Хэсэг 4
1829 оны хоёрдугаар сард Пеннсильваний Хармонид, бошиглогч Иосеф Смитээр дамжуулан түүний эцэг Ахмад Иосеф Смитэд өгөгдсөн илчлэл оршвой.
1–4, Эрэлхэг зоримог үйлчлэл нь Их Эзэний тохинуулагчдыг авардаг; 5–6, Бурханлаг чанарууд нь тэднийг тохинуулалд тэнцэхүйц болгодог; 7, Бурханы зүйлсийг эрэлхийлэх ёстой.
1 Эдүгээ болгоогтун, хүмүүсийн үрсийн дунд гайхамшигт ажил эхлэх гэж байна.
2 Тиймийн тул, ай Бурханы үйлчлэлд гарч байгаа та нар, эцсийн өдөр Бурханы өмнө буруугүй зогсож болохын тулд та нар бүхий л зүрх сэтгэл, чадавх, оюун ухаан болон хүч чадлаараа түүнд үйлчлэхээ мэдэгтүн.
3 Тиймийн тул, хэрэв та нар Бурханд үйлчлэх хүсэлтэй аваас та нар уг ажилд дуудагдсан болой;
4 Учир нь болгоогтун, талбай нь хадахад бэлэн цагаан байна; мөн харагтун, хадуураараа чадлаараа хадах тэр нь, мөнхүү тэр нь хадгалан нөөцөлснөөр мөхдөггүй, харин өөрийн сүнсэнд авралыг авчирдаг бөлгөө;
5 Мөн итгэл, найдвар, төгс хайр болон хайр, Бурханы алдар сууд хараагаа төвлөрүүлэх нь түүнийг тэрхүү ажилд тэнцэхүйц болгодог.
6 Итгэл, ариун журам, мэдлэг, өөрийгөө захирах байдал, тэвчээр, ах дүүсийн нинжин сэтгэл, бурханлаг чанар, төгс хайр, даруу байдал, шаргуу байдлыг санагтун.
7 Гуй, тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно. Амен.