Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 63


Хэсэг 63

1831 оны наймдугаар сарын 30-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Бошиглогч, Сидней Ригдон мөн Оливер Каудери нар Миссурид хийсэн айлчлалаасаа Көртландад наймдугаар сарын 27-нд буцаж ирсэн байв. Иосеф Смитийн түүхэнд энэ илчлэлийг, “Сүмийн энэхүү нялх балчир үед, ямар нэгэн байдлаар бидний авралд хамаарах сэдэв болгоноор Их Эзэний үгийг олж авах гэсэн агуу их хүсэл эрмэлзэл байлаа; мөн Сионы нутаг эдүгээ нэн чухал зуурдын зорилго байсныг харгалзан, гэгээнтнүүдийн цугларалт, мөн газар худалдаж авах болон бусад асуудлын талаар нэмэлт мэдээллийг Их Эзэнээс би хүссэн билээ” хэмээн өгүүлжээ.

1–6, Ёс бусыг үйлдэгчид дээр хилэгнэлийн өдөр ирэх болно; 7–12, Тэмдгүүд итгэлээр ирдэг болой; 13–19, Зүрх сэтгэлдээ садарлагчид итгэлийг үгүйсгэх бөгөөд галт нууранд хаягдах болно; 20, Итгэгчид хувиргагдсан дэлхий дээр өв хүлээн авах болно; 21, Хувиралтын Уулан дээрх үйл явдлуудын бүрэн шастир хараахан илчлэгдээгүй бөлгөө; 22–23, Дуулгавартай тэд хаант улсын нууцуудыг хүлээн авдаг ажгуу; 24–31, Сионд өмч газруудыг худалдан авах ёстой; 32–35, Их Эзэн дайнуудыг тогтоодог мөн ёс бусыг үйлдэгчид бусад ёс бусыг үйлдэгчдийг хөнөөдөг 36–48, Гэгээнтнүүд Сионд цугларч мөн үүнийг барих мөнгөөр хангах ёстой; 49–54, Хоёр дахь Ирэлтэд, Амилуулалтад, мөн Мянганы туршид итгэгчдэд адислалууд амлагдсан билээ; 55–58, Энэ бол сэрэмжлүүлгийн өдөр болой; 59–66, Их Эзэний нэрийг эрх мэдэлгүйгээр хэрэглэдэг тэд үүнийг хоосноор хэрэглэдэг бөлгөө.

1 Анхаарагтун, ай хүмүүс та нар, мөн зүрх сэтгэлээ нээж мөн холоос чих тавигтун; мөн дуулагтун; өөрсдийгөө Их Эзэний хүмүүс хэмээн дууддаг та нар, мөн Их Эзэний үг болон өөрсдийнхөө талаарх түүний тааллыг сонсогтун.

2 Тийм ээ, үнэнээр би хэлнэ, ёс бусыг үйлдэгчид болон эсэргүүцэгчдийн эсрэг уур нь дүрэлзэж буй түүний үгийг сонсогтун;

3 Бүр авна гэсэн тэднийгээ авахыг хүсдэг, мөн хамгаална гэсэн тэднийгээ амьдралд хамгаалдаг түүнийг буюу;

4 Өөрийн хүсэл болон тааллаар байгуулдаг; мөн хүссэн үедээ устгадаг, мөн сүнсийг доош нь тамд хаяж чадах түүнийг буюу.

5 Болгоогтун, Их Эзэн бибээр дуу хоолойгоо илэрхийллээ, мөн энэ нь дуулгавартай дагагдах болно.

6 Иймийн тул, үнэнээр би хэлнэ, ёс бусыг үйлдэгчид анхаараг, мөн эсэргүүцэгчид эмээж мөн дагжин чичрэг; мөн үл итгэгчид уруулаа хамхиг, учир нь хилэгнэлийн өдөр тэдэн дээр хар салхи мэт ирэх болно, мөн намайг Бурхан гэдгийг бүх маханбод мэдэх болно.

