Хэсэг 58
1831 оны наймдугаар сарын 1-нд Миссурийн Жаксон гүнлэгийн Сионд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Өмнө нь, бошиглогч мөн түүнтэй хамт байсан бүлэг хүмүүс Миссурийн Жаксон гүнлэгт ирсний дараах анхны Хүндэтгэлийн өдөр шашны үйл ажиллагаа болж, мөн хоёр гишүүн баптисмаар хүлээн авагджээ. Тэр долоо хоногийн турш Томпсон салбараас Колесвиллийн зарим гэгээнтэн мөн бусад хүн иржээ (хэсэг 54-ийг үз). Олон нь цугларалтын шинэ газар дахь өөрсдийнхөө талаарх Их Эзэний тааллыг мэдэхийг эгээрэн хүсэж байлаа.
1–5, Зовлон бэрхшээлийг тэвчдэг тэд сүр жавхлангийн титэм өмсөх болно; 6–12, Гэгээнтнүүд Хурганы гэрлэлт болон Их Эзэний үдшийн зоогт бэлтгэх ёстой; 13–18, Бишопууд бол Израилын шүүгчид мөн; 19–23, Гэгээнтнүүд тухайн нутгийн хуулиудыг дуулгавартай дагах ёстой; 24–29, Хүмүүс сайныг үйлдэхийн тулд сонгох эрхээ ашиглах ёстой; 30–33, Их Эзэн зарлигладаг мөн цуцалдаг; 34–43, Наманчлахын тулд, хүмүүс нүглүүдээ тоочиж мөн орхих ёстой; 44–58, Гэгээнтнүүд өөрсдийн өвийг худалдан авч мөн Миссурид цугларах ёстой; 59–65, Сайн мэдээ хүн болгонд номлогдох ёстой.
1 Анхаарагтун, мөн миний үгэнд чих тавигтун, ай миний сүмийн ахлагчид, мөн та нарын талаар, мөн тэрчлэн бибээр та нарыг илгээсэн энэ нутгийн талаар миний юу хүсдэгийг надаас мэдэж авагтун.
2 Учир нь үнэнээр би та нарт хэлнэ, миний зарлигуудыг сахидаг тэрээр амьддаа ч мөн үхэлд ч адислагдсан болой; мөн зовлон бэрхшээл тохиолдоход үнэнч байдаг түүний, мөнхүү түүний шагнал нь тэнгэрийн хаант улсад илүү агуу бөлгөө.
3 Үүнээс хойш тохиох тэдгээр зүйлийн талаарх Бурханыхаа төлөвлөгөөг, мөн их зовлон бэрхшээлийг дагалдах сүр жавхланг энэ үед та нар эгэл нүдээрээ болгоож чадах нь үгүй.
4 Учир нь их зовлон бэрхшээлийн дараа адислалууд ирдэг болой. Иймийн тул та нар их сүр жавхлангийн титэм өмсөх тэрхүү өдөр ирнэ; цаг нь хараахан болоогүй ч, ойрхон байна.
5 Та нар үүнийг зүрх сэтгэлдээ хадгалж, мөн дагалдан ирэх тэрхүү зүйлийг хүлээн авч болохын тулд та нарт өмнө нь миний ярьсныг санагтун.
6 Болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, энэхүү шалтгааны учир бибээр та нарыг илгээсэн бөлгөө—та нар дуулгавартай байж болохын тулд, мөн ирэх тэрхүү зүйлсийн тухай гэрчлэхэд зүрх сэтгэл чинь бэлтгэгдэж болохын тулд;
7 Мөн тэрчлэн та нар суурийг тавихаар, мөн дээр нь Бурханы Сион сүндэрлэн босох тэрхүү нутгийн талаар гэрчлэхээр хүндэтгэл хүлээж болохын тулд;
8 Мөн тэрчлэн үржил шимт зүйлстэй найр ядуусын төлөө бэлтгэгдэж болохын тулд; тийм ээ, бошиглогчдын үгс биелэгдэхгүй байх нь үгүйг дэлхий мэдэж болохын тулд үржил шимт зүйлсийн, нэн сайн цэвэршүүлсэн тунгаамал дарсны найр буюу;
9 Тийм ээ, бүх үндэстэн үүнд уригдах, сайн бэлтгэгдсэн, Их Эзэний өргөөний үдшийн зоог болой.
