Хэсэг 66
1831 оны аравдугаар сарын 29-нд Охайогийн Хайрамд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Виллям Э.МакЛелин нууцаар таван асуултын хариултыг бошиглогчоор дамжуулан авахаар Их Эзэнээс хүссэн ба эдгээр асуултын талаар Иосеф Смит мэдээгүй байв. МакЛелиний хүсэлтээр бошиглогч Их Эзэнээс асууж, мөн энэ илчлэлийг хүлээн авчээ.
1–4, Үүрдийн гэрээ бол сайн мэдээний бүрэн байдал мөн; 5–8, Ахлагчид номлож, гэрчилж, мөн хүмүүст учирлах ёстой; 9–13, Итгэл бүхий тохинууллын үйлчлэл нь мөнх амьдралын өвийг бататгадаг.
1 Болгоогтун, Их Эзэн өөрийн үйлчлэгч Виллям Э.МакЛелинд ийн хэлж байна—Алдсуудаасаа холдож мөн миний үнэнүүдийг хүлээн авсан учир чи адислагдсан болой хэмээн чиний Гэтэлгэгч, Их Эзэн, дэлхийн буюу миний нэрэнд итгэдэг болгоны Аврагч хэлж байна.
2 Үнэнээр би чамд хэлнэ, эрт цагийн бошиглогчид болон төлөөлөгчдөөр бичигдсэний дагуу эцсийн өдрүүдэд илчлэгдэх тэнгэрлэг үнэний хүртэгчид байж мөн тэд амьдралтай байж болохын тулд хүмүүсийн үрсэд урагш илгээгдсэн миний үүрдийн гэрээг, бүр миний сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсныхаа улмаас чи адислагдсан болой.
3 Миний үйлчлэгч Виллям, би чамд үнэнээр хэлнэ, цэвэр ариун болой чи, гэвч бүгдээр нь биш; тиймийн тул, миний хараанд үл таалагдах тэдгээр зүйлээсээ наманчлагтун хэмээн Их Эзэн хэлж байна, учир нь Их Эзэн тэдгээрийг чамд үзүүлэх болно.
4 Мөн эдүгээ, үнэнээр, Их Эзэн бибээр чиний талаар юу хүсдэгээ, өөрөөр хэлбэл чиний талаарх миний таалал юу болохыг чамд үзүүлэх болно.
5 Болгоогтун, үнэнээр би чамд хэлнэ, чи миний сайн мэдээг нутгаас нутагт, мөн хотоос хотод, энэ нь тунхаглагдаагүй байгаа эргэн тойрны нутгуудад тунхаглах нь миний таалал юм.
6 Энэ газарт олон өдөр бүү үлд; Сионы нутаг өөд хараахан бүү яв; гэхдээ чи илгээж чадахынхаа хэрээр илгээгтүн; өөрөөр, өмч хөрөнгийхөө талаар бүү бод.
7 Дорнод нутгууд руу явагтун, газар бүрд хүмүүст учирлан, хүн болгонд мөн тэдний синагогуудад гэрчлэгтүн.
8 Миний үйлчлэгч Самуел Х.Смит чамтай хамт яваг, мөн түүнийг бүү орхи мөн түүнд заавруудаа өгөгтүн; мөн үнэнч тэр нь газар бүрд хүчирхэг болгогдох болно; мөн Их Эзэн бибээр чамтай хамт явах болно.
9 Өвчтөнүүд дээр гараа тавигтун, тэгвэл тэд эдгэрэх болно. Их Эзэн бибээр чамайг илгээтэл бүү эргэж ир. Зүдгүүрт тэвчээртэй байгтун. Гуй, тэгвэл чи хүлээн авах болно, тогш тэгвэл энэ нь чамд нээгдэх болно.
10 Түүртэхгүй байхыг хичээ. Бүхий л шударга бус явдлыг орхигтун. Чамд муугаар нөлөөлж байсан уруу таталтыг—садар самууныг бүү үйлд.
11 Эдгээр зааврыг сахигтун, учир нь эдгээр нь үнэн бөгөөд найдвартай бөлгөө; мөн чи албан тушаалаа эрхэмлэн биелүүлэх ёстой, мөн тэргүүн дээрээ үүрдийн баяр баясгалангийн дуунуудтай олон хүнийг Сион руу түлхэх ёстой.
12 Бүр эцсийг хүртэл эдгээр зүйлд үргэлжлүүл, мөн ач ивээл болон үнэнээр дүүрэн Эцэгийн минь баруун гарт чи мөнх амьдралын титэмтэй байх болно.
13 Чиний Бурхан, Их Эзэн, чиний Гэтэлгэгч, бүр Есүс Христ үнэнээр ийн хэлж байна. Амен.