Хэсэг 60
1831 оны наймдугаар сарын 8-нд Миссурийн Жаксон гүнлэг дэх Индепенденст бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэ үйл явдлаар Жаксон гүнлэг рүү аялж, уг нутгийг болон ариун сүмийн газрыг онцгойлон адислахад оролцсон ахлагчид юу хийх ёстойгоо мэдэхийг хүсжээ.
1–9, Ахлагчид ёс бусыг үйлдэгчдийн цугларалтууд дээр сайн мэдээг номлох ёстой; 10–14, Тэд цагаа дэмий үрэх, тэрчлэн авьяас чадваруудаа далдлах ёсгүй; 15–17, Тэд сайн мэдээг эсэргүүцэгч тэдний эсрэг гэрчлэл болгон хөлөө угааж болно.
1 Болгоогтун, гарсан тэр нутаг руугаа үтэр түргэн буцаж явах ёстой өөрийн сүмийн ахлагчдад Их Эзэн ийн хэлж байна: Болгоогтун, та нар ийшээ хүрч ирсэн нь миний таалалд нийцнэ;
2 Гэвч зарим нь миний таалалд үл нийцнэ, учир нь тэд амаа нээх нь үгүй, харин тэд хүнээс эмээхийн улмаас тэдэнд миний өгсөн авьяас чадварыг нуух ажээ. Ийм хүмүүст халаг, учир нь тэдний эсрэг миний уур дүрэлзэнэ.
3 Мөнхүү улиран тохиох дор, хэрэв тэд надад илүү үнэнч байхгүй аваас, энэ нь, бүр тэдэнд байгаа нь хүртэл авагдах болно.
4 Учир нь Их Эзэн бибээр дээр тэнгэрт, мөн дэлхийн их цэргийн дунд захирдаг билээ; мөн бибээр өөрийн эрдэнэсийг сонгож авах тэр өдөр, Бурханы сүр хүчийг нотлогч тэр зүйл юу болохыг бүх хүн мэдэх болно.
5 Гэвч, гарч ирсэн тэрхүү нутаг руугаа та нарын хийх аяны талаар би та нарт үнэнээр хэлье. Та нарт сайн санагдсанаар усан онгоцыг бариг, эсвээс худалдаж аваг, энэ нь надад хамаагүй билээ, мөн та нар Сейнт Люис хэмээн нэрлэгдэх газрыг зорин аян замдаа үтэр түргэн гарцгаагтун.
6 Мөн тэндээс миний үйлчлэгчид Сидней Ригдон, Бага Иосеф Смит, мөн Оливер Каудери нар Синсинатыг зорин аян замдаа гараг;
7 Мөн тэд энэ нутагт дуу хоолойгоо өргөж мөн миний үгийг чанга дуу хоолойгоор, хилэгнэл юм уу эргэлзээгүйгээр, тэдэн дээр ариун гараа өргөн тунхаглаг. Учир нь бибээр та нарыг ариун болгох чадвартай бөлгөө, мөн нүглүүд чинь та нарт өршөөгдсөн болой.
8 Мөн үлдсэн нь Сейнт Люисээс хоёр хоёроороо аян замдаа гарч мөн өөрсдийнхөө ирсэн тэрхүү сүмүүддээ эргэж очих хүртлээ ёс бусыг үйлдэгчдийн цугларалтуудад яаралгүйгээр үгийг номлог.
9 Мөн энэ бүхэн сүмүүдийн сайн сайхны төлөө бөлгөө; учир нь энэхүү зорилгын улмаас би тэднийг илгээсэн билээ.
10 Мөн миний үйлчлэгч Эдвард Партриж өөрт нь миний өгсөн мөнгөнөөс нэг хэсгийг нь эргэж явахаар зарлигдуулсан миний ахлагчдад өгөг;
11 Мөн чадах тэр нь үүнийг төлөөний хүнээр дамжуулан эргүүлж өгөг; мөн эс чадах түүнээс энэ нь шаардагдах нь үгүй.
12 Мөн эдүгээ бибээр энэ нутагт ирэх ёстой үлдсэн тэдний талаар ярья.
13 Болгоогтун, ёс бусыг үйлдэгчдийн цугларалтуудад миний сайн мэдээг номлохоор тэд илгээгдсэн билээ; иймийн тул, бибээр тэдэнд ийн зарлиглаж байна: Та нар цагаа дэмий үрэх ёсгүй, бас авьяас чадвар чинь мэдэгдэхгүй байхын тулд та нар үүнийг далдлах ёсгүй.
14 Мөн та нар Сионы нутагт ирснийхээ мөн миний үгийг тунхагласныхаа дараа, ёс бусыг үйлдэгчдийн цугларалтуудад миний үгийг яаралгүйгээр бас хилэгнэл бөгөөд тэмцэл зөрчлийн бус байдалтайгаар номлон, даруй буцах ёстой.
15 Мөн та нар тэднийг өдөөн хатгахгүйн тулд тэдний дэргэд биш, харин далдуур, та нарыг үл хүлээн авах тэдний эсрэг хөлийнхөө тоосыг гүвэгтүн; мөн шүүлтийн өдөр тэдний эсрэг гэрчлэл болгон хөлөө угаагтун.
16 Болгоогтун, энэ нь та нарын хувьд хангалттай болой мөн та нарыг илгээсэн түүний таалал болой.
17 Мөн Сидней Ригдон болон Оливер Каудерийн тухайд миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн амаар мэдүүлэгдэх болно. Үлдсэн нь хойшид өгөгдөх буюу. Бүр тийм буюу. Амен.