Хэсэг 62
1831 оны наймдугаар сарын 13-нд Миссури мөрний эрэг дээрх Миссури мужийн Чаритонд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэ өдөр Индепенденсээс Көртланд руу явж байсан бошиглогч болон түүний бүлэг Сионы нутаг руу явж байсан хэсэг ахлагчтай замдаа дайралдан, мөн баяр хөөртэйгөөр мэндлэлцсэний дараа энэхүү илчлэлийг хүлээн авчээ.
1–3, Гэрчлэлүүд тэнгэрт цэдэглэгддэг болой; 4–9, Ахлагчид өөрсдийнхөө шийдвэрийн дагуу болон Сүнсээр чиглүүлэгдсэнээр аялж мөн номлох ёстой.
1 Болгоогтун, мөн анхаарагтун, ай миний сүмийн ахлагчид та нар хэмээн, та нарын Бурхан Их Эзэн, бүр Есүс Христ, хүмүүний сул талыг болон уруу татагдсан тэднийг хэрхэн халамжлахыг мэддэг, та нарын өмгөөлөгч тэрээр хэлж байна.
2 Мөн үнэнээр миний мэлмий Сионы нутаг өөд хараахан өгсөн яваагүй байгаа тэдэн дээр байна; иймийн тул, та нарын ажил үүрэг хараахан дуусаагүй байна.
3 Гэсэн хэдий ч, адислагдсан болой та нар, учир нь та нарын гэрчилсэн гэрчлэл тэнгэр элч нар харж байхын тулд тэнгэрт цэдэглэгдсэн болой; мөн тэд та нарт баясдаг бөлгөө, мөн та нарт нүглүүд тань өршөөгдсөн болой.
4 Мөн эдүгээ аяллаа үргэлжлүүлэгтүн. Сионы нутагт өөрсдийгөө цуглуулагтун; мөн цуглаан явуулж мөн хамтдаа баясацгаа, мөн Бүхний Дээдэд ариун ёслолыг өргөгтүн.
5 Мөн тэгээд та нар гэрчлэхийн тулд, тийм ээ, бүр та нарт сайн санагдсанаар бүгд хамтдаа, эсвээс хоёр хоёроороо эргэж очиж болох бөлгөө, энэ нь надад хамаагүй бөлгөө; гагцхүү үнэнч байж мөн баярт мэдээнүүдийг дэлхийн оршин суугчдад буюу ёс бусыг үйлдэгчдийн цугларалтуудын дунд тунхаглагтун.
6 Болгоогтун, Их Эзэн бибээр амлалт биелэгдэж болохын тулд, та нарын дундах итгэгчид Миссурийн нутагт хамгаалагдаж мөн хамтдаа баясахын тулд та нарыг хамтад нь авчирлаа. Их Эзэн бибээр итгэгчдэд амладаг мөн худал хэлж чаддаггүй.
7 Хэрэв та нарын дундаас хэн нэгэн чинь мориор, луусаар, эсвээс сүйх тэргээр явахыг хүсэх аваас Их Эзэн бибээр бэлэн байна, хэрэв тэрээр үүнийг бүх зүйлд талархах сэтгэлээр Их Эзэний мутраас хүлээн авбал, тэрээр энэхүү адислалыг хүлээн авах болно.
8 Өөрсдийн шийдвэр болон Сүнсний удирдамжуудын дагуу эдгээр зүйлийг хийх нь та нарт үлдэх авай.
9 Болгоогтун, хаант улс та нарынх бөлгөө. Мөн болгоогтун, мөн харагтун, бибээр итгэгчидтэй ямагт хамт байна. Бүр тийм буюу. Амен.