Хэсэг 59
1831 оны наймдугаар сарын 7-нд Миссурийн Жаксон гүнлэгийн Сионд, бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэ илчлэлийн өмнө, Их Эзэний чиглүүлснээр уг нутаг ариулан адислагдсан байв, мөн ирээдүйн ариун сүм баригдах газар онцгойлон адислагдсан ажээ. Энэ илчлэл хүлээн авагдсан тэр өдөр, Ахмад Иосеф Найтын эхнэр Полли Найт нас эцэслэсэн бөгөөд тэр Сионд нас барсан Сүмийн анхны гишүүн байсан юм. Эхэн үеийн гишүүд энэ илчлэлийг “гэгээнтнүүдэд хүндэтгэлийн өдрийг хэрхэн сахих болон хэрхэн мацаг барьж мөн залбирахыг зааж өгсөн” илчлэл гэж үздэг байв.
1–4, Сион дахь итгэл бүхий гэгээнтнүүд адислагдах болно; 5–8, Тэд Их Эзэнийг хайрлаж мөн Түүнд үйлчлэн мөн Түүний зарлигуудыг сахих ёстой; 9–19, Их Эзэний өдрийг ариунаар нь сахиснаар, гэгээнтнүүд эд зүйлс болон сүнслэг байдлаар адислагдах болно; 20–24, Зөв шударгыг үйлдэгчдэд энэ дэлхийд амар амгалан мөн ирэх дэлхийд мөнх амьдрал амлагджээ.
1 Болгоогтун, миний зарлигуудын дагуу, миний алдар сууд хараагаа төвлөрүүлсээр энэ нутагт ирсэн тэд адислагдсан болой хэмээн Их Эзэн хэлэв.
2 Учир нь амьдрах тэд дэлхийг өвлөх болно, мөн нас нөгчих тэд бүхий л хөдөлмөрөөсөө амрах болно, мөн үйлүүд нь тэднийг дагалдах болно; бас тэд өөрсдөд нь зориулан миний бэлтгэсэн Эцэгийн минь харшуудад титэм хүлээн авах болно.
3 Тийм ээ, миний сайн мэдээг дуулгавартай дагасан, Сионы нутаг дээр зогсох тэд адислагдсан бөлгөө; учир нь тэд өөрсдийнхөө шагналд дэлхийн сайн зүйлсийг хүлээн авна, мөн энэ газар нь чадлаараа ургуулж гаргах болно.
4 Мөн тэрчлэн миний өмнө үнэнч болон хичээнгүй тэд—тэд дээрээс ирэх адислалуудаар, тийм ээ, цөөн бус зарлигаар, мөн тохирох цагт өгөгдөх илчлэлүүдээр титэмлэгдэх болно.
5 Иймийн тул, бибээр тэдэнд зарлиг болгон ийн хэлэв: Чи Их Эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх чадавх, оюун ухаан болон хүч чадлаараа хайрлах ёстой; мөн Есүс Христийн нэрээр чи түүнд үйлчлэх ёстой.
6 Чи хөршөө өөр шигээ хайрлах ёстой. Чи хулгайлах ёсгүй; тэрчлэн садар самууныг үйлдэх юм уу хүн алах ёсгүй, тэрчлэн энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй.
7 Чи бүх зүйлд Их Эзэн Бурхандаа талархах ёстой.
8 Чи Их Эзэн Бурхандаа зөв шударга байдалд, бүр харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлээ тахил болгон өргөх ёстой.