7 Мөн тэмдгүүдийг эрэлхийлдэг тэрээр тэмдгүүдийг харах болно, гэвч энэ нь авралд хүргэхгүй бөлгөө.

8 Үнэнээр, би та нарт хэлнэ, та нарын дунд тэмдгүүдийг эрэлхийлдэг тэд буй, мөн ийм хүмүүс нь бүр эхлэлээс байсаар ирсэн бөлгөө;

9 Гэвч, болгоогтун, итгэл тэмдгүүдээр ирдэггүй, харин итгэдэг тэднийг тэмдгүүд дагалддаг буюу.

10 Тийм ээ, тэмдгүүд хүмүүсийн хүслээр бус, бас тэдний эрмэлзлээр ч бус, харин Бурханы тааллаар, итгэлээр ирдэг авай.

11 Тийм ээ, тэмдгүүд хүчирхэг ажлуудыг гаргах итгэлээр ирдэг бөлгөө, учир нь итгэлгүйгээр ямар ч хүмүүн Бурханд таалагдах нь үгүй; мөн Бурхан өөрийн уурласан түүнийг таалах нь үгүй; иймийн тул, тэрээр ийм хүмүүст тэмдгүүдийг үзүүлэх нь үгүй, гагцхүү хилэгнэлд тэднийг буруутгалд хүргэх буюу.

12 Иймийн тул, миний алдар сууг гаргахаар хүмүүсийн сайн сайхны төлөө бус, итгэлийг авахаар тэмдгүүд болон гайхамшгийг эрэлхийлж байгаа, та нарын дундах тэднийг Их Эзэн бибээр үл таалдаг бөлгөө.

13 Гэсэн хэдий ч, би зарлигуудыг өгдөг, мөн олон нь миний зарлигуудаас нүүр буруулж мөн тэдгээрийг сахихгүй байна.

14 Та нарын дунд завхайрагч эрчүүд мөн завхайрагч эмс байлаа; тэдний зарим нь та нараас тусгаарласан, мөн бусад зарим нь та нартай хамт үлдсэн, тэд үүнээс хойш илчлэгдэх болно.

15 Шүүлт тэдэн дээр занга лугаа ирэх вий хэмээн, мөн хүмүүсийн нүдэнд тэдний тэнэглэл илэрхийлэгдэж мөн тэдний ажлууд тэднийг дагалдах вий хэмээн ийм хүмүүс нь болгоомжилж мөн үтэр түргэн наманчлаг.

16 Мөн үнэнээр би та нарт хэлнэ, би өмнө нь хэлсэнчлэн, эмэгтэй хүнийг тачаангуйгаар харах тэрээр, эсвээс хэрэв хэн нэг нь зүрх сэтгэлдээ садар самууныг үйлдэх аваас, тэдэнд Сүнс байх нь үгүй, харин тэд итгэлийг үгүйсгэж мөн эмээх болно.

17 Иймийн тул, эмээгчид, үл итгэгчид мөн бүх худалч тэд, худал хэлэх дуртай бас худал хэлдэг хэн ч гэсэн, мөн завхай хүмүүс, мөн мэрэг төлөгчид хоёр дахь үхэл болох гал болон хүхрээр шатагч тэрхүү нууранд өөрсдийн байртай байх болно хэмээн Их Эзэн бибээр хэлсэн билээ.

18 Үнэнээр би хэлнэ, анхны амилуулалтад тэд оролцохгүй байх болно гэдгийг буюу.

19 Мөн эдүгээ болгоогтун, эдгээр зүйл та нарын дунд байгаа учраас та нар зөвтгөгдөх нь үгүй гэдгийг Их Эзэн бибээр та нарт хэлж байна.

20 Гэсэн хэдий ч, итгэлтэй үлдэж мөн миний тааллыг биелүүлдэг тэрээр, мөнхүү тэрээр дийлэх болно, мөн хувиралтын өдөр ирэхэд дэлхий дээр өв хүлээн авах болно;

21 Уулан дээр миний төлөөлөгчдөд үзүүлэгдсэн бүр тэрхүү загварын дагуу дэлхий хувиргагдахад буюу; үүний шастирын бүрэн байдлыг та нар хараахан хүлээн аваагүй байгаа билээ.

