Хэсэг 47
1831 оны гуравдугаар сарын 8-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Бошиглогчийн бичиг хэргийн ажилтнаар аль хэдийн үйлчилсэн байсан Жон Витмер, Оливер Каудерийн оронд Сүмийн түүхч ба цэдэг хөтлөгчөөр үйлчлэхийг өөрөөс нь хүсэхэд эхлээд тээнэгэлзэж байжээ. Тэр, “Хэдийгээр би хиймээргүй байсан ч Их Эзэний хүсэл хийгдэх болно гэж хэлсэн. Бас хэрвээ тэр үүнийг хүсэж буй бол, тэрээр үүнийг үзмэрч Иосефээр дамжуулан үзүүлээсэй гэж би хүсэж байна” гэж бичжээ. Иосеф Смит энэ илчлэлийг хүлээн авсны дараа, Жон Витмер өөрийн томилогдсон албыг хүлээн зөвшөөрч, үйлчилсэн юм.
1–4, Жон Витмер Сүмийн түүх хөтлөх болон бошиглогчид туслан бичихээр дуудагдав.
1 Болгоогтун, миний үйлчлэгч Жон байнгын түүхийг бичиж мөн хөтлөх нь мөн тэрээр цаашдын үүргүүдэд дуудагдах хүртлээ, миний үйлчлэгч Иосеф чамд өгөгдөх бүх зүйлийг бичихэд чамд туслах нь миний хувьд зүйтэй байна.
2 Түүнчлэн, шаардлагатай ямар ч үед тэрбээр цуглаануудад дуу хоолойгоо өргөж болно гэдгийг би чамд үнэнээр хэлж байна.
3 Мөн түүнчлэн, сүмийн цэдгийг болон түүхийг байнга хөтлөх нь түүнд өгөгдөх болно гэдгийг би чамд хэлнэ; учир нь Оливер Каудерийг би өөр албан тушаалд томилсон билээ.
4 Иймийн тул, тэрээр үнэнч байхын хэрээр эдгээр зүйлийг бичих нь Тайтгаруулагчаар түүнд өгөгдөх болно. Бүр тийм буюу. Амен.