Хэсэг 49
1831 оны тавдугаар сарын 7-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сидней Ригдон, Парлей П.Пратт мөн Леман Коплей нарт өгөгдсөн илчлэл оршвой. Леман Коплей сайн мэдээг тэврэн авав, гэвч тэрээр урьд нь харьяалагддаг байсан Шейкерийн (Христийн Хоёр дахь Ирэлтэд итгэгчдийн нэгдсэн нийгэмлэг) заадаг зарим зүйлийг дагасан хэвээр байлаа. Христийн Хоёр дахь Ирэлт аль хэдийн тохиосон бөгөөд, Тэрээр Анн Лий хэмээх эмэгтэй хүний дүрээр хүрч ирсэн гэдэг нь Шейкерийн зарим итгэл бишрэл нь байв. Тэд усаар баптисм хүртэхийг зайлшгүй чухал гэж үздэггүй байв. Тэд гэрлэлтийг эсэргүүцэн, гэр бүлийн харьцаанд орохгүй амьдрахад итгэдэг байсан. Шейкерийн зарим хүн мах идэхийг хориглодог байжээ. Энэхүү илчлэлийн оршилд Иосеф Смитийн түүхэнд өгүүлэхдээ, “Энэ сэдвийн талаар илүү төгс ойлголттой болохын тулд Их Эзэнээс би асууж, мөн дараахыг хүлээн авсан болой” хэмээжээ. Уг илчлэл Шейкерийн бүлгийн үндсэн үзэл баримтлалын заримыг нь няцаадаг. Өмнө дурдсан ах нар уг илчлэлийн нэг хувийг Шейкерийн бүлэгт аваачиж өгөн (Охайогийн Кливландын ойролцоо) мөн үүнийг бүгдийг нь тэдэнд уншиж өгсөн боловч энэ нь няцаагджээ.
1–7, Христийн ирэлтийн өдөр болон цаг нь Түүнийг иртэл мэдэгдэхгүй хэвээр үлдэнэ; 8–14, Хүмүүс авралыг олохын тулд наманчилж, сайн мэдээнд итгэн, мөн ёслолуудыг дуулгавартай дагах ёстой; 15–16, Гэрлэлт нь Бурханаар томилогдсон бөлгөө; 17–21, Мах идэх нь зөвшөөрөгддөг; 22–28, Хоёр дахь Ирэлтийн өмнө Сион цэцэглэн хөгжиж мөн леменчүүд сарнай цэцэг адил дэлгэрэх болно.
1 Миний үгийг анхаарагтун, миний үйлчлэгчид Сидней, Парлей, мөн Леман; учир нь болгоогтун, та нар хүлээн авсан миний сайн мэдээг, Шейкерийнхэнд бүр үүнийг хүлээн авсныхаа дагуу явж номлох ёстой хэмээх зарлигийг би та нарт өгч байна гэдгийг үнэнээр би та нарт хэлж байна.
2 Болгоогтун, би та нарт хэлнэ, тэд үнэнийг зарим талаар мэдэхийг хүсэж байна, гэвч бүгдийг бус, учир нь тэд миний өмнө зөвт бус бөгөөд наманчлах ёстой нь зайлшгүй болой.
3 Иймийн тул, миний үйлчлэгч Сидней, Парлей та хоёрыг, сайн мэдээг тэдэнд номлуулахаар би илгээж байна.
4 Мөн миний үйлчлэгч Леман тэднээс хүлээж авсныхаа дагуу бус, харин миний үйлчлэгчид болох та хоёроор заалгасны дагуу тэдэнд шалтгааныг тайлбарлаж болохын тулд тэрээр энэ ажилд томилогдох болно; мөн ийнхүү хийснээр нь би түүнийг адислах болно, өөрөөр тэрээр дэвжин хөгжих нь үгүй бөлгөө.
5 Их Эзэн ийн хэлдэг; учир нь бибээр Бурхан билээ, мөн дэлхийн гэтэлгэлийн төлөө Төрсөн Ганц Хүүгээ дэлхийд илгээсэн болой, мөн түүнийг хүлээн авсан нь аврагдах болно, мөн түүнийг хүлээн аваагүй нь яллагдах болно хэмээн тогтоосон ажгуу—
6 Мөн Хүний Хүүд тэд өөрсдийнхөө хүссэнийг үйлдсэн билээ; мөн тэрээр өөрийн хүчийг түүний сүр жавхлангийн баруун гар талд авч, мөн эдүгээ тэнгэрт хаанчилж буй, мөн дэлхий дээр бууж ирэн бүх дайсныг хөл дороо оруулах хүртлээ хаанчлах болно, энэ цаг ойрхон байна—
7 Их Эзэн бибээр үүнийг ярилаа; гэвч тэрхүү цаг болон өдрийг хүмүүн ч, тэрчлэн тэнгэрт буй тэнгэр элч нар ч мэдэх нь үгүй бөгөөд тэд түүнийг иртэл мэдэх нь үгүй.