22 Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлж байна, бибээр өөрийн тааллыг та нарт мэдүүлэх болно хэмээн хэлсэн учраас, болгоогтун, би үүнийг та нарт зарлигийн бус замаар мэдүүлэх болно, учир нь миний зарлигуудыг анхааралтай дагадаггүй тэд олон буй.

23 Гэвч миний зарлигуудыг сахидаг түүнд бибээр хаант улсынхаа нууцуудыг өгнө, мөн эдгээр нууц нь түүнд мөнхийн амьдралд хүртэл оргилох амьд усны эх булаг байх болно.

24 Мөн эдүгээ, болгоогтун, өвчин тахал авчрах самуун байхгүйн тулд Сионы нутаг руу тэд өөрсдийгөө яаралгүйгээр цуглуулах нь та нарын Бурхан Их Эзэний гэгээнтнүүдийнх нь талаарх таалал юм.

25 Болгоогтун, Сионы нутгийг—Их Эзэн бибээр үүнийг мутартаа барьж байдаг;

26 Гэсэн хэдий ч, Их Эзэн бибээр, Цезарийн юмыг Цезарьт нь өгдөг билээ.

27 Иймийн тул, та нар дэлхийн давуу байдалтай болж болохын тулд, дэлхийд эрхтэй байж болохын тулд, тэд уур хилэнд өдөөн хатгагдахгүй байж болохын тулд та нар уг газруудыг худалдаж авах ёстой хэмээн Их Эзэн бибээр хүснэ.

28 Учир нь Сатан та нарын эсрэг уурлуулахаар мөн цус урсгахаар тэдний зүрх сэтгэлд үүнийг оруулдаг билээ.

29 Иймийн тул, Сионы нутаг нь худалдан авагдах юм уу цусаар бус аваас эзэмшигдэх нь үгүй, эс бөгөөс та нарт өв гэж байх нь үгүй.

30 Мөн хэрэв худалдан авалтаар бол, болгоогтун адислагдсан болой та нар;

31 Мөн хэрэв цусаар бол, цус урсгах нь та нарт хориглогдсоны учир, харагтун, дайснууд чинь та нарын дээр байна, мөн та нар хотоос хотод, синагогоос синагогт хавчигдах болно, мөн зөвхөн цөөхөн хэд нь өв хүлээн авахаар үлдэх болно.

32 Их Эзэн бибээр ёс бусыг үйлдэгчдэд уурлаж байна; бибээр Сүнсээ дэлхийн оршин суугчдаас татаж аваад байна.

33 Бибээр уур хилэгнэлдээ тангараглаж мөн дэлхийн гадаргуу дээрх дайнуудыг тогтоолоо, мөн ёс бусыг үйлдэгчид ёс бус тэднийг хөнөөх болно, мөн хүн болгон дээр айдас ирэх болно;

34 Мөн гэгээнтнүүд тэрчлэн арай ядан зугтаах болно; гэсэн хэдий ч, Их Эзэн бибээр тэдэнтэй хамт, мөн Эцэгийнхээ оршихуйгаас тэнгэрийн дундаас бууж ирэх болно мөн унтаршгүй галаар ёс бусыг үйлдэгчдийг залгих болно.

35 Мөн болгоогтун, энэ нь хараахан болоогүй ч, ойрхон байна.

36 Иймийн тул, Их Эзэн бибээр, дэлхийн гадаргуу дээр эдгээр бүх зүйлийг тогтоосон учир, миний гэгээнтнүүд Сионы нутаг дээр цугларахыг би хүснэ;

37 Мөн хүн болгон зөв шударга ёсыг гартаа мөн итгэлт байдлыг бүсэндээ авч, мөн дэлхийн оршин суугчдад сэрэмжлүүлэх дуу хоолойгоо өргөхийг; мөн ёс бусыг үйлдэгчид дээр эзгүйрэл тохиох болно гэдгийг үгээр мөн зугталтаар аль алинаар нь тунхаглахыг би хүснэ.