10 Эхлээд, баячууд болон эрдэмтэд, мэргэн ухаантнууд мөн язгууртнууд;
11 Мөн түүний дараа миний сүр хүчний өдөр ирэх бөлгөө; тэгээд ядуус, хазгар доголон тэд, мөн хараагүй сохор тэд, бас дүлий тэд, Хурганы гэрлэлтэд ирж мөн ирэх тэрхүү агуу өдөрт зориулан бэлтгэгдсэн Их Эзэний үдшийн зоогоос хүртэх болно.
12 Болгоогтун, Их Эзэн бибээр үүнийг ярилаа.
13 Мөн гэрчлэл нь Сионоос, тийм ээ, Бурханы өвийн хотын амнаас урагш одож болохын тулд—
14 Тийм ээ, энэ шалтгааны улмаас бибээр та нарыг ийш нь илгээж, мөн өөрийн үйлчлэгч Эдвард Партрижийг сонгон авч, мөн энэ нутаг дахь ажил үүргийг нь түүнд томилсон билээ.
15 Гэвч итгэлгүй байдал бөгөөд зүрх сэтгэл нь харалган байгаа тэрхүү нүглүүдээ тэрээр эс наманчлах аваас, тэрээр унахгүйн тулд анхаараг.
16 Болгоогтун ажил үүрэг нь түүнд өгөгдсөн болой, мөн энэ нь дахин өгөгдөх нь үгүй.
17 Мөн энэ үүрэг даалгаврыг биелүүлэх хэн боловч, Бурханы өвийн нутгуудыг түүний хүүхдүүдэд хуваахын тулд, энэ нь эрт дээр үед байсны адилаар Израилын шүүгч байхаар томилогддог бөлгөө;
18 Мөн Бурханы бошиглогчдоор өгөгддөг хаант улсын хуулиудын дагуу, үнэнч шударга хүмүүсийн гэрчлэлээр, мөн зөвлөхүүдийнхээ туслалцаатайгаар, түүний хүмүүсийг шүүхээр буюу.
19 Учир нь үнэнээр би та нарт хэлнэ, миний хууль энэ нутагт сахигдах ёстой.
20 Өөрийгөө захирагч хэмээн хэн ч үл бодог; гэвч шүүдэг тэрээр, эсвээс өөрөөр хэлбэл, зөвлөгөө өгөгч буюу шүүгчийн суудал дээр суугч тэрээр, Бурхан өөрийн тааллын талаар зөвлөсний дагуу захираг.
21 Уг нутгийн хуулиудыг хэн ч үл зөрчиг, учир нь Бурханы хуулиудыг сахидаг тэрээр уг нутгийн хуулиудыг зөрчих шаардлагагүй билээ.
22 Иймийн тул, хаанчлах эрхтэй тэрээр хаанчилж, мөн бүх дайсныг хөл дороо захирах хүртэл байгаа хүчнүүдэд захирагдагтун.
23 Болгоогтун, миний мутраас та нарын хүлээж авсан хуулиуд бол сүмийн хуулиуд мөн, түүнчлэн ийм бодолтойгоор та нар тэдгээрийг олон нийтэд өргөх ёстой. Болгоогтун, мэргэн ухаан энд байна.
24 Мөн эдүгээ, бибээр өөрийн үйлчлэгч Эдвард Партрижийн талаар хэлсэнчлэн, энэ нутаг бол түүний, мөн тэрчлэн түүний зөвлөхүүдээрээ томилсон тэдний оршин суух нутаг болой; мөн тэрчлэн агуулахыг минь ажиллуулахаар миний томилсон түүний оршин суух нутаг буюу;
25 Иймийн тул, тэд өөр хоорондоо болон надтай зөвлөлдөн гэр бүлүүдээ энэ нутагт авчраг.
26 Учир нь болгоогтун, бүх зүйлд би зарлиглах нь тохирохгүй бөлгөө; учир нь бүх зүйлд албадуулдаг тэр нь залхуу бөгөөд ухаалаг биш үйлчлэгч юм; иймийн тул, тэрээр шагнал хүлээж авах нь үгүй.
27 Үнэнээр би хэлнэ, хүмүүс зөв байр суурийн төлөө санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, мөн зөв шударга байдлыг ихээр тохиолгон авчрах ёстой;
28 Учир нь хүч тэдэнд буй, үүгээр тэд өөрсдийнхөө төлөө сонгогчид юм. Мөн хүмүүс сайныг үйлдэхийн хэрээр тэд яавч шагналаа алдах учиргүй.
