслээрээ үрж болохын тулд тэмдгийг хүсэн асуудгаас бусад, эрэлхийлдэг эсвээс надаас асуудаг тэд бүгд ашиг тусыг олж болохын тулд буюу.

10 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, та нар сүмд өгөгдсөн тэдгээр бэлэг нь юу болохыг ямагт санаж, мөн оюундаа ямагт хадгалаасай хэмээнэ би.

11 Учир нь бэлэг болгон бүгдэд өгөгддөггүй; учир нь олон бэлэг байдаг, мөн хүн болгонд Бурханы Сүнсээр бэлэг өгөгддөг болой.

12 Ингэснээр бүгд ашиг тусыг олж болохын тулд заримд нь нэг бэлэг өгөгдсөн байдаг, мөн заримд нь өөр бэлэг өгөгддөг болой.

13 Заримд нь Есүс Христ бол Бурханы Хүү, мөн тэрээр дэлхийнхний нүглүүдийн төлөө цовдлогдсон гэдгийг мэдэх нь Ариун Сүнсээр өгөгддөг болой.

14 Өөр заримд нь, хэрэв тэд үнэнч хэвээр байх аваас тэд түүнчлэн мөнх амьдралтай байж болохын тулд тэдний үгсэд итгэх нь өгөгддөг болой.

15 Мөн түүнчлэн, заримд нь, өөрийн нигүүлслийг хүмүүсийн үрсийн нөхцөл байдалд тааруулдаг Их Эзэний хүссэний дагуу сүмийн захиргааны арга замуудыг мөнхүү Их Эзэний таалалд нийцүүлэхээр мэдэх нь Ариун Сүнсээр өгөгддөг болой.

16 Мөн түүнчлэн, түүгээр ашиг тусыг олохын тулд Сүнсний илэрхийллүүд хүн болгонд өгөгдөж болохын тулд үйл ажиллагааны олон янз байдлыг, эдгээр нь Бурханаас байна уу гэдгийг мэдэх нь заримд нь Ариун Сүнсээр өгөгддөг болой.

17 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлнэ, заримд нь мэргэн үгс Бурханы Сүнсээр өгөгддөг болой.

18 Мэргэн байх мөн мэдлэгтэй байх нь бүгдэд заагдаж болохын тулд нөгөөд нь мэдлэгийн үг өгөгддөг болой.

19 Мөн түүнчлэн, эдгэрэх итгэлтэй байх нь заримд нь өгөгддөг болой;

20 Мөн эдгээх итгэлтэй байх нь өөр заримд нь өгөгддөг болой.

21 Мөн түүнчлэн, заримд нь гайхамшгуудыг үйлдэх нь өгөгддөг болой;

22 Мөн өөр заримд нь бошиглох нь өгөгддөг болой;

23 Мөн заримд нь сүнснүүдийг ялган таних нь өгөгддөг болой.

24 Мөн түүнчлэн, заримд нь хэлнүүдээр ярих нь өгөгддөг болой;

25 Мөн өөр нэгэнд нь хэлнүүдийн хөрвүүлэг нь өгөгддөг болой.

26 Мөн эдгээр бүх бэлэг Бурханы хүүхдүүдийн ашиг тусын тулд, Бурханаас ирдэг болой.

27 Мөн сүмийн бишопт, мөн Сүмийг харж хандахаар Бурханы тохоон мөн томилох, мөн сүмд ахлагчид байх тэдэнд, Бурханаас хэмээн хэлэх боловч тийм биш байх хэн нэгэн нь та нарын дунд байхгүйн тулд, тэдгээр бүх бэлгийг ялган таних нь тэдэнд өгөгдөх болно.

28 Мөнхүү улиран тохиох дор Сүнсээр асуудаг тэрээр Сүнсээр хүлээн авах болно;

29 Гишүүн болгон үүгээр ашиг тусыг олж болохын тулд, тэргүүн байхын тулд эдгээр бүх бэлэгтэй байх нь заримд нь өгөгдөж болох буюу.

30 Сүнсээр асуудаг тэрээр Бурханы тааллын дагуу асуудаг авай; иймийн тул, энэ нь түүний асуусанчлан гүйцэлддэг болой.

31 Мөн түүнчлэн, би та нарт хэлнэ, та нар Сүнсний дагуу юу ч хийлээ гэсэн, бүх зүйл Христийн нэрээр үйлдэгддэг байх ёстой;

32 Мөн та нар адислагдсан аливаа адислалынхаа төлөө Бурханд талархлаа Сүнсээр илэрхийлэх ёстой.

33 Мөн та нар миний өмнө ариун журам болон цэвэр ариун байдлыг ямагт хэрэгжүүлэх ёстой. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх