Хэсэг 61
1831 оны наймдугаар сарын 12-нд Миссури мөрний эрэг, Макилвэйний тохойд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Көртланд руу буцах замдаа, бошиглогч арван ахлагчийн хамт Миссури мөрнийг уруудан завиар аялжээ. Аяллын гурав дахь өдөр олон аюул тулгарав. Ахлагч Виллям В.Фелпс, өдрийн цагаарх нэгэн үзэгдэлд, устгагчийг их усны гадаргуу дээр сүр хүчинд давхихыг харжээ.
1–12, Их Эзэн их усан дээр олон устгалыг зарлажээ; 13–22, Их ус нь Иоханаар зүхэгдэж, мөн түүний гадаргуу дээр устгагч аялдаг; 23–29, Их усанд зарлиглах хүч заримд нь буй; 30–35, Ахлагчид хоёр хоёроороо аялж мөн сайн мэдээг номлох ёстой; 36–39, Тэд Хүний Хүүгийн ирэлтэд бэлтгэх ёстой.
1 Болгоогтун, мөн бүх сүр хүчийг агуулагч тэр, үүрд мөнхөөс үүрд мөнхөд байдаг тэр, бүр Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл болох түүний дуу хоолойг анхаарагтун.
2 Болгоогтун, үнэнээр Их Эзэн та нарт ийн хэлнэм, Ай энэ газарт цугларсан миний сүмийн ахлагчид та нар, нүглүүд тань эдүгээ өршөөгдсөн та нар, учир нь Их Эзэн бибээр нүглүүдийг өршөөдөг, мөн даруухан зүрхээр нүглүүдээ тоочдог тэдэнд нигүүлсэнгүй байдаг болой;
3 Гэвч үнэнээр би та нарт хэлж байна, хоёр талын эрэг дээрх оршин суугчид итгэлгүй байдалд мөхөж буй үед миний ахлагчдын энэхүү бүлэг бөөндөө их усан дээгүүр шаламгайлан урагш ахих нь шаардлагатай бус болой.
4 Гэсэн хэдий ч, та нар гэрчилж болохын тулд би үүнийг зөвшөөрсөн болой; болгоогтун, их усан дээр олон аюул буй, мөн нэн ялангуяа үүнээс хойш бүр ч илүү буй;
5 Учир нь, Их Эзэн бибээр уурандаа их усан дээр; тийм ээ, мөн ялангуяа эдгээр их усан дээр олон устгалыг зарласан бөлгөө.
6 Гэсэн хэдий ч, бүх маханбод миний мутарт буюу, мөн та нарын дундах үнэнч тэр нь их усанд мөхөх нь үгүй бөлгөө.
7 Иймийн тул, миний үйлчлэгч Сидней Гилберт, миний үйлчлэгч Виллям В.Фелпс хоёр өөрсдийн томилолт болон ажил үүрэгт шуурхай байх нь зүйтэй бөлгөө.
8 Гэсэн хэдий ч, та нар нэг байж болохын тулд, та нар ёс буст мөхөхгүй байж болохын тулд, та нар бүх нүгэлдээ зэмлэгдэх хүртэл, та нарын салж явахыг чинь би зөвшөөрөхийг үл хүссэн;
9 Гэвч эдүгээ, үнэнээр би хэлж байна, та нар салж явах ёстой нь надад шаардлагатай байна. Иймийн тул, миний үйлчлэгчид Сидней Гилберт, Виллям В.Фелпс хоёр урьдах бүлгээ авч, мөн тэд ажил үүргээ биелүүлж болохын тулд аян замдаа яаруу гараг, мөн итгэлээр дамжуулан тэд даван туулах болно;
10 Мөн үнэнч байхын хэрээр тэд хамгаалагдах болно, мөн Их Эзэн бибээр тэдэнтэй хамт байх болно.
11 Мөн үлдсэн нь шаардлагатай хувцсаа авагтун.
12 Миний үйлчлэгч Сидней Гилберт та нарын зөвшөөрснөөр, шаардлагагүй зүйлийг чинь авч яваг.
13 Мөн эдүгээ, болгоогтун, та нарын сайн сайхны тул эдгээр зүйлийн талаар би та нарт нэг зарлиг өглөө; мөн Их Эзэн бибээр эрт дээр үеийн хүмүүст адил та нарт учирлах болно.
14 Болгоогтун, Их Эзэн бибээр, эхлэлд их усыг адисалсан билээ; харин эцсийн өдрүүдэд, өөрийн үйлчлэгч Иоханы амаар би их усыг зүхсэн юм.
15 Иймийн тул, аливаа маханбод их усан дээр аюулгүй байхаа болих тэрхүү өдрүүд ирэх болно.
16 Мөн зүрх сэтгэлдээ шулуун шударга түүнээс өөр хэн ч Сионы нутаг руу их усан дээгүүр өгсөн явж чадахгүй хэмээн ирэх өдрүүдэд хэлэгдэх болно.
17 Мөн Их Эзэн бибээр эхлэлд газар шороог зүхсэнчлэн, мөн бүр эцсийн өдрүүдэд үүнийг, өөрийнх нь цаг үед, миний гэгээнтнүүд үүний үр шимийг хүртэж болохын тулд ашиглахад зориулан адисалсан болой.