29 Гэвч түүнд зарлиглах хүртэл юу ч хийдэггүй, мөн зарлигийг зүрх сэтгэлийн эргэлзээтэйгээр хүлээн авдаг, мөн үүнийг залхуугаар сахидаг тэр нь, мөнхүү тэр нь яллагддаг бөлгөө.
30 Хүмүүнийг бүтээгээд, зарлигуудыг минь үл дагагч түүнийг гэмгүй гэж үзэх бибээр хэн билээ? хэмээн Их Эзэн хэлдэг.
31 Амлаад мөн биелүүлээгүй бибээр хэн бэ? хэмээн Их Эзэн хэлдэг.
32 Бибээр зарлигладаг мөн хүмүүс дуулгавартай дагадаггүй; бибээр цуцалдаг, бас тэд дагалдах адислалыг хүлээн авдаггүй.
33 Тэгээд тэд зүрх сэтгэлдээ: Энэ бол Их Эзэний ажил биш, учир нь түүний амлалтууд биелэгдсэнгүй хэмээн өгүүлдэг. Харин ийм хүмүүст халаг, учир нь тэдний шагнал доороос отож буй мөн дээрээс бус авай.
34 Мөн эдүгээ би энэ нутгийн талаар нэмэлт удирдамжуудыг та нарт өгч байна.
35 Миний үйлчлэгч Мартин Харрис, мөнгөө сүмийн бишопын өмнө тавьснаар сүмд үлгэр дуурайл болох нь надад орших мэргэн ухаан болой.
36 Мөн тэрчлэн, өв хүлээн авахаар энэ нутагт ирэх хүн болгонд хууль нь энэ бөлгөө; мөн хуулинд заадгийн дагуу тэрээр мөнгөө эрхлэн зарцуулах ёстой.
37 Мөн тэрчлэн агуулах, мөн тэрчлэн хэвлэлийн газар байхын тулд Индепенденст газруудыг худалдан авах нь мэргэн ухаан болой.
38 Мөн түүнд зөв санагдсанаар өөрийн өвийг хүлээн авч болохын тулд миний үйлчлэгч Мартин Харрист холбогдох бусад заавар түүнд Сүнсээр өгөгдөх болно;
39 Мөн тэрээр нүглүүдээ наманчлаг, учир нь тэрээр дэлхийнхний магтаалыг эрэлхийлдэг болой.
40 Мөн тэрчлэн миний үйлчлэгч Виллям В.Фелпс миний томилсон тэрхүү албан тушаалд үүргээ биелүүлэг, мөн уг нутагт өөрийн өвийг хүлээн аваг;
41 Мөн тэрчлэн тэрээр наманчлах хэрэгтэй, учир нь Их Эзэн, миний таалалд тэрээр үл нийцнэм, учир нь тэрээр бусдаас дээгүүр байхыг эрэлхийлдэг бөлгөө, мөн тэрээр миний өмнө хангалттай номхон даруу биш байна.
42 Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй.
43 Хүн нүглүүдээ наманчилсан эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно—болгоогтун, тэрээр тэдгээрийг тоочиж мөн орхих болно.
44 Мөн эдүгээ, үнэнээр би өөрийн сүмийн үлдсэн ахлагчдын талаар хэлье, тэдний хувьд, энэ нутагт өөрсдийн өвийг хүлээн авах тэр цаг хараахан ирээгүй байна, тэд үүнийг итгэлийн залбирлаар дамжуулан хүсэхээс бусдаар, энэ нь тэдэнд Их Эзэнээс өгөгдөхөөс бусдаар олон жилийн турш ирэхгүй болой.
45 Учир нь, болгоогтун, тэд дэлхийн хязгааруудаас хүмүүсийг түрэн цуглуулах болно.
46 Иймийн тул, өөрсдийгөө хамтад нь цуглуулагтун; мөн энэ нутагт үлдэхээр томилогдоогүй тэд эргэн тойрны бүс нутгуудад сайн мэдээг номлог; мөн үүний дараа тэд гэр орондоо эргэж ирэг.
47 Замдаа тэд номлог, мөн бүх газарт үнэнийг гэрчлэн, мөн баячууд, дээдэс болон дорд борчууд, мөн ядуусыг наманчлахад дуудаг.
48 Мөн дэлхийн оршин суугчид наманчлахын хэрээр, тэд салбаруудыг байгуулаг.
49 Мөн Сионд газрууд худалдаж авах мөнгө хүлээн авахаар, сүмийн дуу хоолойгоор томилогдсон төлөөний хүн Охайо дахь сүмд байг.