8 Иймийн тул, бүх хүн наманчлах ёстой хэмээн хүснэ би, учир нь миний өөртөө нөөцөлсөн, та нарын үл мэдэх тэрхүү ариун хүмүүсээс бусад нь бүгд нүгэл дор буй.
9 Иймийн тул, бүр эхлэлээс байсан өөрийн үүрдийн гэрээг та нарт би илгээсэн гэдгийг би та нарт хэлж байна.
10 Мөн би амласан зүйлээ ийн биелүүлсэн болой, мөн дэлхийн үндэстнүүд үүнд мэхийх болно; мөн хэрэв тэд өөрсдөө тэгэхгүй аваас, тэд даруусгагдах болно, учир нь эдүгээ өөрийгөө өргөмжилсөн тэр нь хүчээр даруусгагдах болно.
11 Иймийн тул, би та нарт нэг зарлиг өгч байна, та нар энэ хүмүүсийн дунд яв мөн нэр нь Петр болох миний эртний төлөөлөгчийн адилаар тэдэнд хэл:
12 Дэлхий дээр байсан мөн ирэх, эхлэл ба төгсгөл болох Их Эзэн Есүсийн нэрэнд итгэ;
13 Наманчил, мөн ариун зарлигийн дагуу нүглүүдийнхээ ангижралын тулд Есүс Христийн нэрээр баптисм хүртэгтүн;
14 Мөн үүнийг хийдэг хэн боловч сүмийн ахлагчдын гар тавилтаар Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах болно.
15 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлнэ, гэрлэхийг хориглодог хэн боловч Бурханаас томилогдоогүй болой, учир нь гэрлэлт нь Бурханаас хүмүүнд томилогдсон билээ.
16 Иймийн тул, хүн нэг эхнэртэй байх ёстой нь хууль ёсны юм, мөн хоёул нэг маханбод байх болно, мөн энэ бүгд нь дэлхий өөрийн бүтээлтийн зорилгыг хэрэгжүүлж болохын тулд юм;
17 Мөн дэлхий бий болгогдохоос өмнөх түүний бүтээлтийн дагуу энэ нь хүмүүний тоо хэмжээгээр дүүргэгдэж болохын тулд буюу.
18 Мөн хүмүүн махнаас татгалзаж, үүнийг идэх ёсгүй хэмээн хориглодог хэн боловч Бурханаас томилогдоогүй бөлгөө;
19 Учир нь, болгоогтун, хээрийн амьтад мөн огторгуйн жигүүртнүүд, мөн газраас гардаг зүйл нь хоол хүнс болон хувцас хунарын тулд хүмүүний хэрэгцээнд мөн түүнд элбэг дэлбэгээр байж болохын тулд томилогдсон бөлгөө.
20 Гэвч нэг хүн нөгөөгөөс илүү ихийг эзэмших нь өгөгддөггүй, иймийн тул дэлхий нүгэлд байдаг буюу.
21 Мөн хэрэгцээгүй атлаа цус урсгагч эсвээс махыг үрэгч хүмүүнд халаг.
22 Мөн түүнчлэн, Хүний Хүү эмэгтэй хүний дүрээр эсвээс дэлхий дээр аялагч эрэгтэй хүний дүрээр ч ирэх нь үгүй гэдгийг үнэнээр би та нарт хэлж байна.
23 Иймийн тул, бүү мэхлэгд, харин тэнгэр сэгсрэгдэхийг, мөн дэлхий чичирхийлж согтуу хүн мэт нааш цааш дайвалзан ганхахыг, мөн хөндий талууд өргөгдөхийг, мөн уулс намхан болгогдохыг, мөн бартаатай газрууд тэгш болохыг—мөн тэнгэр элч бүрээгээ үлээхэд энэ бүхэн тохиохыг хүлээн гуйвшгүй байдалд үргэлжлүүл.
24 Гэвч Их Эзэний агуу өдөр ирэхийн өмнө Иаков аглаг буйдад цэцэглэн хөгжих болно, мөн леменчүүд сарнай цэцэг адил дэлгэрэх болно.
25 Сион толгод дээр цэцэглэн хөгжиж мөн уулс дээр баясах болно, мөн миний томилсон тэрхүү газарт хамтдаа цугларах болно.
26 Болгоогтун, би та нарт хэлнэ, та нарт миний зарлигласнаар урагш явагтун; бүх нүглээсээ наманчил; гуй, тэгвэл та нар хүлээж авах болно, тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно.
27 Болгоогтун, би та нарын өмнө явж мөн та нарын ар талын хамгаалагч байх болно; мөн би та нарын дунд байх болно, бас та нар будилуулагдах нь үгүй.
28 Болгоогтун, бибээр Есүс Христ билээ, мөн би даруй ирнэ. Бүр тийм буюу. Амен.