18 Мөн эдүгээ би та нарт нэг зарлиг өгье, мөн би нэгд хэлснийгээ бүгдэд хэлдэг, эдгээр их усны тухай та нар ах дүүстээ урьдчилан сануулах болно, тэдний итгэл мөхөж мөн тэд урхинд баригдах вий хэмээн тэд тэдгээрийн дээр аялалд ирэхгүйн тулд буюу;
19 Их Эзэн бибээр тогтоосон, мөн тэдгээрийн гадаргуу дээр устгагч аялдаг, мөн бибээр уг тогтоолыг цуцлаагүй байгаа бөлгөө.
20 Их Эзэн бибээр өчигдөр та нарт ууртай байлаа, гэвч өнөөдөр миний уур намдлаа.
21 Иймийн тул, аян замдаа яаруу гараг хэмээн өөрсдийнх нь талаар миний ярьсан тэд—дахин би та нарт хэлнэ, тэд аян замдаа яаруу гараг.
22 Мөн хэрэв тэд зорилгоо биелүүлэх аваас тэд арай хожуухан усаар юм уу эсвээс газраар явна уу гэдэг нь надад хамаагүй хэрэг; үүнээс хойш тэд өөрсдөө мэдэн шийдвэрээ гаргаг.
23 Мөн эдүгээ миний үйлчлэгч Сидней Ригдон, Бага Иосеф Смит мөн Оливер Каудери нарын тухайд, гэртээ харих замдаа суваг дээгүүр аялахаас бусдаар тэд их усан дээгүүр дахин бүү яваг; эсвээс өөрөөр хэлбэл, хэрэв сувгаар биш аваас, тэд аялахаар их усан дээр гарах ёсгүй.
24 Болгоогтун, Их Эзэн бибээр өөрийн гэгээнтнүүдийн аяны замыг тогтоож өгсөн бөлгөө; мөн болгоогтун, тэр зам нь энэ болой—Сионы нутаг өөд аялж мөн өгсөн явахаар тэд зарлиг болгогдсон учир тэд сувгийг орхисны дараа газраар аялах ёстой;
25 Мөн тэд замдаа майхнуудаа босгон, Израилын хүүхдүүдийн адилаар үйлдэх ёстой.
26 Мөн, болгоогтун, энэхүү зарлигийг та нар бүх ах дүүдээ өгөх ёстой.
27 Гэсэн хэдий ч, их усанд зарлиглах хүч хэнд өгөгдөнө, түүнд түүний бүх замыг мэдэх нь Сүнсээр өгөгддөг ажгуу;
28 Иймийн тул, газар дээр ч байна уу эсвээс их усан дээр ч байна уу, үүнээс хойш үйлдэх нь надад үлдэхийн адилаар, амьд Бурханы Сүнс түүнд зарлигласны дагуу тэрбээр үйлдэг.
29 Мөн гэгээнтнүүдийн аяны чиглэл буюу Их Эзэний буудал дахь гэгээнтнүүдийн аяны зам та нарт өгөгдсөн буй.
30 Мөн түүнчлэн, миний үйлчлэгч Сидней Ригдон, Бага Иосеф Смит, мөн Оливер Каудери нар Синсинатид очих хүртлээ ёс бусыг үйлдэгчдийн цугларалтууд дээр амаа нээх ёсгүй бөлгөө;
31 Мөн тэрхүү газарт тэд тэр хүмүүсийн эсрэг Бурханд дуу хоолойгоо өргөх ёстой, тийм ээ, тэдний ёс бус байдлын эсрэг, устгалд хүртлээ боловсрох нь дөхсөн тэр хүмүүсийн эсрэг уур нь дүрэлзсэн түүнд буюу.
32 Мөн тэд тэндээс ах дүүсийнхээ цугларалтуудын зүг аялаг, учир нь тэдний хөдөлмөр ёс бусыг үйлдэгчдийн цугларалтуудын дундхаас илүүгээр тэдний дунд эдүгээ ч ихээр дутагдаж буй ажгуу.
33 Мөн эдүгээ, үлдсэн тэдний тухайд, тэд ёс бусыг үйлдэгчдийн цугларалтуудын дунд аялж мөн энэ нь өгөгдөхийн хэрээр үгийг тунхаглаг;
34 Мөн тэд үүнийг үйлдэхийн хэрээр тэд өмсгөлүүдээ цэвэршүүлэх болно, мөн тэд миний өмнө толбогүй байх болно.
35 Мөн тэдэнд сайн санагдсанаар тэд хамтаараа эсвээс хоёр хоёроороо аялаг, гагцхүү миний таалалд нийцдэг миний үйлчлэгч Рэйнолдс Кахун, миний үйлчлэгч Самуел Х.Смит хоёр гэр рүүгээ эргэж харих хүртлээ бүү салаг, мөн энэ нь надад орших мэргэн зорилгын учир бөлгөө.
36 Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлнэ, би нэгд хэлснээ бүгдэд хэлдэг, бяцхан хүүхдүүд минь, баяр хөөртэй байгтун; учир нь бибээр та нарын дунд байна, мөн бибээр та нарыг орхиогүй;
37 Мөн та нар миний өмнө өөрсдийгөө даруусгасан учир, хаант улсын адислалууд та нарынх бөлгөө.
38 Хормойгоо шууж мөн Хүний Хүүгийн ирэлтийг хүлээн, сонор сэргэг мөн чанд байгтун, учир нь тэрбээр та нарын санаагүй цагт ирэх буюу.
39 Та нар уруу таталтад орохгүйн тулд, та нар амьдралд эсвэл үхэлд, алинд ч болов түүний ирэлтийн өдрийг тэсэн гарч болохын тулд ямагт залбирагтун. Бүр тийм буюу. Амен.