50 Мөн, Сионы нутгийн талаар тайлбар болон Бурханы тааллын тунхаглалыг Сүнсээр түүнд мэдэгдэхийн дагуу, тэрээр бичих ёстой хэмээх зарлигийг би өөрийн үйлчлэгч Сидней Ригдонд өгч байна;
51 Мөн бишопт зөв санагдсанаар, эсвээс түүний чиглүүлснээр өөрийнх нь гарт юм уу төлөөнийх нь хүний гарт тавигдах, Бурханы хүүхдүүдийн өв болгож газруудыг худалдаж авах мөнгө олж авахын тулд захидал болон хандивын баримтыг ч бичих ёстой, бүх сүмд хүргэгдэх түүнийг буюу.
52 Учир нь, болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, бүр улс орны энэ бүс нутгийг цаг хугацааны боломжоор бүхэлд нь худалдаж авахын тулд шавь нар болон хүмүүсийн үрс зүрх сэтгэлээ нээх ёстой хэмээн Их Эзэн хүсэж байна.
53 Болгоогтун, мэргэн ухаан энд байна. Тэд үүнийг хийг, эс тэгвээс цус урсгалтаас өөрөөр тэд өвийг хүлээн авах нь үгүй.
54 Мөн түүнчлэн, газрыг олж авахын хэрээр, Бурханы гэгээнтнүүдийн төлөө хөдөлмөрлөхийн тулд бүхий л төрлийн ажилчид энэ нутаг тийш урагш илгээгдэг.
55 Эдгээр бүх зүйл эмх журамтай хийгдэг; мөн уг газрын боломжууд бишоп юм уу сүмийн төлөөний хүнээр үе үе мэдүүлэгдэж байг.
56 Мөн цугларалтын ажил нь яаруу тэвдүү бас зугталтад бүү байг; харин чуулганууд дээр сүмийн ахлагчдын зөвлөснөөр, тэдний үе үе хүлээн авдаг мэдлэгийн дагуу энэ нь хийгдэг.
57 Мөн миний үйлчлэгч Сидней Ригдон энэ нутгийг мөн ариун сүм барих газрыг Их Эзэнд ариулж мөн онцгойлон адислаг.
58 Мөн чуулганы хуралдаан зарлагдаг; мөн үүний дараа миний үйлчлэгчид Сидней Ригдон мөн Бага Иосеф Смит, мөн тэрчлэн тэдэнтэй хамт Оливер Каудери, тэд өөрсдийнхөө нутагт, тэдэнд миний томилсон ажлын үлдсэнийг нь биелүүлэхийн тулд эргэж ирэг, мөн үлдсэн ажил нь чуулгануудаар чиглүүлэгдэх болно.
59 Мэддэг, мөн хамгийн баттай итгэдэг тэрхүү зүйлийнхээ талаар замдаа гэрчлэхгүйгээр хэн ч энэ нутгаас эргэж бүү яваг.
60 Зиба Петерсонд хүртээгдсэн тэрхүү зүйл нь түүнээс авагдаг; мөн бүхий л нүглүүдийнхээ төлөө хангалттай зэмлэгдэх хүртлээ тэрээр сүмд гишүүн хэвээр үлдэг, мөн өөрийнхөө гараар, ах дүүстэй хамт хөдөлмөрлөг; учир нь тэрээр нүглүүдээ тоочдоггүй, мөн тэрээр тэдгээрийг нуухыг боддог билээ.
61 Энэ нутагт ирж буй, зарим нь бүр хэмжээлшгүй ихээр адислагдсан энэ сүмийн ахлагчдын үлдсэн нь, тэрчлэн энэ нутаг дээр чуулганыг зохион байгуулаг.
62 Мөн миний үйлчлэгч Эдвард Партриж тэднээр зохион байгуулагдах уг чуулганыг удирдаг.
63 Мөн тэд тэрчлэн сайн мэдээг замдаа номлон, өөрсдөдөө илчлэгдсэн зүйлсийн талаар гэрчлэн, эргэж ирэг.
64 Учир нь, үнэнээр, уг дуу хоолой энэ газраас бүх дэлхийд, мөн дэлхийн хязгааруудад очих ёстой—итгэгч тэднийг тэмдгүүд дагалдан, сайн мэдээ хүн болгонд номлогдох ёстой.
65 Мөн болгоогтун Хүний Хүү ирэх болно. Амен.