38 Иймийн тул, Көртландад энэ эдлэнд оршин суух миний шавь нар зуурдын асуудлуудаа зохицуулаг.

39 Энэ газрыг хариуцагч, миний үйлчлэгч Титус Биллингс үүнийг худалдаж наймаалаг, тэрээр ирэх хавар Сионы нутаг руу, энд оршин суух тэдэнтэй хамт хийх аян замдаа бэлтгэлтэй байж болохын тулд буюу, намайг тэдэнд зарлиглах хүртэл явахгүй тэднээс, бибээр өөртөө нөөцлөх тэднээс бусадтай хамт буюу.

40 Мөн өгч чадах бүх мөнгө нь, энэ нь их юм уу бага байх нь надад хамаагүй, хүлээн авахаар миний томилсон тэдэнд, Сионы нутаг руу илгээгдэг.

41 Болгоогтун, Их Эзэн бибээр, өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитэд Сионы нутаг руу явах тэднийг, мөн миний шавь нараас үлдэх тэднийг тэрээр Сүнсээр ялган таньж чадах хүчийг өгөх болно.

42 Миний үйлчлэгч Ньюел К.Витней дэлгүүрээ, эсвээс өөрөөр хэлбэл, тэрхүү дэлгүүрийг түр хугацаагаар хадгалж үлдэг.

43 Гэсэн хэдий ч, өөрийн гаргаж чадах бүх мөнгийг, Сионы нутаг руу илгээгдэхийн тулд тэрээр гаргаг.

44 Болгоогтун, эдгээр зүйл түүний өөрийнх нь гарт буй, тэрээр мэргэн ухааны дагуу үйлдэг.

45 Үнэнээр бибээр хэлнэ, үлдэх тэдгээр шавьд тэрээр төлөөний хүнээр томилогдог, мөн тэрээр энэ хүчинд томилогдог;

46 Мөн эдүгээ эдгээр зүйлийг тэдэнд тайлбарлан, миний үйлчлэгч Оливер Каудерийн хамт сүмүүдээр үтэр түргэн айлчлагтун. Болгоогтун, бүр миний чиглүүлснээр мөнгө олж авах нь, энэ нь миний таалал болой.

47 Үнэнч бөгөөд тэсвэрлэдэг тэрээр дэлхийг дийлэх болно.

48 Сионы нутаг руу мөнгө баялгийг илгээх тэрээр энэ дэлхийд өв хүлээж авах болно, мөн түүний үйлс мөн тэрчлэн ирэх дэлхийд шагнал түүнийг дагалдах болно.

49 Тийм ээ, үүнээс хойш Их Эзэнд талийгаач болсон нас барагсад адислагдсан болой, Их Эзэнийг ирэх үед, мөн хуучин зүйлс алга болж мөн бүх зүйл шинэ болох тэр үед, тэд нас барагсдаас босож ирэх болно, мөн дараа нь нас нөгчихгүй байх болно, мөн Их Эзэний өмнө ариун хотод өв хүлээн авах болно.

50 Мөн Их Эзэнийг ирэх үед амьдарч байх, мөн итгэлээ хадгалсаар байх тэр нь, тэрээр адислагдсан болой; гэсэн хэдий ч, хүмүүний насанд тэрээр нас нөгчих нь түүнд өгөгдсөн бөлгөө.

51 Иймийн тул, хүүхдүүд өтлөх хүртлээ өсөх болно; настай хүмүүс нас нөгчих болно; гэвч тэд тоосонд нойрсох нь үгүй, харин тэд нүд ирмэх зуур өөрчлөгдөх болно.

52 Иймийн тул, төлөөлөгчид энэхүү зорилгын учир нас барагсдын амилуулалтыг дэлхийд номлосон бөлгөө.