9 Мөн чи өөрийгөө дэлхийгээс илүү бүрэн дүүрэн толбогүй байлгаж болгохын тулд, чи залбирлын өргөөнд очиж мөн миний ариун өдөрт ариун ёслолуудаа өргөх ёстой;
10 Учир нь үнэнээр энэ бол хөдөлмөрүүдээсээ амрахаар, мөн Бүхний Дээдийг хүндлэн бишрэх үүргээ биелүүлэхээр чамд өгөгдсөн өдөр юм;
11 Гэсэн хэдий ч, чиний амлалтууд бүхий л өдрүүдэд мөн бүхий л цагт зөв шударга байдалд өргөгдөх ёстой;
12 Гэхдээ Их Эзэний энэхүү өдөр, чи нүглүүдээ сүмийн ах дүүстээ, мөн Их Эзэний өмнө тоочиж, өөрийнхөө өргөлүүд мөн өөрийнхөө ариун ёслолуудыг Бүхний Дээдэд өргөх ёстой гэдгийг санагтун.
13 Мөн энэ өдөр чи хоол хүнсээ чиний мацаг барилт төгс байж болохын төлөө, эсвээс, өөрөөр хэлбэл, баяр хөөр чинь дүүрэн байж болохын төлөө чин зорилгоор бэлтгэхээс өөр юу ч хийх ёсгүй.
14 Үнэнээр, энэ бол мацаг ба залбирал юм, эсвээс өөрөөр хэлбэл, баяр баясгалан ба залбирал юм.
15 Мөн эдгээр зүйлийг та нар талархалтайгаар, баяр хөөртэй зүрх сэтгэл бөгөөд төрх байдалтайгаар, их инээдтэйгээр бус, учир нь энэ нь нүгэл бөлгөө, харин баяртай зүрх сэтгэл болон баяр хөөртэй төрх байдалтайгаар хийхийн хэрээр—
16 Үнэнээр би хэлдэг, та нар үүнийг хийхийн хэрээр, дэлхийн бүрэн байдал та нарынх бөлгөө, хээрийн амьтад болон агаарын жигүүртнүүд, мөн модонд авирагч болон газар дээгүүр явагч тэдгээр нь буюу;
17 Тийм ээ, хоол хүнс эсвээс хувцас хунарын тулд, эсвээс орон гэр юм уу агуулахын тулд, эсвээс жимсний талбай юм уу цэцэрлэгүүдийн тулд, эсвээс усан үзмийн талбайн тулд дэлхийгээс гарч ирдэг сайн зүйлс түүнчлэн ашигт ургамал буюу;
18 Тийм ээ, газар шорооноос улиралдаа ирдэг бүх зүйл, хүмүүний тусын тулд мөн ашиглалтын тулд, нүд баясгах бөгөөд сэтгэл баярлуулах аль алиных нь тулд хийгдсэн болой;
19 Тийм ээ, хоол хүнс болон хувцас хунарын тулд, амт болон үнэрийн тулд, бие махбодод эрч хүч өгөхийн тулд мөн бодгалийг сэргээхийн тулд болой.
20 Мөн тэр эдгээр бүх зүйлийг хүмүүнд өгсөн нь Бурханыг баярлуулдаг; энэхүү зорилгын учир эдгээр нь ухаалгаар, хэт илүү бишээр, хүч түрэмгийллээр бус ашиглагддаг байхаар хийгдсэн бөлгөө.
21 Мөн бүх зүйл дээр түүний мутрын нөлөөг хүлээн зөвшөөрдөггүй, мөн түүний зарлигуудыг дуулгавартай дагадаггүй тэднээс бусад хүн ямар ч зүйлээр Бурханд гэм бурууг үйлддэггүй, эсвээс өөр хэний ч эсрэг түүний уур хилэн дүрэлздэггүй.
22 Болгоогтун, энэ нь хууль болон бошиглогчдын дагуу юм; иймийн тул, энэ асуудлын талаар дахиад надад бүү төвөг удагтун.
23 Гэвч зөв шударгын үйлсийг хийх тэрээр шагналаа, бүр энэ дэлхийд амар амгаланг мөн ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг мэдэж авагтун.
24 Их Эзэн бибээр үүнийг ярилаа, мөн Сүнс гэрчилдэг бөлгөө. Амен.