53 Эдгээр зүйл бол та нарын хүсэн хүлээж байх ёстой тэрхүү зүйлс болой; мөн, Их Эзэний маягаар яривал, эдүгээ тэдгээр нь ойрхон байна, мөн ирэх цагт, бүр Хүний Хүүгийн ирэлтийн тэр өдөрт буюу.

54 Мөн тэр цагийг хүртэл мэргэдийн дунд мунхаг онгон охид байх болно; мөн тэр цагт зөв шударгыг үйлдэгчид болон ёс бусыг үйлдэгчдийг бүрмөсөн тусгаарлана; мөн тэрхүү өдөр би ёс бусыг үйлдэгчдийг суга татан мөн тэднийг унтаршгүй галд хаяхаар тэнгэр элч нараа илгээх болно.

55 Мөн эдүгээ болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, Их Эзэн миний таалалд миний үйлчлэгч Сидней Ригдон үл нийцэж байна; тэрээр зүрх сэтгэлдээ өөрийгөө өргөмжилж, мөн зөвлөгөөг хүлээн авсангүй, харин Сүнсийг гомдоосон билээ;

56 Иймийн тул, түүний бичсэн нь Их Эзэнд хүлээн зөвшөөрөгдөшгүй юм, мөн тэрээр өөр нэгийг хийх болно; мөн хэрэв Их Эзэн үүнийг үл хүлээн авбаас, болгоогтун, тэрээр миний томилсон тэрхүү албан тушаалыг цаашид хаах нь үгүй.

57 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлнэ, нүгэлтнүүдэд наманчлахыг сэрэмжлүүлэхийг номхон даруу байдалд, зүрх сэтгэлдээ хүсдэг тэд энэхүү хүчинд томилогдог.

58 Учир нь энэ бол сэрэмжлүүлгийн өдөр, мөн олон үгийн өдөр биш бөлгөө. Учир нь Их Эзэн бибээр эцсийн өдрүүдэд доромжлуулахгүй.

59 Болгоогтун, бибээр дээрээс болой, мөн миний сүр хүч доор оршдог. Бибээр бүхнээс дээгүүр, мөн бүхэнд мөн бүхнээр дамждаг мөн бүх зүйлийг эрж хайдаг бөлгөө, мөн бүх зүйл надад харьяалагдах тэрхүү өдөр ирэх болно.

60 Болгоогтун, би бол Альфа ба Омега, бүр Есүс Христ.

61 Иймийн тул, миний нэрийг уруулаараа хэрхэн ярихдаа бүх хүн болгоомжлог—

62 Учир нь болгоогтун, үнэнээр би хэлнэ, энэхүү буруутгал дор байх тэд, Их Эзэний нэрийг хэрэглэх тэд, мөн үүнийг эрх мэдэлгүйгээр дэмий хоосон хэрэглэх тэд нь олон буй.

63 Иймийн тул, сүмийнхэн нүглүүдээсээ наманчлаг, мөн Их Эзэн бибээр тэднийг эзэмших болно; эс бөгөөс тэд тусгаарлагдах болно.

64 Дээрээс ирдэг тэр нь ариун нандин, мөн болгоомжтойгоор мөн Сүнсний албадсанаар яригддаг байх ёстой гэдгийг санагтун, мөн үүнд буруушаал гэж үгүй, мөн та нар Сүнсийг залбирлаар дамжуулан хүлээн авах болно; иймийн тул, үүнгүйгээр буруушаал үлддэг бөлгөө.

65 Миний үйлчлэгч Бага Иосеф Смит, Сидней Ригдон хоёр залбирлаар дамжуулан Сүнсээр заалгасныхаа дагуу, тэд гэр орныг эрэлхийлэг.

66 Эдгээр зүйлийг тэвчээрээр дийлэх хэрэгтэй бөлгөө, дийлсэн тэд нь үлэмж илүү мөн мөнхийн бүрэн дүүрэн сүр жавхланг хүлээн авч болохын тулд буюу, эс бөгөөс илүү их буруутгалыг авах буюу. Амен.